Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-11-07
Дугаар 001/ХТ2017/01163
Хэргийн индекс 101/2016/00606/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Г.Л
Хариуцагч С.О
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01352 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1404 дүгээр магадлалтай

Г.Л-ийн нэхэмжлэлтэй

С.О-д холбогдох

Гэм хорын хохиролд 3 468 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч С.О-ын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт болсон зам тээврийн осолд С.О-гийн буруутай үйлдлийн улмаас миний унаж явсан машинд 4 440 000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүхэд хэрэг хянагдаж байхад эрүүгийн хэргийн хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй гэж дахин үнэлүүлэх хүсэлт гаргаж шүүх дахин шинжээч томилж “Ю Би Пропертиз” ХХК-ийг шинжээчээр томилсон. Тоёота Приус маркийн автомашинд учирсан хохирлын зах зээлийн үнэлгээг 3 468 000 төгрөг гэж үнэлсэн. Иймд зам тээврийн ослоос үүдэн гарсан зардал нь 3 468 000 төгрөгийг С.Оас нэхэмжилж байна. Тухайн үед зам тээврийн осол болоход хариуцагч С.О-ын машин эсрэг урсгалд орж ирж 2 машин, мөргөлдсөн бөгөөд зам тээврийн ослын актанд Тоёота Прадо маркийн 21-55 УББ дугаартай автомашины жолооч С.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасан заалтыг зөрчсөн гэсэн акт гарсан. С.О намайг гэрлээ шилжүүлээгүй гэж байгаа нь үндэсгүй, шөнийн 00 цагт гэрэл шилжүүлэхгүй явах боломжгүй, эрүүгийн хэрэгт намайг гэрэл шилжүүлээгүй гэж дүгнэлт гараагүй гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талыг зориуд өөртөө ашигтай зохиомол оношлогоо, хохирлын үнэлгээ хийсэн гэж үзэж байна. “Ю Би Пропертиз” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хохирлын үнэлгээний тайланд дурдсанаар нэхэмжлэгч тал намайг автомашинаа оношлуулж, үнэлгээ хийлгэхдээ байлцуулаагүй. Эрүүгийн хэрэгт “Хос стандарт” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн 4 440 000 төгрөгийн хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тухайн үед би гомдол гаргаж чадаагүй. Нэхэмжлэгч тал Приус-20 автомашинд засвар хийлгэхдээ надад огт мэдэгдээгүйгээс миний дахин оношлогоо, үнэлгээ хийлгэх хүсэлт бүрэн хангагдах боломжгүй болсон. Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан бодит хохирлын хэмжээг үнэн зөв тогтооход хүндрэлтэй болгосон. Замын цагдаагийн газраас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зам тээврийн осол тогтоосон актаас үзэхэд нэхэмжлэгч талын автомашинд зүүн талын хоёр хаалга, урд гупер, карлан, толь, зүүн урд дугуй тэнхлэг, дотор.дэр гарсан буюу нийт 7 ширхэг эд ангид эвдрэл гарсан байна. Тэдгээрийг Г.Л буюу нэхэмжлэгч талаас өөрсдөөс нь авсан нэхэмжлэх баримтан дээрх үнээр тооцоход 1 405 000 төгрөг болж байна, үүнийг нэхэмжлэлийн үнийн дүн 4 900 000 төгрөгөөс хасч тооцож, мөн нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа, эс үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзвэл гэм хорын хэмжээ нь нэлээд буурахаар харагдаж байна. Тухайн нэхэмжлэх болон үнийн харьцуулалт бүхий хүснэгтийг хавсаргасан болно. Нэхэмжлэгч тал нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3, 15 дугаар зүйлийн 15.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд тэдгээр нь хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад дан ганц намайг буруутгаж байгааг эсэргүүцэж байна. Учир нь миний машин замын аль хэсэгт явж байснаас бус нэхэмжлэгч талын машин маш хурдтай явж байснаас шалтгаалж хоёр машин илүү хүчтэй мөргөлдөж, эвдрэл их гарч, хохирлын хэмжээ нэмэгдсэн. Энэ шалтгаанаар нэхэмжлэгч талыг давхар буруутгах үндэслэлтэй төдийгүй хэрэгт хавсаргасан осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг дээрээс харахад хоёр машин хоорондоо шүргэлцсэн, мөргөлтийн A цэгээс замын зах хүртэл 2.6 метр зай байсан бөгөөд Приус-20 автомашины өргөн 1.7 метр тул ослоос зайлсхийхэд хангалттай 90 см зай сул орон зайг нэхэмжлэгч тал ашиглаж ослоос урьдчилан сэргийлээгүй эс үйлдэл гаргасан гэж үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан гэм хор учрах буюу түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэх заалтын дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Осол гарах үед 2 см битүү цастай, 6.3 м/сек хурдтай хүчтэй салхитай, тас харанхуй буюу цаг агаарын хувьд автомашин жолоодоход хүнд нөхцөл байсан нь цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/506 тоот цаг агаарын тодорхойлолтоор нотлогдож байна. Зам хальтиргаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл энэ ослын үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын нөлөө байсан гэдгийг шүүх харгалзан үзнэ гэж найдаж байна.

Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын хэмжээг бууруулан тооцохыг хүсч байна. Хэрэгт хавсаргасан Төв аймгийн Замын цагдаагаас гаргасан осол гарсан замын байдал актыг надад танилцуулж гарын үсэг зуруулахгүйгээр орхигдуулсан, мөн тус аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 996 дугаар тогтоолын 5 дугаар шийдвэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан боловч уг тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулахгүйгээр шууд шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн хэрэгт хавсаргасан байна. Энэ тогтоолыг надад танилцуулаагүйгээс гадна надад эрүүгийн болон захиргааны ямар нэг хариуцлага тооцоогүй тул тогтоолд гомдол гаргаагүй болно. Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн гэм буруугийн асуудлыг дан ганц энэ тогтоолыг үндэслэхгүйгээр, энэ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харгалзан үзэж, шийдвэрлэхийг хүсч байна. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд дурдсанаар энэ ослын улмаас миний унаж явсан Toyota Prado маркийн машинд 3 005 000 төгрөгийн хохирол учирсан. Тус автомашины эзэн нь миний хүргэн ах бөгөөд миний бие түүний автомашиныг гуйж унаж явсан тул уг машины засварыг бүрэн хариуцаж төлсөн. Мөн шүүгчийн захирамжаар үнэлгээ хийлгэсэн шинжээчийн зардлыг нэхэмжлэгч тал хариуцна гэсэн байхад одоо болтол төлөөгүй бөгөөд би тухайн зардлыг төлсөн. Энэ мэтчилэн уг ослын улмаас миний төлсөн төлбөр багагүй болоод байгаа болно. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01352 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.О-гаас 3 468 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Л-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-гаас 70 438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Лд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1404 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 238 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Огаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу тус хэргийг шийдээгүй. Учир нь осол болохоос өмнөх машины эвдрэл гэмтлийн хэмжээг тодорхойлоогүй, үнэлгээний тайланд дурдагдсан хохирлыг 100 хувь тухайн ослын үед авсан эсэхийг нотлоогүй. Тухайн машин хөдөлгөөнд оролцохдоо улсын авто тээврийн үзлэг, оншилгоонд хамрагдаагүй байсан. Үүнтэй холбоотой шинжээчийн дүгнэлт байхгүй. Осол болохоос өмнө байсан байдал болон ослоос үүдэн гарсан эвдрэл гэмтлийн талаар дүгнэлт гаргуулах шинжээчийг томилуулах талаар шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан боловч энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй бөгөөд үнэлгээ хийх байгууллага, шинжээч хоёрыг адилтган тайлбарлаж “Ю Би Пропертиз” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл цуглуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах гэсэн заалтыг зөрчсөн.

2. Хэдийгээр хавтаст хэрэгт хавсаргасан замын цагдаагийн газраас гаргасан тогтоолд нэхэмжлэгч талын жолоочийг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж нотлоогүй боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа “Дүрэм зөрчсөн гэх асуудалд би хурд хэтрүүлсэн гэдгээ үнэнээр хэлсэн” гэж дурьдсанаас үзэхэд осол гарахад болон хохирлын хэмжээг нэмэгдэхэд хоёр тал хоёулаа буруутай болох нь нотлогдож байх боловч тус шүүхийн шийдвэр нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна. Хүнийг үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг хангахгүй байна гэж үзэж байна.

3. Тус шүүхийн шийдвэрийн үндэс болгосон “Ю Би Пропертиз” ХХК-ийн үнэлгээний тайланд дурдсанаар автомашинд үнэлгээ хийхээс нь өмнө автомашин нь засагдаад зарагдсан байсан болохоор “Гурван баян жигүүр” ХХК-ийн оношилгоо болон, “Хос стандарт” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэл болгосон гэсэн байна. Гэтэл “Гурван баян жигүүр” ХХК нь авто машин оношлох эргүй болох нь хавтаст хэрэгт хавсаргасан улсын бүртгэлийн гэрчилгээнийх нь хуулбараар нотлогдсон. “Хос стандарт” ХХК-ийн үнэлгээний тайланд олон улсын үнэлгээний стандартын дагуу хийсэн гэх боловч олон улсын стандартад осолд оролцогч талуудыг байлцуулах ёстой гэсэн заалтыг зөрчиж, намайг байлцуулаагүйгээс гадна, огт мэдэгдэлгүй үнэлсэн. Тус компанид СЗХ-ноос олгосон даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрлийн дугаар нь 233/15 гэсэн байх боловч СЗХ-ны веб сайт дээр тус дугаартай тусгай зөвшөөрөл нь “Хос стандарт” ХХК-нийх биш байна гэсэн үндэслэлээр СЗХ-ноос 233/15 дугаартай тусгай зөвшөөрлийг хавтаст хэрэгт хавсаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч үүнтэй холбоотой ажиллагаа хийгдээгүй байх тул “Ю Би Пропертиз” ХХК-ийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4. Нэгэнт машин нь засагдаад зарагдсан байгаа тул, нэхэмжлэгч талын машинаа засуулахад гаргасан зардлын хэмжээг нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргуулах хүсэлтийг шүүх хуралдааны үед амаар гаргасан боловч үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа үндэслэлийн талаар шүүхийн тогтоол, шийдвэрт дурьдагдаагүй байна. Үндсэн хууль, Иргэний хуулиар олгогдсон эрхээ эдлэж, үүргийг зохих ёсоор хариуцах боломжоор хангахгүй байна гэж үзэж байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Л нь С.О-д холбогдуулан гэм хорын хохирол 3 468 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохирлын хэмжээ хэт их байна, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж маргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

2015 оны 10 дугаар сарын 29-ний 00.50 цагт Төв аймгийн Баян сумаас Улаанбаатар орох замын 66 дахь километрт хариуцагч С.О Тоёото Прадо маркийн 21-55 УБВ улсын дугаартай авто машин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтыг зөрчсөнөөс Н.С-ын жолоодож явсан Тоёото Приус маркийн авто машиныг мөргөж, уг автомашинд 3 468 000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан ослын акт, “Ю Би Пропертиз” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол зэргээр нотлогджээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтад үндэслэн тогтоож, хариуцагчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1. дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг зам тээврийн ослын хэрэг шалгагдах явцад тогтоогдсон “Хос стандарт” ХХК-ийн үнэлсэн 4 440 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн боловч хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 3 468 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилсөн, дээрх шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй болохыг хариуцагч нотлоогүй байна.

Түүнчлэн “...нэхэмжлэгч нь хурд хэтрүүлж явснаас нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн ...” гэж маргах боловч осол гарахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу биш.

Иймд хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01352 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1404 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч С.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 438 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД