Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-24
Дугаар 001/ХТ2017/01249
Хэргийн индекс 101/2017/01249/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч “М” ХХК
Хариуцагч П.О
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

“М” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

     Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01023 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1343 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “М” ХХК

         Хариуцагч: П.О,        

    Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 125.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах 

        Сөрөг нэхэмжлэл :Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай  иргэний хэргийг 

    Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: П.О нь 2014-07-18-ны өдөр “М” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 50 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж,  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн гудамж, 73/9 дүгээр байрны 52 тоот  2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэрээний хугацаа 2014-09-18-ны өдөр дууссан ч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй байна. Манай зүгээс удаа дараа  шаарддаг, П.О  төлнө гэдэг боловч  төлөлт хийгдээгүй. 2017-03-29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 50 сая төгрөг, хүү 75 сая төгрөг, нийт 125 сая төгрөг хуримтлагдаад байна. П.Октябрийн  хэлцлийнхээ үр дагаврыг ойлгож байсан. Авсан зээлээ хэнд, юунд зарцуулахнь өөрийнх нь эрх. Зээл авах зорилго нь А.Амгалангаас зохих урамшуулал авах байсан нь тогтоогддог. Иймд хариуцагчаас 125 сая төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014-07-18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй. А.Амгалан нь орон сууцаа зээлийн барьцаанд тавьж өгвөл тодорхой хэмжээний урамшуулал өгөх талаар санал тавьсны дагуу орон сууцаа барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Улмаар А.Амгалан нь …та өөрийн биеэр очиж барьцааны гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай байна… гэж хэлсний дагуу П.О гэрээнд гарын үсэг зурсан. “М” ХХК нь П.Октябрийг гэрээнд гарын үсэг зурахаас өмнө мөнгийг А.Амгаланд өгсөн байсан. Бэлэн мөнгөний баримтад сүүлд нөхөж  зуруулсан. “М” ХХК нь өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан гэдэг нь худлаа. Мөнгийг А.Амгаланд өгсөн тул 2 жил гаруй хугацаанд А.Амгалангаас шаардаж байсан. “М” ХХК-ийн захирал О.Гэрэл болон тэдний ажилчид бүгд хариуцагчийг тухайн зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй болохыг мэдэж байгаа. П.Октябрийн хувьд зээлийн барьцаанд хөрөнгөө бариулахыг зөвшөөрсөн болохоос зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байгаагүй. Зээлийн гэрээнд заасан 50сая төгрөгийг шилжүүлж аваагүй. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Анхнаасаа барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан учир зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь ноцтой төөрөгдөл гэж үзэж байна. Хүссэн барьцааны хэлцлээсээ өөр зээлийн хэлцлийг хийсэн. Иймд “Мөнгөнзоос кредит” ББСБ-тай 2014-07- 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Барьцааны гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаангүй гэжээ.

     Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт: П.Октябрийн тайлбар, хэргийн үйл баримтаар тэрээр хийсэн хэлцлийнхээ үр дагаврыг ойлгож байсан нь тогтоогдож байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

    Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Амгалангийн төлөөлөгч  шүүхэд гаргасан тайлбартаа: А.Амгалан нь “Эй Ди Трейд” ХХК-ийн захирал бөгөөд компани барилгын ажлын зөвшөөрөлтэй. Зээлийг 2014-07-21-ний өдөр А.Амгалан өөрөө авсан, зээлийн судалгаа түүний нэрээр хийгдсэн, зориулалтаас харагдана. Зээлийн гэрээнд П.О гарын үсэг зурах шалтгаан нь талууд цаг хугацааг хэмнэх зорилготой байснаас үүдэлтэй. Зээлийг А.Амгалан хүлээж авч гарын үсэг зурсан талаар маргахгүй. 2 сарын хүүгээ өөрөө төлсөн, өөрөө зээлээ захиран зарцуулсан. П.О зээлийн барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангах үүргээ биелүүлнэ. А.Амгалангийн хувьд 125 сая төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна  гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01023 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 187 дугаар зүйлийн 187.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан П.О-с 125.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “М” ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан “М” ХХК, П.О нарын хооронд 2014-07-18-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай П.Октябрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 890.900 төгрөгөөс 853.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 37.750 төгрөгийг төсвийн орлогын  данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1343 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01023 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Октябриас 122 500 000 төгрөг гаргуулж,  “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 73/9 дүгээр байрны 52 тоот, 63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгажээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг хяналтын гомдолдоо: Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитойгоор үүссэн гэж үзэх  үндэслэлгүй. Гуравдагч этгээд А.Амгалан нь хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр сарын хугацаатай зээлийн барьцаанд тавихыг хүссэний дагуу П.О эд хөрөнгөө А.Амгалангийн зээлийн барьцаанд барьцаалахыг зөвшөөрсөн. Түүнээс биш  нэхэмжлэгчээс зээл хүсч, гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлээгүй байдаг. Тийм ч учраас нэхэмжлэгч нь  А.Амгаланд  50 сая төгрөгийг олгосон. Энэ нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтад А.Амгалангийн ургийн овог, эцгийн нэр, нэр, регистрийн дугаар тусгагдсан, зээл болох 50 сая төгрөгийг хүлээн авсан хэсэгт А.Амгалан гарын үсэг зурж баталгаажуулсан баримтаар хангалттай нотлогдож байгаа. 2014-07-18-ны өдрийн зээлийн гэрээнд А.Амгалан нь хамтран зээлдэгч гэх зэргээр гэрээний оролцогч биш, тус гэрээнд гэрээний зүйлийг өөр этгээдэд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон зүйл байхгүй байхад мөнгийг А.Амгаланд өгч байгаа нь А.Амгалангийн хүсэлтээр, түүнд олгосон зээл болохыг нотолно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23-р зүйлд зээлдэгч бүрийн нэр дээр хувийн хэрэг нээж хөтлөх, хувийн хэрэг нь тодорхой бүрдүүлбэр байхаар хуульчилсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс дээрх хуульд заасны дагуу хөтөлсөн бүрдүүлбэр бүхий хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хангаж шүүгчийн захирамж гарсан боловч нэхэмжлэгч хувийн хэрэг хөтлөөгүй гэдгээ зөвшөөрсөн. Энэ нь П.О зээл хүсч хүсэл зоригоо илэрхийлээгүй, нэхэмжлэгч А.Амгалангийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, А.Амгаланд олгосон зээл байсныг давхар нотолсон. Зээлийн гэрээ нь бусад бүх гэрээний нэгэн адил харилцан хүсэл зоригоо илэрхийлснээр байгуулагдах бөгөөд зээлийн гэрээ байгуулсанд тооцоход Иргэний хуулийн 196.1-н зохицуулалт үйлчилнэ.  Зээлдэгч мөнгийг хүлээн авсан тохиолдолд л зээлдүүлэгчийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх үүсдэг. П.Октябарь нь А.Амгалангийн  зээлийн барьцаанд өөрийн эд хөрөнгийг барьцаалсан. П.О-н хүсэл зориг нь зээл авах биш,харин А.Амгалангийн зээлд барьцаалах юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцдог. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан  гэрээний үндсэн дээр  данс нээж,  гүйлгээ хийгдсэнийг зээл олгох ажиллагаа гэх бөгөөд дансанд гүйлгээ хийгдэж мөнгө орсноор зээл олгосонд тооцохоор хуульчилсан. Гэтэл зээлдүүлэгч  нь  мөнгөнгийг П.Октябарт бус,харин  А.Амгаланд өгсөн.Иймд  зээлийн үүргийг А.Амгалангаас шаардаж улмаар А.Амгалан нь  зээлийн үүргийг гүйцэтгэхээ удаа дараа бичгээр илэрхийлж  байсан, мөн нэхэмжлэгч нь анх зээлийн үүргийг А.Амглангаас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Энэ талаар баримт мөн хэрэгт байгаа. Хэдийгээр хэлбэрийн хувьд П.Октябарьтай зээлийн гэрээ байгуулсан боловч түүнд зээл олгоогүй, гэрээ хэрэгжээгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсныг зөвшөөрхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         “М” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, П.О-с үндсэн зээл 50 сая төгрөг, хүү 50 сая төгрөг нийт 100 сая төгрөг гаргуулах, үүргийн гүйэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлага /хх 1,39/ тавьж, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн /хх 13-15/ болон барьцааны /хх16-17/ гэрээг үндэслэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нь шаардлагаа нэмэгдүүлж, 2017 оны 03 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 50 сая төгрөг, хүү 75 сая төгрөг нийт 125 сая төгрөг  шаардсан байна. /хх 109-110,146-147/

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй...зээлийг Амгалан авсан...гэж марган /хх 34,66-68/, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж /хх 83,89/ 2014-07-18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна. /хх88/

        Гуравдагч этгээд А.Амгалан нэхэмжлэлийн талаар тайлбар өгөхдөө “... хариуцагч бус, харин би зээл авсан...П.О хөрөнгөө барьцаалсан..” гэжээ. /хх 125/

        Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд  “...хариуцагчид 50 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “... гэрээ хүчин төгөлдөр бөгөөд зээлийн мөнгийг П.От хүлээлгэн өгсөн байна...гэрээний зүйлийг гуравдагч этгээд захиран зарцуулсан нь зээлдэгчийг үүргээс чөлөөлөхгүй...” гэж үзэж хариуцагчаас үндсэн зээл 50 сая төгрөг, хүү 72.5 сая төгрөг нийт 122.5 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.  

   Магадлалыг хэвээр  үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээгээр хариуцагч 50 сая  төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэх, нэхэмжлэгч зээлүүлэх талаар тохиролцож, үүргийн гүйцэтгэлд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 73/9 дүгээр байрны 52 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон эдгээр гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан нь тогтоогдсон, зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 156, 451 дүгээр зүйлийн шаардлагыг хангажээ. 

         Зээлдүүлэгчээс олгосон зээлийн мөнгийг хариуцагч аваагүй гэж үзэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 196, 451-р зүйлд нийцсэн дүгнэлт хийсэн байна. 

         Нэхэмжлэгч нь П.Октябртай  зээлийн гэрээ байгуулахаас өмнө А.Амгалан уг зээлийн мөнгийг авсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

          Давж заалдах  шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 156, 451, 196, 212 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1- дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1343 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 770.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ