Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-31
Дугаар 001/ХТ2017/01304
Хэргийн индекс 101/2015/00947/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч "А" ХХК
Хариуцагч "П" ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

     “А” ХХК-ийн

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00691 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1239 дүгээр магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“П” ХХК-дхолбогдох

Гүйцэтгэсэн ажлын төсөв нэмэгдсэн холбоотой 533 980 006 төгрөгийн хөлс гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П-ийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Бд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.М,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь “П” ХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай” 2012/6/56 дугаартай оффисын 1 575 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг 1 401 750 000 төгрөгөөр, операторын байрны 175 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг 130 000 000 төгрөгөөр, агуулахын 305.5 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг 224 400 000 төгрөгөөр, гадна фасадыг өнгөлгөөний тоосго болгож өөрчлөхөд нэмэлт 90 308 153 төгрөг, нийт 1 846 458 153 төгрөгийн ажил хийх гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үед барилгын зураг төсөв батлагдаагүй, Хятад улсад хийлгэсэн зураг төсвийг Монгол хэл рүү орчуулсан зураг дээр төсөв нь ерөнхий байдлаар хийгдсэн байсан ба манай талаас зураг төсвөө баталгаажуулах тухай санал хэлж байсан боловч ажлын явцад нэмэлт өөрчлөлт, тодотгол хийх байдлаар ажлаа хийлгэж дуусгамаар байна, гол нь хугацаа бага байна гэсэн үндэслэлээр манай талд  тайлбар өгч байсан учир энэ барилгын ажлыг гэрээ байгуулж хийж гүйцэтгэж эхэлсэн. Барилгын ажил гүйцэтгэлийн явцад захиалагч нь гэрээний 2.2-т заасан заалтыг зөрчин 2012 оны 9 дүгээр сараас санхүүжилтээ зогсоож, барилгыг батлагдаагүй зураг төслөөр барьж эхэлсэн, явцын дунд зургаас өөр барилга барьсан, зарим материалыг үнэтэй материал болгож өөрчилсөн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан гэрээнд заасан төсөв хэтэрч, зөрүү гарсан. Мөн үүнд нөлөөлсөн зүйл бол ажил гүйцэтгэлийн явцад захиалагч тал дур мэдэн төсөвт тусгагдсанаас илүү үнэ өртгөөр материалуудыг өөрсдөө худалдан авсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг дуусгасан. Барилгын ажлын гүйцэтгэлийн явцад оффисын 1 575 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг 1 634 33,885 төгрөг, операторын байрны 175 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг 350 450 157 төгрөг, агуулахын 305.5 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг 395 654 117 төгрөг, нийт барилгын зардал 2 380 438 159 төгрөг болсон. Мэргэжлийн байгууллагаар ажил гүйцэтгэлийн төсвийг шалгуулахад анх гэрээнд тусгасан дүнгээс 533 980 006 төгрөгийн зөрүү гарсан. Бид барилгын ажлын төсөв нэмэгдэж байгаа талаар хариуцагч талд удаа дараагийн албан бичгээр мэдэгдэж, энэ талаар Н.Насанжаргал захиралд хэлж байсан ч үндсэн төлбөрөөс илүү мөнгө шийдэж өгөөгүй. Хариуцагч тал гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлсөн боловч Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан үүргээ захиалагч тал биелүүлээгүйгээс батлагдаагүй барилгын зураг төслөөр ажил гүйцэтгэх гэрээ хийсний улмаас анхны төсөв, ажлын гүйцэтгэлийн төсөв зөрүү гарч гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг дуусгасан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч буюу хариуцагч талаас гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл үнэ болох 533 980 006 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг талууд өөрсдөө тохиролцож, 1 846 458 153 төгрөг байхаар тогтож, оффисын 1 575 мкв талбайтай, операторын 175 мкв талбайтай, агуулахын 305.5 мкв талбайтай барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Барилгын ажлын 1 мкв-ыг ойролцоогоор 890 000 төгрөгөөр барьж өгье гэдэг саналыг нэхэмжлэгч тавьсны дагуу тус компанийн н.Ариунжаргал гэдэг төсөвчнөөр гаргуулсан дээрх үнээр тохиролцсон. Манайх гэрээгээр тохирсон ажлын хөлсийг бүхэлд нь төлж барагдуулсан. Барилгын ажлын явцад оффисын барилгын хийц өөрчлөгдөж, 3 давхар байсныг суурьтай 2 давхар барилга болгон өөрчилсөн боловч анх тохиролцсон хэмжээнээс өөрчлөгдөөгүй, м.кв-ын хэмжээ нэмэгдээгүй байхад илүү зардал гарсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй бол захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалт Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт байгаа. Гэвч нэхэмжлэгч тал 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр л нэг удаа операторын байрны барилгын ажлын явцад дахин нэг давхрын зардалтай ажил нэмэгдэж байгааг харилцан тохиролцох шаардлагатай байна гэх агуулгатай 84 тоот албан бичгийг манайд ирүүлснээс өөрөөр төсвийн хэмжээ нэмэгдэх талаар мэдэгдэж байгаагүй. Нэхэмжлэгчээс манайд ирүүлсэн гэх албан бичгүүдийг сүүлд хэрэгт гаргаж өгсөн боловч эдгээрийг манайх хүлээж аваагүй, хүлээлгэж өгсөн гэдгээ ч нэхэмжлэгч нотолж чадахгүй. Энэ хэрэгт зориулж л бүрдүүлсэн баримт гэж үзэж байна. Иймд бодитой тохирсноос өөр илүү үнийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэв тухайн цаг хугацаандаа нэхэмжлэгч тал гэрээний үнэ нэмэгдэхээр байгаа талаар манайд мэдэгдсэн бол манай компани тэр хэмжээнд нь гэрээг дуусгавар болгох, эсхүл нэмэгдэж байгаа төсвийн хэмжээг судалж, гэрээнд өөрчлөлт оруулах замаар ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх зэрэг сонголтын аль нэгийг хийх байсан. Гэвч манайд сонголт хийх боломж олголгүйгээр их зардалтай ажил хийсэн гэж баримт бүрдүүлээд мөнгө авна гэж байгааг хариуцагчийн хувьд зөвшөөрөхгүй. Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагаас чухам юуны учир ажил гүйцэтгэлийн төсөв нэмэгдэх болсон нь тодорхой харагдахгүй, бүхэл дүнгээр л нийт ажлын төсвийн хэмжээ ихэссэн гэж тайлбарлаж, өөрийн гаргасан зардлаа төсөвчин гэх хүнээр нэг дүн гаргуулж,тэр хэмжээгээр хэмжээд түүндээ үндэслэн хариуцагчаас мөнгө шаардаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Барилгын зураг нь Монгол Улсын барилгын норм, нормативд нийцсэн, орчуулагдсан зураг болох нь тогтоогдсон бөгөөд энэ зургийн дагуу баригдсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авсан тул үүнээс үүдэн төсөв нэмэгдсэн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэлийн төсвийн хэмжээ нэмэгдэх талаар захиалагч буюу хариуцагчид огт мэдэгдээгүй, гарсан гэх зардлын хэмжээгээ бодит баримтад үндэслэн тогтоогоогүй, нэмэгдсэн гэх зардлаа баримтаар нотлоогүй, ажлын хэмжээ гэрээгээр тохиролцсон хэмжээнээс нэмэгдээгүй зэрэг нөхцөлд байдалд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00691 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг баримтлан “П” ХХК-иас ажил гүйцэтгэлийн төсөв нэмэгдсэнээс дутуу төлөгдсөн 533 980 006 төгрөг гаргуулахыг хүссэн “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 886 350 төгрөгөөс 2 827 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 58 500 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас 23 820 000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээ, төслийн компаниудын консерциумд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1239 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00691 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2 886 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1239 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг шийдвэрийн хянасан хэсэгт “Нэхэмжлэгч Арвис Интернэшнл” ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 84 тоот албан бичгээр операторын байрны зураг өөрчлөгдөж нэг давхрын ажлын зардал нэмэгдэж байгааг захиалагчид мэдэгдсэн боловч зардал нэмэгдэх болсон үндэслэл шаардлага, ажлын үнэ хэрхэн нэмэгдэж байгаа тухай тооцооллыг хамтад хүргүүлсэн баримтгүй байна.” гэжээ. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “...ажил гүйцэтгэгч нь энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх ...” ёстой гэж зохицуулсны дагуу мэдэгдсэн. Гэтэл энэ мэдэгдлийг хангалтгүй мэдэгдсэн мэтээр хэт нэг талыг барьж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн барилгын нийт хэмжээ өөрчлөгдөөгүй боловч захиалагчаас өгсөн барилгын зургийн дагуу баригдаагүй, уг барилгын зураг монгол улсын стандартын дагуу зурагдаагүй учраас ажлын зураг болоод төсвийг нарийвчлан гаргах боломжгүй байсан гэдгийг энэ хэрэгт шинжээчээр томилогдсон шинжээчийн бүх дүгнэлтүүдэд дурдсан байдаг. Үүнийг би ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байсан нөхцөл байдлууд гэж үзэж байна. Мөн бид ажлын зардал нэмэгдэж байгааг мэдэгдэж тохиролцох шаардлагатай байна гэдгийг бичгээр удаа дараа мэдэгдсэн. Манай албан бичгийн хариуг амаар өгдөг бөгөөд өөрийнхөө зардлаар ажлаа яаралтай дуусга дараа нь мөнгийг шийдэж өгнө гэсэн байдлаар хариулдаг захиалагч нь Монголын томоохон компаниудын нэг учир шийдэж өгнө гэсэн итгэлтэйгээр ажлаа өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Гэтэл энэ асуудал шүүх дээр ирэхээр огт тийм юм байгаагүй мэтээр тайлбар тавьж байгаа нь харамсалтай байна. Энэ барилга угсралтын ажлын гэрээний дагуу бид ажлаа гүйцэтгэсэн ингэж гүйцэтгэхдээ 376 423 847 төгрөгийн илүү зардлаар гүйцэтгэснийг Хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлт үүнийг нотолсон гэж үзнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлийн “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг ... үнэлнэ.” “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасныг зөрчиж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож Хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлтээр гарсан 376 423 847 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “П” ХХК-дхолбогдуулан ажлын гүйцэтгэлийн төсөв нэмэгдсэнээс дутуу төлөгдсөн ажлын хөлс 533 980 006 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээгээр тохирсон хөлсийг төлсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн үйл баримт, бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2012/6/56 дугаартай гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч “А” ХХК  “П трейдинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй TDNT төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Оффиссын 1 575 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг 1 401 750 000 төгрөгөөр, Операторын байрны 175 мкв талбай бүхий байрны барилга угсралтын ажлыг 130 000 000 төгрөгөөр, Агуулахын 305.5 мкв талбай бүхий байрыг 224 400 000 төгрөгөөр нийт 1 756 150 000 төгрөгөөр, гадна фасадыг өнгөлгөөний тоосго болгож өөрчлөхөд 90 308 153 төгрөгөөр, нийт 1 846 458 153 төгрөгөөр Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусах, захиалагч “П” ХХК нь гэрээнд заасан нөхцөл журмын дагуу санхүүжилт хийхээр тус тус тохиролцжээ.

 Гэрээний нийт үнийн дүнд “П” ХХК-иас нийлүүлэх 232 500 000 төгрөгийн арматурын үнэ, НӨАТ-ын хамт багтсан байна.

Гэрээний дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэгдэж дууссан бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс ажлыг 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 43/02/2013 тоот актаар хүлээн авсан талаар зохигчид маргаагүй байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх зохицуулалтад нийцсэн байна.

Гэрээний талаар зохигчид маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгчээс : “...тус барилгын ажлыг гүйцэтгэх явцад барилгын зургаас өөр барилга угсралтын ажил хийгдсэн, барилгын материалын өөрчлөлтийн улмаас ажлын төсөв нэмэгдэж, ажлын гүйцэтгэлийн төсөв нь анхны төсвөөс 553 980 006 төгрөгийн зөрүүтэй гарч, гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг гүйцэтгэж дуусгасан...” үндэслэлээр ажлын хөлснөөс дутуу төлөгдсөн дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагчид нэн даруй мэдэгдээгүй, гүйцэтгэгчээс гарсан гэх зардлын хэмжээ бодитой тогтоогдоогүй, баримтаар нотлогдоогүй, гэрээгээр тохирсон ажлын хэмжээнд өөрчлөлт ороогүй...” гэх үндэслэлээр маргасан байна.

Хоёр шатны шүүх “гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2.-т заасан ажлын төсөв нэмэгдэх талаар захиалагчид урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдэгдсэн болохоо нотлоогүй, гүйцэтгэсэн ажлын хэмжээ гэрээгээр тохирч, төсөвт тусгагдсан ажлын хэмжээтэй тохирсон, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа  нотлоогүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар :

Гүйцэтгэгч “А” ХХК нь гэрээнд зааснаар оффис, оператор, агуулах гэсэн гурван обьектын барилга угсралтын ажлыг батлагдсан зураг, төслийн дагуу, гэрээгээр тохирсон төсөвт багтаан гүйцэтгэх үүрэг хүлээсэн, гэрээний дагуу дээрх гурван обьектыг барьж хүлээлгэж өгсөн боловч оффисын барилгын ажлын зурагт өөрчлөлт орж, 3 давхар барилга барихаас зоорийн давхартай хоёр давхар барилга баригдсан талаар зохигчид маргаагүй, бусад обьект барилгын ажлын зургийн дагуу баригдсан байна.

Оффисын барилгыг зоорийн давхартай барихаар төсөвт тусгаагүй бөгөөд барилга угсралтын явцад барилгын зургийг өөрчилсөн нөхцлийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2.-т заасан “гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байсан нөхцөл байдал” гэж үзэх бөгөөд гүйцэтгэгч ажлын явцад ажлын гүйцэтгэлийг хүргүүлснийг захиалагч хүлээн авсан,  тэрээр хуулийн 345.3.-т зааснаар гэрээг дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн нь төсөв өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй болох нь хэргийн 2 дугаар хавтасны 166 дугаар талд авагдсан хариуцагч “П” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2/214 тоот “А” ХХК-д хүргүүлсэн шаардлагаар нотлогдож байна.

Тус шаардлагад : “...танай компанийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №88 тоот албан бичгийн гүйцэтгэл бодитой биш байгаа тул барилга тус бүрээр гүйцэтгэлийн тайланг бодит хэмжээгээр гаргаж, гүйцэтгэлийн акт үйлдэж, захиалагчийн төлөөлөгч нараар баталгаажуулах, ...оффисын барилгын иж бүрэн зургийн өөрчлөлийг хийж батлуулах, дулаан техникийн тооцоо хийлгэн, зоорийн давхрын дулаалгын хийж, шийдлийг тодорхой болгох...” гэжээ.

Оффисын барилгыг анхны төсөвт тусгагдсанаар 1 401 750 000 төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвлөгдсөн байсан боловч зурагт өөрчлөлт орж, зоорийн давхар барих болсноор газар шорооны ажил, зоорийн давхарт хэрэглэгдэх бетоны хэмжээ, гүйцэтгэх ажил зэрэгт өөрчлөлт орж, үүнтэй холбоотойгоор төсөв нэмэгдэж 1 530 616 100 төгрөгийн гүйцэтгэлтэй баригдсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд тухайн барилгын анхны зурагт  өөрчлөлт орсноор төсвийн хэмжээ /1 530 616 100 - 1 401 750 000/ 128 866 100 төгрөгөөр нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасантай холбогдуулан шинжээчийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг зохих хэмжээгээр талуудад хуваарилан хариуцуулах нь зүйтэй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1239 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00691 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч “П” ХХК-иас 128 866 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 405 113 906 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...57.1.,”  гэсний дараа “56 дугаар зүйлийн 56.2.,” гэж нэмж, “...олгосугай.” гэснийг “...олгож, хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 802 280.5 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, 3 дахь заалтын “56.1.” гэснийг дараа “56.2.” гэж нэмж, “...23 820 000 төгрөгийг...” гэснийг “18 079 380 төгрөгийг, хариуцагч “П” ХХК-иас 5 740 620 төгрөгийг тус тус...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 827 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД