Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-27
Дугаар 001/ХТ2017/01295
Хэргийн индекс 102/2016/07217/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч К ХХК
Хариуцагч Л.Э
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

 “К” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/01005 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1256 дугаар магадлалтай

“К” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Л.Э-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 177 635 288.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А-ын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ц.Эт, хариуцагч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э “К” ХХК-ийн  Хөрөнгө удирдлагын газрын хөрөнгө зохицуулалтын албанд ахлах дилерээр ажиллаж байхдаа тус банктай 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ажиллагсдын орон сууцны зээлийн 68 тоот гэрээг байгуулан, 54 000 ам долларын ипотекийн зээлийг 25 жилийн хугацаатайгаар, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 15 тоот дахь 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг байгуулж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч Л.Э хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гарган ажлын байрны давуу байдлаа ашиглан Санхүү бүртгэлийн газрын арилжааны арын албанд ашигладаг Фи Икс Си Эм оффис программаар дур мэдэн нэвтэрч, блансын тохируулгын гүйлгээ хийх замаар өөрийн эхнэр Б.Амарбаясгалангийн маржин арилжааны дансны үлдэгдлийг хийсвэрээр өсгөсөн тул өсгөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр банк алдагдал хүлээж, банкинд их хэмжээний хохирол учруулсан ноцтой зөрчлийг гаргасан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 442 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хариуцагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 тоот орон сууцны зээлийн гэрээний 13.16-д заасны дагуу хариуцагчийн авсан орон сууцны зээлийн хүүг зээл олгох үед мөрдөж байсан орон сууцны зээлийн ердийн хүү буюу 1.53 хувиар зээлийн хүүг тооцох болсон. 2016 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд хариуцагч Л.Э үндсэн зээлд 9 371.7 ам доллар, зээлийн хүүд 16 997.28 ам доллар нийт 26 368.98 ам долларыг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сараас хойш төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 44 628.30 ам доллар, зээлийн хүү 27 809.54 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 5 095.67 ам доллар, нийт 77 533.51 ам.доллар буюу 177 635 288.03 төгрөгийг Л.Эаас гаргуулж өгнө үү. 1 ам долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцсон. Зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “К” ХХК-д 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс дилер, ахлах дилерээр 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Ажиллах хугацаандаа 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 54 000 ам долларыг, жилийн 8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатайгаар банкнаас зээлэхээр зээлийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 15 тоот, 52 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 73.4 сая төгрөгөөр худалдаж авсан. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа халагдсан ба 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш халагдах өдөр хүртэл үндсэн зээлд 9 371.7 ам доллар, зээлийн хүүд 16 997.28 ам доллар, нийт 26 368.98 ам долларыг төлсөн. Зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх гэтэл зээлийн хүүг нэмэгдүүлж банкны зээлийн эдийн засагч нь миний зээлийн хүүгийн төлбөрийг 26 364.16 ам.доллараар нэмэгдүүлнэ гэдгийг амаар хэлсэн тул би үүргээ биелүүлээгүй. Капитал банк надаас 77 533.51 ам долларыг нэхэмжилж байгаа нь биелүүлэх боломжгүй. Би тухайн үед гэрээгээ уншаагүй байсан, гэрээгээ гаргаад уншсан чинь тийм заалт байсан учир зээл төлөлтөө зогсоосон. Миний зээлийн хүүг зээл анх авсан өдрөөс нэмэгдүүлж тооцож нэмж байгаа нь Банкны тухай хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийг зөрчиж байна. Мөн зээлийн гэрээ нь хэт нэг талыг баримтласан, талуудын эрх, үүрэгт зээлдэгчийн эрх ашгийг хэт боомилсон, хуульд нийцээгүй заалтуудтай байна. Капитал банкнаас нэмж нэхэмжлээд байгаа 26 364.16 ам долларын хүүгийн хувьд гэрээний 3.16 дахь заалт нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан хуулийн шаардлагад нийцээгүй, илтэд биелүүлэх боломжгүй нь хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байна. Би “К” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан боловч зээлийн гэрээнд хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг тусгасны улмаас боломжгүй болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэ нь хүүгийн форвард хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн байна. Хүүгийн форвард гэдэг нь ирээдүйд тухайн хүү нь өсөх, буурах эсэх нь тодорхойгүй боловч өнөөдрийн хүүгийн түвшинд тулгуурлаж ирээдүйд хүү өсөх, буурахад аль нэг талдаа үүрэг, хариуцлага хүлээх хэлцлийг хэлдэг ба уг заалт нь энэхүү хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэж үзэж байна.

2006 оны Улсын Дээд шүүхийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.1-д Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтын тайлбарлахдаа банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд уг гэрээнд зээлийн хүү, түүний хэмжээг тодорхой тусгахыг хэлнэ. Харин уг гэрээгээр зээлийн хүү тогтоогоогүй бол зээлийг хүүгүй олгосон гэж үзнэ гэсэн байдаг. Тэгэхээр уг заалтад тодорхой хүү заагаагүй байна. Банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйл ажиллагааны журам нь хууль зөрчөөгүй, зээл хүсэгчдийг хэт хясан боогдуулаагүй, эрсдэлд оруулахгүй байхаар хяналт тавьж байхыг Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хуульчилсан ба зээлийн үйл ажиллагааны журмыг боловсруулах үлгэрчилсэн журмыг тогтоож, мөн заавал дээрх байгууллагад хүргүүлж хянуулдаг. Энэхүү гэрээг хянуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. “К” ХХК-иас гаргасан нэхэмжлэлд тухайн үеийн орон сууцны зээлийн ердийн хүү нь 1.53 хувь гэсэн байгаа нь сарын хүү гэж ойлговол жилийн 18.36 хувь болж байна. Энэ хүүг хаанаас гаргаж ирсэн, хэний тушаалаар баталсан, энэ хүү нь ам долларын орон сууцны зээлийн хүү мөн эсэх талаарх баталгаа хэргийн материалд тусгагдаагүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, уг зээлийн гэрээний 3.16 дахь заалт нь төгрөгийн зээлийн хувьд зориулсан заалт ба жилийн 8 хувийн хүүтэй ам долларын орон сууцны зээл нь зах зээлийн ердийн хүү байсан. Харин “К” ХХК-ийн  хувьд нэхэмжлэлдээ төгрөгийн зээлийн ердийн хүүгээр ам долларын зээлийг нэхэмжилсэн байна. Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд буй Капитал банкны гүйцэтгэх захирлын 446 дугаар тушаалд зөвхөн төгрөгийн зээлийн нөхцлийг өөрчилсөн байх ба ам.долларын орон сууцны зээлийн нөхцлийг өөрчилсөн тушаал байхгүй байна. Миний бие уг зээлээ өмнөх нөхцлөөрөө үргэлжлүүлэн төлөх, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн боловч боломжгүй гэсэн хариуг банкнаас өгч байсан. Үндсэн зээлийн үлдэгдэл болох 44 628.30 ам долларыг зөвшөөрч байна. “К” ХХК-иас нэхэмжилж буй 77 533.51 ам доллар буюу 32 905.21 ам долларын зөрүү, нэмэгдүүлсэн хүү гэх 5 029.04 ам долларыг ямар тооцооллоор бодож гаргасан нь тодорхойгүй байна. Гэрээний хуваарийн дагуу сард 519.66 ам доллар төлдөг ба ямар тооцоолол хийж нэмэгдүүлсэн хүүг 4 470.42 ам доллараар гаргасан нь ойлгомжгүй байна. 2012 онд орон сууцны мкв-ын үнэ 1.3-1.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан ба “Сити Палас” ХХК-иас орон сууцыг 74 сая төгрөгөөр тооцон авсан нь тухайн үеийн ханшаар 54 000 ам доллар болсон. Монголбанкны 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1 ам доллар нь 1 370.92 төгрөгтэй тэнцэж байсан ба би хамгийн сүүлд зээлийн төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийхэд 1 ам долларын төгрөгтэй харьцах ханш нь 2 021.40 болж төгрөгийн ханш унасан байсан. Би төгрөгийн ханшийн уналтаас үүдэн зээлийн хүү, үндсэн төлбөрийг хуваарьт заасны дагуу төлөхөд дээрх хугацаанд 9.2 сая төгрөгийг банкинд илүү төлсөн байна. Иймд “Капитал банк”-ны нэхэмжилсэн зээлийн хүү 27 809.54 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү гэх 5 029.67 ам.долларыг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/01005 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Л.Эаас зээлийн гэрээний үүрэгт 105 586 947.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 72 048 340,2 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 15 тоот дахь, 52 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 186 595.8 төгрөгийг улсын орлогод үлдээж, 44 420 төгрөгийг Баянгол дүүргийн татварын данснаас буцааж, хариуцагчаас 756 085 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1256 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/01005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1” гэснийг хасч, “Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1” гэснийг “Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518 191 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А-оос хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Л.Э нь 2012 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн №68 тоот зээлийн гэрээ байгуулж 54 000 ам долларыг 25 жилийн хугацаатай, жилийн 8% хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдэн авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлээр худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэвч Л.Э нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж банкинд их хэмжээний хохирол учруулсан нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Капитал банкинд 285 909 141.20 төгрөгийг хохирлыг учруулсан тул Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгүүлсэн зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан тул Гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 442 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Иймд талуудын хооронд байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 тоот “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.16-д заасан “... ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцно ...” гэсэн заалтын дагуу зээлийн хүүг тухайн үеийн орон сууцны зээлийн ердийн хүү буюу 1.55 хувиар тооцож шилжүүлсэн. Зээлдэгч Л.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2016 оны 05 дугаар сараас хойш төлөхгүй байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримт үнэлэх журам зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Тухайлбал: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас 72 048 340.2 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Эаас 105 586 947.8 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “өмнө нь төлсөн зээлийн хүүгийн хувийг нэмэгдүүлж, сард төлөх зээл, зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөн анх авсан өдрөөс тооцон нөхөн төлүүлэхээр заасан дээрх урьдчилсан нөхцөл шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөн зээлдэгчид илтэд хохиролтой нөхцөл байх тул хариуцлага хүлээлгэж байгаа нь шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч буюу хариуцагчид хохиролтой байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар гэрээний дээрх заалт буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна” гэх үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан нь ойлгомжгүй байх ба талуудын хооронд байгуулсан 2012 оны 01 сарын 27-ны өдрийн 68 дугаар Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээнд “... ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцно ... ” гэж талууд тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан байдлыг харгалзан үзээгүй. Мөн түүнчлэн үндэслэх хэсэгт “Талууд зээлийн гэрээнд хүүгийн талаар 2 өөрөөр тогтоосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй талаар шүүх зөв дүгнэсэн байна” гэж дүгнэсэн нь Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хариуцагч нь банкинд ажиллаж байх хугацаанд давуу байдал олгож, түүнд 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаар Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний дагуу дээрх нөхцөлтэйгээр хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авсан.

Гэтэл хариуцагч Л.Э нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж, ажлын байрны давуу байдлаа ашиглан Санхүү бүртгэлийн газрын арилжааны арын албанд ашигладаг FXCM office програмаар дур мэдэн нэвтэрч “Балансын тохируулга”-ын гүйлгээ хийх замаар өөрийн эхнэр Б.Амарбаясгалангийн маржин арилжааны дансны үлдэгдлийг хийсвэрээр өсгөсөн, харилцагчийн маржин арилжаанд оролцох явцдаа хийсвэрээр өсгөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр алдагдал хүлээж, банкинд их хэмжээний хохирол учруулсан. Энэ нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгүүлсэн тул 2012 оны 01 сарын 27-ны өдрийн 68 дугаар Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээнд “... ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцно ...” гэж харилцан  тохиролцсон гэрээний дагуу нэхэмжилсэн. Энэ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан гэрээний стандарт нөхцөлийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан 72 048 340.2 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж, хариуцагчаас 177 635 287 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:           

Нэхэмжлэгч “К” ХХК нь Л.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 77 533.51 ам доллар буюу 177 635 288.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч  маргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх 105 586 947.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Л.Э нь Капитал банкны Хөрөнгө удирдлагын газрын Хөрөнгө зохицуулалтын албанд ахлах диллерээр ажиллаж байхдаа 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №68 тоот “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-гээр 54 000 ам долларын ипотекийн зээлийг 25 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэйгээр зээлдэж авсан байна.

Тэрээр ажиллах хугацаандаа ажлын байрны давуу байдлаа ашиглан мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргасны улмаас банкинд их хэмжээний хохирол учруулсан тул  Гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №442 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.

Зээлдэгч нь 2016 оны 05 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр банк 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-ний 3.16.-д “...ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцно” гэж заасныг үндэслэн зээлийн хүүг тухайн үеийн орон сууцны ердийн хүү буюу 1.53%-иар тооцож шилжүүлэн, нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний дээрх заалт хүчин төгөлдөр бус гэж маргасан байна.

Анхан шатны шүүх маргааны зүйл болж буй гэрээний 3.16-д заасан заалтыг “ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүртлээ гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн байхад ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр өмнө биелүүлсэн гэрээний үүргийн хүүг нэмэгдүүлэн тооцож, нөхөж авахаар зохицуулсан нь шударга ёсонд нийцээгүй, зээлдэгчид илтэд хохиролтой, хүчин төгөлдөр бус тохиролцоо байна” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1. дэх зохицуулалтад нийцсэн байна.

 Иймд “...талуудын тохиролцоог хууль бус гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь зээлдэгчийн зээлийн хүүгийн хэмжээг Гүйцэтгэх захирлын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №446 дугаар тушаалд заасан хүүгийн хэмжээгээр нэмэгдүүлэхээр шаардсан боловч зээлдэгч нь зээлийг ам доллараар авсан, дээрх тушаалд долларын зээлийн хүүг тогтоогоогүй байх тул шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч нь хүүг нэмэгдүүлэн шаардах эрхгүй гэж үзэн, гэрээгээр тохирсон нөхцлөөр үлдэгдэл төлбөрийг тооцож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.” гэснийг хасч, “...452 дугаар зүйлийн 452.2.” гэж хуулийн заалтыг өөрчлөхдөө хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2. дахь заалт нь нэмэгдүүлсэн хүү тооцож болох зээлдүүлэгчийн эрх, нэмэгдүүлсэн хүүний дээд хэмжээг тодорхойлсон зохицуулалт, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалт нь “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэйгээс гадна гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх” зээлдэгчийн хариуцлагыг тодорхойлсон зохицуулалт.

Нэхэмжлэгч нь “зээлийг хугацаанд нь төлөхгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохирсон” тохиролцоог үндэслэн хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардсан, Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь гэрээний хугацаанд төлөх ёстой зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1256 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/01005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518 191 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД