Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-20
Дугаар 001/ХТ2017/01225
Хэргийн индекс 013/2017/01225/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Ж.Х
Хариуцагч Л.А
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Ж.Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01483 дугаар шийдвэр,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1323 дугаар магадлалтай,

           Ж.Хийн нэхэмжлэлтэй,

           Л.Ад холбогдох,      

           3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагчийн гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Э, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар  нар оролцов.

           Ж.Хийг төлөөлж Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Х 2015-10-03-ны өдөр Ж.Чулуунпүрэвтэй тохиролцож Солонгос улсын виз гаргуулахаар 2015-10-21-ний өдөр түүний Голомт банкны данс руу 3 сая төгрөг шилжүүлж, өөрийн бичиг баримт, үнэмлэх зэргийг түүний эхнэр Л.Ад өгсөн. Гэвч төлбөр төлснөөс хойш 3 хоногийн дараа  Ж.Ч нас барсан болохыг олж мэдсэн.  Тэгээд ажилтай байхад нь мөнгө нэхээд яахав гэж бодоод хэсэг хугацааны дараа Л.Атай уулзахад “би чамаас мөнгө аваагүй, энэ мөнгийг яасныг нь мэдэхгүй байна” гэх болсон. Л.Аюурзаныг Ж.Чулуунпүрэвийн хууль ёсны өвлөгчийнх нь хувьд болон мөн мөнгө авахад хамтран оролцсоны хувьд хариуцагчаар татаж, түүнээс 3 сая төгрөг гаргуулж Ж.Хт олгож өгнө үү гэжээ. 

         Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Ж.Ч 2015-10-27-ны өдөр нас барсан. Иргэний хуульд өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан. Манай талийгаач Ж.Чулуунпүрэвээс надад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд дарь эхийн 27 дугаар гудамж, 1594а тоот орон сууц, гарааш, газар өвлөгдөж ирсэн. Энэ өвийг Ж.Чулуунпүрэв нь Хаан банкинд 82сая төгрөгийн барьцаанд тавьсан байсныг түүнийг нас барсны дараа Хаан банк зээлийн төлбөртөө  тооцон авч 31сая төгрөгийг Л.А надад шилжүүлсэн.  Ж.Чулуунпүрэвээс өвлөгдөн үлдсэн хөрөнгө нь түүний гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлд хураагдсан. Өөр хөрөнгө надад өвлөгдөөгүй тул  3 сая төгрөгийг хариуцахгүй. Ж.Х Ж.Чулуунпүрэвь 3 сая төгрөг шилжүүлсэн гэх боловч энэ мөнгийг юунд өгсөн нь тодорхойгүй байна. Өр төлбөртөө өгсөн ч байж болно. Ж.Чулуунпүрэв нь виз олгодог хүн биш, энэ мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан, ямар тохиролцоо байсныг мэдэхгүй. Ж.Чулуунпүрэвт өгчхөөрэй гэж бичиг баримт үлдээж байсан байж болох юм. Түүнээс биш Л.Аюурэана энэ хүнтэй гэрээ хэлцэл байгуулаагүй, 3сая  төгрөг аваагүй.   Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01483 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Аас 3 сая төгрөг гаргуулах Ж.Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 07-ны өдрийн 1323 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01483 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж,  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасныг баримтлан  Л.Аас 3сая төгрөг гаргуулж  Ж.Хт олгож, хариуцагчаас 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь талуудын хооронд үүссэн маргааны харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтанд тулгуурлан үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Харин давж заалдах шатны нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нотлох баримт эргэлзээ бүхий байгааг шүүх анхаараагүй. Ж.Х нь Л.А намайг хариуцагчаар тодорхойлж, талийгаач нөхөр Ж.Чулуунпүрэвийн хууль ёсны өвлөгчийн хувьд болон виз гаргуулахаар  шилжүүлсэн гэх 3 сая төгрөгийг авахад хамтран оролцсон гэсэн үндэслэл заасан. Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг нотолж,  Ж.Чулуунпүрэвийн дансаар гүйлгээний утга нь тодорхой бус баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл би Ж.Чулуунпүрэв,нэхэмжлэгч  нарын хооронд ямар тохиролцоо хийгдсэнг, мөнгийг  талийгаач маань хэзээ данснаасаа гаргаж авсанг, юунд зарцуулсанг огт мэдэхгүй. Гүйлгээний утга нь тодорхойгүй байгаа нь  үнэхээр виз гаргуулахаар өгсөн мөнгө эсхүл уг хүнээс миний нөхөр авлагатай, уг авлагаа авсан эсэх нь ч тодорхойгүй  байна. Гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй байна. Ж.Х анх нэхэмжлэлийг 2016.08.15-нд шүүхэд гаргаж байсан бөгөөд Л.А би түүний нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ дээр дурдсанаар тодорхойлон шүүхэд тайлбараа өгч байсан. Шүүхээр явах хугацаанд нэхэмжлэгч ирээгүйн улмаас нэхэмжлэл буцаагдаж байсан. Тухайн үед нэхэмжлэгч талаас гэрч байгааг дурдаж байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч 2017.02.23-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасантай холбогдуулан өөрийн төрсөн ахынхаа охин гэх н.Эрхбилгүүнийг гэрчээр оролцуулж мэдүүлэг өгүүлсэнийг давж заалдах шатны шүүх  үнэлсэнд гомдолтой байна. Зориуд зохиомол гэрч гаргаж ирэн, өөрийн төрөл садангийн хүнээр худал мэдүүлэг өгүүлсэн гэж би үздэг. Үнэхээр ийм гэрч байсан бол өмнө нэхэмжлэл гаргахдаа гэрч оролцуулах боломжтой байсан. Гэрч үнэн зөв мэдүүлэг өгсөн гэдгийг нотлох боломжгүй байгаа. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 518.1, 520.1.1-р Ж.Чулуунпүрэвийн нас барсан өдөр буюу 2015.10.25-ны өдөр өв нээгдсэн, Л.А  Ж.Чулуунпүрэвийн хууль ёсны өвлөгч гэж үзсэнийг буруутгахгүй. Шүүх  Л.А  өвийг хүлээн авсан гэж  дурдсан. Гэтэл бодит байдал дээр  дансаар шилжүүлсэн гэх 3сая төгрөгийг нэхэмжлэгч  ямар зорилгоор өгсөн нь тодорхойгүй, надад өвлөгдөж ирээгүй тул өвөөс татгалзах мэдэгдэл өгөх үүрэг үүсэхгүй. Байхгүй эд хөрөнгөөс татгалзах шаардлага надад байхгүй. Иймд дээрх хуулийн заалтуудыг гагцхүү талийгаачаас өвлөгдсөн хөрөнгө байгаа тохиолдолд хэрэглэх ёстой байсан. Шүүх Монголын нотариатын танхимаас ирүүлсэн "Өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй байна" гэх баримтыг  өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлгүй  гэсэн нь буруу. Нэгэнт өвлөгдөн ирсэн хөрөнгө  байхгүй тул өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт тавиагүйг үнэлж дүгнэлгүй хуулийг буруу тайлбарлан хэргэлсэн. Шүүх намайг нас барагчийн хөрөнгийг өвлөн авсан гэж үзэж “бусдын эд хөрөнгийг хууль, гэрээнд заасан үндэслэлгүй авсан” тай холбоотой үүсэх үүргийг хариуцах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ж.Чулуунпүрэв нь Ж.Хийн виз гаргуулахаар шилжүүлсэн гэх 3 сая төгрөгийг хууль, гэрээнд заасан үндэслэлгүйгээр авсан эсэхийг нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтаар нотолсон гэж үзэх боломжгүй. Үүрэг нь хариуцах үүргийн хэмжээд хуваагдах ёстой гэх нөхцөл байдлыг нотлоогүй тул Иргэний хуулийн 515.2-р нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь буруу. Л.А Ж.Чулуунпүрэвээс өвлөж авсан хөрөнгө байхгүй гэдгийг нотлох баримт байсаар байхад “өв хүлээн авсан” гэж үзсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Ж.Х 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Л.Ад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 3.000.000 төгрөг шаардаж, үндэслэлээ “...Солонгос улсын виз гаргуулах зорилгоор хариуцагчийн нөхөр Ж.Чулуунпүрэвт 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөг, Л.Ад бичиг баримтаа өгсөн боловч удалгүй  Ж.Чулуунпүрэв 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нас барсан...” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг бүрэн хангажээ. 

       Хариуцагч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд хандан “... Ж.Чулуунпүрэвийн дансаар хийсэн гүйлгээний утга тодорхойгүй... виз гаргуулахаар өгсөн  эсэх нь ч тодорхойгүй... өөрийн төрөл садангийн хүнээр гэрчийн худал мэдүүлэг өгүүлсэн... дансаар шилжүүлсэн гэх 3.000.000 төгрөг өвлөгдөж  ирээгүй... шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн гомдол гаргасан байна.

       Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Ж.Х нь Ж.Чулуунпүрэвт 3.000.000 төгрөг, Л.Ад бичиг баримтаа өгсөн нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа хариуцагч нотлоогүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоор магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй.  

       Л.А өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөн авч бусдад төлөх төлбөрийг төлсөн, үлдэгдэл мөнгийг хүлээн авсан тул нэхэмжлэлийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 515 дугаар зүйлийн 515.2-г зөрчөөгүй гэж үзэв.

        Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1323 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                          Б.УНДРАХ