Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-24
Дугаар 001/ХТ2017/01247
Хэргийн индекс 101/2017/01247/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч “Ц” ХХК
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00958 дугаар шийдвэр,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

        2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1253 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: “Ц” ХХК

           Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба           

     2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-12- 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрийн дагуу 159 938 555 төгрөгийг “Ц” ХХК-иас гаргуулж “С” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр авагч  нь “Ц” ХХК-д бетон зуурмаг нийлүүлсэн боловч тухайн нийлүүлсэн бетоноор хийсэн зам нь нэг жилийн хугацаанд эвдэрч ашиглах боломжгүй болсон, тухайн нөхцөл байдлыг шинжлэн үзэхэд тус компанийн нийлүүлсэн бетон зуурмагаас болж эвдэрсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. “Ц” ХХК нь тус компаниас болж эд хөрөнгө болон эдийн засгийн асуудлаар хохирсон. Тухайн компанийн нийлүүлсэн бетоноор хийсэн зам нь ашиглах боломжгүй эвдэрсэн, мөн шийдвэр гүйцэтгэгч хууль бус ажиллагаа явуулж байгаагаас болж “Ц” ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон. Компанийн бүх зүйлийг хааж боож зогсонги байдалд оруулсны дараа төлбөрөө төл гэсэн шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэгч нь 2017-01- 06-ны өдөр “Ц” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол үйлдсэн нь хууль бус үйлдэл болсон. Учир нь шийдвэр гүйцэтгэгч зөвхөн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх, бусад хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулах ёстой байтал түрээсийн эд хөрөнгө болон зарим aжилчдын хувийн хөрөнгө зэргийг битүүмжилсэн нь хуульд нийцэхгүй, тэдгээр хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл болсон. Иймд  2017-01- 06-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг  зөвшөөрөхгүй. Энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Тасгийн дарга ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч  2017-02- 02-ны өдрийн 3/104 дугаар албан  бичгээр татгалзсан хариуг өгсөн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгийг битүүмжлэх тухай 2017-11- 06-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны  шийдвэрээр “Ц” ХХК-иас 159 750 700 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. “Ц” ХХК-ийн нэр дээр хөрөнгө байхгүй, дансны зарлагын хөдөлгөөн хаагдсан, “Ц” ХХК-ийн захирлыг гадагш гарахыг хориглосон боловч гомдол гаргасан. “Ц” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай компани. Компанийн дансаар үйл ажиллагаа явуулахгүй, иргэний буюу хувийн дансаар гүйлгээ хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 58 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч компанийн үйл ажиллагаа явуулж буй төв оффист очиж хийсэн ажиллагаанд гомдол гаргасан. Хөдлөх эд хөрөнгөнд ажиллагаа хийсэн нь хууль зөрчөөгүй. Ажилчдын эд хөрөнгийг бид битүүмжлээгүй, “Ц” ХХК-ийн хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. “Ц” ХХК нь үндэслэлгүйгээр хугацаа авч, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00958 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1253 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00958 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь 2017-01-06-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэхэд “Ц” ХХК-ийн захирал Ц.Б биш байсан. Ц.А байсан, энэ тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд нь ажилчдын хувийн хөрөнгө байсныг давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлаж мөн хуулийн 36.4, 36.5 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийснийг нэхэмжлэгч талын зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

        “Ц” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмэжлэл гаргаж, “Эд хөрөнгийг битүүмжлэх тухай” 2017-01-06-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох шаардлага тавьжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/00005 дугаартай шийдвэрийн дагуу “Ц”ХХК-иас 158.806.550 төгрөг гаргуулж, С ХХК-д олгох гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ.

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нийт 21 төрлийн  хөрөнгө, 02 дугаар тогтоолоор 12 нэр төрлийн хөдлөх хөрөнгө, 03 дугаар тогтоолоор 6 нэр төрлийн хөдлөх хөрөнгө битүүмжилсэн гэх бөгөөд уг ажиллагааг хариуцагч гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй  байна.

        Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “...түрээсийн эд хөрөнгө болон зарим aжилчдын хувийн хөрөнгө зэргийг битүүмжилсэн...” гэх боловч “Эд хөрөнгийг битүүмжлэх тухай” 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолоор  битүүмжилсэн аль эд хөрөнгө нь төлбөр төлөгчийн хөрөнгө биш болохыг нэхэмжлэлдээ заагаагүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул гомдлыг хангах боломжгүй.

        Түүнчлэн, нэхэмжлэгчийн төлбөрт бусдын эд хөрөнгийг битүүмжилсэн бол энэ талаар төлбөр төлөгч бус, харин эрх ашиг нь зөрчигдсөн байж болох гуравдагч этгээд гаргана.

         Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00958 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1253 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ