Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-20
Дугаар 001/ХТ2017/01227
Хэргийн индекс 183/2017/01227/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч “Э” ХХК
Хариуцагч Т.О
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00571 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1227 дугаар магадлалтай,

           “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Т.От холбогдох,      

         Гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 348 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

            Зохигчдын  гаргасан гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Отай 2015-10-14-ний өдөр 15-000120 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний 2.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал хотхон Кинг Тауэр апартмент 122 дугаар байр 255 тоот 3 өрөө орон сууцыг 285 сая төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон. Т.О  гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 35 сая төгрөг  төлөх, 2016-01-15-ны өдөр 35 сая төгрөг, 2016-02-15-ны өдөр 215 сая төгрөг төлөхөөр талууд Иргэний хуулийн 40.1,  43.2.1-р хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцож, гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулан.  Гэрээний 3.1-т зааснаар Т.О нь “Э” ХХК-д урьдчилгаа 35 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж түлхүүрийг хүлээн авснаар гэрээний 2.1-д заасны дагуу  орон сууцыг хариуцагчид шилжүүлэн өгсөн. Т.О 2016-04- 01-ний өдөр 8 сая төгрөг төлж үлдэгдэл 242 сая төгрөгийг төлөөгүй тул 2016-05-26-ны өдөр 01/2016052601 дугаар  “төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Уг  гэрээний 2.1-р үлдэгдэл  242 сая төгрөгийг 2016-06-25-ны өдөр төлж барагдуулахаар талууд Иргэний хуулийн 189.1-р хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Т.О төлбөрийг төлөөгүй  2016-07-29 -ний өдөр 10 сая төгрөг төлсөн. “Э” ХХК-д өнөөдрийн байдлаар нийт 53 сая төгрөг төлж үлдэгдэл 232 сая төгрөгийг төлөөгүй. Т.О уг мөнгийг  01/2016052601 тоот гэрээний 2.1-д заасан хугацаанд төлөөгүй гэрээний 2.2-р сүүлийн өдөр болох 2016-07- 29-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017-01- 07-ны өдөр хүртэл алданги /1 160 000 төгрөг Х 160 хоног/ 185,6 сая төгрөг болж байна.    Талууд 2015-10-14-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээнд тамга тэмдэг, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд “Э” ХХК нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг хариуцагчид шилжүүлсэн. Гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, нотариатаар баталгаажуулах шаардлагыг нэхэмжлэгч удаа дараа тавьсан ч хариуцагч арга хэмжээ аваагүй. Иргэний хуулийн 109.2-т заасан шаардлагыг хангаагүй ч хариуцагч урьдчилгаа 35  сая төгрөг төлж, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг авсан. 2015-10-14-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ  хүчин төгөлдөр тул хариуцагчаас  232 сая төгрөг, 116 сая  төгрөг, нийт 348 сая төгрөг гаргуулах, орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан гэжээ. 

         Хариуцагчийн шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: 2, 3 удаа санал тавьсны дагуу байрыг авсан. Байрны үнийг 1 м.кв-ыг 3 300 000 төгрөг гэсэн. Би төрийн албан хаагч хүн, өөр эрхэлдэг ажил байхгүй учраас энэ байрыг авах боломжгүй тухай хэлэхэд “та хуучин байраа м.кв-ийг нь 2 200 000 төгрөгөөр үнэлээд зарж болно. Харин үлдэгдэл 70 сая  төгрөгийг бэлнээр төлнө” гэсэн болохоор тохиролцсон юм. Намайг нэхэмжлэгч маш гоё хүлээж аваад хадаг бариад байранд оруулж өгсөн. Гэрээнд гарын үсэг зурах болоход нөгөө байрны асуудал гэрээнд байхгүй болчихсон. Тэгээд нөгөө хүн маань таньдаггүй хүмүүстэй нийлж гэрээнд гарын үсэг зурчих гээд зуруулсан. Тэр хугацаанд төлөлтөө хийж байсан. Яагаад хариу тайлбар өгөөгүй гэхээр манай дүүгийн баригдаж байгаа байрыг хүлээгээд өөрөө байрны талаар судалж үзэж байгаад цаг алдсан. Үнэндээ бол анх байраар гэж тохироогүй бол надад энэ мөнгийг төлөх боломж байгаагүй. Би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин байраа өгөөд үлдсэн мөнгөө төлөх боломжтой гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00571 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Оаас 348 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 968 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1 986 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 26-ны өдрийн 1227 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00571 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1” гэж, үүний дараа “232 дугаар зүйлийн 232.8” гэж нэмж, “348 000 000 төгрөг” гэснийг “266 800 000 төгрөг” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “56.1” гэснийг “56.2” гэж, “хэвээр үлдээж” гэсний дараа “хариуцагчаас 1 491 950 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Зохигчид 2015-10-14-ний өдөр 15-000120 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-д заасны дагуу Хан-Уул дүүрэг, 11-р хороо Маршал таун хотхон Кинг тауэр 122-р байр 255 тоот 3 өрөө орон сууцыг 285 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож орон сууцны төлбөрийг гэрээний  графикт хугацаанд бүрэн төлөх талаар тохирсон. Талууд Иргэний хуулийн 189.1, 195.3-т заасны дагуу харилцан тохиролцож гэрээ хийсэн. Т.О 15-000120 тоот гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул 2016-05- 26-ны өдөр 01/2016052601 гэрээг байгуулсан. 242 000 000 төгрөгийг 2016-06-25-ны өдөр төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Т.О 10 000 000 төгрөг  төлсөн. үлдэгдэл 232 000 000 төгрөгийг төлөөгүй ч  орон сууцанд өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна. 15-000120 тоот гэрээгээр  алданги төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 189.1, 232.6-д заасантай нийцэж байгаа. Т.О 2016-07- 29-ний өдрөөс хойш  2017-01- 07-ны өдөр хүртэл /нэг өдрийн алданги 1 160 000 төгрөг нийт 160 өдөр/ алдангид 185 600 000 төгрөг төлөх байгаа боловч  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй 116 сая төгрөг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй. Талууд Иргэний хуулийн 189.1-д заасны гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон. Зах зээлийн нийгэмд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хэн бүхэн гэрээний эрх зүйн харилцаанд оролцохдоо оролцогч этгээдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, нөгөөтээгүүр гэрээний харилцааны үүргийн биелэлтийг хангуулах арга хэрэгслээ хуульд заасны дагуу сонгох, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээ болон хуульд заасан хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ. Мөн “Э" ХХК нь Т.От боломж олгож орон сууцны төлбөрийг бүрэн авалгүйгээр гэрээнд заасан орон сууцыг хариуцагчид шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байхад хариуцагч үүргээ зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх алдангийн хэмжээг илт их байна гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

          Хариуцагч хяналтын гомдолдоо: Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээр заасан байдаг ба дээр дурдсан орон сууц захиалгаар бариулах гэрээ нотариатаар гэрчлэгдээгүй тул хүчин төгөлдөр болоогүй. Шүүх орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн энэ шийдвэр гарсан өдрөөс эхлэн буюу 2017-03- 16-ны өдрөөс тухайн  гэрээ  хүчинтэй болж, гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргийн биелэлтийг шаардах эрхтэй болсон. Гэтэл нэхэмжлэгч 2016-07-29 -ний өдрөөс 2017-01-07 -ны өдөр хүртэл  алданги шаардсан нь үндэслэлгүй.Энэ хугацаанд орон сууц захиалгаар бариулах гэрээ хүчин төгөлдөр болж чадаагүй байсан бөгөөд, гэрээ хүчин төгөлдөр биш тул үүргийн биелэлтийг хэн аль нь шаардах эрхгүй юм. Нэгэнт шаардах эрх үүсээгүй тул үүргийн зөрчил, хариуцлага яригдах учиргүй. Шүүх орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоосон атлаа үүнээс өмнөх хугацааны үүргийн зөрчилд алданги гаргуулсан нь хуульд нийцэхгүй. Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно. Шүүх “Эко констракшин” ХХК-ийг орон сууц захиалгаар бариулах гэрээгээр гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж, надаас нийт 266.800.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл одоог хүртэл миний хувьд “Э” ХХК-иас ямар нэгэн орон сууц өмчлөлдөө аваагүй, Эко констркшн ХХК миний өмчлөлд ямар нэгэн орон сууц хүлээлгэн өгөөгүй. Түүгээр барахгүй гэрээний гол зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал Кинг Тауэр апартмент 122 дугаар байрны 255 тоот орон сууц нь Э ХХК-ийн өмчлөлийн орон сууц мөн эсэх нь тодорхойгүй, хэрэгт баримт байхгүй байна. Т.О миний бие Э ХХК-иас ямар нэгэн орон сууц өмчлөлдөө аваагүй байхад надаас орон сууцны үнийг 100 хувь гаргуулаад зогсохгүй алданги гаргууллаа. Эко констракшин ХХК-ийн ажилтнууд намайг “...өөрийнхөө хуучин орон сууцыг төлбөртөө тооцуулан өгөөд, манайхаас шинэ орон сууц ав...”гэж гэрээнд гарын үсэг зуруулаад, их хэмжээний өрөнд оруулж, дааж давашгүй мөнгө, алданги нэхэмжилж байгаад гомдолтой. Иймд магадлалаар алданги 34.800.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:      

        “Э” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Т.От холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үүрэгт 348.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.  

    Нэхэмжлэгч 348.000.000 төгрөг шаардсан үндэслэлээ “...3 өрөө орон сууцыг 285 сая төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон. ...үлдэгдэл 242 сая төгрөгийг төлөөгүй тул 2016-05-26-ны өдөр 01/2016052601 дугаар “төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээний 2.1-р үлдэгдэл 242 сая төгрөгийг 2016-06-25-ны өдөр төлж барагдуулахаар талууд Иргэний хуулийн 189.1-р хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. ...“Э” ХХК-д өнөөдрийн байдлаар нийт 53 сая төгрөг төлж үлдэгдэл 232 сая төгрөгийг төлөөгүй. ...алданги 185.6 сая төгрөг болж байна. ...нийт 348 сая төгрөг гаргуулах, орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан...” гэж тайлбарласан ба хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчлөхдөө хариуцагчаас 266.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,  үлдэх 81.200.000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

       Зохигчид 2017 оны 06 дугаар сарын 27, 30-ны өдөр тус тус  хяналтын журмаар гомдол гаргасан боловч талууд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

       2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эвлэрлийн гэрээнд “...нийт 348.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.О нь орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, орон сууцны үлдэгдэл төлбөр болох 232.000.000 төгрөгийг ... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 80.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 40.000.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 102.000.000 төгрөгийг тус тус дээрх заасан хугацаанд төлж барагдуулахаар талууд эвлэрэн хэлэцэв. Хариуцагч Т.О...хугацаандаа төлж дуусгаагүй тохиолдолд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1227 дугаар магадлалд заасан алданги 34.800.000 төгрөгийг нэхэмжлэгч “Э” ХХК-д үл маргах журмаар төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Т.О нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 232.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч “Э” ХХК нь алданги 34.800.000 төгрөг нэхэмжлэхгүй байхаар талууд харилцан тохиролцов. ...”. гэжээ.

       2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эвлэрлийн гэрээний талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...232.000.000 төгрөгийг хариуцагч ... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд график гарган төлж барагдуулах, хэрэв хугацаандаа төлж дуусгаагүй тохиолдолд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1227 дугаар магадлалд заасан алданги 34.800.000 төгрөгийг нэхэмжлэгч “Э” ХХК-д үл маргах журмаар төлөхийг зөвшөөрч хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд алданги 34.800.000 төгрөг нэхэмжлэхгүй байхаар талууд эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү.” гэв.  

         Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй

         Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасан тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00571 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1227 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “Э” ХХК болон Т.О нар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, эвлэрснийг баталж, Т.От холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний үүрэгт 348.000.000 төгрөг гаргуулах тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

         2. Тогтоол шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

         3. Зохигчдын хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Э” ХХК-с 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 563.950 төгрөгийг, хариуцагч Т.Оаас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 331.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

              ШҮҮГЧ                                                           Б.УНДРАХ