Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-14
Дугаар 001/ХТ2017/01409
Хэргийн индекс 182/2016/01217/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч А ХХК
Хариуцагч С
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

  “А” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00569 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1320 дугаар магадлалтай

“А” ХК-ийн нэхэмжлэлтэй

С-д холбогдох

“Таван толгой” ХК-ийн 1 905 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дэх “А” ХК-ийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, хохиролд 60 579 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-ын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Н, Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.М нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Сны 2007 оны 183 тоот, 2008 оны 263 тоот хууль бус тогтоолоор “А” ХК-д хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх, хувьцааг шударгаар эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн, үүний улмаас гэм хор учруулсан гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Иймд 1 905 ширхэг хувьцаа буюу “Таван толгой” ХК-ийн нэгж хувьцааг 100 ширхэг болгон задалснаар 190 500 ширхэг хувьцааг С үнэт цаасны арилжаанаас худалдан авч, “А” ХК-ийн үнэт цаасны арилжааны дансанд байршуулахаар өмчлөх эрхийг сэргээлгэх, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолоор 2013 оны ногдол ашгийг 59 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мөн 2013 оны ногдол ашгийг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолоор 200 төгрөгөөр нэмэгдүүлж хуваарилсан. 2014 оны ногдол ашгийг 59 төгрөгөөр тооцохоор 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоолоор шийдвэрлэсэн. Нэмэгдүүлэн олгохоор шийдвэрлэсэн ногдол ашгийг, 2014 оны ногдол ашгийг “А” ХК нь тус тус авах боломжгүй болсон ба мөн 2015 оны Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 8727 тоот шийдвэрт энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох нэмэгдүүлсэн ногдол ашиг, 2014 оны ногдол ашиг нь нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй, энэ хохирлыг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт дурдагдаагүй тул нийт 60 579 000 төгрөгийг Сноос гаргуулахаар, мөн 190 500 ширхэг хувьцаагаа өмчлөх, эзэмших эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дэлгэрүүлж тайлбарлавал, нэхэмжлэлийн 1-р шаардлага буюу 1069 ширхэг хувьцаа /одоо 106 900 ширхэг хувьцааг/ худалдан авч, дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Тус компанийн эрхийг зөрчсөн Сны 183 тоот тогтоол, уг тогтоолыг хүчингүй болгож, тухайн үеийн “Ээрмэл” ХХК-ийн нэрээр эрхийг нь сэргээсэн Сны Хяналтын зөвлөлийн 10 тоот тогтоол, үүнтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд гарсан. Нэхэмжлэлийн энэ шаардлагын 2 дахь хэсгийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь өмнө шүүхээр шийдвэрлүүлсэн шаардлагатай ижил боловч хувьцааны тоо өөр юм. 836 ширхэг буюу хуваасан тоогоор 83 600 ширхэг хувьцаа бөгөөд үүний талаар нэхэмжлэгчийн хувьцааг зөвшөөрөлгүйгээр арилжсан тухай Сны 263 дугаар тогтоол, уг шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд авагдсан. Шүүхээс хувьцааны өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх журамтай гэж дүгнэсэн. Тиймээс бид урьдчилан шийдвэрлүүлэх журмаар С-д гомдол гаргасан бөгөөд тус хорооноос төлбөр мөнгө болон бусад нөхцөл байдлыг дурдаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж хариу өгсөн бөгөөд хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам хангагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 2-р шаардлагын хувьд буюу мөнгөн дүнгийн талаар тайлбарлахад 2013 оны ногдол ашгийг 766 төгрөгөөр хуваарилсан бөгөөд үүнийг өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлүүлсэн. Тийм учраас 2013 онд 59 төгрөг болон 200 төгрөгөөр ногдол ашгаа нэмж хуваарилсан, 2014 оныхыг 59 төгрөгөөр олгох болсон тул нийт 60 579 000 төгрөгийн ногдол ашгаа авч чадахгүй хохирч байна. Энэ талаар ногдол ашгийг хэзээ шийдвэрлэсэн болон хэзээ дансанд хуваарилж олгосон талаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Мэдээлэл хүргүүлэх тухай, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн албан бичиг зэрэг 2 баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагууд нь өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн шаардлагуудтай хамааралгүй, давхцаагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй шууд хамааралтай бүх үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байгаа. Нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тус хорооны 2007 оны 183, 2008 оны 263 тоот тогтоолоор өмчлөх эрх зөрчигдсөн гэж хороонд хандсан байдаг. Уг асуудлыг хороо хүлээн авч гомдлыг нь шийдвэрлэсэн. “Таван Толгой” ХК нь захиалагчийн зөвшөөрөлгүйгээр хувьцаа шилжүүлсэн гээд 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн 23 иргэний хувьцаанд холбогдох хэлцлийг хүчингүй болгож, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг сэргээж өгсөн байдаг. Тухайн 23 иргэний 2 хүн нь болох н.Цогнэмэх, н.Мөнх-Очир гэх иргэд нь 836 ширхэг хувьцааг эзэмшигч нар юм. Эдгээр хувьцаа нь тухай үеийн “Ажнай инвест” зэрэг компаниудаар дамжиж “А” ХК-ийн дансанд шилжиж орсон байдаг. 1 069 болон 836 ширхэг хувьцааг ямар шат дамжлагаар дансанд орсон тухай хариуцагч талаас хариу тайлбартаа дурдаж, хэрэгт хавсаргасан байгаа. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төр өөрийн хөрөнгөөр учруулсан хохирлыг арилгуулах ёстой гэж үзсэн байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь С-д энэхүү асуудлаар хандаж шийдвэрлүүлэх боломж өмнө нь байсан боловч ашиглаагүй нь хариуцагч Сг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм. С нь төсвийн байгууллага бөгөөд хувийн биржийн арилжаагаар арилжаалагдаж буй 1 069 болон 836 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, байршуулах хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй. 1 069 ширхэг хувьцааны хувьд арилжсан нөхцөл байдал адил учраас энэ талаар тайлбарлах шаардлагагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00569 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 106.3., 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хуульд нийцсэн арга, журмаар “А” ХК-ийн, “Таван толгой” ХК-ийн 190 500 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг сэргээхийг С-д даалгаж, хариуцагч байгууллагаас хохиролд 60 579 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.3., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 480 250 төгрөгөөс 531 045 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 1 949 205 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Сноос 531 045 төгрөгийг гаргуулж тус тус “А” ХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1320 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00569 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Сноос 11 239 500 төгрөг гаргуулж “А” ХК-д олгож, С-д холбогдох “Таван толгой” ХК-ийн 1 095 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дэх “А” ХК-ийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээлгэхийг даалгах, хохиролд 49 339 500 төгрөг гаргуулах тухай “А” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “531 045” гэснийг “194 782” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч С нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очироос хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна.

1. “Таван толгой” ХК-ийн 1905 /190500/ ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дэх “А” ХК-ийн дансанд байршуулж өмчлөх эрхийг сэргээхийг даалгах шаардлагын тухайд: хариуцагч төрийн байгууллага нь өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан буюу хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгч компанийн эзэмшил, өмчлөлийн “Таван толгой” ХК дахь хувьцаанд халдаж бусдад шилжүүлсэн болно. Уг шийдвэр, үйл ажиллагаа нь хууль зөрчсөн болохыг захиргааны хэргийн гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг бөгөөд үүнийг дахин нотлох шаардлагагүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүхээс “С нь ...өөрийн хөрөнгөөр хувьцаа худалдан авах, түүнийг бусдын дансанд шилжүүлэх эрх хэмжээг хуулиар олгоогүй” гэх буюу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эрх хуулиар олгогдоогүй хэмээн дүгнэсэн нь илт үндэслэл муутай болсон. Учир нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрх буюу хувьцааны өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Харин захиргааны байгууллагаас үйлчилгээ авахаар, эсхүл С-д хуулиар олгосон бүрэн эрхийнх нь хүрээнд гомдол, хүсэлт шийдвэрлүүлэхээр хандсан иргэн, аж ахуйн нэгжтэй адилтган үзэж болохгүй бөгөөд тухайн захиргааны байгууллага нь бусдад учруулсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд нь сэргээхдээ иргэний эрх зүйн харилцааны дагуу буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.4.2, 26 дугаар зүйлийн 26.3-д “Нийтийн эрх зүйн хуулийн этгээд ... иргэний эрх зүйн харилцаанд бусад оролцогчтой адил тэгш эрхтэй оролцоно” гэж зааснаар арилгах тул нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох хариуцагч байгууллагын өөрийн чиг үүрэг хэрэгжүүлэхтэй холбогдох бүрэн эрхийн зохицуулалтыг харилцан эрх тэгш байх зарчим бүхий хувийн эрх зүйн харилцаанд хамаатуулан хэрэглэсэн нь буруу болсон. Хэрэв давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу хариуцагч байгууллагын бүрэн эрхийн хүрээнд буюу захиргааны журмаар асуудлыг шийдвэрлүүлбэл, нэхэмжлэгч компанийн өмчлөлийн “Таван толгой” ХК-ийн хувьцааг хууль бусаар өөр этгээдэд шилжүүлсэнтэй адил үр дагаварт хүргэх ба харин ч нэхэмжлэгчийн эрхийг сэргээхдээ хариуцагчийг хууль зөрчихийг шаардсан хэрэг болно. Хэдийгээр шүүх хувьцааны ногдол ашгийг шийдвэрлэж буй боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулах нь нэхэмжлэгчийн хувьцаа эзэмших, өмчлөх эрх бодитоор сэргэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьцаанаас ногдол ашиг авахаас бусад эрх болох хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, улмаар санал өгөх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж байгааг давж заалдах шатны шүүх үүнийг анхааралгүй орхигдуулсан.

2. Хохиролд “Таван толгой” ХК-иас 2013, 2014 онд нэгж хувьцаанд хуваарилсан ногдол ашгийн 1905 /190500/ ширхэг хувьцаанд ногдох 60 579 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: нэхэмжлэгчээс хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас зайлшгүй орох ёстой байсан орлогод нийт 60 579 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 2013 онд нэмж хуваарилсан ногдол ашигт 49 339 500 төгрөг, 2014 оны ногдол ашигт 11 239 500 төгрөг тус тус болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 2013 оны ногдол ашгийг өмнө шүүхээр шийдвэрлүүлсэн асуудал хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д заасантай нийцэхгүй байна.

Тодруулбал, “Таван толгой” ХК-иас 2013 оны ногдол ашгийг нийт гурван удаагийн шийдвэрээр хуваарилсан байдаг. Тухайлбал, а) 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02-р тогтоолоор нэгж хувьцаанд ногдох дүнг 766 төгрөгөөр, б) 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01-р тогтоолоор нэгж хувьцаанд ногдох дүнг 59 төгрөгөөр, в) 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07-р тогтоолоор нэгж хувьцаанд ногдох дүнг 200 төгрөгөөр тус тус олгохоор шийдвэрлэсэн байдаг. Өмнө шүүхээр 2014 оны 02 дугаар тогтоолын дагуу хуваарилсан ногдол ашгийг нэхэмжилсэн бөгөөд ийнхүү дахин нэмэгдүүлэн хуваарилсныг бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдээгүй юм. Мөн нэгж хувьцаанд ногдол ашиг хуваарилах нь нэхэмжлэгчээс үл хамаарах буюу өөр этгээдийн үйл ажиллагаа, шийдвэрээс хамааралтай бөгөөд тэрхүү шийдвэр, үйл ажиллагаа нэг бүрийг нь өөр өөр үйл баримт гэж үзэх тул өмнө шийдвэрлэгдсэн гэх ямар ч үндэслэлгүй юм. Түүнчлэн “Таван толгой” ХК-ийн шийдвэрээр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байдаг боловч хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараасан нь 2017 оны 01 дүгээр сард байхад давж заалдах шатны шүүх энэхүү үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр ийнхүү шийдвэрлэсэн буруу гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч “А” ХК С-д холбогдуулан “Таван толгой” ХК-ийн 1 905 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дэх “А” ХК-ийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг нь сэргээхийг даалгах, хохиролд 2013, 2014 онуудад хуваарилсан нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг 60 579 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хариуцагч нь төсвийн байгууллага учир хэн нэгэнд учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр худалдан авч нэхэмжлэгчийн дансанд байршуулах боломжгүй, хохирол төлөх төсөв хуулиар олгогдоогүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “А” ХК-ийн 2004, 2005 онд худалдан авсан “Таван толгой” ХК-ийн 1 905 ширхэг хувьцааг өмчлөгчийн зөвшөөрөлгүй арилжаалсан гэж үзэн Сны 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183, 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолоор буцаан татаж, 1 069 ширхэг хувьцааг С.Бат-Өлзийгийн өмчлөлд, 736 ширхэг хувьцааг Ц.Цогнэмэхийн, 100 ширхэг хувьцааг М.Мөнх-Очирын өмчлөлд тус тус шилжүүлсэн байна.

Дээрх тогтоолуудад гомдол гаргаснаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарны 18-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр 263 дугаар тогтоолын “Ээрмэл” ХК-д холбогдох хэсгийг, Сны Хяналтын зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолоор 183 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, “А” ХК-ийн 1 905 ширхэг хувьцааны өмчлөх эрхийг сэргээсэн боловч өнөөдрийг хүртэл “Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь “А” ХК-ийн дансанд хувьцааг байршуулаагүйн  улмаас нэхэмжлэгч “А” ХК өөрийн хувьцаанд ногдох ногдол ашгийг авч чадахгүй хохирсон үйл баримт тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх С-ны эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн С-д өөрийн хөрөнгөөр хувьцаа худалдан авах, түүнийг бусдын дансанд шилжүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн эхний шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Мөн 2013 онд хуваарилагдсан ногдол ашгийг шүүхээр шийдвэрлүүлсэн тул 2013 оны ногдол ашгийн талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэн, зөвхөн 2014 онд хуваарилагдсан ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ.

“Таван толгой” ХК нь 2013 оны нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийг 3 удаа буюу “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2014 оны 04 дүгээр сарны 30-ны өдрийн №02 дугаар тогтоолоор 766 төгрөгөөр тооцож,  2015 оны 01 дүгээр сарын 23-ны №01 дүгээр тогтоолоор 59 төгрөгөөр, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний №87 дугаар тогтоолоор 200 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж хуваарилсан байна.

Нэхэмжлэгч нь эхний хуваарилсан 766 төгрөгт ногдох ногдол ашгийг шүүхээр шийдвэрлүүлсэн, харин 2, 3 дахь удаа нэмэгдүүлэн хуваарилагдсан ногдол ашгийг аваагүй болох нь хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №8727 дугаар шийдвэрээр тогтоогдсон байх тул 2015 онд хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхээс өмнө ногдол ашиг хуваарилсан байхад түүнийг шаардаагүй, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэн 2013 онд хуваарилагдсан ногдол ашиг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үндэслэл бүхий үнэлээгүй байна. /хх-8-13, 45-47 дугаар тал/

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-т “...өмчлөгч нь бусдад ...олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.2.-т “...өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” 497 дугаар зүйлийн 497.1.-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.2-т “...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 510 дугаар зүйлийн 510.1.-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч “А” ХК нь “Таван толгой” ХК-ийн 1 905 ширхэг хувьцааны өмчлөгч боловч Сны буруутай үйл ажиллагааны улмаас өөрийн хувьцааг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах буюу өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, тус хувьцаанд ногдох ногдол ашгаас хүртэж чадахгүй эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцээгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.   

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 101., 106, 229, 497, 498, 510 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1320 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 474 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ     

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД