Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-31
Дугаар 001/ХТ2017/01308
Хэргийн индекс 101/2017/01308/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч О ХХК
Хариуцагч “Т” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

 О ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

    Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00509 дүгээр шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1390 дүгээр магадлалтай,

            Нэхэмжлэгч: О ХХК

            Хариуцагч: “Т” ХХК     

           Үндсэн нэхэмжлэл:Түрээсийн гэрээний үүрэгт 10.999.656 төгрөг гаргуулах

           Сөрөг нэхэмжлэл:  5.841.181 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 

           Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хотхонд байрлах “Зайсан Скуэр” худалдаа үйлчилгээний төвийн барилгын 1 дүгээр давхрын 1177.5 мкв талбай бүхэлдээ О ХХК-ийн охин компани болох “С” ХХК-ийн өмчлөлд байдаг. Уг барилга нь давхар давхраараа үл хөдлөх эд хөрөнгийн тусдаа гэрчилгээтэй бөгөөд “Собт трейд” ХХК-иас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, түрээслэх, түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх бүрэн эрхийг О ХХК-д шилжүүлсэн. Уг эрхийнхээ дагуу 2014-04-10-ны өдөр “Т” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан,  барилгын нэгдүгээр давхраас 75.6 мкв талбайг “Tea World” цайны дэлгүүрийн зориулалтаар түрээслүүлэхээр тохиролцож, ТГ/028 тоот гэрээг байгуулсан. Бидний зүгээс нэг сарын төлбөр 6 426 000 төгрөгөөс 30 хувийн хөнгөлөлттэй байхаар гэрээг анх байгуулсан. Дараа нь харилцан тохиролцож 2014 оны 7, 8 дугаар сарын төлбөрийг нэг сарын 1 927 800 төгрөгөөр, 2014 оны 9-11 дүгээр сарын төлбөрийг сарын 3 213 000 төгрөгөөр, 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарын төлбөрийг нэг сарын 4 498 200 төгрөгөөр, 2015 оны 4, 5 дугаар сард үндсэн үнээр буюу сарын 6 426 000 төгрөг  тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан. Уг барилгын нэгдүгээр давхар нийт 1177.5 мкв талбайтай бөгөөд үүнээс хариуцагч зөвхөн 75.6 мкв талбайг түрээсэлсэн учир гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэрээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байнга хугацаа хэтрүүлж, манайх амаар болон бичгээр шаарддаг байсан. Улмаар түрээслэгчийн хүсэлтээр гэрээг 2015-07-31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрийг баталгаажуулж, төлбөр барагдуулах гэрээ  байгуулсан. Уг гэрээгээр 2015-11-30-ны дотор түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10 850 804 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Энэ төлбөр нь 2015 оны 4-7 дугаар сарын төлбөрт хамаарч байгаа. Дээрх тохиролцоог хийснээс хойш хариуцагч 2015-07- 31-ний өдөр 1 сая төгрөг бэлнээр, 2015-12-25-ны өдөр 2 317 500 төгрөг, 2016-03-31-ний өдөр төлбөрийг бартераар  төлсөн. Төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулснаас хойш 3 517 700 төгрөг  төлж, үлдэгдэл нь 7 333 104 төгрөг байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7 333 104 төгрөг, алдангийг 50 хувиар  тооцон 3 666 552 төгрөг, нийт 10 999 656 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014-04-10-ны өдөр ТГ/028 тоот түрээсийн гэрээг байгуулж, мөн өдрөөс 2015-07-31-ний өдөр хүртэл түрээсэлсэн, 2015-07-31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 10 850 804 төгрөг байсан, үүнээс хойш 3 517 700 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй. “Т” ХХК-ийн зүгээс 2015-05-27-ны өдөр гэрээг цуцлах тухай санал тавьсан ч 3 сарын өмнө цуцлах тухай саналаа бичгээр мэдэгдэх ёстой гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч тал гэрээг цуцлаагүй. Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлэх, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан. Түрээсийн төлбөр шаардах үндэслэл болсон дээрх ТГ/028 тоот гэрээ нь дээрх шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн тул Иргэний хуулийн  56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Түрээсийн гэрээний дагуу анх барьцаа болгон 5 841 181 төгрөг байршуулсан. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр бус, мөн хариуцагчийн зүгээс төлөх төлбөр байхгүй тул барьцааны мөнгийг буцаан гаргуулахыг шаардаж байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д түрээслүүлэгч барьцаа төлбөрөөс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр заасан. Гэтэл нэхэмжлэгч талд ямар нэг хохирол учраагүй байхад гэрээний нөхцөлийг зөрчиж төлөх төлбөрт барьцааны мөнгийг суутгасан нь үндэслэлгүй. Иймд барьцааны 5 841 181 төгрөгийг О ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн  хариу тайлбартаа: Гэрээний дагуу барьцаа 5 841 181 төгрөгийг гэрээ байгуулсны дараа авсан нь үнэн. Гэхдээ дээрх барьцааны мөнгийг харилцан тохиролцож хариуцагчийн төлөх ёстой төлбөрт тооцож авч, үлдэгдэл нь 10 850 804 төгрөг болсон. Үүнийг баталгаажуулж 2015-07-31-ний өдрийн төлбөрийн үлдэгдэлээр гэрээг байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00509 шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан  “Т” ХХК-иас 10 999 656 /арван сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, О ХХК-иас 5 841 181 төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 944 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 108 409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190 944 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 16-ны өдрийн 1390 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00509 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасныг баримтлан О ХХК-иас 5 841 181 төгрөг гаргуулж “Т” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 108 409 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Хариуцагчтай  түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөр төлөөгүй тул амаар болон бичгээр шаарддаг байсан ба улмаар ТГ/028 тоот түрээсийн гэрээг түрээслэгчийн санаачилгаар 2015-07-31-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан. 5.841.181 төгрөгийг түрээсийн гэрээний төлбөрт суутгаж авсан талаар дурдаагүй, хэргийн баримтаар тогтоогдохгүй гэж үзэж  уг мөнгийг төлбөрийг манай компаниас гаргуулсан нь үндэслэлгүй байна. ТГ/028 тоот түрээсийн гэрээг цуцлахдаа талууд түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүйгээс үүссэн төлбөрийн үлдэгдлийн тооцоог нийлсэн бөгөөд барьцаа төлбөр болгон манай компанид төлсөн 5.841.818 төгрөгийг түрээсийн гэрээний  2.7, 2.8-р үүссэн төлбөрийн дүнгээс хасаж, үлдэх 10.850.804 төгрөгийг төлж барагдуулахаар ТБГ-15/02 тоот гэрээ байгуулсан юм. Тухайн үед  барьцаа төлбөрийг  төлбөрийн үлдэгдлээс хассан тухай  баримт үйлдээгүй нь үнэн  ч тооцоо нийлэхдээ барьцаа төлбөрийн дүнг хассан нь анхан шатны шүүх хуралдаан дээр  өгсөн хариуцагчийн тайлбар /шүүх хурлын видео бичлэг/ болон шийдвэрт тусгасан  байгаа. Хариуцагч анхан шатны шүүх хуралдаан дээр талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчингүй тул барьцааг суутгасан нь буруу гэж хэлж байсан атлаа давж заалдах шатны шүүхэд  “суутгаагүй” гэж худал ярьсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

       О ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандан, “Т”  ХХК-с түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7 333 104 төгрөг, алданги 3 666 552 төгрөг, нийт 10 999 656 төгрөг нэхэмжилсэн байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган “...гэрээ байгуулахад  анх барьцаа болгон өгсөн 5 841 181 төгрөгийг  буцаан гаргуулах...” шаардлага тавьжээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

         Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан /хх 79/ боловч шаардлагын үндэслэл ойлгомжгүй байхад шүүх хэргийг мөн өдөр хянан шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангасан нь учир дутагдалтай болжээ. 

         Түүнчлэн, түрээсийн төлбөрийн урьдчилгаа 5.841.181 төгрөгийг нэхэмжлэгч хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй байна.

         Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00509 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1390 дүгээр магадлалыг  тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 108.409 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                           ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ