Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-27
Дугаар 001/хт2017/01300
Хэргийн индекс 181/2016/02199/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Х
Хариуцагч Н болон “Г” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01089 дүгээр шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1405 дугаар магадлалтай,

            Х-ийн нэхэмжлэлтэй,

            Н болон “Г” ХХК-д холбогдох

        Улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ариг” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

            Нэхэмжлэгч Х-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би “Г” ХХК-тай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 52 байр 11 тоот хаягт байрлах орон сууцыг авахаар тохирч, орон сууцны төлбөрт 70.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 25.000.000 төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа төлөхөөр тохирсон байдаг. Би гэрээнд заасан үүргээ биелүүлж 95.000.000 төгрөгийг “Г” ХХК-д бүрэн төлсөн. Гэрээний 4.1 дэх хэсэгт “захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлж өмчлөлийг бүрэн шилжүүлж авна” гэж заасан. “Г” ХХК-иас орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болгосон байсан ба орон сууцны төлбөрийг төлөх үүргээ төлсөн байхад, орон сууцны өмчлөлийн эрхийг Нт шилжүүлж өгсөн байна. Ингэж шилжүүлэхдээ 00351980 тоот гэрчилгээ бичигдэж, улсын бүртгэлд бүртгэж 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан байдаг. Гэрчилгээ гарсныг би мэдээгүй байсан ба Нийн нэр дээр гэрчилгээ гарсныг 2016 оны 9 дүгээр сард мэдсэн. Яаж мэдсэн гэхээр Норон сууцны гэрчилгээг гаргуулж авч 30.000.000 төгрөгийн зээлийг Ариг банкнаас авсан байдаг. Ариг банк Нт холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, албадан дуудлага худалдаа явуулсан байдаг. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа амжилтгүй болсон тул төлбөр авагчид орон сууцыг санал болгосон байдаг. Ингээд энэ талаар мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Х нэхэмжлэлтэй, НШГА-нд холбогдох иргэний хэрэг С.Хишигбат шүүгч дээр түдгэлзсэн байгаа. Талууд орон сууцны төлбөрийг төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөлийг Х-д шилжүүлэхээр тохирсон байдаг. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл тодорхойлогдож байгаа. Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх”, 227.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж хуульчилж өгсөн. “Г” ХХК нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Нтэй байгуулсан гэрээнд орон сууцны үнийг огт тохиролцоогүй байдаг. Иймээс уг гэрээ нь дүр үзүүлсэн хуурамч гэрээ гэдэг нь нотлогдоно. Өмчлөх эрхийн гэрчилгээ Нийн нэр дээр гарсан тул түүнийг хариуцагчаар татсан. Иймд дээрх орон сууцыг нэхэмжлэгч Х өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

             Хариуцагч Н-ийн шүүхэд гаргасан тайлбарт: 2013 оны 3 дугаар сард “Г” ХХК дээр Х бид хоёр очиж гэрээ байгуулсан ба 70.000.000 төгрөгийг өгч, 25.000.000 төгрөгийг жилийн хугацаанд төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Х нь 2014 оны 5 дугаар сар хүртэл Хаан банкны “Г” ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлж байсан. Миний төрсөн эгч н.Оюунчимэг байраа барьцаа хөрөнгө болгооч, зээл авах гэсэн юм гэж хэлээд би “Г” ХХК-иасгуйж байрны гэрчилгээ гаргуулж, Ариг банкинд үл хөдлөх хөрөнгийг барьцаалж н.Оюунчимэгт зээл авч өгсөн. Х өөрөө байрыг 100 хувь мөнгөө төлж авсан тул надад захиран зарцуулах эрх байхгүй гэжээ.

            Хариуцагч “Г” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: 2013 онд ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 11 хороо, Ногоон нуур хотхонд байрлах 2 өрөө орон сууцыг Х өөрийн эхнэр Нтэй хамт ирж үзээд сонголтоо хийж орон сууц авахаар сонирхсон. Ингээд 2, 3 хоногийн дараа бид хоёр, хоёр нялх хүүхэдтэй, орон сууцыг зээлээр авъя гэсэн санал гаргаж, Х үндсэн зээлдэгч, Н хамтран зээлдэгчээр оролцож гэрээ байгуулсан. Х, Н нар 2013 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан байсан. Бидэнд Х, Н нарын аль нь мөнгө төлж байгаа нь хамааралгүй, яг адил эрхтэй гэр бүлийн гишүүд хамт гэрээ байгуулсан. Х-тай анх гэрээ байгуулахад Х-ийн мэдээлэл байгаагүй тул Н ирж гуйхаар нь Нийн нэр дээр бүртгэл хийж өгч явуулсан. Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Х-ийннэр дээр гарах боломжгүй байсан. “Г” ХХК энэ хэрэг маргаанд ямар ч хамааралгүй гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ариг банк” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой сайн хэлсэнгүй. Нээс хөрөнгөө буцаан шаардаж, “Г” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгох шаардлага гаргаж байна гэж ойлголоо. Нөхөр нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ эхнэрийн нэр дээр гарсныг 2 жилийн дараа 2016 онд мэдсэн гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удаашруулах санаатай юм. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар “Ариг банк” ХХК шударга эзэмшигч юм. Х-ийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн зүгээс Х-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрч байгааг зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01089 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар нэхэмжлэгч Х-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1405 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01089 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот 56 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632.950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 арын 19-ний өдрийн 1405 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтыг хууль зүйн үүднээс зөв дүгнээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х, хариуцагч “Г” ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 66-21 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 52-21 тоот 56 м.кв талбайтай орон сууцыг 95.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг хариуцагч Нийн оролцоогүйгээр 100 хувь өөрөөсөө төлсөн. Х нь хариуцагч “Г” ХХК-тайхүчин төгөлдөр гэрээ байгуулж, орон сууцны үндсэн захиалагч нь болж төлбөрийг төлснөөр Иргэний хуулийн 112.1 дэх хэсэг болон 66-21 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар орон сууцны өмчлөгч гэж тооцогдох үндэслэлтэй юм. Ннь хариуцагч “Г” ХХК-иас орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан хэдий ч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ болон байр зээлээр авах гэрээнд хариуцагч Ннь нэхэмжлэгчтэй хамтран оролцож байсан нөхцөл байдлаас үзэхэд Х, Н нарыг хариуцагч “Г” ХХК-иас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзнэ” гэсэн хууль бус дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Х нь орон сууцыг худалдан авах үндсэн гэрээг дангаар “Г” ХХК-тай байгуулсан бөгөөд үүнд хариуцагч Нийн оролцоо байгаагүй. Мөн орон сууц зээлээр авах гэрээнд зааснаар зээлдэгчээр Х-г тодорхойлж гэрээ байгуулсан байх ба гэрээний 4.1-т тэрээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах эрхтэйгээр талууд гэрээг байгуулсан байна. Харин хариуцагч Нийн хувьд тус гэрээний 5.3-т зааснаар зөвхөн зээлдэгч Хг төлөөлж зээлдэгчийн нэрийн өмнөөс “Г” ХХК-тай харьцах эрхтэй болохоос биш, орон сууцны үндсэн захиалагчийн буюу худалдан авагчийн эрх үүрэгтэйгээр болон орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхийг тус гэрээгээр олгоогүй. Иргэний хуулийн 241.1-т “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ гэж заасан байх ба Нийн хувьд үүрэг гүйцэтгэгч “Г” ХХК-иас орон сууцны өмчлөх эрхийг шаардах, нөгөө талаас “Г” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүрэг хууль болон гэрээгээр үүсээгүй байхад шүүх буруу дүгнэлт хийж, Нийг орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь буруу юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Орон сууц захиалан бариулах гэрээ болон Байр зээлээр авах гэрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр гэрээний зайлшгүй биелэгдэх зарчмыг алдагдуулж, хүчин төгөлдөр гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна. Тиймээс давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 241, 242 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 1405 тоот магадлалыг хүчингүй болгож, Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий боловч шүүхийн шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

           Нэхэмжлэгч Х нь хариуцагч Н, “Г” ХХК-д тус тус холбогдуулан Улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

           Хариуцагч Н нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргаагүй бол харин хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...орон сууцны төлбөр төлөх зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь хариуцагч Н байсан, Н нь Х-ийн эхнэр ба түүний хүсэлтийг үндэслэж, Н-ийн нэр дээр шилжүүлж гэрээ байгуулсныг Х мэдэж байсан тул зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

          Нэхэмжлэгч Х нь “...орон сууцны мөнгийг өөрөө бүрэн төлсөн, хариуцагч Н-ийн оролцоо байгаагүй бөгөөд зөвшөөрөлгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар мөнгөн   үүргийг гүйцэтгэсэн тул өмчлөгчөөр тогтоолгоно” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

          Нэхэмжлэгч Х болон хариуцагч “Г” ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 66-21 тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцыг 95.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба нэхэмжлэгч нь 70.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

        Харин 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ЗГ-0072012 тоот “Байр зээлээр авах гэрээ” байгуулагдаж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны үлдэгдэл төлбөр 25.000.000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон ба уг зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр хариуцагч Н оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

            Нэг талаас нэхэмжлэгч Х, хариуцагч Н нар, нөгөө талаас хариуцагч “Г” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

         Хариуцагч Н-ийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг үндэслэн хариуцагч “Г” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны гэрчилгээг Н-ийн нэр дээр бүртгүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ.

           2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт хариуцагч Н-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь 000351980 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч Х, хариуцагч Н нарын хэн нь орон сууцны өмчлөх эрхийг түрүүлж шилжүүлж авах, ямар хэсгээр өмчлөх талаар гэрээнд тухайлан заагаагүй байх тул хариуцагч Н-ээс хариуцагч “Г” ХХК-д гаргасан хүсэлтийн дагуу Нийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн “Г” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй, хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид буюу хариуцагч Н, нэхэмжлэгч Х нарын хэн нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан байх нь “Г” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхгүй.

            Нэхэмжлэгч Х, хариуцагч Н нар нь 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхөр буюу нэг гэр бүлийн гишүүд бөгөөд маргааны зүйл болж буй орон сууцны мөнгийг Х нь Н-ийн оролцоогүйгээр төлсөн гэж тайлбарлах боловч орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ-0072012 тоот “Байр зээлээр авах гэрээ”-ний хамтран зээлдэгчийн үүргийг Н гүйцэтгэж байсан ба Х нь орон сууцны төлбөрийг өөрийн хуваарьт хөрөнгөөс төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

       Иймээс нэхэмжлэгч Х-ийн гаргасан “...мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэснээр өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч Х нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгоход энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01089 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1405 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1., 112 дугаар зүйлийн 112.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Х-ийн хариуцагч Н, “Г” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,  шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Нэхэмжлэгч Х-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 632.950 /зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН