Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-27
Дугаар 001/ХТ2017/01297
Хэргийн индекс 183/2016/01530/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Б.М
Хариуцагч "Ц" ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01000 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1321 дүгээр магадлалтай

Б.М-ын нэхэмжлэлтэй

“Ц” ХХК-д холбогдох

Гэрээнээс татгалзсаны үр дагаварт 37 955 320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б-ын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь “Ц” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд байрлах өөрийн газарт, сонгосон зураг төсвийн дагуу гүйцэтгэгчийн материалаар нийт 31 320 000 төгрөгөөр амины орон сууцыг барьж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлсний 22 831 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 24-ний хооронд гүйцэтгэгчид төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 1.1.3, 3.3.3 дугаар зүйлийн дагуу уг амины орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч суурийн ажлыг дутуу, чанарын шаардлага хангахгүйгээр гүйцэтгэсэн. Мөн гэрээний дагуу ажлын гүйцэтгэл явагдахгүй олон сараар үргэлжилж хэзээ, хэн хариуцаж ажиллах нь тодорхой бус байсан учир 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцлах тухай гүйцэтгэгчид мэдэгдэж, урьдчилгаанд төлсөн төлбөр болон гэрээнд заасан алдангийг төлөхийг шаардсан бөгөөд хариуцагч тал энэхүү төлбөрийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлөхөөр албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй. Гэрээний 7.3, 1.1.3 дахь хэсэгт ажлыг хийж гүйцэтгэх хугацаа болон алдангийн талаар тохиролцсон тул гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг болох 31 320 000 төгрөгөөс хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 15 124 320 төгрөг, нийт 37 955 320 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч тал суурийн цутгалтын ажилд 3 596 000 төгрөг зарцуулсан, үүнийг төлөх ёстой 22 831 000 төгрөгөөс хасуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гүйцэтгэгч “Ц” ХХК суурийн цутгалтын ажлыг хийсэн гэх боловч зориулалтын бус материалаар /блокоор/ маш болхи хийсэн нь фото зургаас тодорхой харагдаж байна. Блокоор хэзээ ч суурийг хийдэггүй, блок хагарах юм бол сууринд хоосон орон зай үүснэ, блок нураад унавал суурь нь дагаад унах магадлалтай. Энэ талаар и-мэйлээр хэлж байсан. Суурийн ажилд 500 000 төгрөгийн шороо, 300 000 төгрөгийн хайрга орсон гэж байгаа боловч дээрх материалууд ороогүй. Суурийг шаардлага хангахгүй, өнгө үзэмжгүй хийснээс болж талуудын хооронд маргаан гарч гэрээгээ цуцлах болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь Б.Мтай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх 048 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгчийн материалаар 31 320 000 төгрөгөөр амины орон сууцыг барьж гүйцэтгэхээр тохирч нэхэмжлэгч тал манайд 22 831 000 төгрөгийг шилжүүлсэн. Бид гэрээний дагуу бэлтгэлээ ханган, ажлаа эхлүүлэх гэтэл маш их цас орж, газар хөлдүү байснаас ажлыг арай хожуу эхэлсэн ба захиалагч талын нэмэлт захиалга, гэрээнд өөрчлөлт орох, хугацаандаа төлбөр нь бүрэн шилжүүлээгүйн улмаас суурийн ажил заасан хугацаанд эхлээгүй боловч манайх гэрээний дагуу тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл захиалагч тал дахин хийсэн нэмэлт гэрээнээс татгалзах, хийж буй ажлаас өө хайх, хэл амаар доромжлох зэрэг зохисгүй харилцаа үүсгэн бидний хооронд үл ойлголцол бий болсон учир ажил хэвийн явагдах боломжгүй саатсанаас захиалагч тал өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн. Бид барилгын суурийн ажилд орсон материалын зардлыг тооцон 3 596 000 төгрөг үндсэн нэхэмжлэлээс хасуулах хүсэлтэй байна. Блокийг тэгшилгээний зориулалтаар хийсэн болохоос биш даацын байдлаар хийгээгүй, бетон цутгалт бүгд хийгдсэн ба даац сайтай гэдэг утгаар нь блок хийж өгсөн. Нэхэмжлэгч талаас 5 удаагийн бэлэн мөнгөний шилжүүлэг хийсэн байдаг ба 2015 оны 12 дугаар сарын 18-наас 2016 оны 03 дугаар сарын 24-ний хооронд 22 000 000 төгрөг, хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 831 000 төгрөг бартераар өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх алданги буюу 13 хоногийн 858 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Иймд бэлэн тушаасан 22 831 000 төгрөгөөс 3 596 000 төгрөгийг хасч, үүн дээр алданги 858 000 төгрөгийг нэмж 20 093 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01000 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Ц” ХХК-иас 22 831 000 төгрөг гаргуулж Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 124 320 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 171 төгрөгөөс 347 726 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, “Ц” ХХК-иас 233 571 төгрөг, улсын төсвийн данснаас илүү төлсөн 42 444 төгрөгийг тус тус гаргуулж, Б.Мд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1321 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01000 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн” гэснийг, 3 дахь заалтын “Монгол Улсын” гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 233 571 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын алдангийн хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 048 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө амины орон сууцыг барьж ашиглалтанд оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Талуудын хооронд үүссэн энэхүү тохиролцооны талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэж талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэж зөв дүгнэсэн хэдий ч хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааныг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь талууд Ажил гүйцэтгэх тухай гэрээг Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасныг удирдлага болгон байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 355 дугаар зүйл, Ажил гүйцэтгэх тухай 048 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээ цуцалж байгаа талаар тодруулсаар байтал нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Ажил гүйцэтгэх тухай 048 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгээр ямар ажлыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэх талаар тохиролцсон байна.Үүнд:

  1. Суурь цутгах, бохирын шугам гаргах ажлыг 2016.03.15-2016.3.25-ны өдөр

2. Өрлөг эхлэх хугацааг 2016.03.26-2016.4.15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Гэтэл хариуцагч гал гэрээнд заасан хугацааны дагуу 2016.03.26-наас өрлөг эхлэх ажлыг хийж гүйцэтгээгүй байх гул хариуцагчийг 2016.03.26-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн г эж үзэж байна. Дээрх нөхцөл байдал нь хариуцагч тал 2016.03.26-ны өдрөөс эхлэн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлийг бий болгож, нэхэмжлэгч тал хариуцлага буюу анз төлөхийг шаардах эрхийг нээж өгсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөр цуцлагдсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал гэрээ хүчин төгөлдөр байсан үеийн буюу 2016.03.26-2016.07.22-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний хариуцлагыг шаардах эрх үүссэн байна. Нэхэмжлэгчийн алданги нэхэмжлэх эрх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль буюу гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ...” гэж заасан байна. Мөн хуулийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ...” гэж зааснаар болон Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар үүссэн байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 03.26-2016.7.22-ны өдрийг хүртэл 118 хоногийн алдангийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг буюу талуудын гэрээгээр тохирсон 31 320 000 төгрөгнөөс тооцох эрхтэй байна. Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд 31 320 000 төгрөгний алданги хоногт 93 360 төгрөг байх тул 118 хоногийн 1 өдрийн алдангид 93 360 төгрөг буюу 11 087 280 гөгрөг /118Ч93 360=11 087 280/ гаргуулан авах эрхтэй гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч тал гэрээний дагуу хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж алданги төлөхийг хүлээн зөвшөөрч байсныг анхан болон давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэхгүй хэргийг шийдвэрлэсэн болно. Мөн нэхэмжлэгч Б.М нь Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийг банкнаас зээлж төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл урьдчилгаа төлбөрийн хүүг банкинд төлж хохирсоор байгаа болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан алдангийн төлбөрт 11 087 280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.М нь “Ц” ХХК-д холбогдуулан 37 955 322 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 22 831 000 төгрөгийг хангаж, үлдэх 15 596 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх  шийдвэрт өөрчлөлт оруулж, хуулийн нэрийг давхардуулан бичсэн, буруу бичсэн алдааг зөвтгөсөн байна.

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №048 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч “Ц” ХХК Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхэд амины орон сууц барьж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Б.М нь ажлын үнийн дүн болох 31 320 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу  төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Захиалагч Б.М ажлын хөлсөнд гэрээнд заасан хуваарийн дагуу 22 831 000 төгрөгийг төлсөн, гэрээний хугацаа дуусахад гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэж дуусгаагүй, гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй үндэслэлээр захиалагч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцлахаар мэдэгдэл хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний талаар зохигчид маргаагүй, гэрээ цуцлахыг хариуцагч зөвшөөрсөн боловч гүйцэтгэсэн ажлын хөлс 3 596 000 төгрөгийг алдангийн хамт төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцааны улмаас үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, захиалагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг давхардуулан бичсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зассан нь буруу биш байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

 Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр гэрээгээр тохирсон алданги шаардсан байх ба алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, хариуцагч үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзсан гэж үзсэн бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байна .

Мөн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болсон тул гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй тул дээр дурдсан үндэслэлээр алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

     Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1321 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 571 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД