Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-24
Дугаар 001/ХТ2017/01251
Хэргийн индекс 102/2017/01251/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Н.О
Хариуцагч “МИАТ” ХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Н.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00521 дүгээр шийдвэр,                                  

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1164 дүгээр магадлалтай,

           Н.Оийн нэхэмжлэлтэй,

           “МИАТ” ХК-д холбогдох,      

        Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Ж.У, Т.О, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

      Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МИАТ” ХК-ийн ТУЗ 2016-11-11-ний өдөр “Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 02/16 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Энэ тогтоол болон ТУЗ хурлын тэмдэглэлийг үндэслэн “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016-11-14-ний өдрийн Б/722 тоот тушаалаар Н.О намайг Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон. “МИАТ” ХК шинэ бүтэц, зохион байгуулалтанд орж би  дэд захирлын ажилдаа ороод ажлаа эхэлж байтал “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016-11- 24-ний өдрийн Б/742 дугаар тушаалаар  Б/722 тоот тушаалыг хүчингүй болгож , ажлаас чөлөөлсөн. Б/722 тоот тушаалыг хүчингүй болгохдоо Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-09- 28-ны өдрийн 05886 дугаар шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016-11-23-ны өдрийн 3/36295 дугаар албан бичгийг үндэслэсэн.  Шүүхийн 2015 оны 102/ШШ2015/05886 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Ц.Даваасүрэнг “МИАТ” ХК-ийн Санхүүгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл Ц.Даваасүрэн нэхэмжлэлдээ  газрын даргын албан тушаалд  эгүүлэн тогтоож өгөөч гэсэн байхад шүүх түүний албан тушаалыг дээшлүүлж  захирлын албан тушаалд дэвшүүлэн шийдвэр гаргасан. “МИАТ” ХК 2016-11- 11-ний өдөр шинэ бүтэц, зохион байгуулалтанд орж өөрийнхөө түүхэнд анх удаа Санхүү эрхэлсэн дэд захирал гэсэн шинэ орон тоо бий болгож намайг анх томилсон. Ц.Даваасүрэн Санхүү эрхэлсэн дэд захирлаар хэзээ ч ажиллаж байгаагүй, энэ орон тоо шинэ бүтэц, зохион байгуулалтаар бий болсон. Одоогоор ажлын байрны тодорхойлолт ч гараагүй байгаа. Манай удирдлага, хуулийн хэлтэс нь шүүх Ц.Даваасүрэнг эгүүлэн ажилд тогтоохдоо албан тушаалыг нь дэвшүүлсэн байгааг болон шүүх албан тушаалд дэвшүүлэн томилох эрхгүй болохыг мэдэгдээгүй. Шүүх хууль буруу хэрэглэснийг ойлгоогүй, тийм ч учраас намайг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэлээ шүүхийн шийдвэр, албан бичгийг үндэслэн  гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:  “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал нь компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.9, 8.8.11-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ц.Даваасүрэнг “МИАТ” ХК-ийн Санхүүгийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг үүрэг болгосон  шүүхийн 2015 оны 102/ШШ2015/05886 дугаар шийдвэр,  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3/36295 тоот албан шаардлага, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2, 36.2-г үндэслэл болгон “МИАТ” ХК-д санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Санхүү эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилж Н.Оийг Санхүү эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилсон 2016 оны  Б/722 тоот тушаалыг хүчингүй болгосон гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00521 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан Н.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар Н.Оийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн 1164 дүгээр магадлалаар  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00521 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан” гэснийг “46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  гомдолдоо: Шүүх хөдөлмөрийн харилцаанд оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох харилцаатай үүссэн маргаан саналын зөрүүг зөв тодорхойлоогүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны Б/60 дугаар тушаалыг өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж н.Даваасүрэнгийн нэхэмжлэлийг шүүх үндэслэлтэй гэж тогтоосон үйл баримт нь ИХШХШТХ-ийн 40.4-т заасан “Нэгэнт тогтоогдсон үйл баримт гэдэгтэй нэхэмжлэгч маргахгүй. Маргаан бүхий ажил олгогчийн тушаал нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн эсэх тухайд: н.Даваасүрэнгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд сэргээн тогтоосон шүүхийн шийдвэр хэрэгжих нь хууль ёсных боловч, Н.Оийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаад шүүх бодит дүгнэлт хийлгүй, зөвхөн н.Даваасүрэнг ажил албан тушаалд эгүүлэн тавигдсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, гэж дүгнэсэн нь хуулийг буруу … нөхцөл болсон. 2016-11-24-ний өдрийн Б/742 дугаар тушаал нь 5 заалттай. Б/742 тушаалд Н.Оийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалж байгаа болон бололцооны хэрээр ажил олгож байгаа нэг ч үг өгүүлбэр байхгүй бөгөөд энэ тушаалаас гадна ажил олгогч Н.Оийг ажлаас чөлөөлсөн өөр ямар нэг тушаал гаргаагүй болно. Н.О нь МИАТ ХК-тай үүсгэсэн хөдөлмөрийн харилцаа нь 2015-05-07-ны өдөр Б/294 дугаар тушаалаар ...нягтлан бодогчоор түр томилогдсон. 2015-09-14-ний өдөр Б/575 дугаар тушаалаар жинхэлсэн. 2016-8-18-ны өдөр Б/549 дугаар тушаалаар Санхүүгийн захирлын албан тушаалд түр томилсон. 2016 оны Б/722 дугаар тушаалаар Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон. 2016 оны Б/742 тушаалаар Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон. 2016 оны Б/722 тушаалыг хүчингүй болгосон. Н.О нь 2015-5-7-ны өдрөөс эхлэн МИАТ ХК-д Санхүү бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор түр томилогдон ажиллаж тодорхой хугацааны дараа жинхэлж, мөн 2016 оны Б/549 дугаар тушаалаар ...хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон 2016 оны Б/722 дугаар тушаал нь 2016 оны Б/742 тушаалаар хүчингүй болсноор Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон тушаал хүчингүй болж байгаатай адил Санхүүгийн захирлын чөлөөлсөн тушаалын заалт нэгэн адил хүчингүй болжээ. Тодруулж хэлбэл, 2016 оны Б/742 тушаалаар Н.Оийг Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон 2016 оны  Б/722 дугаар тушаалыг хүчингүй болгосноор 2016 оны Б/549 дугаар тушаалд заасан Санхүүгийн захирлаас чөлөөлсөн заалт нэгэн адил хүчингүй болж улмаар Н.Оийн 2016 оны Б/549 дугаар тушаалаар Санхүүгийн захирлын албан тушаалд түр томилсон тушаалын хэрэгжилт сэргэж ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр гараагүй байна. МИАТ ХК нь Даваасүрэнг шүүхийн шийдвэрээр эгүүлэн ажилд томилохдоо 2016 оны Б/742 дугаар тушаалаар Н.Оийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон, Санхүүгийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн 2016 оны Б/722 дугаар тушаалыг хүчингүй болгож Н.Оийн өмнөх Санхүүгийн захирлаар томилогдсон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилгаар цуцалж байгаа шийдвэр гаргаагүй. Ажил олгогч ийнхүү Н.Оийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэр гаргаагүй байхад шүүх ажил олгогчийн гаргаагүй шийдвэрийг гаргасан мэтээр “ажил олгогч Н.Оийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцжээ” гэсэн дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалтай тохироогүй, үйл баримтанд үндэслээгүй. Шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнөх эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн гаргасан шийдвэрээр Н.Оийн гэрээг дуусгавар болсон гэж гаргаагүй шийдвэрийг гаргасан гэж дүгнэж шийдвэрлэсэн шийдвэр,  магадлалыг зөвшөөрөхгүй. 2016 оны Б/ 742 дугаар гүйцэтгэх захирлын тушаалыг шүүхийн дүгнэсэнчлэн Н.Оийн гэрээг дуусгавар болгож цуцалсан гэж үзвэл уг тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлд заасан ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгож буй үндэслэл болсон хуулийн заалт баримтлаагүй, Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлд заасан ямар ч зүйл заалт байхгүй байгаа. 2016 оны Б/742 дугаар гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 гэрээг цуцалж, өөр ажил олж өгнө гэсэн заалтыг баримтлах нь хуулийн шаардлага байхад 2016 оны Б/742 дугаар тушаалд Н.Оийн гэрээг цуцалж байгаа биш. Н.Оийг чөлөөлж Санхүүгийн дэд захирлаар томилсон 2016 оны Б/722 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2016 оны Б/742 дугаар тушаал нь 24-ний өдөр гарсан бөгөөд ажил олгогч МИАТ ХК шүүхэд Н.О нэхэмжлэл гаргасны дараа хэрэгт Н.Оөд 2016 оны  01/3952 дугаар албан бичгээр санхүүгийн бүртгэлийн хэлтсийн даргын ажил албан тушаалын санал хүргүүлсэн мэт баримтыг бүрдүүлэн албан бичиг гарган өгсөн шүүх үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2016-11-24-ний өдөр хэдэн цагт МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/742 дугаар тушаал гарч н.Даваасүрэнг ажилд томилов. Хэзээ нь ажил олгогч 2016 оны 01/3952 дугаар албан бичгээр санхүүгийн бүртгэлийн хэлтсийн даргын ажил албан тушаалын саналыг Н.Оөд хүргүүлэв. Уг албан бичгээр санал хүргүүлсэн талаар Н.О хүлээн зөвшөөрөөгүй, түүнд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримт байхгүй байхад шийдвэр гаргасан байна. Учир нь ажил албан тушаалын санал хүргүүлсэн талаарх албан бичигт 15 цагийн дотор хариу ирүүлэх тухай утгатай байна. 2016-11-24-ний өдөр хэдэн цагт МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/742 дугаар тушаал хэзээ гарч, 2016 оны 01/3952 дугаар албан бичиг хэзээ бичигдэж, хэдэн цагт Н.Оөд хүргэгдэж 15 цагт хариу өг гэсэн болох нь тодорхойгүй. Ажил албан тушаалын саналыг ажил олгогч гаргаагүй байхад гаргасан саналыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна гэж албан бичгээс бусад уг албан бичгийг хүлээлгэж өгсөн талаарх үйл баримт байхгүй байхад шүүх дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Н.Оийн хувьд ерөнхий нягтлан бодогчоор ажилд орж байсан бөгөөд санхүү бүртгэлийн хэлтсийн даргын ажил албан тушаал санал болгосоор байтал хүлээн зөвшөөрөөгүй байх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Н.О 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “МИАТ” ХК-д холбогдуулан ажил олгогчийн 2016-11-24-ний өдрийн Б/742 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй “...шүүхийн шийдвэрээр Ц.Даваасүрэнг санхүүгийн албаны захирлаар эгүүлэн тогтоосон тул Н.Оийг Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон тушаалыг хүчингүй болгосон...” гэжээ.  /хх 41/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйлийг өөрчлөн, бусад заалтуудыг хэвээр үлдээсэн байв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...Н.Оийг ажлаас чөлөөлсөн өөр ямар нэг тушаал гаргаагүй... байхад шүүх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй... ажил олгогч 2016 оны 01/3952 дугаар албан бичгээр санхүүгийн бүртгэлийн хэлтсийн даргын ажил албан тушаалын саналыг Н.Оөд санал болгож байгаагүй...” гэсэн үндэслэл заажээ.

        Н.Оийн нэхэмжлэлийг тодруулж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/742 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24, 36 дугаар зүйлийн 36.1.1, Компаний дүрмийн 8.8.9, 8.8.11, хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6, 11.11,  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/05886 дугаар шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3/36295 дугаар албан бичгийг үндэслэн Н.Оийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн санхүү эрхэлсэн дэд захирлаар томилсон 2016 оны Б/722 дугаар тушаалыг хүчингүй болгосон бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомджээ.

        Санхүү эдийн засгийн газрын захирал Ц.Даваасүрэнг 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Санхүү бүртгэлийн хэлтсийн даргаар томилсон “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны Б/60 дугаар тушаалыг Ц.Даваасүрэн эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 102/ШШ2015/05886 дугаар шийдвэр гаргаж, Ц.Даваасүрэнг “МИАТ” ХК-ийн санхүүгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон байна. /хх-ийн 22, 71/

        Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ажил олгогч нь  Н.Оийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна. 

        Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч нь Н.Оөд өөр ажил санал болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

         Иймд Н.О нь “...хуучин ажилдаа эгүүлэн тогтоолгохыг... эсхүл “...өөр ажил олж өгөхийг ажил олгогчоос шаардсан...” эсэхийг тодруулж хэргийг шийдвэрлэх нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцнэ. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00521 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1164 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

        2. Нэхэмжлэгч Н.О хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ