Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-31
Дугаар 001/ХТ2017/01306
Хэргийн индекс 183/2017/00452/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Н.С
Хариуцагч Р.О, О.А
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

 Н.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00889 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1339 дүгээр магадлалтай

Н.С-ийн нэхэмжлэлтэй

Р.О, О.А нарт холбогдох

Гэм хорын хохиролд 3 031 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярсайханы гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан 26 дугаар байр, 5 тоотод оршин суудаг бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үүрийн 4 цагт дээд талын 7 тоотоос их хэмжээний ус алдсаны улмаас 3 031 350 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь Р.О-ийн өөрийн гараар бичиж өгсөн тодорхойлолт, СӨХ-ны тодорхойлолт болон Р.О-ийн хариу тайлбар зэргээр нотлогдож байгаа. Ийм учраас дээрх хохирлыг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: манай ээж ганц бие хөгшин Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан 26 дугаар байр, 5 тоотод амьдардаг. Хятад улсад үйлдвэрлэгдсэн чанар муутай сантехникийн материалаас болж 00-ын суултуурнаас даралттай ус алдсан. Бид доод айл руу засаж өгөхөөр удаа дараа орж уулзаж байсан ч Н.С мөнгөө л авна гэдэг. Тухайлбал өмнө нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай дээд давхрын айлаас ч халуун паар нь зад үсэрч ус орж ирсэн ч тухайн айл одоо болтол хохирлыг маань барагдуулаагүй. Ус албаар алдаагүй нь ойлгомжтой байхад Н.С тэтгэврийн насны хүнээс 3 031 350 төгрөг нэхэмжлээд байна. Энэ нэхэмжилж байгаа үнийг зөвшөөрөхгүй. Хэдэн төгрөгийн хохирол учирч болох талаар “Төгс нэмэх” гэдэг компанийн гаргасан үнэлгээ болох 370 650 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл ус алдаж хохирол учруулсан нь үнэн ч нэхэмжлэгч талын нэхэмжилж буй үнийн дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй. Он, сар ч байхгүй ажил үйлчилгээний үнийн санал гэсэн баримтыг үндэслэж 3 031 350 төгрөг нэхэмжилж байна. Энэ баримтад жишээ нь 120 мкв-т тэр чигт нь ус алдаагүй байхад засварын үнийг энэ хэмжээгээр тооцож байгаа нь нэмэгдүүлж нэхэмжилсэн гэж үзэж байна. Бид зах зээлийн бодит хохирлын хэмжээг өгье гэсэн. Гэтэл гэрийнхээ бусад хэсгүүдээ ус алдсан хэсгүүдтэй хамт засуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал таньдаг хүнийхээ компаниар үнийн санал бүхий тамга даруулаад аваад ирснийг үгүйсгэхгүй. Бид зах зээлийн бодит үнээс илт өндөр 3 031 350 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид зөрчигдөхөөс өмнөх байдалд нь сэргээгээд өгье гэхэд 3 031 350 төгрөг л авна, засуулахгүй гэдэг. Тэгэхээр манай тал Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар бодит хохирлын хэмжээг л төлөхийг зөвшөөрч байгаа. Ямар ашиг сонирхолтой болоод 3 031 350 төгрөгийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00889 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Р.О, О.А нараас 1 515 675 /нэг сая таван зуун арван таван мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 515 675 /нэг сая таван зуун арван таван мянга зургаан зуун далан таван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Р.О, О.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 31 726 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Н.Сд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1339 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00889 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Р.О, О.А нараас 3 031 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Сд олгосугай” гэж, 2 дахь заалтын “… 31 726 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж” гэснийг “63 452 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Сд олгож,” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярсайханаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна. Шийдвэр, магадлал нь хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу, буруу үнэлж хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь нотлох баримтын шаардлага хангаагүй, огноо тодорхойгүй, ямар ажил үйлчилгээ эрхэлдэг нь мэдэгдэхгүй “Байгалийн ариун хайр” ХХК-ийн ажлын үнийн санал гэх баримтыг үндэслэн мөнгө нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үед буюу 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр уг компаниар ажил гүйцэтгүүлсэн гэх гэрээ, кассын орлогын баримт зэргийг гарган өгсөн. Энэ баримтууд нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хийгдсэн байхад анхан шатны шүүх эдгээр баримтыг эргэлзээгүй, үнэн, зөв гэж үнэлэхэд учир дутагдалтай гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтад тулгуурлаагүй буруу болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд анх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гаргахдаа зөвхөн “Байгалийн ариун хайр” ХХК-ийн ажлын үнийн санал гэх баримтыг үндэслэн гаргаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж баримт өгөөгүй байж байгаад анхан шатны шүүх хуралдаан дээр 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Байгалийн ариун хайр” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан орон сууцанд учирсан хохирлоо засварлуулсан гэх баримтыг гаргаж шүүхэд өгснийг анхан шатны шүүх үнэлсэн нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

2. Хариуцагч тал ус алдсаны улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн гэмтэл учирсан талаар маргахгүй байгаа боловч энэ байдлыг далимдуулж нэхэмжлэгчээс гарган өгсөн баримт нь учирсан байж болох хохирлоос хэт их байна гэдгээ тайлбарлан маргасан. Юу гэвэл нэхэмжлэгчийн орон сууцны том өрөөний таазны багахан хэсэгт ус алдсан байхад нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцны нийт талбайн хэмжээ болох 120 мкв-аар тооцож засварлуулсан гэх баримт сүүлд гарган өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байх бөгөөд ингэж үнэлэх боломжгүй гэсэн дүгнэсэн баримтдаа үндэслэн нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд үнийн санал өгсөн гэх “Байгалийн ариун хайр” ХХК-иар засварын ажил гүйцэтгүүлсэн бол засах сайжруулсан байдлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх боломжит хугацаандаа өгөөгүй байхад шүүх үнэлсэн байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж, нотлох баримтыг буруу дутуу буруу үнэлж хуулийг зөрчиж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.С нь Р.О, О.А нарт холбогдуулан гэм хорын хохиролд 3 031 350 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 515 675 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...хохирогчид учирсан хохирол үндэслэл бүхий нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй тул хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 08 дугаар сарын 29-нд хариуцагч Р.О-ийн 00-ийн өрөөний почкиноос ус алдаж, Н.С-д эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан талаар маргаагүй боловч хариуцагчийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эд хөрөнгөд ямар хэмжээний хохирол учирсан нь нотлогдоогүй байхад үндэслэлгүйгээр, их хэмжээний хохирол нэхэмжилсэн гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар хариуцагч нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул гэм хорыг арилгах үүрэгтэй боловч 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар “...гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж зохицуулжээ.

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид ямар хэмжээний хохирол бодитоор учирсан тухай баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон засвар хийсэн гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэстэй байна.

Ус алдсанаас нэхэмжлэгчийн орон сууцны тааз норж засвар хийсэнд хариуцагч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны таазанд хийсэн засварын үнийн дүнгийн хэмжээгээр хохирлыг тооцож, хариуцагчаар хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд “Байгалийн ариун хайр” ХХК-ийн засварын ажлаас таазны шохойг буулгаж засварлах, таазанд замаск татах, таазыг эмульсэн будгаар будах, таазны гэрлийг солиход гарсан зардлын үнэ нийт 745 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж  шийдвэрлэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1339 дүгээр магадлалын 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00889 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...1 515 675 /нэг сая таван зуун арван таван мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 515 675 /нэг сая таван зуун арван таван мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг...” гэснийг “...745 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 286 350 төгрөгийг ...” гэж, 2 дахь заалтын “...31 726 төгрөг...” гэснийг “... 22 430...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД