Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-27
Дугаар 001/ХТ2017/01296
Хэргийн индекс 181/2017/00456/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч С ХХК
Хариуцагч У ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00768 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1145 дугаар магадлалтай

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

“У” ХХК-д холбогдох

300 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч М.А-ийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагчийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “У” ХХК-иас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 0232751 тоот гэрчилгээ бүхий 288 мкв талбайтай орон сууцны зориулалт бүхий газрыг “Мандах-Инвест” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан 300 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, мөн 2015 оны 6 дугаар сард газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтийг Барилга, хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн газрын албанд хандсан боловч бидний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Учир нь тус газар нь Газрын тухай хуулийг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ, мөн тус газар нь Эрчим хүчний тухай хууль зөрчиж олгогдсон ямар ч барилга барих боломжгүй газар тул манай компанийн хохирол болох 300 000 000 төгрөгийг хариуцагч “У” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК нь “С” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсгэх, дуусгавар болгох тухай ямар нэг гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. “С” ХХК нь дурдагдаж буй асуудлаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх саналыг шүүхэд гаргаж байна. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 300 000 000 төгрөгийн орлогын ордерийн хувьд тус компани нь мэдэхгүй. “У” ХХК-ийн санхүүгийн тамга хэрхэн дарагдсан болохыг мэдэхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00768 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “У” ХХК-иас 300 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 658 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, хариуцагч “У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 657 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1145 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.А-өөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна.

1. Шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: “У” ХХК болон “Мандах-Инвест” ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 0232751 гэрчилгээний дугаартай, 178016/0225 тоот гэрээний дугаартай 288 метр квадрат, орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь “У” ХХК болон “У” ХХК-ийн хооронд байгуулагдсан атал энэхүү гэрээг үндэслэл болгож “С” ХХК нь “У” ХХК-иас 300 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх “...”С” ХХК нь гэрээний нэг тал биш, “Мандах-Инвест” ХХК-иас өөрийн нэрийн өмнөөс тус гэрээг байгуулах, тус гэрээтэй холбоотой аливаа шаардлага гаргах эрхийг “С” ХХК-д олгосон талаар баримт хэрэгт авагдаагүй тул эрх шилжүүлэх гэрээг үндэслэн “С” ХХК нь шаардлага гаргах эрхгүй...” гэж дүгнэсэн атлаа 300 000 000 төгрөгийн “Кассын орлогын ордер”-ийг үндэслэж хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж “У” ХХК-иас 300 000 000 төгрөг гаргуулж “С” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн агуулга, шаардлага, гэрээний талуудын талаар эрх зүйн талаас нь зөв тодорхойлсон боловч 300 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хариуцагчаас гаргуулж буй төлбөрийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадсангүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх ёстой, тухайлбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байхыг хуулиар зохицуулжээ. Зохигчдын хооронд үүрэг үүсээгүй гэж тодорхойлоход тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус буюу анхнаасаа ямар нэгэн үр дагавар үүсгэх үндэслэлгүй байх учиртай. Үйл баримтаас үзэхэд талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлоогүй, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэгч 300 000 000 төгрөгийг “У” ХХК-д хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй, энэ талаарх шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй байхад хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гол нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх явдал бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа монгол хэл дээр явагдах бөгөөд монгол хэл мэдэхгүй этгээд өөрийн хэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэл, мөн хэрэгт авагдсан гадаад хэл дээрх баримт бүр монгол хэл дээр орчуулагдсан байх ёстой. “С” ХХК нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани, мөн тус компанийн захирал Yuan Chunsheng нь гадаадын иргэн байна. А.Содхүүд олгосон итгэмжлэлийн гадаад хэл дээрх итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэлийн гадаад хэл дээр бичигдсэн хувь хэрэгт авагдаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2, 7.4, 44.2, 99.2-т нийцээгүй байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болох “Кассын орлогын ордер”- ыг үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэсэн. Үүнд:

Уг баримтын хуулбар хувь хавтаст хэрэгт авагдсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй,

Хүлээлгэн өгсөн хэсэгт “Синолийк” гэсэн бичвэр байхгүй, хэн хүлээн авсан нь тодорхойгүй,

БНХАУ-ын иргэн Гао Чифенг мөнгийг хүлээлгэн өгсөн гэх боловч баримтын орчуулга байхгүй тохиолдолд тухайн иргэн ямар баримтыг хүлээн авсан, эсхүл хүлээлгэн өгснөө мэдэх боломжгүй,

Гүйлгээний утга тодорхойгүй байна. Ийнхүү шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхдээ хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг нягталж үзсэнгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 20- ны өдөр гаргасан. “Кассын орлогын ордер” бичигдсэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 3 жил өнгөрсөн, хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардаж байсан болох нь тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т “шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй” гэж заасан байх тул нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлийг шүүх нягталж үзсэнгүй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “У” ХХК болон “Мандах-Инвест” ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ” болно. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, хязгаараас хальж, хариуцагчийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үндэслэл буюу “Үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 300 000 000 төгрөгийг гаргуулахаар шууд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д: “Шүүхийн өмнө эрх тэгш байх”, 6 дугаар зүйлийн 6.1-д: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих, 6.3-т: “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх”, 6.4-т “...Зохигч бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох” зэрэг зарчмууд алдагдсанаас хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн агуулгыг эрх зүйн үүднээс зөв дүгнэж чадаагүйн зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Энэхүү алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүй байна. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь  шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

“С” ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү “Улаанбаатар констракшн” ХХК-д холбогдуулан 300 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “У” ХХК, “У” ХХК-ийн хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ” байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр “У” ХХК “У” ХХК-ийн эзэмшилд өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 288 мкв орон сууцны зориулалт бүхий газрыг шилжүүлэх үүрэг хүлээжээ.

Гэтэл нэхэмжлэгч “С” ХХК нь тус газар эзэмших эрхийг 300 000 000 төгрөгөөр худалдаж авсан байтал гэрээний үүрэг биелэгдээгүй, өөрөөр хэлбэл газар эзэмших эрх “У” ХХК-ийн нэр дээр шилжээгүй үндэслэлээр “С” ХХК-иас газар эзэмших эрхийн үнэд шилжүүлсэн 300 000 000 сая төгрөгийг “У” ХХК-иас нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний оролцогч биш байтал гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардсан үндэслэл, түүний шаардлага гаргах эрх зүйн байдал болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд дүгнэлт хийлгүйгээр шүүх хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч “С” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд тус хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Yuan овогтой Chunsheng гэх гадаадын иргэн байна. /хх-5/

Гэтэл тэрээр Монгол хэл дээр итгэмжлэл үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн, тус итгэмжлэлд орчуулагч Б.Оюунбилэг гарын үсэг зурсан байх боловч итгэмжлэлийг орчуулсан агуулга бүхий тайлбар итгэмжлэлд тусгагдаагүй, нотариатын үйлдэл хийхэд орчуулагчийг оролцуулсан тохиолдолд үйлдэх Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тэмдэглэл авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг хууль ёсны гэж үзэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, нотлох баримт нь 44.2.-т заасан хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

Хэргийн 16 дугаар талд авагдсан Кассын орлогын ордер /хх-16 дугаар тал/ гэх баримтын бичвэр бүдэг, уншигдах боломжгүй, түүнд дарагдсан дардас харагдахгүй эргэлзээтэй байхад тус ордерийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.

Мөн тус баримт дээрх гадаад үсгээр бичигдсэн бичвэрийг орчуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.-т заасан “гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулсан байна” гэсэн шаардлагыг зөрчжээ.

Дээр дурдсан үндэслэлээр “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүй....” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэстэй байна гэж үзлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00768 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1145 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 658 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД