Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-27
Дугаар 001/хт2017/01301
Хэргийн индекс 135/2016/01192/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч “К” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар
Хариуцагч Ж, Э нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“К” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь

салбарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 424 дүгээр шийдвэр,

       Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаар магадлалтай,

            “К” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

            Ж, Э нарт холбогдох

           Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123.060.417 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

         Нэхэмжлэгч “К” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагад: Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарын харъяа Хээтэй хороолол тооцооны төв нь ХАХНХЯ, Капитал банк, “Сонсголон-Хайрхан ХХК-тай гурвалсан гэрээний дагуу Дархан НХҮХ дарга Ж-той 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 114 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, 103.844.000 төгрөгийн зээлийг байр ашиглалтад орох хүртэл хугацаанд хэсэгчилэн олгосон. 2016 оны 1 дүгээр улиралд байр ашиглалтад орж зээлдэгчийн нэр дээр байрны гэрчилгээ гарсан тул 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 114-1 тоот зээлийн нэмэлт гэрээ болон 114 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгаж, зээлээр худалдан авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 7 дугаар байрны 20 тоот хаягт орших, 79,88 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 114-1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнд заасны дагуу байрны урьдчилгаа 30 хувь бүрдүүлж Ипотекийн зээлд шилжинэ гэсэн үүргээ биелүүлж чадаагүйгээс зээлийг хөрвүүлэн хийгдэхгүй зээл, хүүний төлбөрөө төлөхгүй, банк дуудаж хэд хэдэн удаа зээлээ хэрхэн төлөх талаар яамны орон сууцны зээлийн ажилтантай уулзалт хийсэн боловч ирдэггүй, ажил дээр нь очиж уулзахад энд тэндээс мөнгө ирэхээр урьдчилгаа бүрдүүлээд 8 хувийн орон сууцны зээлд шилжинэ гэх зэргээр хугацаа алдаж банкыг хохироож байна. Зээлдэгч Ж нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 1.000.012.16 төгрөг, зээлийн хүүнд 6.220.774.42 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүүнд 153,420 төгрөг, нийт 7.220.940.00 төгрөг төлж, өөр төлөлт хийгдээгүй байна. Ж-той хийсэн зээлийн гэрээ дуусгавар болсон ч одоог хүртэл төлөгдөөгүй байна. Иймд үндсэн зээл 102.843.987.84 төгрөг, хүү 22.721.521,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.458.647,85 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 130.039.156,74 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3-т “зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол зээлдэгчийг түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөхгүй”, мөн хуулийн 26-д “зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглана. Зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй”. Мөн Иргэний хуулийн 451.1, 453.1-д тус тус зааснаар нэхэмжилж байна гэжээ.

           Хариуцагч Ж болон түүний өмгөөлөгч П.Батжаргалын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд салбарын албан хаагчдын нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/50 тоот сайдын тушаалаар батлагдсан. Уг хөтөлбөрийн 27 дахь хэсэгт “Төрийн албан хаагчид орон сууц олгох, орон сууц барих, худалдан авах, засвар хийхэд нь тусламж үзүүлэх”, 3.1.3-т “Төрийн албан хаагчдыг орон сууцны урт богино хугацааны зээлд хамруулах, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын Зөвлөлийн хуралдаанаас “...6 аймаг, 3 дүүргийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлд хамруулахаар тогтов” гэсэн шийдвэр гарсан байдаг. 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдын хурлаар зээл авах банкаар Капитал банкыг сонгох тухай шийдвэр гарсан байдаг. Дээрх хөтөлбөр, хурлын тэмдэглэлийг үндэслэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/127 тоот “Орон сууцны зээлд хамруулах тухай тушаал”-аар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээний хүрээнд Капитал банкнаас олгох орон сууцны зээлд хамрагдах байгууллага, ажилчдын нэрс, хуваарилсан квотыг 1 дүгээр хавсралтаар батлахаар шийдвэрлэж, уг хавсралтын 133 дугаарт миний нэр бичигдсэн байдаг юм. Дээрх бичиг баримтуудын хүрээнд 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтсийн орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх гүйцэтгэх, орон сууцыг гүйцэтгэн өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээ байгуулагдаж, гэрээний 3.7 дахь хэсэгт “Капитал банк нь Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны харъяа 3 дугаар хэлтсийн 18 албан хаагчдад зөвхөн барьж байгаа барилгыг нь барьцаалж жилийн 8 хувийн хүүтэй, 20 хүртэл жилийн хугацаатай, урьдчилгаа төлбөргүй зээлд хамруулж сар бүр төлөх зээл, хүүний нийлбэр тогтмол дүнтэй байх зарчим баримтлана”, 3.8-д “Захиалагч нь тогтмол орон сууцны зээлд албан хаагч нь хамрагдсан байгууллагын албан хаагчдын цалинг Капитал банкны холбогдох салбаруудаар дамжуулан тавьж, картжуулна” гэж тус тус заасан байдаг. Санхүүжүүлэгч буюу Капитал банкны үүргийг дээрх гэрээнд 5.2.1-т “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, агентлаг болон орон нутгийн хэлтсүүд албан хаагчидтайгаа байгуулсан гэрээг үндэслэн барьж байгаа барилгаас өөр барьцаа шаардахгүйгээр өөрт ногдох орон нутгийн хэлтсүүд болон албан хаагчидтайгаа байгуулсан гэрээг үндэслэн өөрт ногдох орон сууцны нийт үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр албан хаагчтай зээлийн гэрээ байгуулан зээл олгох”, 5.2.2-т “Мөн гэрээг үндэслэн барилгын үе шатны ажлыг санхүүжүүлэх бүрт тухайн албан хаагчийг оролцуулахгүйгээр захиалагчийн санхүүжилт хийх албан тоот, ажлын гүйцэтгэлийг үндэслэн тухайн ажилчид ногдох хэмжээгээр зээл олгох ба нийт олгох зээлийн хэмжээ өөрийн захиалсан орон сууцны нийт үнийн дүнгээс хэтрэхгүй байна”, 5.2.3-т “санхүүжүүлэгч нь албан хаагчид олгосон зээлээр гүйцэтгэгчид тухайн өдөрт нь багтаан санхүүжилтийг хийх, ямар нэгэн нэмэлт нөхцөл тавихгүй байх” гэж зааснаас харахад Капитал банк надад зээл олгосон нь намайг орон сууцны зээлд хамруулах зорилгогүй, зөвхөн барилга барьж буй компанийн барилгыг санхүүжүүлэх зорилготой байсан нь одоо уншихад тодорхой харагдаж байна. Гэтэл би болон зээлд хамрагдсан манай албан хаагчид Хамтарсан гэрээний 3.7 дах хэсэгт “Капитал банк нь Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа 3 хэлтсийн 18 албан хаагчдад зөвхөн барьж байгаа барилгыг нь барьцаалж жилийн 8 хувийн хүүтэй, 20 жил хүртэл хугацаатай, урьдчилгаа төлбөргүй зээлд хамруулж, сар бүр төлөх зээл, хүүний нийлбэр тогтмол дүнтэй байх зарчим баримтлана” гэж заасны дагуу сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, урьдчилгаа төлбөргүй, 20 жилийн хугацаатай, орон сууцны зээлэнд хамрагдаж байна гэж ойлгосон ба Капитал банк болон яамны зүгээс ч бидэнд ийм ойлголтыг өгсөн тул миний бие Дархан-Уул аймгийн Нийгмийн халамжийн газрын даргын хувьд өөрийн албан хаагчдад “Төрийн албан хаагчдын хөнгөлөлттэй, урьдчилгаа төлбөргүй зээлд хамрагдаж байна” гэж ойлголтыг өгч, өөрөө мөн тэгж ойлгож өөрийн ажилтнуудын хамт нэгэн адил, нэгдсэн журмаар бэлдсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Анх уг орон сууцны зээл аваад сар бүр өрхийн орлогоосоо зээл, хүүгийн төлбөр 850.000 орчим төгрөгийг төлөөд явахад болно гэж тооцоолон, зээл авсан ба зээлээ ч хугацаанд нь төлж явсан. Гэтэл 2013 оны 4 дүгээр сард орон сууцны гэрчилгээг барьцаалж, зээлийн нэмэлт гэрээ хийхдээ Капитал банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ маань 20 жилийн хугацаатайгаар биш 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан гэдгийг мэдсэн боловч нэгэнт 2 байгууллагын хооронд байгуулагдсан гэрээ байгаа тул зээлийн гэрээний хугацаагаа сунгах байлгүй гэж найдаж, удаа дараа байгууллагаа төлөөлж болон өөрийн нэрийн өмнөөс Капитал банкыг гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардсаар өнөөдрийг хүрсэн боловч ямар нэг үр дүн гарсангүй. Банкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 123.060.417.31 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэрээ зөвхөн Жтой хийсэн гэрээ ч биш анх Хүн амын хөгжил нийгмийн халамжийн сайдын тушаал гараад төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр байртай болгох ажил эхэлсэн. Энэ ажлын хүрээнд сайдын тушаал гараад төрийн албан хаагчдыг урьдчилгаа төлбөргүй, тухайн байраа барьцаалж, 20 жилийн хугацаатай зээлээр байр авах тухай нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Нийгмийн даатгал, нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, “Сонголон хайрхан” ХХК, Капитал банк зэрэг 5 байгууллагын хооронд хэлэлцээр байгуулагдсан. Зээлээ хугацаандаа төлөөд явж байтал Капитал банкнаас 1 жилийн хугацаанд байгуулсан гэрээ дууссан одоо 30 хувиа төл гэсэн шаардлага тавихаар нь сандраад гэрээгээ уншаад үзтэл яамны санал болгоод байсан нөхцөлийг тусгаагүй байсан. Капитал банкны захирал М.Энхтайван руу утсаар холбогдож асууж, энэ асуудлыг шийдэж өгөх талаар албан тоотыг удаа дараа явуулахад М.Энхтайван “би дээшээ мэдэгдсэн байгаа, удахгүй болох байх битгий санаа зов” гэж хэлж байсан. Капитал банк 30 хувийг авна гэдгээ бидэнд мэдэгдээгүй гэрээний нөхцөлдөө оруулсан байсан. Анхнаасаа ийм нөхцөлтай гэдгийг мэдсэн бол бид энэ байрыг сонгохгүй нь ойлгомжтой байсан. Энэ асуудалд банк биш бид хохироод байна, миний ард олон хүн хохирч байна, энэ нөхцөл байдлыг төөрөгдүүлсэн байж болзошгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Капитал банкнаас 102,843,987 төгрөгийг авч байр авсан. Хүүнд 7.220.940 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 95.623.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

             Хариуцагч Э-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Капитал банкны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед манай нөхөр сайдын тавьсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөргүй байртай болох боломж байна, Капитал банкны эдийн засагчтай очоод уулз гэхээр нь би эдийн засагчтай нь очиж уулзахад тэрээр “урьдчилгаа төлбөргүй, та байртай болох боломжтой, та гэрээнд гарын үсэг зурчих” гэхээр нь би гарын үсэг зурсан. Анх ярьсан гэрээний дагуу байгаагүй, Ж-той санал нэг байна гэжээ.

            Хариуцагч Ж-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/50 тоот тушаалаар нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын Зөвлөлийн хуралдаанаас “...6 аймаг, 3 дүүргийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлд хамруулахаар тогтов” гэсэн шийдвэр гарсан ба 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдын хурлаар зээл авах банкаар Капитал банкийг сонгох тухай шийдвэр гарсан.

            Дээрх хөтөлбөр хурлын тэмдэглэлийг үндэслэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/127 тоот “Орон сууц зээлд хамруулах тухай тушаалаар “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбар ажилчдын нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээний хүрээнд Капитал банкнаас олгох орон сууцны зээлд хамрагдах байгууллага, ажилчдын нэрс, хуваарилсан квотыг 1 дүгээр хавсралтаар батлах”-аар шийдвэрлэж уг хавсралтын 132 дугаарт миний нэр бичигдсэн юм. Үүний дагуу 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, орон сууцыг гүйцэтгэн өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээ байгуулагдаж, гэрээний 3.7 дахь хэсэгт “Капитал банк нь Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа 3 хэлтсийн 18 албан хаагчдад зөвхөн барьж байгаа барилгыг нь барьцаалж, жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, урьдчилгаа төлбөргүй зээлд хамруулж, сар бүр төлөх зээл, хүүний нийлбэр тогтмол дүнтэй байх зарчим баримтална”, 3.8-д “Захиалагч нь орон сууцны зээлд албан хаагч нь хамрагдсан байгууллагын албан хаагчдын цалинг Капитал банкны холбогдох салбаруудаар дамжуулан тавьж, картжуулна” гэж тус тус заасан байдаг. Санхүүжүүлэгч буюу Капитал банкны үүргийг дээрх гэрээнд 5.2.1-т “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, агентлаг болон орон нутгийн хэлтсүүд албан хаагчидтайгаа байгуулсан гэрээг үндэслэн барьж байгаа барилгаас өөр барьцаа шаардахгүйгээр өөрт ногдох орон нутгийн хэлтсүүд болон хаагчидтайгаа байгуулсан гэрээг үндэслэн барьж байгаа барилгаас өөр барьцаа шаардахгүйгээр өөрт ногдох орон сууцны нийт үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр албан хаагчтай зээлийн гэрээ байгуулан зээл олгох”, 5.2.2-т “Мөн гэрээг үндэслэн барилгын үе шатны ажлыг санхүүжүүлэх бүрт тухайн албан хаагчийг оролцуулахгүйгээр захиалагчийн санхүүжилт хийх албан тоот, ажлын гүйцэтгэлийг үндэслэн тухайн ажилчид ногдох хэмжээгээр зээл олгох ба нийт олгох зээлийн хэмжээ өөрийн захиалсан орон сууцны нийт үнийн дүнгээс хэтрэхгүй байна”, 5.2.3-т “санхүүжүүлэгч нь албан хаагчид олгосон зээлээр гүйцэтгэгчид тухайн өдөрт нь багтаан санхүүжилтийг хийх, ямар нэгэн нэмэлт нөхцөл тавихгүй байх” гэж зааснаас харахад Капитал банк надад зээл олгосон нь намайг орон сууцны зээлд хамруулах зорилгогүй, зөвхөн барилга барьж буй компанийг барилгыг санхүүжлүүлэх зорилготой байсан нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, банк нь намайг ашиглан миний нэр дээр зээл гарснаар барилгын компанийг санхүүжүүлсэн байх ба ийнхүү манай албан хаагчдын нэр дээр зээл гаргасныхаа хариу төлбөрт гэрээний 3.10-т “Захиалагч нь зохих шаардлагыг хангасан нөхцөлд орон нутагт байрлах Капитал банкны салбар, тооцооны төвүүдээр тэтгэвэр, тэтгэмжийг бүхэлд нь олгуулах ажлыг эхлүүлнэ” гэж заасны дагуу өөрийн харилцах дансаараа зөвхөн манай Халамж, үйлчилгээний хэлтсийн тэтгэвэр, тэтгэмжийн 24,484,651,918.45 төгрөг, манай ажилдын цалин нийт 111,147,040 төгрөгийг тус тус өөрийн дансанд байршуулж, олгож их хэмжээний ашгийг олсон байдаг ба ийм өндөр хэмжээний ашиг олохоор анхнаасаа тооцож, дээрх гэрээг байгуулсан нь одоо тодорхой болж байна. Гэтэл би болон зээлд хамрагдсан манай алба хаагчид Хамтарсан гэрээний 3.7 дах хэсэгт заасны дагуу сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, урьдчилгаа төлбөргүй, 20 жилийн хугацаатай, орон сууцны зээлэнд хамрагдаж байна гэж ойлгосон ба Капитал банк болон яамны зүгээс ч бидэнд ийм ойлголтыг өгсөн тул миний бие Дархан-Уул аймгийн Нийгмийн халамжийн газрын даргын хувьд өөрийн албан хаагчдад “Төрийн албан хаагчдын хөнгөлөлттэй, урьдчилгаа төлбөргүй зээлд хамрагдаж байна” гэж ойлголтыг өгч, өөрөө мөн тэгж ойлгож өөрийн ажилтнуудын хамт нэгэн адил, нэгдсэн журмаар бэлдсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Анх уг орон сууцны зээл аваад сар бүр өрхийн орлогоосоо зээл, хүүгийн төлбөрт 850.000 орчим төгрөгийг төлөөд явахад болно гэж тооцоолон, зээл авсан ба зээлээ ч хугацаанд нь төлж явсан. Гэтэл 2013 оны 4 дүгээр сард орон сууцны гэрчилгээг барьцаалж, зээлийн нэмэлт гэрээ хийхдээ Капитал банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ маань 20 жилийн хугацаатайгаар биш 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан гэдгийг мэдсэн боловч нэгэнт 2 байгууллагын хооронд байгуулагдсан гэрээ байгаа тул зээлийн гэрээний хугацаагаа сунгах байлгүй гэж найдаж, удаа дараа байгууллагаа төлөөлж болон өөрийн нэрийн өмнөөс Капитал банкыг гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардсаар өнөөдрийг хүрсэн боловч ямар нэг үр дүн гарсангүй, банкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн төлбөрт 123.060.417 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хувийн компаний барьж байгаа байрыг банкнаас авсан зээлээрээ хүү төлөн байж санхүүжүүлж орон сууц бариулаад, уг орон сууцыг ашиглалтад орсоны дараа 30 хувийн урьдчилгаа төлөөд дахин ипотекийн зээлд хамрагдана гэж банк анхнаасаа хэлсэн бол ямар ч хүн энэ гэрээний нөхцлийг зөвшөөрөхгүй байсан. Учир нь 30 хувийн урьдчилгаа төлөх боломжтой байсан бол бэлэн ашиглалтад орсон дурын орон сууцанд шууд орох боломж нээлттэй байхад зээл авч хүү төлж байшин бариулаад бариулсныхаа дараа дахиад урьдчилгаа 30 хувь төлж, дахин зээл авч, уг бариулсан байраа худалдаж авна гэж огт бодож байсангүй. Энэ зээлийн гэрээний үндэслэл болсон Хамтарсан гэрээний үр дүнд гэрээний нэг тал болох банк нь дээр дурьдсанаар Нийгмийн халамжийн сангийн олон тэрбум төгрөгийг эргүүлж өндөр ашиг олсон боловч харин биднийг хуурч 1 жилийн хугацаатай гэрээ байгуулснаар гэрээний нөгөө тал болох намайг хохироож байна. Яамнаас хэрэгжүүлсэн “Орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөр”-ийг Капитал банк итгэл эвдсэн үйл ажиллагаагаараа “Орон сууцны дарамттай хөтөлбөр” болгож хувиргасан, Капитал банкны үйлдэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлйин 59.1-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжтэй байдаг. Миний бие нь хамтарсан гэрээний 3.7-д заасны дагуу урьдчилгаа төлбөргүй, 20 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, орон сууцны зээлд хамрагдлаа гэж ойлгож, Капитал банктай байгуулсан зээлийн гэрээний урьдчилгаа төлбөр, хугацаа зэрэг нөхцлийн талаар төөрөлдөж, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч, хүссэн хэлцлийнхээ агуулгыг андуурч банктай гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг хийсэн байна. Иймд Капитал банктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 тоот 103.844.000 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

             Нэхэмжлэгч “К” ХХК-ийн  Дархан-Уул аймаг дахь салбар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 114 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, 103.844.000 төгрөгийн зээлийг байр ашиглалтад орох хүртэл хугацаанд гэрээ байгуулан хэсэгчилэн олгосон. 2016 оны 1 дүгээр улиралд байр ашиглалтад орж зээлдэгчийн нэр дээр байрны гэрчилгээ гарсан тул 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 114-1 тоот зээлийн нэмэлт гэрээ болон 114 тоот барьцааны гэрээ байгуулан, зээлээр худалдан авсан Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 7 дугаар байрны 20 тоот хаягт орших 79,88 мкв бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж, Э нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 114-1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнд заасны дагуу байрны урьдчилгаа 30 хувь бүрдүүлж Ипотекийн зээлд шилжинэ гэсэн үүргээ биелүүлж чадаагүйгээс зээлийн хөрвүүлэлт хийгдэхгүй зээл хүүний төлбөрөө төлөхгүй, банк дуудаж хэд хэдэн удаа зээлээ хэрхэн төлөх талаар яамны орон сууцны зээлтэй ажиллагсадтай уулзалт хийсэн боловч ирдэггүй, ажил дээр нь очиж уулзахад энд тэндээс мөнгө ирэхээр урьдчилгаагаа бүрдүүлээд 8 хувийн орон сууцны зээлд шилжинэ гэх зэргээр хугацаа алдаж банкыг хохироосоор байгаа. Зээлдэгч Ж, Энар нь анхнаасаа зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний хугацаа болон нөхцлийн талаар мэдэж байсан бөгөөд зээлийн гэрээний хуудас болгон дээр гэрээний нөхцөлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу авсан зээлээр орон сууцаа худалдан авч өөрийн өмчлөл, эзэмшилдээ авсан бөгөөд одоо ч гэсэн тухайн орон сууцандаа амьдарч байгаа атал банктай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулна гэж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ. 

               Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 424 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасныг тус тус баримтлан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Ж, Э нараас 96.623.060 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарт олгож, 33.416.096,74 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 808.145 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 641.062 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарт, хариуцагч нараас 606.970 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 болон 172.2.2-т заасан үндэслэлээр буюу шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэт нэг талын эрх ашгийг хангаж шийдвэрлэсэн тул дараах гомдлыг гаргаж байна. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн анхан шатны хуралдаан эхлэн шинээр гаргах нотлох баримт байгаа эсэхийг тодруулахад хариуцагчаас нэмэлт нотлох баримтаар гаргаж өгсөн 17 хуудас баримтыг шүүгч хүлээн авч, нэхэмжлэгч талд танилцуулахгүйгээр, өөрийн дэгийн дагуу “нотлох баримт шинжлэн судлах шатанд судлая” гээд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн нотлох баримтыг шинжлэн судлах шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн зүгээс хуралдааны тэмдэглэл болон хуралдааны бичлэгийг авахаар хүсэлт гаргасан боловч бичлэгийг өгөхөөс татгалзсан мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл гаргахгүй хугацаа алдсан бөгөөд ИХШХШТХ-ийн 96.2 дахь заалтыг зөрчиж шүүх хуралдааны тэмдэглэлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргаж өгсөн ба хурлын тэмдэглэл алдаатай бичигдсэн талаар засуулах хүсэлтийг тус шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан боловч ИХШХШТХ-ийн 96.3-т заасан үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж 2218 дугаартай гомдол гаргах эрхгүй захирамж гарган нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн болно. Энэ талаар давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаан дээр дурдсан боловч давж заалдах шатны шүүх энэ талаар хянан хэлэлцээгүйн сацуу хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр магадлалд жич дурдана гээд шүүх хуралдааныг хаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10 дугаар талд “... Талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 дугаартай Зээлийн гэрээ нь орон сууц худалдан авах зориулалттайгаар байгуулсан боловч орон сууцны ипотекийн гэрээний шаардлагыг хангаагүй, хариуцагч тал нь хэлцлийнхээ агуулгыг андуурсан байдал нь хэрэгт авагдсан 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарсан гэрээ, байрны түлхүүр өгч буйг бичсэн СD бичлэг, гэрч Ш.Оюунсүрэн, С.Алтанцэцэг, Ц.Болортуяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 58.2.2-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх “Ноцтой төөрөгдсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээр дурдсан нотлох баримт буюу түлхүүр гардуулан өгч буйг бичсэн СD бичлэгт хариуцагч нь хэлцлийнхээ агуулгыг андуурсан талаар ямар ч нөхцөл байдлыг тогтоогоогүй, тухайн хэрэгт ямар ч ач холбогдолгүй, цаг хугацааны хувьд 114 тоот зээлийн гэрээ байгуулагдсанаас нэг жилийн дараа болсон үйл явдал байхад нотлох баримтаар үнэлсэн нь нотлох баримт үнэлэх журам зөрчсөн гэж үзэж байна. Тухайн бичлэгт үлдсэн ямар үйл явдлыг үнэлсэн нь шийдвэрт дурдагдаагүй зэрэг нь шүүх хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн мэдүүлэг өгсөн гэрчүүд нь хариуцагчтай хамт ажилладагаас гадна манай банктай орон сууц худалдан авах зориулалттайгаар “Зээлийн гэрээ” байгуулсан, хариуцагчтай ашиг сонирхол нэгдмэл этгээдүүд юм. Мөн талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 тоот Зээлийн гэрээний ерөнхий нөхцлийн 3.2-т “Тухайн орон сууцны гэрчилгээ гарах үед Орон сууцны ипотекийн зээлийн журмын шаардлагыг хангасан зээлдэгчийн зээлийг Орон сууцны ипотекийн зээл болгох”-оор тохиролцсон ба тус зээлийн гэрээний 3.3-т хэрэв зээлдэгч Орон сууцны ипотекийн шаардлага хангаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар талууд тодорхой тохиролцсон. Талууд орон сууцны гэрчилгээ Жын нэр дээр шилжсэний дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 114-1 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж тус гэрээний 3.1-т “Орон сууцны ипотекийн зээлийн журмын шаардлага хангасан тохиолдолд ипотекийн зээл рүү шилжүүлэх”, 3.2-т “Орон сууцны ипотекийн зээлийн журам хангаагүй тохиолдолд энгийн зээлийн хүүнд хөрвүүлэх” талаар дахин тохиролцож Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 баг, 1-р хороолол, 1а байр 68 тоот орон сууцыг 114 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

         Шүүх Хариуцагч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан “Хэлцэп хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно” гэж дүгнээд 114 тоот Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон боловч хариуцагч ноцтой төөрөгдсөн талаараа Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д заасны дагуу нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан эсэх талаар тодруулаагүй байна. Хариуцагч нь дээрх зээлийн болон барьцааны гэрээнд тус тус Ипотекийн нөхцлийн талаар эдлэх эрх, хүлээх үүргийн талаарх хэлцлийг харилцан тохиролцож байгуулж, тухайн зээлийн эх үүсвэрээр авсан орон сууцандаа амьдарч, уг орон сууцыг барьцаанд бүртгүүлсэн үйлдэл нь ипотекийн нөхцлийн талаар бүрэн мэдэж, хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурсан болох нь холбогдох зээлийн гэрээгээр хангалттай нотлогдоно. Гэтэл хариуцагч ноцтой төөрөгдсөн гэх үйл баримтаа нотлох баримтаар нотлоогүй мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д заасны дагуу мэдэгдээгүй нь хэлцлийг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл байхад дээрх үйл баримтыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 87 дугаар магадлалыг хүчингүй болгож, 123.060.417 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэнгүй.

           Нэхэмжлэгч “К” ХХК-ийн Дархан-Уул салбар нь хариуцагч Ж, Э нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 102.843.987,84 төгрөг, хүү 16.905.904,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.295.524,61 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 123.060.417,31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндсэн зээл 102.843.987,84 төгрөг, хүү 22.721.521,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.458.647,85 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 130.039.156,74 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн байна.

        Хариуцагч Ж, Э нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...салбарын албан хаагчдын нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулж, сар бүр төлөх зээл хүүний нийлбэр тогтмол дүнтэй байх, 8 хувийн хүүтэй, 20 хүртэл жилийн хугацаатай гэж ойлгож, гэрээг байгуулсан, үндсэн төлбөр 102.843.987,84 төгрөгөөс гэрээний дагуу шилжүүлсэн 7.220.940 төгрөгийг хасч үлдэх 95.623.047 төгрөгийг төлөхийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна” гэж тайлбарлаад,  “Капитал” банкны Дархан-Уул дахь салбартай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.

             Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар “...Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, мөн сайдын 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/127 дугаартай Орон сууц бариулах болон орон сууцны зээлд хамруулах тушаалаар “...Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээний хүрээнд Капитал банкнаас олгох орон сууцны зээлд хамрагдах байгууллага, ажилчдын нэрс, хуваарилсан квотыг нэгдүгээр хавсралтаар баталсан” гэх баримт хэрэгт авагдсан байна. /хх- 64-73/

            Дээрх тушаалын нэгдүгээр хавсралт буюу “Капитал банкнаас олгох орон сууцны зээлд хамрагдах байгууллага, ажилчдын нэрс, хуваарилсан квот” гэсэн баримтуудад үзлэг хийлгэх хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасныг шүүх хангаж, үзлэг хийх ажиллагаа хийхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгахаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 483 дугаар захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх-151-153/

           Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 629 дугаар захирамжид заагдсан ажиллагааг гүйцэтгэж хүргүүлэв. Хавсралт 16 хуудас” гэсэн баримт хэрэгт авагдсан байх боловч энэ нь 2 хуудастай, хэргийн 163 дахь талд байгаа үзлэг хийсэн баримт хариуцагч Ж, Э нарт холбогдох нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй байна. /xx-162-164/

          Анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1788 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь шүүгчийн захирамж биелэгдээгүй, шүүхийн даалгаврыг гүйцэтгэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 41 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ. /xx-165/

        Хэргийг хянан шийдвэрлэсэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчаас нэмэлт нотлох баримтаар гаргаж өгсөн 17 хуудас баримтыг шүүх хүлээн авсан боловч нэхэмжлэгч талд танилцуулсан гэж үзэхэд эргэлзээтэй, нэхэмжлэгчийг хавтаст хэрэгтэй танилцуулсан хамгийн сүүлийн огноо нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэсэн байна. /xx-168,187/

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байхад дээрх алдааг илрүүлээгүй давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзнэ.

         Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, харин нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... магадлалыг хүчингүй болгож, 123.060.417 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү”  гэсэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:       

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 424 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 808.145 /найман зуун найман мянга нэг зуун дөчин таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН