Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-10
Дугаар 001/ХТ2017/01380
Хэргийн индекс 102/2016/01318/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч “Т” ХХК, Ж.Ч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

       Б.Б-ийн нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 102/ШШ2017/01264 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1440 дүгээр магадлалтай

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

“Т” ХХК, Ж.Ч нарт холбогдох

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч “Т” ХХК, Ж.Ч нарт холбогдуулан “Т” ХХК-ийн хөрөнгө болох Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгч болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Чийн уг төмөр замын 72.5 хувь буюу 67.4 км замын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э-ийн “Б” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч болохыг тогтоолгож, “Т” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд хийсэн худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э , хариуцагч Ж.Ч, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын хяналтын гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчин өмгөөлөгч Д.Ц, хариуцагч Ж.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дорнод аймгийн Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг 440 000 000 төгрөгөөр 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төрийн өмчийн хороотой худалдах-худалдан авах 373 тоот гэрээ байгуулан өөрийн үүсгэн байгуулсан “Б” ХХК-ийн нэр дээр худалдан авсан. Тухайн үед төмөр замын үнэ болох 440 000 000 төгрөгийг би дангаар төлөх боломжгүй байсан тул Ж.Ч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болж, төмөр замыг богино хугацаанд зарж борлуулан худалдан авахад оруулсан хөрөнгөө өсгөн авах аман тохиролцоо хийснээр Ж.Ч 240 000 000 төгрөг, би найз нөхдөөс нэмж 200 000 000 төгрөгийг Төрийн өмчийн хороонд төлсөн. Иргэн Ж.Чтой хамтран хувьчилж авсан төмөр замаа цаашид худалдан борлуулах зорилгоор 2007 оны 09 дүгээр сард “Т” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, төмөр зам худалдан авахад зарцуулсан хөрөнгө, оролцоо бүх зүйлийг тооцож, Б.Б, Ж.Ч нар нь тус компанийн 50:50 хувийн хувьцаа эзэмшигч болохыг баталгаажуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч хариуцагч Ж.Чийг захирлаар, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Бг бүртгүүлсэн. Компанийг үүсгэн байгуулсан зорилго нь 93 км төмөр замаа борлуулаад, оруулсан мөнгөө ашгийн хамт авах тохиролцоо байсан. “Бүрхээст хайрхан” ХХК-ийг миний бие 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бусдад шилжүүлсэн. 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ж.Чтой байгуулсан “Төмөр зам худалдах-худалдан авах гэрээ” нь дүр үзүүлсэн, ямар ч үр дагаваргүй, хуурамч гэрээ юм. Энэ гэрээг байгуулах хүсэл зорилго надад байгаагүй, зөвхөн төмөр замыг “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх зорилгоор хийгдсэн гэрээ юм. Энэхүү гэрээний дагуу би Ж.Ч-оос ямар ч мөнгө хүлээн аваагүй, нэхэмжлээгүй, энэ гэрээ нь миний нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, ач холбогдолгүй. Эд хөрөнгийг анх худалдан авахад бид хоёрын хөрөнгө орсон учраас хөрөнгийн хэмжээ, хувьчилж авахад гарсан зардлуудыг тооцоод адил тэнцүү ашгаа хуваана гэж тохирч “Т” ХХК-ийн 50:50 хувийн эзэмшигч гэж компанийн гэрээ, дүрэмд тодорхойлсон. Гэтэл Ж.Ч нь миний эрхийг зөрчиж, надад мэдэгдэлгүйгээр 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 42.5 км төмөр замыг “Эм Эр Си” ХХК-д худалдан борлуулсан байснаас маргаан гарсан. Ийнхүү бусдад худалдахдаа дээр дурдсан бид хоёрын хооронд хийгдсэн гэх дүр үзүүлсэн тохиролцоо, Төрийн өмчийн хорооноос олгосон Өмчлөх эрхийн гэрчилгээ, “Т” ХХК-ийн гэрчилгээг үзүүлэн, бусдад өөрийгөө өмчлөгч, ганцаараа захиран зарцуулах эрхтэй мэтээр ойлгуулж, хууран мэхэлсэн байсан. Иймд “Т” ХХК-ийн өмч болох төмөр замын 50 хувийн өмчлөгч болохоо тогтоолгож, 46.5 км төмөр замыг Б.Б-ийнөмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Харин гэрээний дагуу орж ирэх орлогын 50 хувийг гаргуулах, “Т” ХХК-ийг гишүүнээс хасуулж зохих бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгах, “Б” ХХК-ийн нэр дээр олгосон 00460 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагуудаасаа татгалзаж байна гэжээ

Хариуцагч Ж.Ч болон “Т” ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төрийн өмчийн хорооноос 93 км урттай төмөр замыг худалдаж авахад Ж.Ч миний бие 318 890 000 төгрөгийн хөрөнгийг оруулсан. Үүнийхээ 240 000 000 төгрөгийг нь би өөрөө банкинд очиж, 70 сая төгрөгийг нь нэхэмжлэгч Б.Б-гаар дамжуулж тушаасан. Энэ үед Б.Б надад хүсэлт гаргасан учраас би зөвшөөрч, түүнд 70 сая төгрөг өгсөн. Тиймээс энэ хэмжээгээр миний бие тухайн төмөр замыг өмчлөх, захиран зарцуулах, алдагдал болон хариуцлагыг хүлээх эрхтэй хүн гэж үзэж байгаа. Ингээд төмөр замын өмчлөх эрхийн гэрчилгээг 2006 оны 9 дүгээр сард “Б” ХХК-ийн нэр дээр авсан. Гэтэл 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Бүрхээст хайрхан ХХК-ийн захирал Б.Б итгэлийг эвдэж Газар шилтгээн гэх компанийг “Б” ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр татан оруулсан. Өөрөөр хэлбэл, хувьцааныхаа 50 хувийг өөр этгээдэд худалдсан гэсэн үг. Ингэснээр миний эрх ашгийг маш ноцтой зөрчсөн бөгөөд миний эд хөрөнгөд аюул учирсан тул би эд хөрөнгөө хамгаалахын тулд Б.Бтай ярилцаад компани байгуулж, төмөр замын өмчлөх эрхийг тус компани руу шилжүүлэхээр тохирч 2007 оны 09 дүгээр сард “Т” ХХК-ийг байгуулсан бөгөөд 12 дугаар сард төмөр замыг шилжүүлсэн. Б.Б-ийнхувьд “Т” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцоогүй, төмөр замыг хэрхэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Би 70 хувийн хөрөнгө оруулсан учир анхаарал тавьж, зардлын 70 хувийг хариуцаж ирсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Чоос шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Төрийн өмчийн хорооноос “Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын “Чингисийн далан” өртөөнөөс Мардай хүртэлх төмөр замыг худалдан борлуулах тухай 356 дугаар тогтоол гарч, Хөрөнгийн үнэлгээний төвөөс худалдах үнийг 440 000 000 төгрөгөөр тогтоож байсан. Энэхүү төмөр замыг худалдан авах саналыг анх Ц.Э  надад санал болгож, надтай хамтран худалдаж авахаар тохирсон бөгөөд Төрийн өмчийн хорооноос авангуут 2 сарын дотор багтааж Улаанбаатар төмөр замд шууд худалдахаар тохирчихсон байгаа гэж ойлгуулсан. Миний бие тус төмөр замыг хөрөнгө гаргаад авч болох юм гэж тооцоод Ц.Э , Б.Б, Г.Баянмөнх нартай оруулсан хөрөнгөнийхөө хэмжээгээр хувь эзэмших, хариуцлага хүлээхээр тохиролцон төмөр замыг худалдаж авахаар шийдвэрлэсэн. Төмөр замын эхний дэнчин 10 хувь болох 44 000 000 төгрөгийг би төлж үүнээс хойш нийт 8 удаагийн үйлдлээр 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 318 890 000 төгрөгийг “Б” ХХК-ийн нэр дээр иргэн Ж.Чоос гэж хийсэн бөгөөд Б.Бгаар дамжуулан Төрийн өмчийн хорооны зохих дансанд төмөр замын урьдчилгаа болгон бэлэн мөнгө өгсөн. Төрийн өмчийн хорооноос худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгөө төлж дуусгах, үгүй бол оруулсан мөнгийг чинь улсын орлого болгоно гэж удаа дараалан шаардаж байсан. Миний хувьд нэгэнт оруулсан хөрөнгөө хамгаалах зорилгоор нэмж төлсөөр нийт хөрөнгийн 72.5 хувь буюу 318 890 000 төгрөгийг төмөр зам авахад зориулсан бөгөөд үлдэгдэл мөнгийг та нөхөд гарга, үгүй бол би оруулсан бүх мөнгөө татлаа гэж асуудал босгож ирснээр Б.Б арга буюу хүнээс мөнгө зээлж үлдэгдэл төлбөрийг гүйцээн, Төрийн өмчийн хорооноос уг төмөр замыг “Б” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах эрх нээгдсэн болно. “Т” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн тус төмөр замын бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор 20 км тутамд 5 айл буулган эргүүл харуулын гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл цалин хөлсийг 72:28% харьцаатай төлж харж хамгаалуулж байгаа бөгөөд орлого ашиг олдоггүй, үргэлж алдагдалтай ажиллаж байгаа юм. Иймд иргэн Ж.Ч миний бие Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг Төрийн өмчийн хорооноос худалдан авахад 318 890 000 төгрөгийг оруулсан болохыг, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72.5 хувь буюу 67.4 км төмөр замын албан ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Төмөр замыг худалдан авахад Ц.Э , Г.Баянмөнх нар нь Ж.Чоос тодорхой хэмжээний мөнгө зээлэхээр тухайн үед тохиролцож байсан нь үнэн. Харин хамтран ажиллах тухай түүний гаргасан саналыг хүлээн авснаар миний зүгээс 196 сая төгрөг, Ж.Ч нь үлдэх 244 сая төгрөгийг гаргаснаар төмөр замын үнэ болох 440 сая төгрөгийг бид төлсөн. Сөрөг нэхэмжлэлд бичсэн 318 890 000 төгрөгийг төмөр замын үнэд тушаасан гэдэг нь огт худлаа ба өөрийнх нь төмөр замын үнэд төлснөөс бусад зардал төмөр замын үнэтэй ямар ч хамааралгүй болохыг тэр өөрөө сайн мэдэж байгаа атлаа өнөөдөр илүү ашиг олох гэж илүү их хөрөнгө оруулсан мэтээр тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Төмөр замыг худалдан авахад биднээс 196 сая, 244 сая төгрөгийг тус тус оруулсан, хэдийгээр хувь хэмжээ зөрүүтэй боловч хамтран ажиллахаар зүтгэсэн бүх үйл ажиллагаа, оролцоо зэргийг нэг бүрчлэн тооцоолж хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээг тогтоож, төмөр замыг “Т” ХХК-ийн хөрөнгөд бүртгэн эзэмших хувийг 50:50 хувь байхаар тохиролцсон. Энэ бүх хугацааны харуул хамгаалалтын цалингийн асуудлыг тэр ганцаараа шийдээгүй. Г.Баянмөнхтэй гурвуулаа хамтран ярилцаад гаргасан шийдвэрийн дагуу харуул хамгаалалтын зардлыг сар сараар хуваарь гарган адилхан төлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э эс шүүхэд гаргасан шаардлагадаа: Б.Б, Ж.Ч нар нь миний худалдан авсан төмөр замын байгууламж буюу Дорнод аймаг дахь “Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урт төмөр замыг залилан мэхлэх аргаар өөрсдийн өмчлөл эзэмшилд авсныг зөвшөөрөхгүй. Анх 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр миний бие нь “Бүрхээст хайрхан” ХХК-ийг байгуулсны үндсэн дээр тэр үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр дээрх төмөр замыг 440 000 000 төгрөгөөр худалдан авч, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Уг 93 км төмөр замыг худалдан авахад надад 440 000 000 төгрөг шаардлагатай байсан тул 240 000 000 төгрөгийг нь энэ хэргийн хариуцагч гэх Ж.Ч гэдэг хүнээс тухайн үед би зээлж авч байсан. Харин үлдэгдэл мөнгийг буюу 200 000 000 төгрөгийг нь би хувиасаа гаргаж байсан. Нэгэнт Ж.Чоос 240 000 000 төгрөгийг зээлсэн, тэрээр мөнгөө надаас байнга нэхэж байсан тул энэ мөнгийг нь буцааж өгөхийн тулд би өөрийн хувьчилж авсан дээрх 93 км төмөр замаа бусдад худалдан борлуулах шаардлагатай болсон. Тиймээс 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр уулзалтын тэмдэглэл гэсэн баримт бичгийг Б.Б, Ж.Ч, Г.Баянмөнх, Ц.Э  нар өөрсдийн гараар үйлдэж баталгаажуулж байсан. Энэ баримтад тухайн төмөр замыг буюу 93 км төмөр замыг зөвхөн Ц.Э  миний бие худалдан борлуулах эрхтэй гэсэн заалтыг зориуд оруулж өгсөн бөгөөд энэ нь уг төмөр зам нь бүхэлдээ миний хувийн өмч байсан гэдгийг бусад гурван этгээд хүлээн зөвшөөрч, тодорхойлсон албан ёсны баримт бичиг болсон. Өөрөөр хэлбэл Мардайн чиглэлийн дээрх 93 км төмөр замыг хувьчилж авах асуудлыг би ганцаараа бүтэн 4 жил хөөцөлдөж байж, эцэст нь хувьдаа буюу өөрийн үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан “ХХК-ийн нэр дээр хувьчлан авч чадсан. 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш буюу дээрх төмөр замыг хувьчилж авсны дараа 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн өмчийн хороо нь хувьчилж буй 93 км төмөр замаа “Б” ХХК-ийн захирал Б.Б, менежер Г.Баянмөнх нарьн хүмүүст хүлээлгэн өгч, “Төмөр зам хүлээлцсэн тухай акт” гэсэн баримт бичгийг үйлдсэн. Ийнхүү төмөр замыг хувьчлан авсны дараа надад мөнгө зээлдүүлсэн Ж.Ч гэгч нь Б.Бтай үгсэн хуйвалдаж, уг төмөр замыг өөрсдийн өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авах луйврыг зохиосон юм. Ж.Ч нь “Тачбин” гэдэг нэртэй хуурамч компанийг байгуулж, улмаар уг хуурамч компани руугаа иргэн Ц.Э  миний үүсгэн байгуулсан “Б” ХХК-ийн бүх өмч хөрөнгийг хэнд ч мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлсэн. Нэхэмжлэгч Б.Б “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан тодруулгадаа “дээрх 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ж.Чтой байгуулсан төмөр зам худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн, ямар ч үр дагаваргүй, хуурамч гэрээ юм. Энэ гэрээг байгуулах хүсэл зориг надад байгаагүй, зөвхөн төмөр замыг “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх зорилготой хийсэн гэрээ” гэж тайлбарласан нь гэрээг Ж.Чийн хүсэлтээр хийсэн бөгөөд энэ нь цаашдаа төмөр замыг ганцаараа захиран зарцуулахын тулд бүхнийг өөрийн болгож авах гэсэн зальт арга байсан нь Ж.Чийг дур мэдэн төмөр замыг зарж борлуулах гэсэн үйлдлээс тодорхой болж байна. Иймд “Бүрхээст хайрхан” ХХК нь иргэн Ц.Э  миний 100 хувийн өмчлөлийн компани мөн болохыг тогтоолгох, “Т” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан бүх өмч хөрөнгийг 100 хувь шилжүүлсэн гэх худалдах-худалдан авах хуурамч гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/01264 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.8, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бг “Тачбин” компанийн хөрөнгө болох Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урттай төмөр замын 50 хувь буюу 46.2 км урттай төмөр замын өмчлөгчөөр тогтоон, “Т” ХХК-ийн захирал Ж.Чт хувь нийлүүлэгч Б.Б-ийнөмчлөлд Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх төмөр замын 46.2 хувийг шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Ж.Чт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу хариуцагч Ж.Чийг “Т” ХХК-ийн хөрөнгө болох төмөр замыг худалдан авахад 243 702 000 төгрөг оруулсан болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 188 000 төгрөгт холбогдох хэсгийг болон “Т” ХХК-ийн хөрөнгө болох төмөр замын 72.5 хувийн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 57 дугаар зүйлийн 57.2, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Э-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагч Ж.Чийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Чоос 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д, мөн дутуу төлсөн 1 682 200 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, нэхэмжлэгч Б.Бгаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох 1 376 460 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Чт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу гуравдагч этгээд Ц.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 428 150 төгрөгөөс 165 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 262 960 төгрөг гаргуулан Ц.Э д буцаан олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1440 дүгээр магадлалаар  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/01264 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-г Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урттай төмөр замын 50 хувь буюу 46,5 км урттай төмөр замын өмчлөгчөөр, үлдэх 50 хувь болох 46.5 км урттай төмөр замын өмчлөгчөөр хариуцагч Ж.Чийг тус тус тогтоон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 20.9 км төмөр замын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг болон нэхэмжлэгчийн шаардлагаас “Т” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болсугай” гэж өөрчлөн найруулж, “3” дах заалтын дугаарыг “2” гэж дугаарлан “Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4” гэж, “4” дэх заалтын дугаарыг “3” гэж дугаарлан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагч Ж.Ч-оос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бгаас 1 117 550 төгрөг, хариуцагч Ж.Чоос 1 682 750 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж улсын төсөвт оруулсугай” гэж, “5” дах заалтын дугаарыг “4” гэж, “6” дах заалтын дугаарыг “5” гэж, “7” дах заалтын дугаарыг “6” гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 533 890 төгрөг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2 357 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э эс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн: Ямар нь тэмдэгтийн хураамж төлдөг, ямар нь хураамж төлөлгүй хэргээ шийдүүлдэг давуу эрхтэй талаар: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 671 дүгээр магадлалын хянах хэсэгт: “Үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн  63.1.2-ын “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн тухай дүгнэлтийг хийж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан болно. Гуравдагч этгээдийн хувьд бие даасан шаардлагадаа тохируулан улсын тэмдэгтийн хураамжид нэмж 2 428 150 төгрөгийг нөхөн төлсөн бол, үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргагч талууд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байхад уг хэргийг авч хэлэлцэж хожим нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдсан дээд шатны шүүхийн магадлалд дурьдсан зөрчлийг засаагүй, давтсан явдал. Нэхэмжлэгч Б.Б-ийнулсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг түүний эхнэр Дээд шүүхийн шүүгч Л.А мэдсээр байж, дутуу тушаасан энэ хэрэг Дээд шүүхийн хамгаалалтад баттай байгаа учир доод шатны шүүгч нар хураамж төлүүлэлгүй зоригтой шийдэж байгаад хамаг учир оршино. Танил талгүй жирийн иргэн тэмдэгтийн хураамж төлөөгүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шууд буцаана.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д “Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх” гэсэн хуулийн заалтыг гууль болгосон. Тухайлбал, нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал гэсэн хуулийн заалтаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үнийг тогтооход харин ч бэрхшээл огт байхгүй. Б.Б үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнг 200 сая төгрөгөөр Худалдан авсан тул төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, Ж.Ч сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг 318 890 000 төгрөгөөр худалдан авсан төмөр замын 72.5 хувийн өмчлөгчөөр тогтоолгох гэж үнийн дүнг тодорхой тоогоор илэрхийлжээ. /Давахын 1440 тоот магадлалд “үнэлэх боломжтой нэхэмжлэл” гэж хүлээн зөвшөөрсөн атлаа тэмдэгтийн хураамжийг зөвхөн надаар төлүүлсэн./

Шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоох гэсэн заалт ёсоор шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоосон захирамж гаргаагүй ийм ажиллагаа огт хийгээгүй атлаа, хийсэн мэтээр шүүхээс урьдчилан тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан Б.Б, Ж.Ч нараар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр шийдэж чадсан явдал дээрээ ямар хамгаалалттай нөлөөтэйг илтгэнэ. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэгч нар үнийг шууд тогтооход бэрхшээлтэй талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн 1440 тоот магадлалд “үнэлэх боломжтой нэхэмжлэл” гэж дүгнэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. “Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй” гэсэн зүйлчлэлийг баримтлан хэргийг эсрэгээр шийдсэн, хуулийг буруу хэрэглэсэн.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар: гуравдагч этгээдийн хувьд шүүх хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1-д заасан шинээр 9 хуудас нотлох баримт гаргаж, шүүх хүлээн авсан атлаа бусад оролцогч нарт тал бүрээс нь судлах, баримтан дээрээ мэтгэлцэх боломжийг олгоогүй, хариуцагч нар ямар баримт өгснийг мэдээгүй, хурал дээр уншиж танилцах боломж олдоогүй, үүнийг судлах боломжийг бусад оролцогч нарт олгоогүй. Зүй нь 105.2 Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг \164-р тал\ шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хууль зүйн заалтыг анхаараагүй, хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна. Миний өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ цуцалсан учраас анхан шатны шүүх хуралдаан эхэлмэгц “өмгөөлөгч авах хүсэлтийг илэрхийлсэн боловч урьд нь өмгөөлөгч авсан, хоёр дахь удаагаа өмгөөлөгч авна гэсэн хуулийн заалт байхгүй” гээд өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан учраас анхан шатны хуралдаан дээр мэргэжлийн эрх зүйн туслалцаа авч чадаагүйгээс өмгөөлөгч авах эрх ноцтой хохирсон, хэрэг буруу шийдэгдэхэд нөлөөлсөн.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн: Дахин өмгөөлөгч авах эрхийг олгоогүй тухайд:

Миний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан, гэрээгээ цуцласан учраас давж заалдах шатны шүүхийн шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэн Ц.Ган-Одыг оролцуулсан ба тэрээр өглөө 8:30 цагт эхэлсэн хуралдааны эхэнд иргэний хэрэгт буй нотлох баримттай танилцах хүсэлт гаргасан чинь шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөлгүйгээр, даргалагч дангаараа хуралдааныг түр хойшлууллаа, дараагийн хэргийг хэлэлцэж байх хугацаанд хэрэгтэйгээ танилц гэсэн шийдвэрийг бүрэлдэхүүн бус, даргалагч дангаар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1.-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн ... даруй шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж хамтын шийдвэрийг дангаар гаргасан, түүнийгээ хожим өөрчилсөн нь тэмдэглэл, болсон явдалтай эрс зөрж байгаа. Нөгөө талаар шүүх мөн хуулийн 9.2.-д “Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй” гэсэн заалтыг зөрчиж манай шүүх хуралдааныг өглөө 8:30 цагт эхлүүлээд “хэрэгтэйгээ 4 хэрэг шийдвэрлэх хүртэл хугацаанд танилц, дараа нь үргэлжлүүлнэ” гэсэн, хурал дараа нь үргэлжлэн явагдсан нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн. Хавтаст хэрэгтэй танилцаад, маш их маргаантай, шүүгч нар нөлөөлсөн байж болзошгүй хэрэг байсан тул өмгөөлөгч авах нь зүйтэй гэж шийдээд, энэхүү хүсэлтийг дахин шүүх хуралдаан ... цагт эхэлмэгц бичгээр гаргаж өгсөн чинь давж заалдах шатанд өмгөөлөгч авах эрхгүй гэж шийдсэн. Үүнээс шалтгаалан өмгөөлөгч авах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4.-д “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэсэн заалт ноцтойгоор зөрчигдсөн. Хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар /иргэний эрх зүйн чадвар/-ыг бүх оролцогч тэгш эдэлнэ. Хариуцагч Ж.Ч өмгөөлөгч авах эрхээ бүрэн эдэлж, өмгөөлөгчөөр Г.Баяржаргал өмгөөлөгчийг оролцуулсан бол, гуравдагч этгээдийн өмгөөлөгч авах эрхийг шүүхийн шийдвэрээр хассан тул талуудын хувьд тэгш эрх эдлэх зарчим алдагдсан. Давж заалдахын магадлалын 12 дахь талд “Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн дагуу хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэжээ. Гэтэл уг хэрэгт Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.1-476.3.8 хэсэг огт тусгагдаагүй. Мөн магадлалын 13 дахь талын эхэнд: “Төмөр замыг “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн” гэж огт худал дүгнэлтийг хийжээ. “Т” ХХК-ийн дүрмийн сан ердөө 1.000.000 сая төгрөг хэвээр байгаа, төмөр зам анх 240.000.000 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүх ийнхүү дүрмийн сан нэмэгдээгүй байхад улсын бүртгэлд нэмж бүртгүүлсэн мэтээр дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн дагуу хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж нэг дүгнэсэн атлаа “Нэхэмжлэгч Б.Б хариуцагч “Т” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээнд оролцох хувь хэмжээ. хураамжийн талаар тохиролцсон гэх нотлох баримт байхгүй гэж эрс үгүйсгэн, өөр хоорондоо зөрчилдөж, нэг болохоор хамтран ажиллах гэрээ байгуулсан ч юм шиг, байгуулаагүй ч юм шиг эргэлзээтэй дүгнэлт хийжээ. Энэ нь “шүүх нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь дүгнэнэ” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Намайг компанийн хувьцааг эзэмших талаар нэхэмжлэл гаргасан гэж шүүх гүтгэж байна. Би ийм нэхэмжлэл огт гаргаагүй, зээл аваад, түүнийхээ барьцаанд хөрөнгийг түр өмчлүүлээд, зээлээ буцааж төлсөн учир хөрөнгөө эгүүлэн авъя гэсэн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйл - “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-ийн дагуу гаргасан байхад шүүх Иргэний хуулийн 26.34. /хуулийн этгээд компани/ Компанийн тухай хуулийн 12, 43 дугаар зүйлийг баримтлан хэргийг буруу зүйлчилж шийдсэн.

Шүүхийн магадлалд “Зээл төлсөн болохоо баримтаар нотлоогүй” гэжээ. Гэтэл хавтаст хэргийн 162-166 дугаар талд байгаа Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан төлсөн мөнгөний шилжүүлэг, мөн Эрүүгийн хэрэгт мөнгө хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, “Шүүх хуралдаан дээр мөнгө хүлээн авсан тухайгаа тайлбарласан” нотлох баримтыг шүүх авч хэлэлцээгүй, нотлох баримт байсаар байхад улаан цайм “Зээл төлсөн болохоо баримтаар нотлоогүй” гэж гүтгэсэн. Шүүх “Бүрхээс хайрхан” ХХК-ийн гишүүн гэдгээ Ц.Э  нотолж чадаагүй гэжээ. Хэргийн 5, 7, 14, 82, 162, 163, 164, 165, 166, 112, 178, 155-р хуудсанд буй Компанийн гэрээ, дүрэм, гэрчилгээ, өмчлөгч нарын хооронд байгуулсан гэрээ гэх мэт баримтаар нотолсоор байхад шүүх нотолж чадаагүй гэж буруу дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх “зохиогчдын хооронд хийгдсэн тэмдэглэлд төмөр замыг худалдах, худалдан авах ажиллагаанд Ц.Эрдэнийг оролцуулах талаар тусгасан” болохоос хамтран ажиллах гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзжээ. Тиймээ энэ тэмдэглэл нэртэй бичгэн нотлох баримт бол төмөр зам хэний өмч болох, хэн захиран зарцуулах эрхтэй болохыг баталгаажуулсан хэлцэл юм. Нөгөө талаар шүүх уг тэмдэглэлийг урьдчилан хийсэн, хожим худалдахад гэдэг агуулгаар дүгнэлт хийжээ. Тийм бишээ эхлээд аман хэлцлээр зээл аваад, түүнийгээ төлсөний дараа хожим нөхөж өмчийн эзнийг тодорхой болгож байгаа баримт нотолгоо юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ж.Ч, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Иргэн Ж.Ч хэрэг маргаан бүхий 93 км төмөр замыг анх 2006 оны 09 дүгээр сард төрийн өмчийн хорооноос худалдан авахад нийт 318 890 000 төгрөгийн хөрөнгө оруулсан бөгөөд энэхүү үйлдэл нь:

а/ Ж.Ч миний бие 4 удаагийн үйлдлээр төрийн өмчийн хороонд тушаасан 243 720 000 төгрөгний баримт б/ Төрийн өмчийн хороонд тушаах нэрээр хэргийн оролцогч Б.Б-ийнЧинзориг миний 100 хувийн эзэмшлийн “Ирмүүн” ХХК-иас 4 удаагийн үйлдлээр авсан 75 170 000 төгрөгийн санхүүгийн баримтаар нотлогдоно. Б.Б-ийннэхэмжлэлийн хариуд хариуцагч Чинзориг миний бие хэрэг маргаан бүхий 93 км төмөр замыг авахад оруулсан өөрийн 318 890 000 төгрөгийн хөрөнгөө баталгаажуулахыг хүсч сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Иргэн Б.Б-ийнөөрөө “Төмөр замыг ТӨХ-ноос худалдан авахад Ж.Ч нь 318 890 000 төгрөг гаргасан нь үнэн” гэхдээ 75 орчим төгрөгийг буцаан өгсөн гэж анхан болон давж заалдах шатны шүүхэд мэдүүлсэн байдаг. /2017.06.23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 8-р хуудас/ Буцаан өгсөн гэх мөнгөө нотлож чаддаггүй, хэргийн материалд мөнгөө буцаан өгсөн баримт байдаггүй юм. Мөнгө гаргаж төлбөр хийсэн талаарх бичгийн нотлох баримт болон Б.Б-ийншүүхэд өгсөн мэдүүлгээр хэрэг маргаан бүхий төмөр замыг худалдан авахад Б.Б нь 121 110 000 төгрөг гаргасан болох нь тодорхой байдаг. Нөгөө талаас төмөр замыг худалдан авсан 2006 оны 09 дүгээр сараас хойш өнөөг хүртэл 10 гаруй жил өнгөрсөн хугацаанд тухайн замын харуул хамгаалалтын зардалд Ж.Ч миний бие 31 810 000 төгрөг, нэхэмжлэгч Б.Б 15 000 000 төгрөг төлснийг нотлох санхүүгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эндээс харахад л Ж.Ч миний бие өөрт ноогдох хөрөнгөндөө зориулж Б.Бгаас 2 дахин илүү зардал гаргаж байсан болно. Батаа бид 2 анхнаасаа л хэн аль нь төмөр замд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээхээр тохиролцож тухайн төмөр замыг худалдан авч байсан бөгөөд энэ үеэс эхлэн Батаагийн төмөр замд хэрхэн хандаж буй бодит үйл, үйлдэл нь дээрх хариуцлагын ногдох хувь хэмжээг баталж байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа цалингийн зардлын зөрүү, өмчөө гэх сэтгэлээр тухайн замын бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалтын хүмүүстэй эргэж тойрч уулзах, шалгах үүрэг ажиллагаа огт хийж байгаагүй. Тэр ч байтугай манай харуул хамгаалалтын ажилчид Б.Бг огт таньдаггүй байсныг гэрчлэх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Төмөр замыг худалдан авахад хэргийн оролцогчдоос оруулсан мөнгөн хөрөнгийн хэмжээг шударгаар тогтоох, өмчлөх хувь эзэмшлийн хэмжээг зөв тодорхойлоход зайлшгүй шаардлагатай нь дээр дурдагдсан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлах, шинжлэх дүгнэх ажиллагааг анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь анхаарч үзээгүй учир цаашид энэхүү хэрэг маргаан үнэн зөв шийдэгдэх эсэх нь эргэлзээтэй болсон гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “...нотлох баримтын хууль зүйн бодит /байдал/ үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэсэн заалт, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг илт зөрчсөн магадлал болсон гарсан гэж хариуцагч миний бие үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хэтэрхий нэг талыг барьсан шударга бус шийдвэр, магадлал гаргаж иргэн миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн болно.

2. Давж заалдах шатны шүүх иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар  гэрээг амаар хийсэн байх гэсэн заалтыг иш үндэс болгож хэргийг шийдвэрлэснийг хариуцагч миний зүгээс үгүйсгээгүй бөгөөд Б.Б бид 2 анх тохирохдоо төмөр замыг худалдан авахад оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлагаа үүрнэ гэж тохирсон бөгөөд мэдээжээр бизнесийн “алтан зарчим” болсон оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг алдагдлаа хуваана гэсэн нийтлэг зарчмыг шүүх үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна”, 478.12-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хооронд хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэсэн заалтыг хэрэглэх нь шударга болох байсан.

3. Хэргийн оролцогчид 2007 оны 09 дүгээр сард “Т” ХХК-ийг байгуулсан бөгөөд компаний хувьцааг 50:50 хувиар эзэмшихээр гэрээ дүрмэндээ тусгасан боловч хэрэг маргаан бүхий төмөр замын хэдэн хувь нь тус компаний эзэмшилд шилжсэн эсэх, энэхүү хөрөнгө нь компаний бүртгэлд байдаг эсэхийг шүүх тодруулах байсан боловч ийм ажиллагааг хийгээгүй нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзнэ. Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэж хариуцагч миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойг, эргэлзээгүй, талаас үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Т” ХХК, иргэн Ж.Ч нарт холбогдуулан Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувь буюу 46.5 км замын өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Ж.Ч уг төмөр замыг худалдан авахад 318 890 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг, мөн оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72.5 хувь буюу 67.4 км замын өмчлөгч болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд Ц.Э  “Бүрхээст хайрхан”ХХК-ийн 100 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох, “Т” ХХК, “Бүрхээст хайрхан” ХХК-иудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт найруулга, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Б, Ж.Ч нар нь зарж борлуулан ашиг олох зорилгоор Төрийн өмчийн хорооноос худалдаж буй 93 км төмөр замыг 440 000 000 төгрөгөөр худалдан авч, Б.Б-ийнэзэмшлийн “Б” ХХК-ийн өмчлөлд 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэгдсэн байна.

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч хамтран ажиллахаар харилцан тохиролцсон талаар маргаагүй тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь үндэслэл бүхий болжээ.

Дорнод аймгийн “Чингисийн далан” өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг өмчлөх эрх Худалдах-худалдан авах гэрээгээр “Бүрхээст хайрхан” ХХК-иас “Т” ХХК-ийн өмчлөлд шилжсэн гэх боловч “Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн баримт хэрэгт авагдаагүй тул төмөр замыг “Т” ХХК-ийн хөрөнгө гэж дүгнэх боломжгүй бөгөөд харин Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3.-т зааснаар хамтран ажиллах гэрээний талуудын дундаа өмчлөх хөрөнгө гэж үзэв.

Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх “Т” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авахаар Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.5., 478 дугаар зүйлийн 478.1. дэх заалтуудаар зохицуулжээ.

Хариуцагч Ж.Ч дундын өмчийг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүй захиран зарцуулсан үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс гарснаар Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3.-т зааснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар  болж, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4.-т зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна.

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийг талуудад хуваарилах тул нэхэмжлэгч өөрт ногдох хөрөнгөө тодорхойлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

Хариуцагч дундын өмчийн өөрт ногдох хэсгээс захиран зарцуулснаас олсон ашиг, орлогоо хувь тэнцүүлэн хуваарилаагүй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн орлогоос ногдох хувийг гаргуулахаар шаардаагүй тул хамтран өмчлөх дундын хөрөнгийн үлдэх хэсгийг бус хамтран өмчлөх дундын хөрөнгөөс нэхэмжлэгчид ногдох хөрөнгийг тогтоох нь зүйтэй.

Талууд хамтран ажиллах гэрээнд оруулсан хураамжийн хэмжээний талаар маргаж, өөр өөрийнхөөрөө тайлбарлах боловч хураамжийн талаар харилцан тохиролцсон баримтгүй тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1.-д зааснаар талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2.-т “хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж тодорхойлсон байх тул өөрийн оруулсан хөдөлмөрийг үнэлж хураамжийн хэмжээг тодорхойлсон нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх, мөн хамтран өмчлөх хөрөнгөд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хураамжийн хэмжээг тодорхойлж байгаа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэх боломжгүй юм.

Талууд Хамтран өмчлөх хөрөнгөд оруулсан хураамжийн хэмжээг хэрхэн тодорхойлсноо баримтаар нотлоогүй тул тэдний оруулсан хураамжийн хэмжээг хуулиар зохицуулах нь зүйтэй.

“...дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй...” гэж Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1. дэх хэсэгт зохицуулсан тул хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 93 км төмөр замыг нэхэмжлэгч, хариуцагч нар тус бүр тэнцүү хэмжээтэй буюу тус тус 46.5 км-ээр өмчлөх эрхтэй  байна, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ж.Чийн хамтын үйл ажиллагаанд 318 890 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, төмөр замын  72.5 хувь буюу 67.5 км төмөр замыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

Хамтран өмчлөх дундын хөрөнгийг бий болгоход 318 890 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох шаардлага нь дундын хөрөнгө болох 93 км төмөр замын 72.5 хувь буюу 67.5 км-ийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэх тул шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй гэх хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э-ийн нэхэмжлэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх заалтыг зөрчөөгүй байх тул нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлсэнгүй гэх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй гэж үзэв.

Зохигчид улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг төлсөн байсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсноос нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан байх бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ дутуу төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр алдааг засч шийдвэрлэсэн, дээрх зөрчил нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд хариуцагч Ж.Ч, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний талаар нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1440 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “108.1.” гэсний дараа “487 дугаар зүйлийн 487.1.” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533 890 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 360 000 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД