Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-02
Дугаар 001/ХТ2017/01322
Хэргийн индекс 013/2017/01322/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Д.Г
Хариуцагч “Б”БХН
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Д.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2017/00259 дүгээр шийдвэр,

     Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Д.Г

           Хариуцагч: “Б”БХН-ийн эзэн Ч.Ц    

           Нийт 6 972 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагчийн өмгөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 5.5 грамм жинтэй шижир алтан ээмэг 1 хос 2 300 000 төгрөгийн, монетан ээмэг 7 хос, нэг бүрийн үнэ нь 350 000 төгрөг, нийт 2 450 000 төгрөгийн, эмэгтэй хүний монетан бөгж 3 ширхэг, нэг бүрийн үнэ нь 200 000 төгрөг, нийт 600 000 төгрөгийн, эрэгтэй хүний монетан бөгж 1 ширхэг 350 000 төгрөгийн, монетан гинж 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 210 000 төгрөг, нийт 420 000 төгрөгийн, монетан зүүлт 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 250 000 төгрөг, нийт 500 000 төгрөгийн, их гарын мөнгөн аяга 8 ширхэг, нэг бүрийн үнэ нь 325 000 төгрөг, нийт 2 600 000 төгрөгийн, эрэгтэй хүний дээлийн мөнгөн товч 6 ширхэг тус тус 150 000 төгрөгийн үнэтэй эд зүйлийг тавьж, барьцаалан зээлдүүлэх газраас 2.200.000 төгрөг зээлсэн. Зээл авснаас хойш осолд орж эмчилгээ хийлгэж, хүү төлж чадаагүй. 2014-04-06-ны үед Цэрэндолгор гуай хүү гөл гэж надад хэлсэн. Би хүгээ төлнө, мөнгөө өгөөд эд зүйлээ авна гэж хэлж байсан.  Би Ч.Цоос эд хөрөнгөө барьцаалж мөнгө зээлэхэд миний эд хөрөнгийг 50 хувиас доогуур үнэлж зээл өгсөн. 3 500 000 төгрөг зээлье гэхэд 2 200 000 төгрөг л өгсөн. Аав, ээжээс минь өвлөж ирсэн эд хөрөнгийг их доогуур үнэлсэн. Би ганц Ч.Ц гуайд хандаагүй. Өмнө нь 2-3 ломбарданд эд зүйлээ барьцаалж байхад хугацаа хэтэрсэн ч зохих хүүг нь тооцож аваад эд зүйлийг минь буцааж өгдөг байсан. Би Ч.Цт итгэж эд хөрөнгөө барьцаалсан. Миний эд хөрөнгийг авахдаа битүүмжлээгүй, задгайгаар нь шкафандаа хийсэн. Тухайн үед өөрт нь "та миний эд хөрөнгийг яагаад битүүмжилж, надаар гарын үсэг зуруулахгүй байгаа юм бэ?" гэхэд “би таны эд хөрөнгийг устгахгүй, алга болгохгүй, найдвартай” гэж хэлээд авсан. Эдгээр зүйлүүдийг буцаан авах, хэрэв зарагдсан бол үнэ 9 370 000 төгрөгөөс зээлсэн мөнгө 2 200 000 төгрөг, нэг сарын хүү 198 000 төгрөг, нийт 2 398 000 төгрөгийг хасаад үлдэх 6 972 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээний хугацаа 2014.02.08-ны өдөр дууссан. Гэрээ сунгах талаар Ч.Цтой уулзаагүй. Ч.Ц ч надтай уулзаагүй. 2014.06.23-нд Ч.Ц надтай уулзахдаа “таны юмыг зарсан” гэж хэлсэн. Ч.Цын ажиллуулдаг ломбардаас зээл авахад надад өгсөн баримтыг үндэслэж нэхэмжилж байгаа. Эд хөрөнгийнхөө үнийг гаргуулмаар байна гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2014.01.09-ний өдөр манай ломбардаас ээмэг, бөгж, аяга, товч зэрэг эд зүйлсийг барьцаалан 2 200 000 төгрөг нэг сарын хугацаатай 9 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн, нэг ч удаа хүү төлж байгаагүй. Зээлийн гэрээний хугацаа 2014.02.09-ний өдөр дууссанаас хойших хугацаанд нэг ч удаа гэрээний хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй. 2014.03-05 сард мөнгөө нэхэж хэд хэдэн удаа гэрт нь болон ажил дээр нь очсон.  Утас руу залгахаар утсаа авдаггүй, хүүхдээрээ яриулж өөрийгөө байхгүй гэж хэлүүлдэг байсан. Нэг өдөр ажил дээр нь очоод осолд орсон байгааг мэдсэн. Тэгээд  2-3 сар харж хүлээсэн. 5 сарын эхээр утсаар ярихад "би эмнэлэгт байгаа, гараа хугалчихсан” гэж хэлэхээр нь би тэр нөхцөл байдлыг нь харж үзээд хүлээсэн. 6 сарын 20-ны үеэр Д.Г надад “группэд орох гэж байгаа, группийн зээл аваад зээлээ төлнө" гэсэн. Тэгж байтал 6 сар дуусч сургууль тарсан. Олон удаа ажил дээр нь очсон. Би Д.Гд “чиний эд зүйлийг одоо харж чадахгүй, зарж хохирлоо барагдуулна” гэдгийг хэлж байсан. Д.Г үүргээ  биелүүлээгүй, хүү, үндсэн мөнгийг төлөөгүй, ирж уулзаагүй тул 2015.08 сард эд зүйлийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангах болсонг мэдэгдсэн. Хариу ирээгүй ч 2015.10 сар хүртэл хүлээсэн. Би 2014.02.09-ний өдрөөс 2015.10 сар хүртэл хугацаа олгосон. Гэрээнд барьцаалсан эд зүйлийн тоо ширхэгийг бүрэн бичсэн байгаа. Би ломбардны дүрмээр Д.Гийн эд зүйлийг авахдаа бүгдийг нь жинлээд монетыг нэг граммыг нь 30 000 төгрөгөөр, алтыг нэг граммыг нь 45 000 төгрөгөөр үнэлж авсан. Одоо ч гэсэн энэ ханшаараа авч байгаа. Тухайн үед ломбардны журмын дагуу 50 хувиар үнэлж эд зүйлсийг авсан.  2015 оны эхээр яриад гэрт нь очиход амьдралын ямар ч боломжгүй байсан тул  эд зүйлсийг нь зарж хохирлоо барагдуулахгүй бол энэ хүнээс авах зүйл байхгүй юм байна гэж шийдсэн. 2015 оны 8-10 сард эд зүйлийг нь зарсан. Би Д.Гийн эд зүйлийг Улаанбаатар хотын Урт цагаан дээр очиж зарсан. Монетыг нэг граммыг нь 38 000 билүү 38 500 төгрөгөөр өгсөн. Алтыг нэг граммыг нь 66 000 төгрөгөөр өгсөн. Барьцаалсан эд зүйлс нь шигтгээтэй, шигтгээгүй янз бүрийн зүйлс байсан. Урт цагаан дээр очоод зарахаар нүдэнд бараг үзэгдэхгүй шахуу шигтгээг хүртэл бахиар түүж аваад жинлэдэг. Улаанбаатар хотод сүүлийн үеийн аягануудыг авдаггүй юм билээ. Д.Гийн аяга их гарын аяга биш. Барьцааны эд зүйлийг худалдан борлуулсан орлого нь Д.Гийн 2014.01 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд хүрээгүй. Үндсэн зээл 2 200 000 төгрөг, 2 сарын хүү 396 000 төгрөг, алданги 1 100 000 төгрөг, нийт 3 696 000 төгрөг болсон байсан. Гэтэл эд зүйлс нь дээрх үнэд хүрээгүй. Харин ч би 800 000 төгрөгөөр хохирсон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2017/00259 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 286 дугаар зүйлийн 286.1, 286.3-т заасныг баримтлан “Булганхайрхан баян хангал” хоршооноос  6 972 000 төгрөг гаргуулах тухай Д.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2017/00259 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. 

        Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1-д зааснаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хуулийг буруу хэрэглэсэн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчлөө. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам  ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байхад  мөн хуулийн 167.1.5-р  шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.  Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул  хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Б” БХН-ийн барьцаалан зээлдүүлэх газрын захирал Ч.Цт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 6.972.000 төгрөг шаардсан байх бөгөөд үндэслэлээ “... 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 5.5 гр. 1 хос алтан ээмэг, 7 хос монетан  ээмэг, эмэгтэй хүний монетан бөгж 3 ширхэг, эрэгтэй хүний монетан бөгж 1 ширхэг, монетан гинж 2 ширхэг, монетан зүүлт 2 ширхэг, их гарын мөнгөн аяга 8 ширхэг, эрэгтэй хүний дээлийн мөнгөн товч 6 ширхэг /нэг дээлийн/-г барьцаалж зээл авсан... барьцаалсан эд хөрөнгийг худалдсан байх тул эд хөрөнгийн үнэ 9.370.000 төгрөгөөс зээлсэн мөнгө 2 200 000 төгрөг, нэг сарын хүү 198 000 төгрөгийг хасаж үлдэх мөнгийг гаргуулна...” гэж /хх 1/ тайлбарлажээ. Ч.Ц нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй гэж маргажээ. /хх 18-19/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Д.Г нь иргэн Ч.Цт эсхүл “Б” БХН-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй /хх 1/ байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 65 дугаар зүйлийн 65.1.11-д нийцээгүй байна. 

        2. Хариуцагч тодорхойгүй байхад шүүх хуулийн этгээдэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж /хх 13/, нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг иргэнээс авсан нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-г зөрчжээ.

        3. Нэхэмжлэгч нь “Б” БХН-с зээл авсан /хх 8,42/ тухай баримтыг шүүхэд гарган өгч, хариуцагчийг “...“Б” БХН-н эзэн Ч.Ц...” гэж тодорхойлсон байхад шүүх нэхэмжлэлийн хувийг “Булганхайрхан баян хангал” ЗГБХ нөхөрлөлд гардуулан өгч, /хх 14/ шийдвэр гаргасан, Ч.Ц хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй нь нотлогдоогүй байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөн оролцуулсан үндэслэлээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна. 

        Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэсэлтэй болжээ.

        Давж заалдах шатны шүүх Д.Гэрлийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-г зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.     

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунбаярын гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 126.502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                           ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ