Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-10
Дугаар 001/ХТ2017/01377
Хэргийн индекс 101/2017/01377/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Г.Б
Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургууль
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 144 дүгээр шийдвэр,

           Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалтай,

           Г.Бгийн нэхэмжлэлтэй,

           Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуульд холбогдох        

           Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Нэхэмжлэгчийн  төлөөлөгч Д.А гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би 2010-08-25-ны өдрөөс сургуулийн жижүүрээр ажиллаж байгаад Хөхморьт сумын сургуулийн захирлын 2017-01-16-ны өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Би ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хариуцагчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, дотоод журам үндэслэж халсан гэх боловч манайд дотоод журам байдаггүй. Түүнчлэн, намайг ажлын байраа орхиж архидан согтуурсан гэж худал зүйл бичсэн. Би сургуулийн жижүүр байхад намайг үйлчлэгч гэж тушаалд бичсэн. Иймд Хөхморьт сумын дунд сургуулийн захирлын 2017 оны Б/05 тоот тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: Сургуулийн захирлын ажлыг 2017-01-02-ны өдөр Сумын Засаг даргын тамгын газраас комисс гарган шинэ захиралд хүлээлгэн өгсөн. Ажлаа хүлээн авч, үдээс хойш 15 цаг 30 минутын үед сургуулийн орчинтой танилцах үед үйлчлэгч Г.Б 2017-01-02-ны өдрийн өглөөний 09.00-17.00 цаг хүртэл жижүүрийн ээлжийн ажилтай байсан ч ажлын байрандаа байгаагүй. Үйлчлэгч Ц.Магнайбаяраар 3 удаа дуудуулсан боловч ирээгүй. Дахин 16.30 цагийн үед очиход л ирээгүй байсан. Захирал намайг явсны дараа үйлчлэгч Г.Б 16.50  цагийн орчимд ажилдаа согтуу ирж коридорт байсан жижүүрийн сандал ширээг авч шидэн орилж, хашгирч нярав Ш.Бүрэнтогтох, Ц.Магнайбаяр, тогооч Ц.Цэрэндулам, эмч Х.Сарангэрэл нарыг  доромжилж байхад нь нөхөр Б.Батбаатар нь ирж авч явсан. 17.00 орчим жижүүр хүлээлцэх үйл ажиллагааг хянахаар очиход үйлчлэгч Г.Б нь ажлаа хүлээлцээгүй байсан.Эдгээрийг  хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн. Г.Б нь 2010-2016 он хүртэл ажиллах хугацаандаа удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж ажил сэлгэн ажиллуулах болон сахилгын арга хэмжээнүүдийг авч байсан байна. Г.Бгийн хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэлүүд болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг оруулсан байгаа. Мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний нэмэлт заалтуудыг зөрчсөн байдаг. Сургуулийн дотоод журам батлагдаагүй гэж байгаа боловч 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөгдөх "Дотоод журам"-ыг өмнө гүйцэтгэж байсан захирал Ц.Гэрэлцэцэг батлан мөрдүүлж байсан учир түүнийг хүчинтэй гэж үзэж, мөрдөн ажиллаж байна. Г.Б жижүүрийн албан тушаалтай гэж байгаа боловч манай сургуульд жижүүрийн орон тоо байдаггүй. Ц.Гэрэлцэцэг захирлын гаргасан 2016-01-15-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг мөрдөн ажиллаж байна гэжээ.

        Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  Г.Бг  Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, олговорт 1.610.912 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан   олговроос зохих журмын дагуу  шимтгэл, хураамжийг тооцон, Г.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, нэхэмжлэгч  тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 110.926 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

        Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “... шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй...ИХШХШТХ-ийн  118-р зүйлийн шаардлагыг хангаагүй мэтээр бичсэн ч магадлалын тогтоох хэсэгт ИХШХШТХ-ийн 167.1.5-г удирдлага болгосон нь хоёр өөр агуулгыг илэрхийлж дүгнэлт, шийдвэр хоёр хоорондоо зөрүүтэй байна.  Шийдвэр хууль хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн ч  үндэслэлээ тайлбарлаагүй. Шийдвэрийн талаар бус, харин хурлын  тэмдэглэл алдаатай гэсэн атлаа ИХШХШТХ-ийн 118-р зүйлийг иш татсан байгаагаас энэ нь тодорхой харагдана. Түүнчлэн ИХШХШТХ-ийн 51-р зүйлд тэмдэглэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тэмдэглэхээр заасан уг ажиллагаанууд бүрэн бэхэжсэн, харин шийдвэрийг заавал тусгах талаар хуульчилж журамлаагүй. Иймд өөр хэргийн шийдвэр тэмдэглэлд тусгагдсан техникийн алдаа бөгөөд хууль зөрчсөн ажиллагаа биш юм. Гэтэл  “...тэмдэглэлээ хууль тогтоомжид нийцүүлэн гаргах нь зүйтэй гэж үзэж анхан шатнаас хэргийг хэлэлцүүлэх үндэслэлтэй..”  гэж  дүгнэсэн нь  хурлын тэмдэглэлийг өөрчлүүлэхээр л хэргийг буцааж байгаа мэтээр ойлгогдож байна. Өнөө үед бүх шүүх хурлын бүх үйл явц бичлэгээр бэхжүүлж байгаа. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдааны  явцыг үзэх бүрэн боломжтой байсан. Хурлын тэмдэглэл нь шийдвэрийг орлох, шийдвэртэй тэнцэх хэмжээний нотлох баримт болон шийдвэр биш. Харин хурлын үйл явцыг бэхжүүлэх зорилготой баримт бичиг бөгөөд тэмдэглэлд өөр хэргийн шийдвэр үсэг бичигдсэн нь техникийн алдаа гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч  энэ талаар  гомдол гаргаагүй, маргаагүй болно. Түүнчлэн, магадлалын удиртгал хэсэгт 2016 оны шийдвэртэй хэрэг шийдвэрлэсэн мэтээр бичсэн бөгөөд үндэслэх болон тогтоох хэсэгтээ хариуцагчийн давж заалдсан гомдол болон улсын тэмдэгтийн хураамжийг нь хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй зэргээс харахад давж заалдах шатны шүүх  хэргийг  буцаах л зорилготой  болох нь харагдаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Г.Б 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,  Говь-алтай аймгийн Хөхморьт сумын сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахыг шаардсан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

       Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Шүүх хуралдааны тэмдэглэлээс бичгээр гарсан шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэг өөр байдлаар бичигдсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон байна.             

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51, 96, 119 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл анхан шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэх бөгөөд  тэмдэглэлд шүүхийн шийдвэрийн агуулгыг бичнэ. Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулна. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.     

        Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон бичгээр гарсан шийдвэр хоёр хоорондоо ялгаатай байгаагаас хүчинтэй болсон шийдвэрийн агуулга тодорхойгүй болжээ.

         Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ