Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-10
Дугаар 001/ХТ2017/01379
Хэргийн индекс 155/2017/00093/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Н.Н
Хариуцагч А.Л
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

        Н.Н-ийн нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 357 дугаар шийдвэр

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дүгээр сарын 19-ны өдрийн 23 дугаар магадлалтай

Н.Н-ийн нэхэмжлэлтэй

А.Л-д холбогдох

Зээлийн гэрээний төлбөр 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн хяналтын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : би А.Л-д 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 86 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн юм. Гэтэл А.Л нь надаас зээлсэн 3 000 000 төгрөгийг өгөөгүй ба одоо зээлийн хүү болох нэг сарын хүү 150 000 төгрөгийг 24 сараар бодож, 3 600 000 төгрөг болж байгаагаас үүний 50 хувь болох 1 500 000 төгрөгийг үндсэн зээл болох 3 000 000 төгрөг дээр нэмж нийтдээ 4 500 000 төгрөгийг А.Лэс нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь А.Л байсан тул А.Л-тэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний сарын хүү 150 000 төгрөгөөр бодоход нийт хүү нь 3 000 000 төгрөг болоод үүний 50 хувийг нь хасаад 1 500 000 төгрөгийн хүү нэхэмжилсэн байгаа. Одоо 3 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөнгө зээлүүлснээс хойш 1 000 000 төгрөгийг хүлээн авсан байгаа гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Н.Н, түүний нөхөртэй харилцан тохиролцож 3 000 000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авсан бөгөөд 86 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Би зээлийн гэрээгээр авсан 3 000 000 төгрөгийг хүүгийн хамт 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Н.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, төлбөр тооцоо дуусаад цэгцэрчихсэн байхад нэхэмжлэл гаргаж байгааг би гайхаж байна. Би түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээлийн гэрээг нөхөртөө аваачиж өгч гарын үсэг зуруулж ирээд ...эхний 3 сарынхаа хүүг өгчихье гэхэд бололгүй яахав гээд авсан. ...энэ хүний өөрийнх нь гарт өгсөн 300 000 төгрөг, сүүлд өгсөн 2 900 000 төгрөг нь хаачсан юм бэ? Зээл авснаасаа хойш 1 000 000 төгрөгийг өгчихөөд алга болчихсон байсан юм бол энэ хүн яагаад нэхэмжлэл дээрээ ингэж бичсэн юм бэ? Одоо зээлийн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлд зааснаар хариуцагч А.Лэс зээл,зээлийн хүүгийн төлбөрт 2 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 56 550 төгрөгийг хариуцагч А.Лэс гаргуулж нэхэмжлэгч Н.Нт олгохоор шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нийн хариуцагч А.Лэс 4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч А.Лхагва-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрээс хяналтын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: нэхэмжлэгч Н.Н нь манай эхнэр бөгөөд бид өөрсдийн гэр бүлийн мөнгөнөөс хариуцагч А.Л түүний эхнэр Д.О нарт 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 150 000 төгрөгийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд энэ мөнгийг хариуцагч нар зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлж удаа дараа нэхүүлж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр банкнаас зээл авах гээд барьцаа хөрөнгө хэрэгтэй болоод байна, танайд барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлж аваад банкинд тавиад зээл бүтэхээр мөнгийг чинь бүтэн өгнө гэсэн боловч зээл санаснаар бүтсэнгүй гээд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг өгөөд үлдсэн 3 500 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэж баталгаа гаргаж өгсөн. Ингэхдээ иргэний үнэмлэхээ хамт барьцаа болгон өгсөн бөгөөд иргэний үнэмлэх банкнаас мөнгө авах үед хэрэг болно гээд үлдээсэн. Гэгэл хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 3 600 000 төгрөг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бүрэн төлөөд үл хөдлөхийн барьцаагаа чөлөөлүүлсэн гэж тайлбарласан нь хэргийн бодит үнэнтэй нийцэхгүй байдаг. Мөн хариуцагч нь шүүх хурал дээр тайлбарлахдаа 11 дүгээр сарын 06-ны өдөр зээл аваад Д.Мөнхдэлгэр рүү утсаар ярьсан утас нь холбогдохгүй байсан учир гэртээ мөнгөө нэг хонуулъя гэж бодоод хонуулсан гэж тайлбарлаж байгаа нь “Баталгаа” гэх баримтыг 11 сарын 05-ны өдөр үйлдэж 3 600 000 мянга өгсөн, өдрийг нь андуураад 6 гээд бичсэн байна, үүнийг нэхэмжлэгч овжиноор ашиглалаа гэж тайлбарлаж байгааг нь бүрэн няцааж байгаа. Хариуцагч энэ мэт шүүхэд худал тайлбар өгсөн нь энэ хэргийг үнэн бодитойгоор шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Хариуцагч хэрвээ 11 дүгээр сарын 05-ны өдөр зээл хүүгийн хамт 3 600 000 төлсөн юм бол яагаад 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлнө гэж баталгаа гаргаж өгч байгаа нь ойлгомжгүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Зээлээ төлсөн юм бол 5-нд ч байсан 6-нд ч байсан баталгаа бичих ямар ч шаардлагагүй шүү дээ мөн надад зээл төлбөр тооцоо дутуу байсан учир барьцаа болгож үлдээсэн иргэний үнэмлэхээ авахгүй байсныг би шүүх хурал дээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэхээр бидний бичиж өгсөн хүсэлт нь зөвхөн 10 сая төгрөгийн зээл банкнаас авахад зориулан чөлөөлүүлсэн хүсэлт мөн болох нь хариуцагч нарын ХААН банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ү1723002109 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Г000135555 дугаартай газрын гэрчилгээ барьцаалж 10  сая төгрөгийн зээл авсан болох нь тогтоогдож байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр зээл авах зорилгоор барьцаа чөлөөлүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн хэрнээ үүнийг зээл бүрэн төлсөн гэх үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. хариуцагч болон түүний эхнэрт мөнгөө зээлүүлчихээд олон жилээр авч чадалгүй хохирсны дээр үндсэн зээлсэн мөнгөө ч авч чадалгүй хохирч байгаадаа маш их гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхдээ “хариуцагч банкнаас зээл авах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх зорилгоор баталгаа гэх баримт үйлдсэн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна” гэсэн атлаа Үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх “...зээлийн гэрээ нь дуусгавар болж тооцоо дууссан” гэсэн баримт нь зээл тооцоо дууссан гэдгийг тогтоож байгаа гэж хэрэгт цугларсан эсрэг утгатай харилцан няцаасан баримтуудыг хоёуланг нь үнэлээд шийдвэрээ буруу гаргасан байна. Хэргийн жинхэнэ нөхцөл байдал нь хариуцагч нар зээл авах зорилготойгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлж тухайн өдрөө буюу 11 дүгээр сарын 05-ны өдрөө ХААН банкнаас 10 сая төгрөгийн зээл аваад маргааш нь буюу 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлдэгч нарт 1 000 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгө болох 3 500 000 төгрөгийг 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор өгнө гэсэн 11 дүгээр сарын 06-ны өдрийн баталгаа бодит үнэнтэй нийцэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй  байна.

Нэхэмжлэгч Н.Н нь А.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “зээлийг төлж дуусгасан” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Н.Н нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А.Л-д 3 сая төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн, Зээлийн болон барьцааны гэрээний талаар зохигчид маргаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ “...зээлийг төлж барагдуулсан тул барьцаалагдсан хөрөнгийг барьцааны бүртгэлээс хасуулах бичгийг нэхэмжлэгч бичиж өгсөн...” гэж тайлбарласныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, “...хариуцагч нь банкнаас зээл аваад миний зээлийг төлж барагдуулахыг хүссэн тул барьцааны хөрөнгийг чөлөөлөх бичиг хийж өгсөн...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны бүртгэлээс хасуулах хүсэлтийг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчээс бичиж өгсөн боловч 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч “зээлийн төлбөрийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулна” гэсэн баталгаа бичиж өгснөөс үзэхэд хариуцагч нь барьцааны хөрөнгийг барьцааны бүртгэлээс хасуулсны дараа нэхэмжлэгчид зээлийн төлбөрийг төлж дуусгах талаар Баталгаа бичиж өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны бүртгэлээс хасуулсан нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй, зээлдэгч зээлийн төлбөрийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч нь Баталгааг бичсэн огноог андуурч буруу бичсэн гэж тайлбарлах боловч тэрээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбартаа “...зээлийг хүүгийн хамт төлж барагдуулсан учир зээлдүүлэгч нь барьцааны хөрөнгийг барьцааны бүртгэлээс чөлөөлүүлэх хүсэлт бичиж өгсөн” гэснээс үзэхэд хариуцагчийн тайлбарууд цаг хугацаа, утга агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий байхад давж заалдах шатны шүүх барьцаа хөрөнгийг бүртгэлээс хасуулах хүсэлт бичигдсэн нь зээлийг төлж дуусгавар болсныг нотлосон гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул магадлал хуулийн үндэслэл бүхий болоогүй байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлсэн байх боловч зээлийн тооцооллыг буруу бодсон байх тул тооцооны алдааг засч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Зохигчид 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулсан өдөр зээлдүүлэгч 300 000 төгрөгийг буцаан авсан гэх тул 2 700 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзнэ.

2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2 700 000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн, гэрээний үүрэгт /2 700 000х5%х6сар+2 700 000/ =3 510 000 төгрөг төлөхөөс 1 000 000 төгрөгийг төлсөн тул хасч нийт 2 510 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дүгээр сарын 19-ны өдрийн 23 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 357 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2 600 000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг” гэснийг “...2 510 000 төгрөгийг” гэж, “1 900 000 /нэг сая есөн зуун мянга/ гэснийг “1 990 000 төгрөгийг” гэж, 2 дахь заалтын “56 550 /тавин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг” гэснийг 55 110 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                  Х.ЭРДЭНЭСУВД