Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-02
Дугаар 001/ХТ2017/01332
Хэргийн индекс 101/2016/06338/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч О ХХК
Хариуцагч С.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

           “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01371 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1314 дүгээр магадлалтай

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 67 383 425 төгрөг, нотариатын зардалд 13 000 төгрөг, нийт 67 396 425 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж 170А байр 69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай, 000074588 тоот гэрчилгээтэй 70 25 мкв талбайтай 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 50 000 000 төгрөгийн 70 хувь буюу 35 000 000 төгрөгөөр тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ш-ы гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч З.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь тус “О” ХХК-д 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хандан С.Дарьсүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъяанжугийн гудамж 170а-69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай 70 25 мкв талбайтай 3 өрөө байрыг барьцаалан 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус ББСБ хянан үзээд С.Б-д 12 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр 50 000 000 төгрөгийг 14/2035 тоот зээлийн гэрээ болон хавсралт 14/4035 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан, 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 50 000 000 төгрөгийг олгосон. С.Бат-Эрдэнийн тус ББСБ-тай байгуулан 14/2035 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй. Иймд зээлийн үлдэгдэл 44 700 000 төгрөг, зээлийн хүүг 19 107 453 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 575 972 төгрөг буюу нийт 67 383 425 төгрөгийг нэхэмжилж байна. Нотариатын зардал 13 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж 170А байр 69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай, 000074588 тоот гэрчилгээтэй 70.25 мкв талбайтай 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Тус ББСБ болон С.Б нарын байгуулсан 14/4036 тоот хөрөнгө барьцаалах гэрээний 2.1.-д заасныг үндэслэн С.Дарьсүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж 170А байр 69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай, 000074588 тоот гэрчилгээтэй 70.25 мкв талбайтай 3 өрөө орон сууцны харилцан тохиролцсон үнэлгээг 50 000 000 төгрөг болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Б миний бие тус шүүхэд гаргасан “О” ХХК-ийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие 50 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн боловч өөрийн боломж бололцооны хирээр зээлийн төлбөрийг хангалттай төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01371 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бэс 30 747 594 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 36 648 831 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох С.Дарьсүрэнгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204025983 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж 170-А байрны 69 тоот 70 25 мкв орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 30 474 594 төгрөгийг гаргуулж, “О” ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, уг орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 50 000 000 төгрөгийн 70 хувь буюу 35 000 000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бэс 311 688 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1314 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01371 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “30 747 594 төгрөг” гэснийг “63 542 885 төгрөг” гэж, “36 648 831 төгрөг төгрөг” гэснийг “3 853 540 төгрөг” гэж, 2 дахь заалтын “албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 30 474 594 төгрөгийг гаргуулж “О” ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж” гэснийг “албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж” гэж, 3 дахь заалтын “311 688 төгрөг” гэснийг “475 664 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 195 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуунаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч “О” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 67 383 425 төгрөг, нотариатын зардалд 13 000 төгрөг, нийт 67 396 425 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд уг иргэний хэргийг өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/00051 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүй шийдвэрлэсэн гэж үзэж хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан юм. Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01371 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зөв тооцож, нийт нэхэмжлэлийн дүнгээс 36 648 831 төгрөгийг хасч, 30 747 594 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн болно. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1214 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрээр 30 747 594 төгрөг олгуулахаар шийдвэрлэснийг 63 542 885 төгрөг гэж, 36 648 831 төгрөгийг хасч тооцсоныг 3 853 540 болгож, өөрчлөлт оруулж үндэслэлгүйгээр 32 795 291 төгрөг илүү олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг буруу тооцож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн С.Б нь “О” ХХК-наас 50 000 000 төгрөгийн зээл авч үндсэн зээлийн дүнг давуулан 55 322 552 төгрөг төлсөн байтал нэхэмжлэгчээс дахин 67 396 425 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэсэн заалтад хамаарч байгаа боловч үүнд огт үнэлэлт дүгнэлт хийлгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэрлэсэн болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч “О” ХХК нь 50 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй С.Б-д зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж 170А байрны 69 тоот орон сууцыг барьцаалжээ.

Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний талаар зохигчид маргаагүй байна.

Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг төлж дуусгаагүй үндэслэлээр нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 44 700 000 төгрөг, зээлийн хүүд 10 489 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 575 972 төгрөг, нийт 67 383 425 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь нийт 53 844 500 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Зохигчид зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь зээлдэгчээс үндсэн зээл төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү шаардсаныг анхан шатны шүүх гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнээс илүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд нийцээгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хуульд нийцүүлэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийг хангасан 63 542 885 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд илүү тооцсон 1 868 012 төгрөгийг хасч, нэхэмжлэлийг 61 674 873 төгрөгөөр хангаж шийдвэрлэв.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн эрх зүйн харилцаанд  иргэд хоорондын зээлийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалт хамаарахгүй тул “...хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон байхад хүүгийн хэмжээг багасгах хуулийн заалтыг хэрэглэсэнгүй...” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1314 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01371 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “30 747 594 төгрөг” гэснийг “61 674 873 төгрөг” гэж, “36 648 831 төгрөг” гэснийг “5 721 552” төгрөг гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтээр барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж 170А байрны 69 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж, 3 дахь заалтын “311 688 төгрөг” гэснийг “466 324 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД