Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-20
Дугаар 001/ХТ2017/01228
Хэргийн индекс 181/2017/01228/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч “У” ХХК
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

 “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01088 дугаар шийдвэр,                                                                                                

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1317 дугаар магадлалтай,

           “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,      

           Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас У ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын ам 286 тоот 316.04 м.кв талбай бүхий амрагчдын сууцыг 750сая төгрөгөөр, 11 дүгээр хороо, Богинын ам 36 тоот 380 м.кв талбай бүхий амрагчдын сууцыг 547 200 000 төгрөгөөр тус тус  үнэлсэн байна. Анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг   тогтоосон үнийн 70 хувиар тогтоосон болохыг 2017-02-08-ны өдрийн 3/5311 дугаар  албан бичгээр мэдэгдэж, шуудангаар илгээснийг 2017-02- 10-ны өдөр хүлээн авч танилцсан. Тогтоосон үнэ нь зах зээлийн  үнээс хамаагүй бага, бодит байдалд нийцээгүй байна.  Үүний улмаас анхны албадан дуудлага худалдааны үнэ багаар тогтоогдож, төлбөр төлөгчид илтэд хохиролтой болсон. Өмнө нь 2015 онд хариуагчаас  томилсон үнэлгээчин буюу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК яг ижил загвар хэмжээ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам 28а тоот хаягт байрлах амрагчдын сууцыг 881 120 000 төгрөгөөр үнэлж байсан. Иймд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын ам 28б тоот 316.04 м.кв талбай бүхий амрагчдын сууц, 11 дүгээр хороо, Богинын ам 36 тоот 380 м.кв талбай бүхий амрагчдын сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан  тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016-04-27-ны өдөр үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан. 2017-01-03-ны өдөр 3/291 дугаар албан бичгээр үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн саналаа 2017-01-05-ны дотор ирүүлэх мэдэгдлийг  хүргүүлэхэд төлбөр төлөгч санал ирүүлээгүй. Төлбөр авагч нь шинжээч томилуулах  хүсэлт гаргасан тул 2017-01-23-ны өдрийн 42 тоот тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын амны 28 Б тоот 316.04 м.кв талбайтай хувийн сууцыг 750сая төгрөг, 11 дүгээр хороо Богины амны 36 тоот 380 м.кв талбайтай амрагчдын сууцыг 547 200 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгчид  шуудангаар 2017-02-08 -ны өдөр 3/5311 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01088 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан У ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн шүүхийн  2017 оны 3 сарын 03-ны өдрийн 3777 дугаар захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 сарын 15-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 05-ны өдрийн 1317 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шатны шүүхийн 2017-04-14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэтэл  шүүх  “ хэргийг хянан шийдвэрлэгдэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахтай холбоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр дахин хийлгэх агуулгатай”  гэж дүгнэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. ИИХШХШТХ-ийн  25.2.3, 47.1-р хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно. Хүсэлт нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо нотлох зорилгоор гаргасан хүсэлт юм. “У" ХХК-ийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг 750 сая төгрөг болон 547.200.000 төгрөгөөр үнэлсэн. “У" ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын амд байрлах сууцнуудын 1 м.кв нь 3.500 ам.доллараар тооцож  гэрээний дагуу бусдад худалдахаар Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын газартай 2016 онд  “Зуучлалын үйлчилгээний гэрээ” байгуулсан байдаг. 2016-06-09-ний өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамжны 30 тоот, 316.04 м.кв талбайтай амрагчдын сууцыг  хоёр тэрбум  төгрөгөөр тооцож арилжааны гэрээний дагуу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй солилцсон байдаг. “У" ХХК-ийн өмчлөлийн сууцнуудын 1 м.кв нь 3500 ам.доллараар тооцвол Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын ам 286 тоот 316.04 м.кв сууцны үнэ 1.106.140 ам.доллар, Богинын ам 36 тоот 380 м кв сууцны үнэ 1.330.000 ам.доллар бөгөөд 60 хувийн гүйцэтгэлтэйг харгалзан үзвэл 798.000 ам.долларын үнэлгээтэй байна. “У” ХХК-ийн тус амрагчдын сууцыг худалдаалах үнэ болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны томилсон үнэлгээчний үнэлсэн үнэ хоорондоо эрс зөрүүтэй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1-т шинжээч нь  шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх  үүрэг хүлээдэг. Байршуулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал нь иргэн өөрөө тогтоосон үнийн санал байдаг. Гэтэл “Сэлэнгэ Эстимэйт" ХХК-ийн үнэлгээчин зарын цахим хуудсанд байршуулсан иргэдийн өөрсдийн тогтоосон үнийг үндэслэл болгон  сууцнуудын үнэлгээг тогтоосон нь шинжээчийн үүргээ биелүүлээгүй, тус сууцнуудын үнэлгээг бүрэн бодитойгоор тогтоож чадаагүй гэх эргэлзээг бий болгож байна. Шүүхээс үнэлгээг шинжээчээр дахин хийлгэх агуулгатай гэж хүсэлтийг дүгнэсэн нь буруу байна. Учир нь 2 амрагчдын орон сууцны үнэлгээг хариуагчийн томилсон шинжээч гүйцэтгэсэн байх бөгөөд тус үнэлгээчний  үнэлгээний тайлан эргэлзээ бүхий байгаа, үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, гомдлын шаардлагаа дэмжих, нотлох зорилгоор шинжээч томилуулахаар анх удаа шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Энэхүү шинжээч нь  үнэлгээчний хийсэн үнэлгээ нь бодитой эсэх талаар дүгнэлт хийх бөгөөд энэ нь  нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, мэтгэлцэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлэх байсан. Эрх бүхий байгууллагаас хийсэн үнэлгээ нь бодитой бус гэж маргаж буй нэхэмжлэгчийн хувьд түүнийг өөрт байгаа нотлох баримтуудаас гадна  адил эрх үүрэг бүхий үнэлгээчний үнэлгээг үндэслэл болгож маргах нь  тэгш эрхийг хангах зарчимд нийцэх байсан. ИХШХШТХ-ийн 156.2, 159.3-г анхаараагүй, энэ нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу хэлэлцэх ба гомдол гаргагч нь нотолгоог гаргах замаар мэтгэлцэхээр хуульд заасан байна.  Шинжээч томилуулах тухай  хүсэлтийг хангахгүй орхисон нь нэхэмжлэгчийн ИХШХШТХ- 25.2.3, 47.1-д  эрхийг зөрчиж, хуульд заасан эрхийг хангалгүй шийдвэрлэж хуульд зааснаар гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах замаар мэтгэлцэх боломжоор хангаагүй. Давж заалдах шатны шүүхээс энэхүү үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд ...шийдвэр ...магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

 “У” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан  нэхэмжлэл гаргаж,  анхны албадан  дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох шаардлага тавьсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

   Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

        Шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 сарын 26-ны өдөр 908 дугаар шийдвэр гаргаж, У ХХК-аас 1.165.278.492 төгрөг гаргуулан Д.Эрдэнэбилэгт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч шийдвэрийг биелүүлээгүй тул “шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай “11276 дугаар захирамж 2016 оны 03 сарын 30-ны өдөр гарч, мөн өдөр 1341 дугаар гүйцэтгэх хуудас  /хх-6,7,61 тал/ бичигдсэн байна.

        Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  дагуу явуулсан нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон, энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй.

          Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр авагчийн хүсэлтээр 2017 оны 1 сарын 23-ны өдөр 42 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоол гаргасны дагуу “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам /17050/, 28б тоот хаягт байрлах, 316.04 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 750 сая  төгрөгөөр, мөн дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, 36 тоот хаягт байрлах, 380 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 547,2 сая  төгрөгөөр, 2017 оны 2 сарын 06-ны өдрийн байдлаар тогтоожээ.

        Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрч “...үнэлгээ бодитой бус гарсан...” гэж маргах боловч энэ тухай тайлбараа баримтаар нотлоогүй тул дахин үнэлгээ тогтоолгох  тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үзэх үндэслэлгүй байна. 

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01088 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1317 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРСАЙХАН

                             ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ