Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-31
Дугаар 001/ХТ2017/01307
Хэргийн индекс 101/2017/01307/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч “С” ХХК
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

“С” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

    Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01470 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1528 дугаар магадлалтай,

            Нэхэмжлэгч: “С” ХХК

            Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба

       Санал болгох комиссын хурлын шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, М.М, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-08-24-ний өдрийн 550 дугаар шийдвэрээр хариуцагч М.Содбаяраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 110 823 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 712 161 төгрөгийг гаргуулаж “С” ХХК-д олгохоор  шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч  М.Содбаяр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул  албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж,  барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 56е байр, 35 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг албадан худалдахаар хариуцагч 1, 2 дугаар удаагийн албадан дуудлага худалдааг зарлан явуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр авагчид үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгох хурлыг 2017-04-03-ны өдрийн 11 цагт зохион байгуулсан бөгөөд төлбөр авагчийн зүгээс тухайн эд хөрөнгийг төлбөртөө тооцон авах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Гэтэл уг саналын хурлаар төлбөр төлөгч М.Содбаярт 7 хоногийн хугацаа олгон уг хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэх, ийнхүү шилжүүлэхдээ төлбөр авагч “Сэра Интернэшнл ББСБ”-аас 7 244 839 төгрөгийг гаргуулан төлбөр төлөгч М.Содбаярт олгохоор шийдвэрлэсэн. Уг саналын хуралдаанд төлбөр төлөгч М.Содбаярт үүрэг гүйцэтгэх хугацаа олгох боломжтой эсэхийг тодруулан хэлэлцсэн бөгөөд төлбөр авагчийн зүгээс хугацаа олгох боломжгүй байгаагаа илэрхийлсэн. Улмаар комисс зөвлөлдөн шийдвэр гаргахдаа уг хурлаар огт хэлэлцээгүй дуудлага худалдаанд орсон үнийн дүнгээс төлбөр авагчийн төлбөрт авах үнийн дүнг хасаж зөрүүг төлбөр төлөгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн.Энэ нь хууль бус, төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагаа байна. Төлбөр төлөгч үнийн талаар санал гаргаагүй. 2017-04-03-ны өдрийн санал болгох хуралдаанд төлбөр төлөгч М.С нь төлбөрийг мөнгөн дүнгээр төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд 7 хоногийн хугацаа олгосон тохиолдолд төлбөрийг барагдуулах боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн зүгээс санал гаргаагүй байхад хуралдааны комисс дур мэдэн төлбөр авагчийг зөрүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа талын хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гэж үзэж байна. Мөн төлбөр авагч нь зээлээр өгсөн мөнгөн хөрөнгөө эргүүлэн авч чадалгүй хугацаа алдан эдийн засгийн хувьд алдагдал хүлээж байгааг харгалзан үзэхгүй хууль бусаар шийдвэр гаргасан. Түүнчлэн,шүүхийн  шийдвэрээр  М.Содбаяраас төлбөр гаргуулан “С ББСБ”-д олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөр авагчийн эрхийг  зөрчсөн шийдвэр гаргалаа.  Барьцаа хөрөнгөөс төлбөрийн зөрүү олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хуулиар олгоогүй. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцох бөгөөд зөрүү төлбөр төлүүлэх агуулга байхгүй байна. Албадан дуудлага худалдаа гэдэгт 1, 2 дугаар дуудлага худалдаа аль аль нь хамаарах бөгөөд  дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс буюу 2 дахь дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс зардлыг хасаж тооцохоор зохицуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн чиг үүрэг нь шүүхийн шийдвэрийг биелүүлэн төлбөр төлөгч талыг хохиролгүй болгох байтал, эсрэгээрээ төлбөр авагчийг нэмэлт төлбөр төлүүлж, хохироож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.  Иймд  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017-04-03-ны өдрийн 4/2 дугаар санал болгох хурлаар албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагч “Сэра Интернэшнл ББСБ”-д санал болгохдоо барьцаа хөрөнгийн үнийн зөрүүд 7 244 839 төгрөгийг төлбөр төлөгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

    Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-08-24-ний өдрийн 550 дугаар шийдвэрээр М.Содбаяраас 111 535 161 төгрөг  гаргуулж “С” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч М.Содбаярын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 56/Е байрны 35 тоот 2 өрөө орон сууцыг 2016-12-08 -ны өдөр битүүмжлэн,  хугацаатай мэдэгдэл өгсөн боловч  шийдвэрийг биелүүлээгүй тул 2017-02-01-ний өдрийн 1/01-р тогтоолоор эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177.1-р  харилцан тохиролцсон үнэ болох 170 сая төгрөгийн 70 хувь буюу 119 000 000 төгрөгөөр  анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон. Санал ирээгүй, хөрөнгө  худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177.4-т зааснаар 2 дахь албадан дуудлага худалдаанд 85 сая төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож 2017-03-24-ний өдрийн худалдаагаар үнийн санал ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д зааснаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон. Албадан дуудлага худалдаа гэдэгт анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль аль нь хамаарна. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр төлөгчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцох тул  анхны албадан дуудлага худалдааны үнэ болох 119 000 000 төгрөгөөр төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01470 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг баримтлан  “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 04-ний өдрийн 1528 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01470 дугаар шийдвэр өөрчлөлт оруулж, “2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох ажиллагааны 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/2 тоот тэмдэглэлийн шийдвэрлэх хэсгийн төлбөр төлөгч тал гэсний дараах “7 244 839,” гэсэн хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй.” гэж, 2 дахь заалтыг “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сэра-Интернэшл ББСБ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 550 дугаар шийдвэрээр М.Содбаяраас 111.535.161 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгохоор болсон. Дээрх шийдвэрийн дагуу М.Содбаярын өмчлөлийн  2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-д зааснаар  үнийн санал авч 170 сая төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177.1, 177.4-р 170 сая төгрөгийн 70 хувь буюу 119сая төгрөгөөр  анхны албадан дуудлага худалдаанд, 50 хувь буюу 85сая төгрөгөөр  2 дахь дуудлага худалдааны доод үнийг тогтоосон. Үнийн санал ирээгүй тул  2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-р худалдан борлогдоогүй, талуудын 170сая төгрөгөөр үнэлсэн орон сууцыг төлбөр авагчид санал болгосон. Ингэхдээ  анхны албадан дуулага худалдааны үнэ  119 сая төгрөгөөр тооцон төлбөр авагчид шилжүүлж зөрүү 7.244.839 төгрөгийг  төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7 дахь заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолыг хэрэглэхгүйгээр хуулийг буруу тайлбарлаж 7.244.839 төгрөгийн зөрүү төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу тул  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       “С” ХХК 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн 2017-04-03-ны өдрийн 4/2 дугаар тэмдэглэлээс “... албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагч “С”-д санал болгохдоо барьцаа хөрөнгийн үнийн зөрүүд 7 244 839 төгрөгийг төлбөр төлөгчид төлүүлэх...”-р  шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага тавьжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх М.Содбаяраас 110 823 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 712 161 төгрөгийн хамт гаргуулж “С” ХХК-д олгох тухай 550 дугаартай шийдвэрийг 2016 онд гаргажээ.

        Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.  

          Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч анхны болон хоёр дахь дуудлага худалдааг зарласан боловч санал ирээгүй, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгожээ. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны үнээр төлбөр авагчид шилжүүлэх, төлбөр авагчаар анхны албадан дуудлага худалдааны үнэ болон төлбөрийн зөрүү 7 244 839 төгрөгийг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшууллын хамт төлүүлэхээр тэмдэглэлд тусгажээ.  /хх-33, 34 тал/.

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхны албадан дуудлага худалдааны үнэ болон төлбөр төлөгчийн төлөх төлбөрийн зөрүү 7 244 839 төгрөгийг төлбөр авагч төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөрт тооцон шилжүүлэхээр санал болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-г зөрчөөгүй бөгөөд уг саналыг төлбөр авагч заавал хүлээн авах үүрэг хүлээхгүй. 

        Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн   2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1528 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

         2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ