Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-13
Дугаар 001/ХТ2017/01353
Хэргийн индекс 101/2016/08666/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч Ж.Н
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01116 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1349 дүгээр магадлалтай

Б.Б-ын нэхэмжлэлтэй

Ж.Н-д холбогдох

Худалдах-худалдах авах гэрээний үүрэгт 67 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ө нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Нямдоржтой 2015 оны 09 дүгээр сард түүний хүсэлтээр Тоёота тундра маркийн автомашиныг 45 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож түүний компани “Девелопмент брэйн” ХХК-ийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлсэн, үүнээс хойш төлбөр хийгдээгүй байсаар 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөр хийгдээгүй тул үндсэн төлбөр 45 000 000 төгрөг уг гэрээний 5 дугаар зүйлд заагдсаны дагуу алданги 22 500 000 төгрөг, нийт 67 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын үед 2 500 ам долларыг гэрээ байгуулалгүйгээр Б.Б-т сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байсан ба Б.Б мөнгөний боломжгүй гээд надад нэг удаа хүү төлснөөс өөрөөр төлбөрөө төлөөгүй явж байсан. Тухайн үед манай “Девелопмент брэйн” ХХК тусгай зөвшөөрөл авах гэж хөөцөлдөж байсан учраас 9331 УНЯ дугаартай Тоёота тундра маркийн машиныг түр өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Б.Б миний өрийг төлж чадахгүй бас өөр газарт өглөгтэй гээд машинаа зарах гэж байгаагаа надад хэлж байсан. Энэ үед миний танил Г.Төгөлдөр машин худалдан авах гэж байгаа гэсэн. Тэр хоёрыг хооронд нь уулзуулсан. Би Г.Төгөлдөрийг таньж мэдэхгүй таныг таньдаг учраас тантай гэрээ байгуулна, Г.Төгөлдөр ч гэсэн би машиныг чинь 45 000 000 төгрөгөөр авъя гэсэн учраас төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр машиныг жинхэнэ худалдаж авсан хүн болох Г.Төгөлдөрт 9331 УНЯ дугаартай Тоёота тундра маркийн автомашиныг нь шилжүүлж өгсөн. Би хэдийгээр машиныг нь худалдаж аваагүй ч гэсэн Б.Б-ыг таних найз нөхөд учраас мөнгө төгрөгийг нь гаргаад өгчихье гэсэн үүднээс Г.Төгөлдөрийн араас хөөцөлдөж машины үнэ болох 45 000 000 төгрөгийг нэхэн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гомдол өгсөн ба тус хэлтсийн хошууч н.Энхбат уг хэргийн мөрдөн байцаах ажиллагааг хийж байгаа. Хариуцагч нь Г.Төгөлдөр тул уг хүнээс машиныхаа мөнгийг нэхэж авах нь зүйд нийцнэ гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01116 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н-оос 67 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Нямдоржоос 495 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 495 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1349 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 495 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшингээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Учир нь:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох УНЯ 9331 дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагддаг. Автомашины өмчлөл нь улсын бүртгэлд үндэслэдэг учир Ж.Нямдоржид машины өмчлөл хэзээ ч шилжиж байгаагүй нь авто тээврийн хэрэгслийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байхад нэхэмжлэгч гэрээний зүйлийг Ж.Н-ийнөмчлөлд шилжүүлсэн учир Ж.Нмашины үнийг төлөх ёстой гэж дүгнэсэн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гэж үзэж байна. Хөдлөх эд хөрөнгийн өмчлөл хэдийд шилжих талаар Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжсэнээр өмчлөх эрх үүсэх” тухай зохицуулсан ч авто машины тухайд өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэгддэг учир Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 болон 3.5 дахь хэсэгт заасны дагуу хууль тогтоомжууд хоорондоо зөрчилтэй бол илүү нарийвчлан зохицуулсан хууль буюу Засгийн газрын хуульд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэнэ” гэж заасныг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна.

Авто тээврийн хэрэгслийн эзэмшил өмчлөлийн эрх хэдийд шилжих талаар нарийвчлан зохицуулсан хууль тогтоомж болох Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна” гэж заасан ба МУ-ын нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчлөлийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дугаар тушаалаар батлагдсан журмаар нарийвчлан зохицуулсан. Уг журмын 3 дугаар зүйлийн дэх хэсэгт “авто тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь авто тээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн” бол өмчлөлийн шилжилт хөдөлгөөний өмчлөгч нь хоногийн дотор заавал бүртгүүлэх ёстой \мөн журмын 3.2\ гэж зохицуулсан. Үүнээс гадна маргааны зүйл болох УНЯ 9331 дугаартай автомашины талаар талуудын хооронд хийгдсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дараах байдлаар тогтоогддог. Автомашин өмчлөл нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б.Баас “Девелопмент брэйн” ХХК-д шилжсэн байдаг ба ингэхдээ талуудын хүсэл машиныг худалдах бус “Девелопмент брэйн” ХХК нь тусгай зөвшөөрөл авахад энэ төрлийн машин компанид байх ёстой гэсэн учир Ж.Н-ийн хүсэлтээр түр хугацаагаар зөвшөөрөл гартал шилжүүлсэн болохыг нэхэмжлэгч тал удаа дараа хүлээн зөвшөөрдөг, мөн Б.Бын зүгээс ийнхүү зөвшөөрөх болсон шалтгаан нь энэ хүмүүс хоорондоо найз нөхдийн холбоотойгоос гадна Б.Б нь Ж.Нямдоржоос 5 сая төгрөгийг зээлсэн байсан бөгөөд хүү болон зээлээ төлж чадаагүй байсан гэдгийг мөн талууд хэлдэг. “Девелопмент брэйн” ХХК нь хэзээ ч уг машиныг ашиглаж эзэмшсэн зүйл байдаггүй ба сүүлд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр машиныг Төгөлдөрт зарах хүртэл Б.Бын ажлын газар буюу Гадаад явдлын яамны хашаанд байсан гэдгийг нэхэмжлэгч мөн л хүлээн зөвшөөрдөг. Машины өмчлөл “Девелопмент брэйн” ХХК-ийн нэр бүртгэлтэй байсан ч бодит байдал дээр Б.Бын эзэмшилд Гадаад явдпын яамны хашаанд байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Девелопмент брэйн” ХХК-иас Г.Т-ийн нэр  дээр шилжсэн байдаг ба уг өдөр хийгдсэн төлбөр тооцоо барагдуулах гэрээг нөхөж хийхдээ талуудын хүсэл зориг нь машины жинхэнэ өмчлөгч болох Б.Б нь машинаа Г.Төгөлдөрт зарах сонирхолтой байсан, гэрээнд хэдийгээр Ж.Н-той тооцоо нийлэхээр хийгдсэн ч Төгөлдөрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт би худалдаж авахаар тохиролцож очиж уулзахад Б.Б гуай намайг танихгүй гэсэн учир Ж.Ндээр хийчихье мөнгийг нь би төлөхөөр тохиролцсон гэсэн мэдүүлгээс талуудын жинхэнэ хүсэл зориг харагдаж энэ нь баримтаар нотлогдсон.

Өөрөөр хэлбэл 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл байсан ба энэ талаар бид шүүхийн мэтгэлцээний шатанд удаа дараа тайлбарласан. Мөн Г.Төгөлдөр нь автомашиныг худалдаж авсны дараа барьцаалан зээлдүүлэх газар тавьж 2 сая төгрөг Ж.Нямдоржид өгсөн гэдэг нь худлаа зүйл бөгөөд баримтаар нотлогдоогүй юм. Төлбөр барагдуулах гэрээнд тээврийн хэрэгслийг худалдан авагчийн нэр дээр 2015 оны 9 сард худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн талаар тодорхой заасан ба нотлох баримтаар дээрх огноонд Ж.Н-ийн бус “Девелопмент брэйн” ХХК-ийн нэр дээр шилжсэн нь маш тодорхой байгаа. Иргэн Ж.Нболон “Девелопмент брэйн” ХХК нь тус тусдаа иргэний эрх зүйн субьектүүд бөгөөд Ж.Н-ийнэзэмшил өмчлөлд хэзээ ч шилжиж ирээгүй нь бичгэн баримтаар, мөн машиныг Төгөлдөрт худалдахаар тохиролцсон талуудын шүүхэд гаргасан тайлбаруудаар нотлогдсоор байхад талуудын хүсэл зоригийн жинхэнэ илэрхийлэл буюу агуулгыг буруу тайлбарлан шүүх шийдвэр гаргасан. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс тус тусдаа иргэний эрх зүйн субъект байсаар байтал “Девелопмент брэйн” ХХК-ийн нэр дээр шилжсэн машины төлбөрийг иргэн Ж.Нямдоржоор төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Ж.Н-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 67 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, тус гэрээгээр худалдагч Б.Б Тоёото Тундра маркийн УНЯ 93-31 дугаартай тээврийн хэрэгслийг 2015 оны 09 дүгээр сард худалдан авагч “Девелопмент брэйн” ХХК-ийн захирал Ж.Н-ийн нэр дээр шилжүүлсэнтэй холбогдуулан авто машины төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож, автомашиныг 45 000 000 төгрөгөөр үнэлж, худалдан авагч үнийг 2016 оны 03 дугаар сард багтаан төлж дуусгах, төлбөрийн хугацааг сунгаж болно, хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурсан, гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байна.

Гэрээний зүйл болох автомашин 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б.Баас хариуцагч “Деволопмент брэйн” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г.Төгөлдөрийн эзэмшилд шилжсэн байна /хх-82 дугаар тал/

Хариуцагч Ж.Н нь хариуцагч биш, автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлж аваагүй гэж тайлбарлах боловч автомашин хариуцагчийн эзэмшлийн компанийн нэр дээр бүртгэлтэй байсан, тус компанийн захирал Ж.Н болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийг лавлагаагаар нотлогдсон,  Төлбөр барагдуулах тухай гэрээ “Деволопмент брэйн” ХХК-тай бус тус компанийн захирал Ж.Н-той байгуулагдсан байх тул  тэрээр автомашиныг компанийн эзэмшлээс Г.Т-ийн эзэмшилд шилжүүлсэн нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй .

Түүнчлэн хариуцагч нь Г.Төгөлдөрийг автомашины үнийг төлөөгүй үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, өөрөө хохирогчоор тогтоогдсон талаар шүүх хуралдаанд тайлбарласан байгаагаас үзэхэд Ж.Н нь Б.Б-ын өмнө автомашины үнийг төлөх, Г.Т нь Ж.Н-д автомашины үнийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

Хариуцагч Ж.Н автомашины төлбөрийг төлөөгүй тул шүүх автомашины үнэ 45 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 22 500 000 төгрөг нийт 67 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6. дахь заалтад нийцсэн байх тул “...нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01116 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1349 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 495 450 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД