Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-02
Дугаар 001/ХТ2017/01133
Хэргийн индекс 183/2016/00764/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч В.Э, Я.С
Хариуцагч “М” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

   В.Э, Я.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02  дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00412 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 1027 дугаар магадлалтай

В.Э, Я.С нарын нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 618 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатарын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Э нь 2016 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “М” ХХК-ийн салбарт хүлээн авагч Б.Энхжаргалд 52 размерийн хар хөх өнгөтэй Leatherman брендийн эрэгтэй нэхий дээлээ /2014 онд Герман улсан Берлин хотоос 1 850 евро буюу одоогийн ханшаар 4 391 900 төгрөгийн үнээр худалдан авсан/ цэвэрлүүлэхээр өгсөн бөгөөд зүүн хойд талд нь 10х2.5 см, 6х1.5 см хэмжээтэй химийн хороор дээлийн хөрс арьсыг түлж гэмтээсэн байсан. Энэ талаар гомдол гаргахад шалгаж байна гэхээс өөр хариу өгөөгүй. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дахин гомдол гаргаж нэхий дээлийг үзүүлтэл бид шалгая гэж аваад зөвшөөрөлгүй дахин цэвэрлэгээнд оруулж, зүүн энгэрт 15х5 см, баруун хойд хормойд 2х5 см хэмжээтэй газруудад дахин дээлний хөрс арьсыг түлж цайруулж, өмсөж хэрэглэхийн аргагүй болгосон. Өмнө нь цэвэрлэж байсан учраас л В.Эийн гомдлын дагуу дахин цэвэрлэсэн байж таарна. 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Я.С цагаан өнгийн кардеган буюу урт нөмрөг тус газарт цэвэрлэгээнд өгтөл зориулалтын дэгээ гархийг хайчилж аваад цамцны баруун энгэрээс 2х2 см хайчилж авсан байсан. Яагаад ингэсэн талаар гомдол гарган цамцаа өгтөл бидний зөвшөөрөлгүйгээр бүснээс нь тайран авч өөр гархи оёсон. Тус нөмрөгийг Солонгос улсын Сөүл хотоос 2015 онд 120 вон буюу 226 800 төгрөгөөр худалдан авсан. Эдгээр хохирлуудыг олон удаа тайлбарлаж, тус компанитай ярихад тодорхой гэм хорыг арилгах арга хэмжээ авсангүй. Иймд бидний хохирол болох 4 618 700 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Я.Сын цамцны үнэ болох 226 800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин В.Эийн нэхэмжлэлийн хувьд манай компаний бичиг баримтаас шүүж үзэхэд түүний нэхий дээлийг цэвэрлэсэн талаар баримт гарч ирээгүй, мөн В.Эт нэхий дээлээ манай хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлсэн гэх баримт байхгүй бөгөөд манайх цэвэрлэгээнд авсан эд зүйл бүрт баримт, тасалбар олгодог. Түүнчлэн В.Э нь манайд нэхий дээлнийхээ талаар гомдол, санал ирүүлж байгаагүй. Зөвхөн Я.С гэдэг хүн цамц дээрээ гомдолтой байна гэж ирж байсан. Ийм учраас энэ нэхий дээлний асуудлыг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02  дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00412 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 226 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэхэмжлэгч В.Эийн 4 391 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 7 454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Ст олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 1027 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хорлоогийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 220 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч В.Эийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Я.Ст 226 800 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаж давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр магадлал гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2016 оны 11 дүгээр сарын 01-нд итгэмжлэлээ авсан ба 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан хүртэл 100 гаруй хоногийн хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3, 25.1.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх дээр өөрөө ирж эрхээ эдлэж, үүргээ хүлээх бүрэн боломж, цаг хугацаа байсан ба 2017 оны 02 дугаар сарын 14-нд товлогдсон шүүх хуралдааны өмнө бас ирж эрхээ эдлэх хугацаа байсан. Шүүх хуралдааныг 7-10 хоногийн өмнө зарлаж хэргийн зохигч нарт мэдэгддэг. Гэнэт хурал зарлаж тэр дороо хурлаа хийдэггүй. Мөн шүүх хуралдаанд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104, 105 дугаар зүйлүүдийг сануулан тайлбарласан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар ч хүсэлт гаргаагүй, гэрч Б.Энхжаргалыг оролцуулах хүсэлт гаргасан байна түүнийгээ дэмжиж байна уу гэхэд оролцуулах шаардлагагүй татгалзаж байна гээд бичгээр өөрөө хүсэлт гаргасан болно. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг бүрэн хангаж хэргийг 2 талын мэтгэлцээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу үнэн зөвөөр шийдвэрлэсэн атал давж заалдах шатны шүүх хэргийг магадлахдаа хуулийн заалтуудыг буруу хэрэглэж нотлох баримт, хэргийн материал, шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг бүрэн гүйцэт судалж үзэлгүй магадлал гаргасан гэж үзэж байна. Иймд дээрх тайлбарууд, хэргийн нотлох баримтуудыг нягтлан судлан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч В.Эөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд тайлбарлахдаа: “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. Сүхбаатар нэхэмжлэгч биднийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний шүүх хурал хүртэл 100 хоног шүүх дээр өөрөө ирж, эрхээ эдлэж, үүргээ хүлээх бүрэн боломж цаг хугацаа байсан. Шүүх хуралдааныг гэнэт зарлаж хуралдсан гэж ойлгомжгүй гомдол бичжээ. Харин ч нэхэмжлэгч талаас шүүхийн туслах руу биеэр очиж, мөн утсаар хурал хэзээ болох вэ гэж үргэлж асууж хүлээж, одоо ч бид хохирлоо олж авахаар сураг тавьсаар явна. Нэхэмжлэгчийн талаас дээл цэвэрлэгээнд өгч байхад хамт байсан манай хөрш айлын П.Мөнхгэрэлийг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж, түүнийг шүүх хуралд ирсэн байхад шүүгч гэрч П.Мөнхгэрэл болон “М” ХХК-ийн үйлчлэгч Б.Энхжаргал нарыг шүүх хуралд оролцуулах шаардлагагүй. Одоо шүүх хурал хийнэ. В.Э 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.Энхжаргалыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж байсан байна. Өнөөдөр Б.Энхжаргал ирэх боломжгүй. В.Эийн хүсэлтээс татгалзсан хүсэлт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бич гэж үл ойлгогдох шаардлага тулгаж, “М” ХХК-д тус шүүгч илт үйлчилж тэдний талд шүүхийн шийдвэр гаргасан тул бид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч В.Э, Я.С нар “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 4 618 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 226 800 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 226 800 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх боловч хэрэгт байгаа давж заалдах шатны шүүхийн магадлал нь 2 дугаар хуудас байхгүй, 3 дугаар хуудас 2 хувь авагдсан байна.

Магадлалын үндэслэх хэсэг хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан магадлалын бүрдэл хэсэг дутуу гэж үзэх тул хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг дүгнэх боломжгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх үүргээ  хэрэгжүүлэх боломж олгоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг хяналтын шатны шүүхээс залруулах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02  дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00412 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 1027 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД