Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-03
Дугаар 001/ХТ2017/01352
Хэргийн индекс 138/2015/00689/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч “Т” ХХК
Хариуцагч “С” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00451 дүгээр шийдвэр

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 201/МА2017/00024 дүгээр магадлалтай

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“С” ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн биелэлт 143 000 000 төгрөг, алданги 71 500 000 төгрөг, нийт 214 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн 120 айлын орон сууцны засварт гарсан зардлын 180 019 036 төгрөгийг хувь тэнцүүгээр тооцон 90 009 518 төгрөг, алданги 45 004 759 төгрөг, нийт 135 014 277 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дэлгэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболд нарын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, Р.Г, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ө нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: би тус компанид инженерээр ажилладаг. Миний хувьд “Т”  ХХК-ийг төлөөлөн “С”  ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан 120 айлын хоёр орон сууц барихаар тохиролцож угсралтын ажлыг манай тал хийж, дотоод засал чимэглэлийг “С”  ХХК хийхээр гэрээгээр тохиролцсон. Хуучин хоёр барилга буулгах ажлыг манайх гүйцэтгэсэн. Хоёр барилга нь 10 орцтой 5 давхар байшин байсан. Бид дөрвөн орцтой 60 айлын хоёр орон сууцыг угсрах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан. Энэ гэрээндээ ашгаа 50:50 хувиар хувааж авахаар тохирсон. Эхний барилга ашиглалтанд орсны дараа тохиролцоо хийж уулзалт протокол хийхэд ашиг өгөхийг эдний тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Нэг барилга 3.6 тэрбум төгрөг болсны ашиг 1.9 сая төгрөгөөр ярьсан. Гэвч эдний компани санхүүгийн хүндрэлтэй байна, НӨТ төлнө гэхээр нь ашгаа манайх 1.7 сая төгрөгөөр тохирсон. Бид 2010 онд Дорноговь аймагт энд барьж байгаа барилгатай ижил барилга буулган орон сууц бариад 1 мкв-ыг 350 000 төгрөгөөр өгөхөд адил хэмжээний ашиг гарч байсан. Тэр үед Шивээ-Овоо сумаас байшингаа буулгаж 250 км-т зөөвөрлөж байхад ийм хэмжээний ашигтай байсан. Тухайн үед буулгасан барилгын хоёр орц, нэг суурь үлдсэн боловч байхгүй болсон. “С”  ХХК-иас яасан талаар асуухад тэд дээрх барилга барихад оруулсан гэсэн. Үүнийг нэхэмжлээгүй байгаа. Зөвхөн тохиролцсон ёсоор 700 000 000 төгрөгийн ашгаас “С”  ХХК нь 560 000 000 төгрөг шилжүүлсэн байгаа одоо үлдэгдэл 143 000 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй алданги 71 500 000 төгрөг нийт 214 500 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Бид “С”  компаний захирал Д.Дэлгэрмаатай удаа дараагийн уулзалт хийж ашгаа төлөх талаар уулзалт протокол хөтөлсөн байгаа. “С”  ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 4.2 нь барилга угсралтын ажлын явцад гарах эрсдлийг заасан байгаа. Нэхэмжлээд байгаа шаардлага нь барилга барих явцад биш барилга ашиглалтанд орсны дараа нь гарсан эрсдэл учир манай компани хариуцахгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. “С”  ХХК нь удаа дараагийн уулзалт-протоколоор ашиг 700 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч баталгаа гаргаж байсан. Гэрээний 1.3-т зааснаар манай компани нь “Чойбалсан хотын төвд 2 ширхэг 60 айлын орон сууцны барилгыг 2010 оны 05 сард угсарч бэлэн болгоно. Барилга угсралтын ажилд шаардагдах цамхагт краныг тээвэрлэн суурилуулах ажлыг хариуцна” гэсний дагуу дээрх ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Манай компани угсралтын ажиллагааны явцад гарсан алдагдлыг хариуцахаар гэрээнд заасан. Харин ашиглалтын явцад үүссэн эрсдлийг гэрээнд заагаагүй учир хариуцахгүй, хамаагүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай хоёр компани Хамтран ажиллах тухай гэрээ байгуулан 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийж барилгын ажил гүйцэтгэхээр тохиролцож барилгын ашгийг адил хэмжээгээр хувааж авахаар тохирсон юм. “С”  ХХК-ийн өмч болох Хэрлэн сумын 1-р багт байрлах хуучин Орос цэргийн ангийн барилга болох 5 давхар угсармал барилга, түүнчлэн “Т”  ХХК өмч болон мөн багт байрлах 5 давхар угсармал барилгыг буулгаж улмаар Хэрлэн сумын 6-р багт байрлах манай компаний эзэмшлийн газарт 60 айлын хоёр орон сууцыг барихаар гэрээ байгуулсан юм. Дээрх хоёр угсармал барилгын буулгах ажлыг “Т”  ХХК хариуцаж буулгасан, хавтгайлжийг тээвэрлэх ажлыг манай компани хариуцан ажилласан. Чойбалсан хотод баригдах 120 айлын орон сууцны барилгын хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр барихаар гэрээнд заасан боловч “Т”  ХХК нь тус барилгын ажилд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Манай компани нь 120 айлын орон сууц барих ажилд нийт 2 380 829 326 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс борлуулалтын орлого 3 581 445 020 төгрөг үүнээс хөрөнгө оруулалт 2 380 829 326 төгрөгийг хасч цэвэр ашиг 1 200 615 694 төгрөг болсон. Уг цэвэр ашгийг гэрээний дагуу хоёр хуваахад нэг компанид 600 307 847 төгрөг болсон. Манай компани нийт 18 удаагийн шилжүүлгээр 645 000 000 төгрөгийг “Т” ХХК-ийндансанд шилжүүлж, барилгын ажилд хяналтын ажил гүйцэтгэсэн барилгын инженерийн ажлын хөлсөнд 15 000 000 төгрөг бэлэн олгож нийт 660 000 000 төгрөгийг тус компанид ашигт тооцон өгсөн. Тус барилга барих ажиллагаанд “Т”  ХХК нь таван хүн ажиллуулна гэсэн боловч хоёр хүн л байж байгаад явсан. Энэ барилгыг барихад манай компаний 90 гаруй ажилтан, ажилчид ажилласан. “Т”  ХХК нь ашгаа хийсвэр тоогоор тооцож 700 000 000 төгрөгийн ашиг нэхээд байгаа болохоос өөрсдөө уг барилгыг барихад оролцоогүй. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг барилгын дээврийг төмрөөр хийгдэх зураг төсөвтэй байсан боловч “Т” ХХК-ийнинженер техникийн ажилтан нь зардал өндөр гарна гэж орчин үеийн шинэ технологи ашиглаж хийнэ бид мэргэшсэн гэсний үндсэн дээр барилгын хавтгай дээвэрт нь хар цаас наалгүйгээр уур тусгаарлагч материал ашиглаж дээврийг хийсэн. Гэтэл ашиглалтанд ороод нэг жил болоогүй л ус гоожсон, мөн барилгын суурийг буруу алдаж гүн хийснээс болж байрны орцонд их хэмжээний ус орж барилга суулт өгч хагарч эхэлсэн. Энэ бүгдийг манай компани дахин зардал гаргаж засварласан. Барилгын тухай хуулийн дагуу чанарын баталгаа 3 жил байхаар заасны дагуу бид хариуцсан. Иймд энэ ажилд гарсан зардал, тохижилт үйлчилгээнд зарцуулсан нийт зардлыг тооцоод 180 019 036 төгрөг гарсны 50 хувь 90 009 518 төгрөгийг гэрээний дагуу “Т”  ХХК төлөх ёстой. Гэтэл төлөхгүй байгаа учир гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж алданги 45 004 759 төгрөгийг нэхэмжилж байна. Иймээс тус компаниас нийт 135 014 277 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00451 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11-д тус тус заасныг баримтлан “Т”  ХХК-иас 90 009 518 төгрөгийг гаргуулан “С”  ХХК-д олгож, “Т” ХХК-ийннэхэмжлэлийн шаардлага 214 500 000 төгрөгийг бүхэлд нь, “С”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 45 004 759 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 138/ШЗ2016/03354 дугаартай “Хүсэлт хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1492 тоот Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 388 400 төгрөгийг, “С”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833 021 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Т”  ХХК-иас 607 998 төгрөгийг гаргуулж “С”  ХХК-д олгож, “Т” ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157 950 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 201/МА2017/00024 дүгээр магадлалаар нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00451 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “ Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар “С”  ХХК-иас 143 000 000 төгрөгийг гаргуулж, “Тулга констракшн“ ХХК-д олгож, нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 71 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “С”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 135 014 277 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай “ гэж , 3 дахь заалтын “ ... 833 021 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,” гэсний дараа “ “С”  ХХК-иас 872 950 төгрөгийг гаргуулж “Тулга констракшн“ ХХК-д олгож, “Тулга констракшн“ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157 950 төгрөгийг улсын орлогын данснаас буцаан олгосугай “ гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дэлгэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболдоос хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалаар “Т” ХХК-ийндавж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж “С”  ХХК-иас 143 000 000 төгрөгийг гаргуулж “Т”  ХХК-д олгож нэхэмжлэлээс 71 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож “С”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 135 014 277 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

1. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхэд хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь бодитойгоор харьцуулан эргэлзээгүй талаас нь үнэлэх, мөн анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг үнэлэхгүй байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь заалтуудыг зөрчсөн. Магадлалд “Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч тал 700 сая төгрөгийн ашиг авахыг хийсвэрээр тооцсон” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй /хариуцагч талын шүүхэд гаргасан нотлох баримтууд шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй/ байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Тухайлбал, 2012 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн уулзалтын протоколд “Т” ХХК-ийнзахирал Г.Доржмягмар хэлэхдээ “манай компани энэ 2 барилгатай яг ижил барилгуудыг Дорнодод 2008 онд, Дорноговь аймагт 2010 онд мөн 2011 онд 65 айлын орон сууц ашиглалтанд оруулаад байгаа билээ. Эдгээр барилгууд маань 1 барилга 650 сая төгрөгийн зардлаар босч байсан. Тэгэхээр бидний тооцоогоор 2 барилгын нийт зардал 1 тэрбум 300 сая төгрөг болно гэж тооцож байсан боловч танай баримтыг үндэслэн 850 төгрөгөөр тооцлоо. Ингэхэд 2 барилгын борлуулалтын орлого 3.6 тэрбум болох бөгөөд зардал 1.7 тэрбум /хамгийн их зардлаар бодвол/ цэвэр ашиг нь 1.9 тэрбум буюу компани тус бүрд 950 сая төгрөгийн ашиг ноогдох тооцоо гарч байна” гэжээ. Талуудын энэ уулзалтаар ашгийг тооцсон санхүүгийн баримт материал байхгүй өмнөх барьсан гэх барилгын жишиг үнэ ашгаар тооцсон нотлох баримтыг огт үнэлээгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 14- ны өдрийн 039 тоот шинжээчийн дүгнэлтэд “Хас банкны 5000158805 тоот дансаар 543 949 100 төгрөг, Хас банкны 5000395074 тоот данс 2 163 854 801 төгрөг дээрх дансуудаар орж ирсэн орлого 2 707 803 901 төгрөг болж байна. Кассаар орж ирсэн борлуулалтын орлого 7 165 530.15 төгрөг байна. “Т”  ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16/66 тоот хөрөнгө оруулалтын тухай албан бичгийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд уг бичигт хөрөнгө оруулалтын нийт хэмжээ НӨАТ-ыг оруулаад 2 276 742 632 төгрөг гэж тооцсон боловч энэ нь “С”  ХХК-иас ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдохгүй байна. “Т”  ХХК нь санхүүгийн анхан шатны баримтуудыг ирүүлээгүй болно” гэжээ. Анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00451 шийдвэрт нэхэмжлэгч “Т”  ХХК нь 120 айлын орон сууц барихад тус компаниас хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн, тухайн хамтын ажиллагаанаас хэдэн төгрөгийн ашиг олсон, ашгаа хэрхэн тооцож 700 сая төгрөг авах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох баримтаар нотлож чадаагүй гэх нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх үнэлсэнгүй. Үүнээс үзвэл “С”  ХХК-ийн болон “Т” ХХК-ийнгаргаж өгсөн гэх санхүүгийн баримтаар /”Тулга констракшн”ХХК санхүүгийн баримт гаргаж өгөөгүй/ баригдсан 2 барилгын борлуулалтын орлого, хуваарилагдах ашгийн тооцоо 700 сая төгрөг болсон гэдгийг нотлох баримт хэрэгт огт байхгүй байгаа тул ашгаа хийсвэрээр тооцсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Тэгээд ч хуваарилагдах ашгийг 700 сая төгрөг гэдгийг нотолсон ямар нотлох баримт хэрэгт байгаа юм бэ? Зөвхөн талууд ашгаа хийсвэрээр 700 сая гэж ярилцсан ярилцлага л байдаг. Уг 700 сая төгрөгийн ашиг олох тооцоо нь зах зээлийнхээ жам ёсоор өөрчлөгдсөн болохыг үгүйсгэх аргагүй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй хэт нэг талыг барьж цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай бүх талаас нь үнэн зөв бодитой үнэлж чадсангүй.

2. Давж заалдах шатны шүүх үндэслэх хэсэгтээ “... нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Доржмягмарын “С”  ХХК-иас манай компанид шилжүүлсэн 660 000 000 төгрөгийн 100 сая төгрөгийг өөрийн оруулсан хөрөнгийн үйл ажиллагааны зардал гэж авсан юм. Одоо 143 сая төгрөгийн үлдэгдлийг “С”  ХХК төлөөгүй байгаа гэсэн тайлбар, нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна” гэжээ. Хэрэгт нэхэмжлэгч талаас оруулсан хөрөнгө, үйл ажиллагааны зардлуудын талаархи санхүүгийн болон бусад нотлох баримтыг ирүүлээгүй, шинжээч нарт гаргаж өгөөгүй бөгөөд бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтээр нотлогдож тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх 100 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан гэж үзсэн нь нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх зөрчиж 100 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан гэдэг тайлбар болох нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг буюу өөр ямар нотлох баримтаар уг тайлбар нь нотлогдож байгааг зааж өгөөгүй болно.

3. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч “С”  ХХК-ийн ажлын доголдлын улмаас гарсан зардал байх тул тухайн компани уг зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, улмаар хэрэглэх хуулийг хэрэглэлгүй хууль зөрчсөн байна. Учир нь Хамтран ажиллах гэрээний 1.2-т “А” тал буюу “Т”  ХХК нь өөрийн хөрөнгөөр Чойбалсан хотод баригдах 120 айлын орон сууцны барилгыг барихдаа угсармал хавтгаалжин хавтангаар угсарч бэлэн болгоно гэжээ. Уг барилга угсралтын явцаас болж нэг барилгын суурь буруу тавигдсаны улмаас 1 жилийн дараа барилгын орцонд их хэмжээний ус орж ирдэг, барилгын дээврээс ус гоожиж ханаар нь нэвчиж орж байгаа нь барилгыг хавтгаалжин хавтангаар угсрахдаа чанаргүй хийсэнтэй холбоотой бөгөөд оршин суугчдаас дараах гомдлуудыг манай компанид удаа дараа гаргаж байсан. Үүнд: таазнаас ус гоожсон; блоконоор ус ордог; дээврээс ус гоожиж ханаар нэвчиж орж ирдэг; барилгын орцонд их хэмжээний ус орж ирдэг; хүүхэд тоглох тоглоомын талбай, оршин суугчид амарч суух сандал, саравчтай болох гэм мэт. Дээрх гомдол саналаас харвал ихэнх гомдол барилгын угсралтын чанарын доголдолтой холбоотой байх бөгөөд оршин суугчид орон нутгийн компанийн хувьд манай компанид гомдол саналаа гаргаж өгсөн байдаг. /анхан шатны шүүхэд оршин суугчдаас ирүүлсэн гомдлыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно/ Мөн түүнчлэн 120 айлын орон сууцны дээврийн ажлыг “Т” ХХК нь шинэ технологиор хийнэ, шувуу оройтой дээвэр хийхэд зардал их гарна гэснээр барилгын хавтгай дээвэрт хар цаас наалгүйгээр уур тусгаарлагч материал ашиглан дээврийн ажлыг хийж гүйцэтгэснээс орон сууцны дээврээс ус гоожсоныг эрсдэл гэж үзэхээс өөр ажлын доголдол гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл “Тулга констаракшн”ХХК нь шинэ технологи туршиж үзсэн бөгөөд үүнээс гарах эрсдлийг өөрөө хариуцах үүрэгтэй. Мөн хамтран ажиллах гэрээний 4.1-д “барилга угсралт засварын явцад гарч болох эрсдлийг хувь тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна” гэж заасан барилгын угсралт, засварын явцад гарч болох эрсдлийг 2 компани адил тэнцүү хариуцах үүрэгтэй. Иймд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар “энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтэц, цэвэр бохир ус уур хий дулаан цахилгаан харилцаа холбооны тоног төхөөрөмж тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа 3-с доошгүй жил байна” гэсэн хуулийн заалтыг давж заалдах шатны шүүх хэрэглэлгүй хууль зөрчжээ. Мөн “Т” ХХК-ийн захирал Г.Доржмягмарын барилгын дээврийг шинэ технологиор хийсэн эрсдэлээ өөрөө хүлээнэ гэж давж заалдах шатны шүүх хуралд өгсөн тайлбарыг үнэлсэнгүй. Хамтран ажиллах гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ талууд тэгш эрхийн зарчмын хүрээнд адил тэнцүү хүлээж эрсдэлээ тооцон үүргээ биелүүлэх хариуцлага хүлээхээр тусгагдсаныг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй улмаар нэхэмжлэгчээс гаргаж байгаа тайлбарыг хөтлөж асуусан нь шүүгчид итгэх итгэлийг алдруулж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх үнэн зөв бодитой шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4. Талууд 2010 онд хамтран ажиллах болон барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан байна. Иргэний хуулийн 343, 476 дугаар зүйлийг үндэслэн гэрээг тус тус байгуулсан боловч “Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг биелүүлээгүй нөхцөлүүд тогтоогдож байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Тухайлбал: Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр “Т” ХХК нь захиалагч тал болсон бөгөөд гэрээний 3.2-д заасан барилгын ажилд гарсан зардлыг сар болгон тооцож 50 хувиар зардлаа хувааж гаргана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй бөгөөд орос цэргийн ангийн албан хаагчдын орон сууцнаас үлдсэн барилгыг хэдэн төгрөгийн зардлаар буулгаж, зөөвөрлөн угсарч бэлэн болгох барилгын ажилд хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт санхүүжилт хийсэн болох үйл ажиллагааны зардлын тооцоо зэрэг санхүүгийн баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хэргийг үнэн зөв эргэлзээгүй бодитой шийдвэрлэх боломжгүй болгожээ. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа шинжээч нарыг шүүхэд дуудан ирүүлж эрх үүргийг нь хэн хэзээ тайлбарлаж өгсөн эсэх нь эргэлзээтэй, “С”  ХХК-ийн захирал Д.Дэлгэрмаа болон өмгөөлөгч нарт шинжээчийн нэрсийг танилцуулаагүй, шинжээчийг татгалзан гаргах эрхийг эдлүүлэлгүй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

5. Дээр дурдсан Дорноговь аймагт баригдсан барилга угсралтын ажлын зардалтай тус 120 айлын орон сууцны барилга угсралтын ажлын зардлыг хариуцуулж хийсвэрээр ашиг тооцож байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд БНХАУ-ын Эрээн хот нь Дорноговь аймагтай хил залгаа байдаг учир тээвэр, бензин түлшний зардал бага гарна, харин манай Дорнод аймгийн хувьд БНХАУ-ын Эрээн хотоос 650 км-ийн зайтай байдаг учир тээврийн хөлс, бензин түлш гэх мэт зардал илүү өндөр гарах нь ойлгомжтой. “Т” ХХК-ийн Дорноговь аймагт барьсан барилгад хийгдсэн ажлууд нь манай 120 айлын барилга угсралтын ажлаас өөр хийгдсэн байдаг. Тухайлбал: “Т” ХХК-ийн Дорноговь аймагт баригдсан барилгын тагт нь төмөр сараалж, шатны марш нь өөрийнх нь угсармал шат хийгдсэн, тагтны вакуум хаалт байхгүй, харин манай “С” ХХК нь 65-р байрны бүх шатны маршийг цутгаж хийсэн, 64, 65-р байрны гадна тагтанд тоосгоор өрлөг хийсэн, тагтанд вакум хаалт хийсэн, гадна хананд дулаалга хийж өгсөн зэрэг ажлуудыг илүү хийж өгсөн. Мөн тус 120 айлын орон сууцны барилгыг барихад зориулж манай компани Хас банк, иргэн А.Амартуяа нараас хүүтэй мөнгө зээлж барилгын ажлыг гүйцэтгэж байсан. Манай компани Хас банкны зээлийн хүүнд нь 187 304 252 төгрөг, иргэн А.Амартуяагаас сарын 5 хувийн хүүтэй зээл авч зээлийн хүүнд 11 233 333 төгрөг, нийт 198 537 585 төгрөгийг зөвхөн зээлийн хүүнд төлсөн нь санхүүгийн анхан шатны баримтуудаас харагддаг.

6. Мөн 64, 65 дугаар байр өвөл ашиглалтанд орсон, орон сууцанд орохоор захиалга өгсөн иргэдийн зээл удаашралтай байсан зэргээс шалтгаалан халаалт, цахилгааны төлбөрийг манай компани төлж байсан нь тухайн барилгын хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлуудыг манай компани дангаар хариуцаж байсныг харуулж байгаа юм. Харин бэлэн болсон хоёр барилгаас зөвхөн ашиг нэхэж увайгүй аашилж байгаа нь “Т” ХХК-ийн зөв гэж үзэн хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэр гаргаж байгаад нь давж заалдах шатны шүүхэд гомдолтой байна. Уг 120 айлын орон сууцны барилгын нэг барилга нь “Т” ХХК-ийн өмч, нөгөө барилга нь манай “С” ХХК-ийн өмч бөгөөд “С” ХХК-ийн ерөнхий менежер Д.Эрдэнэбаатарын эзэмшлийн газарт баригдсан болохыг дурьдах нь зүйтэй байх.

7. Дээр дурдсан “Т” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16/66 тоот хөрөнгө оруулалтын тухай албан бичигт хөрөнгө оруулалтын талаар бичсэн худал тайлбаруудаас ганцхан жишээ дурдвал “... Орон сууцны барилгыг буулгаж угсралт хийхэд манай компани өөрийн краныг Улаанбаатар хотоос зөөвөрлөн аваачиж буулгалт угсралт хоёр талд кран байрлуулан аймгийн төв Чойбалсан хот руу зөөвөрлөн угсарч бэлэн болгосон” гэсэн нь илт худал тайлбар болохыг 2012 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн уулзалтын протколд “Т” ХХК захирал Доржмягмар Гансүх краны түрээс нэхэж байгаа” гэснээр нотлогдож байгаа бөгөөд тус кран нь Дорнод аймгийн “Эйч Жи Эй”ХХК-ийн хашаанд хураалгаатай байсан, тус краныг манаж байсан манаач М.Оюунтөмөрийн цалинд манай компани 500 000 төгрөг өгч бусад зардлуудыг гаргаж байж Дорнод аймаг, Хэрлэн сум 1-р баг 28-руу зөөвөрлөж угсарч босгосон юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээс харвал давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв талаас нь бодитой үнэлээгүй мөн мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т тус тус заасны дагуу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Т”  ХХК нь хариуцагч “С”  ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 143 000 000 төгрөгийг алданги 71 500 000 төгрөгийн хамт, нийт 214 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 135 014 277 төгрөгийн нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 90 009 518 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 143 000 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт авагдсан баримтыг “...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх...” журмыг зөрчсөнөөс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

“Т”  ХХК нь “С”  ХХК-д холбогдуулан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу авах ашгийн үлдэгдэл 143 000 000 төгрөгийг  хугацаандаа өгөөгүйн алданги 71 500 000 төгрөгийн хамт нийт 214 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2010/01 дугаартай “Хамтран ажиллах тухай” гэрээ байгуулж, тус гэрээгээр А тал буюу “Т”  ХХК нь өөрийн хөрөнгөөр Чойбалсан хотод баригдах 120 айлын орон сууцны барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, Б тал буюу “С”  ХХК бэлэн болсон 60 айлын 2 орон сууцны засал чимэглэлийг гүйцэтгэж, барилгыг ашиглалтад оруулах үүрэг тус тус хүлээж, борлуулалтын орлогоос олсон ашгийг 50:50 хувиар хуваарилахаар харилцан тохиролцсон байна.

Гэрээний дагуу барилга баригдаж, ашиглалтад орсон, талууд хамтарсан уулзалтаар ашгаа тодорхойлж, “Т”  ХХК-д ногдох 700 000 000 төгрөгийн ашгаас 143 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар 2012 оны 02 дугаар сарын 24, 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд харилцан ярилцаж, тэмдэглэл үйлдэж, зохигчдын төлөөлөгч гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Мөн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар “С”  ХХК нь “Т”  ХХК-д 143 сая төгрөгийн үлдэгдэлтэй талаар хоёр компанийн нягтлан бодогч нар тодорхойлж, санхүүгийн тэмдгээ даржээ.

Анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэл бүхий үнэлэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан тайлбар, үндэслэлээ нотлоогүй тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8.-д зааснаар Хамтран ажиллах гэрээний ашгийн үлдэгдэл 143 сая төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

Зохигчид гэрээнд алданги төлөхөөр бичгээр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар  зүйлийн 232.3-т зааснаар алданги нэхэмжлэх эрхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч “С”  ХХК нь “Т”  ХХК-д холбогдуулан орон сууцны барилгад дахин засвар хийхэд гарсан зардлын 50% болох 90 009 518 төгрөгийг алдангийн хамт нийт 135 014 277 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Барилгын тухай хуулийн 14.3.-т “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна.”, 14.6.-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.”, 14.7.-д “Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хамтран барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн 120 айлын орон сууцны барилга ашиглалтад ороод нэг жил болоогүй дээвэр дээрээс борооны ус орж, оршин суугчдын таазнаас ус гоожиж, ханаар ус нэвчиж, барилгын суурийг буруу алдаж, гүн хийснээс байрны орцонд ус орж, барилга суулт өгч, хагарч эхэлсэн тул “С”  ХХК барилгын дээврийг засаж шувуун оройтой болгох, ус зайлуулах суваг шинээр хийх, орон сууцны гадна талын тохижилт хийх зэрэг ажилд зардал гаргаж засварласан нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11.-д зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах үүрэгтэй.

Барилгын засварын зардлыг “С”  ХХК бүрэн хариуцаж хийсэн тул тул засвар, засан сайжруулалтад гарсан зардлын 50% болох 90 009 518 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй, харин гэрээгээр тохиролцоогүй тул алдангийг шаардах эрхгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 90 009 518 төгрөгийг хангах үндэстэй  байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 201/МА2017/00024 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00451 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 478 дугаар зүйлийн 478.8., 478.11., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч “С”  ХХК-иас 143 000 000 төгрөгийг гаргуулан “Т”  ХХК-д, “Т”  ХХК-иас 90 009 518 төгрөгийг гаргуулан “С”  ХХК-д тус тус олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын “...хэвээр үлдээж” гэсний дараа “Сүхжин ХХК-иас 872 950 төгрөгийг гаргуулан “Т”  ХХК-д олгож,” гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 480 921 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД