Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-26
Дугаар 001/ХТ2017/01267
Хэргийн индекс 101/2017/00717/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Н.У
Хариуцагч Ш.Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

   Н.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01289 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1262 дугаар магадлалтай

Н.У-ийн нэхэмжлэлтэй

Ш.Г-т холбогдох

21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-н гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.У Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Цагаан дэглий зочид буудлыг түрээслэн ажиллуулж байхдаа А.Н, Ш.Г нартай танилцсан. Тэгээд тэд өөрсдийн өмчлөлийн Панорама зочид буудлыг сарын 3 000 000 төгрөгийн үнэтэйгээр, 5 жилийн хугацаатай түрээслүүлнэ гэхэд нь итгээд, хамгийн гол нь урт хугацаатай юм чинь ашиг өгнө гэж итгээд түрээслэхээр тохирсон байдаг. Хэрвээ 1 жилийн хугацаатай гэж байсан бол түрээслэхгүй байсан. Тийм учраас Цагаан дэглий зочид буудлын эзэн н.Тунгалагтай байгуулсан гэрээгээ цуцлаад 8 100 000 төгрөгөө аваад 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ш.Г-т өгсөн. Мөн өдрөө 12 000 000 төгрөгийг Ш.Гийн хамт явж Голомт банкны Варьета дахь салбараас очиж аваад Ш.Г-т өгсөн байдаг. Үлдсэн 900 000 төгрөгийг хэд хоногийн дараа өгсөн. Гэтэл тухайн буудал тэднийх биш байсан. Панорама зочид буудлын жинхэнэ эзэн нь Д.Бямбадорж гэдэг хүн байсан. 5 жилийн хугацаатай ажиллуулж болно гэсэн боловч гэрээ хийе гэхэд А.Н, Ш.Г нар гэрээ хийлгүй алга болсон. Эд материалыг хүлээлгэж өгөөгүй алга болсон тул хүний үнэтэй, цайтай эд хогшлыг хаяад явж чадаагүй. Ингээд 2 сарын дараа буюу 07 дугаар сарын 09-ний өдөр А.Н ирсэн. Тэгээд А.Нтэй гэрээ байгуулсан. Мөнгө өгсөн авсан баримт байхгүй байсан учраас түүнийг баталгаажуулах үүднээс гэрээ хийсэн. 2014 оны 8, 9, 10 дугаар саруудад А.Н, 11, 12, 01 дүгээр саруудад Н.У, 3, 4, 5 дугаар саруудад нь А.Н гэх байдлаар гурав, гурван сараар ажиллуулъя гэдэг гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээрээс харахад А.Н буудлыг ажиллуулж байсан нь тодорхой болсон. Ингээд 2014 оны 12 дугаар сард Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагад хандах болсон гол шалтгаан нь нэгдүгээрт, эдгээр хүмүүс өөрсдийнх нь өмчлөлийн биш зүйлийг минийх гэж ойлгуулсан. Хоёрдугаарт, 2014 оны 10 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад Н.У ажиллуулна гэсэн байсан. Тэгээд энэ хүмүүс намайг залилаад байна гэж үзээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, иргэний шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүл гэсэн. Тэгээд шүүхэд эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 102/ШШ2016/04569 дугаартай Ш.Гийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гарч, түүний дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс ажиллагаа хийж, хаяг нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 78 дугаар байр, 17 тоотод оршин суух болох нь тодорхой болсон. Прокурорын тогтоолоор Н.У 21 000 000 төгрөгийг А.Н, Ш.Г нарт өгсөн гэдэг нь тогтоогдсон. Иймд Ш.Гөөс 21 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 21 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь буудлын засварт оруулсан мөнгө юм. Эхэндээ аман хэлцлээр явж байгаад сүүлдээ хамтран ажиллах гэрээгээр зохицуулагдсан асуудал. Ийм учраас гэрээнийхээ дагуу уг зочид буудлыг Н.У ажиллуулж, хөрөнгө оруулсан мөнгөө хангалттай олсон. Зочид буудлын бизнес маш ашигтай бизнес. Энэ үед Н.Утай танилцаад найз нөхөд болчихсон байсан. Тухайн үедээ Н.У адил төрлийн бизнес эрхэлдэг, 10 өрөөтэй буудлыг сарын 8 000 000 төгрөгөөр түрээслэдэг. Гэтэл 16 өрөөтэй буудлыг 3 000 000 төгрөгөөр ажиллуулах ашигтай байсан. Бид өөрсдөө засвар хийсэн учраас ийм байгаа гэж ойлгуулж ярилцсан. А.Н нааш цаашаа явах ажилтай байсан болохоор хамтрагчтай байх үүднээс Ш.Г-тэй хамтарсан байсан, гэтэл Ш.Г болиод Н.У санал тавиад ажиллуулсан. Н.У 05 дугаар сарын 19-ний өдөр тохироод ажиллуулж үзье гээд аман хэлцлийн дагуу 2 сар ажиллуулсан. 2 сар ажиллуулсны үндсэн дээр боломжийн юм байна гээд гэрээ хэлцэл хийсэн. Буудлыг түрээслэж байгаа буудал гэдгийг мэдэж байсан. Тэгээд ч н.Баасансүрэнд 3 000 000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. Мөнгийг авсан, гэхдээ зээлж аваад эргүүлж өгөөгүй асуудал огт биш. Эхлээд Цагаан дэглий зочид буудалтай байгуулсан гэрээгээ цуцлаад 8 100 000 төгрөгийг бэлнээр аваад шууд өгсөн. Дараа нь Голомт банкнаас 12 000 000 төгрөг авч өгсөн. Дараа нь буудлыг 3 хоног ажиллуулаад 900 000 төгрөг өгсөн. Тухайн үед тохирсныхоо дагуу энэ хүний засварт оруулсан 17 000 000 төгрөгийг өгөх юм байна, тэгж байж буудал ажиллуулах эрхтэй болно, хоёрдугаарт эхний сарын түрээсийн төлбөр 3 000 000 төгрөг өгөх ёстой, нийт 20 000 000 төгрөг төлнө гэдгээ Н.У мэдэж байсан. Ингээд нийлээд 21 000 000 төгрөг болсон. Н.У нь Панорама зочид буудлыг 2014 оны 5, 6, 7, 8, 12 дугаар саруудад нийт 5 сар ажиллуулж, тодорхой хэмжээний ашиг орлого олж байсан. Тухайн буудлын сарын орлого нь 9-10 сая төгрөг бөгөөд Н.У нь өөрийнхөө оруулсан мөнгийг хангалттай олсон, ашигтай ажилласан гэж үзэж байна. Иймд Н.У-ийн нэхэмжлэлтэй 21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01289 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Гөөс 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1262 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01289 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Гөөс 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...үлдээж, гэсний дараа хариуцагч Ш.Гөөс 247 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Уд олгож,” гэж нэмж, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.У-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбатаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан байхад давж заалдах шатны шүүхийн магадлалаар Иргэний харилцааг буруу тодорхойлж хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа гэрч А.Нийн Ш.Г-тэй хамтран ажиллах гэрээтэй байж байсан Ш.Г нь ар гэрийн шалтгаанаас болоод ажиллах боломжгүй болж уг буудлыг түрээслэх эрхээ нэхэмжлэгч Н.Уд харилцан тохирч буудалд оруулсан хөрөнгө оруулалт болох 17 000 000 төгрөгөө авч би Н.Утай хамтран ажиллах гэрээ хийсэн гэх. Мөн Н.У нь 5 сар уг буудлыг түрээслэн ажиллуулж байсан үйл баримт байсаар байтал нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Ш.Гөөс хамтран ажиллах гэрээний талын эрх үүргийг шилжүүлэн авсан эсэх нь тодорхойгүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан тодорхой эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар хариуцагч Ш.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна гэсэн нь хуулийг буруу ойлгож тайлбарлан нотлох баримтыг үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.У нь аман хэлцлээр буудлыг түрээслэх эрхийг хариуцагч Ш.Гөөс түүний засвар тохижилтонд оруулсан хөрөнгө болох 17 000 000 төгрөгийг төлж буудлыг түрээслэж байсан тул хуулийн дагуу нэхэмжлэгч шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардах эрхгүй. Н.У нь Ш.Г, А.Н нартай харилцан тохирсны дагуу Понарама зочид буудлыг хамтран түрээслэн ажиллуулахаар болж Ш.Гөөс зочид буудлын засварын ажилд оруулсан 17 000 000 төгрөгийг түүнд өгч зочид буудал түрээслэн ажиллуулах эрхийг шилжүүлэн авсан, мөн 1 сая төгрөгийг Н.У-ийн саналаар амралтанд явахдаа зарцуулж, 3 000 000 төгрөгийг 5 дугаар сарын түрээсэнд өгсөн бөгөөд тохирсон ёсоор дээрх мөнгөнүүдийг Ш.Гөөс буцаан гаргуулахаар шаардах эрхгүй юм. Учир нь Н.У нь тохирсон ёсоор уг зочид буудлыг нийт таван сар ажиллуулахдаа хамгийн багадаа 45 сая төгрөгний ашиг орлого олж байсан. Улмаар цааш үргэлжлүүлэн түрээслэн ажиллуулах байсан боловч Н.У-ийн өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас буюу хариуцан ажиллуулж байх хугацаандаа 2014 оны 12 дугаар сарын түрээсийнхээ мөнгийг төлөөгүйн улмаас зочид буудлын эзэн Д.Бямбадорж гэрээг цуцалж өөр хүмүүст түрээсэлсэн байна. Н.У нь Ш.Гөөс зочид буудал хамтран ажиллуулах эрх шилжүүлэн авсныхаа дараа А.Нтэй хамтран ажиллах гэрээ хийсэн байдаг. Гэрээнд уг зочид буудлыг хамтран ажиллуулах чиглэлээр түрээслэн ажиллуулж, хамтын ажиллагааны удирдлага, хяналт, хариуцлагын талаар тодорхой зааж өгчээ. Н.У нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу өөрийн хариуцан ажиллуулж байх сардаа түрээсийн мөнгөө цаг хугацаанд нь төлөөгүйн улмаас зочид буудлын эзэн Д.Бямбадорж түрээсийн гэрээг цуцалж өөр хүнд түрээсэлсэн байна. Энэ нь тухайн үед зочид буудалд засвар хийж хамтран ажиллаж байсан А.Нд ч гэсэн хохиролтой байсан тул нэхэмжлэл гарган Д.Бямбадоржийг хариуцагчаар татуулж асуудлаа шийдвэрлүүлж байсан байна. Ш.Г нь хаяг утсаа сольж зугтаасан зүйл огт байхгүй. Утасныхаа дугаарыг сүүлийн 5 жил өөрчлөөгүй, Баянзүрх дүүрэгт байдаг хаяг дээрээ одоо ч амьдарч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.           

Давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Н.У нь Ш.Г-т холбогдуулан 21 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Панарамо зочид буудлыг 5 жилийн хугацаагаар түрээслүүлнэ гэдэгт итгэж түүнд мөнгөө өгсөн байтал надыг залилсан ...” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 18 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Ш.Г, А.Н нар Панорама зочид буудлыг өөрсдийн хөрөнгөөр засан тохижуулж, 5 жилийн хугацаагаар түрээслэхээр зочид буудлын өмчлөгч Д.Бямбадоржтой тохиролцсон байна.

Тохиролцсон ёсоор зочид буудалд хөрөнгө оруулсны дараа Ш.Г зочид буудлыг түрээслэн ажиллуулах боломжгүй болж, зочид буудлыг түрээслэх өөрийн эрхээ Н.Уд шилжүүлэн, Н.Угаас 21 000 000 төгрөгийг авсан, Н.У зочид буудлыг түрээслэн ажиллуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Талуудын дээрх тохиролцоо нь бичгээр үйлдэгдээгүй боловч бодит байдалд түрээсийн гэрээ цуцлагдтал хэрэгжиж байсан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь Ш.Гийн зочид буудал түрээслэх эрхийг үндэслэн А.Нтэй хамтран Панорама зочид буудлыг түрээслэн ажиллуулж байсан тул түүнийг Ш.Гийн түрээслэх эрхийг шилжүүлэн авсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр түрээсийн гэрээ  цуцлагдсан нь Ш.Г-тэй шалтгаант холбоогүй, энэ нь Ш.Г, Н.У нарын хоорондын эрх шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлсны үндсэн дээр талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Иймд “...нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх хариуцагчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн  магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1262 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД