Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-16
Дугаар 001/ХТ2017/01418
Хэргийн индекс 101/2016/08355/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Д.Н
Хариуцагч Г.А
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Н-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/01509 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1490 дүгээр магадлалтай

Д.Н-н нэхэмжлэлтэй

Г.А-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 24 000 000 гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

20 492 700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.А-ийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад ХД-75 тоотод байршилтай цайны газрын зориулалттай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 70 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн. Энэхүү обьектод би 2008 оноос нөхөртэйгөө цайны газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаад 2010 онд нөхөр маань нас барж гэрчилгээ нь өв залгамжлалаар миний нэр дээр шилжсэн. Миний биеийн байдал муудаж цаашид ажиллуулах боломжгүй, хүү бэр хоёр маань Солонгос Улсаас ирээд хийх ажилгүй байсан учир амьжиргаагаа залгуулахад нь тус нэмэр болог гээд ажиллуулахыг зөвшөөрч тэр хоёр маань ажиллуулж байсан. Энэ хугацаанд надад ямар нэг түрээс төлөөгүй бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгийг маань барьцаанд тавьж зээл авсан байсныг би өөрөө үлдэгдэл мөнгө болох 3 800 000 төгрөгийг төлж гэрчилгээг нь банкны барьцаанаас чөлөөлүүлж авсан. Хүү, бэр хоёр маань салаад хамт амьдрахаа больсон ба хүү гадаад явснаас хойш бэр хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байсан. Эрэн сурвалжлах шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс ажилласан боловч эрэн сурвалжлуулах ажил зогссон. 2016 оноос өөрийн өмчлөлийн хөрөнгөө зориулалтын дагуу авч ажиллуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд намайг хөөж туун, ах дүү хамаатан садангуудаараа дарамтлуулсаар байна. Иймд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад ХД-75 тоотод байршилтай цайны газрын зориулалттай 70 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг иргэн Г.А-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлагадаа: хариуцагч Г.А нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр, хууль бусаар ашиглаж байгаа тул 2012 оноос өнөөдрийг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүйгээс алдсан орлого буюу олох ёстой байсан орлого, үр шимийг нэхэх эрхтэй. Үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлэхэд доод тал нь сарын 1 000 000 төгрөгөөр түрээслүүлэх бөгөөд өнөөдрийг хүртэл 5 жил буюу 60 сараар тооцоход 60 000 000 төгрөгийг миний бие олох боломжтой байсан. Гэвч би 2015 оны 1 дүгээр сараас өөрийн хүү Ч.Ө, хариуцагч Д.А-аас салж явснаас хойш өөрийн өмчлөлийн хөрөнгийн эрхийн үр шимийг хүртэх ёстой байсан. Гуанзны зориулалтаар зах зээлийн дунджаар түрээслэнэ гэж үзэхэд 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын сүүл хүртэл 24 cap байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 24 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад, ХД-75 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгө нь Д.Н-н нэр дээр байсан бөгөөд нэхэмжлэгчийн төрсөн хүү болох миний нөхөр Ч.Ө бид хоёр хамтдаа ажиллуулж байсан. Нэхэмжлэгч нь миний хадам ээж бөгөөд нөхөр Ч.Ө бид хоёрыг Солонгос улсад ажиллаж, амьдарч байхад “...хүний нутагт олон жил ажиллаад яах юм бэ, одоо ирээд энэ цайны газрыг ажиллуул” гээд хүүхдийнхээ гэр бүлийг дэмжин өгч, бид хоёр хамтдаа ажиллуулж байсан. Гэтэл нөхөр маань 2014 онд авто аваар хийж их хэмжээний хохирол төлөхөөр болсон. 30 сая төгрөгийн зээл авч, мөн нөхөр маань Солонгос улс руу явна гээд мөнгө зээлж, их хэмжээний өрөнд орсон бөгөөд энэ талаар нөхрийн төрсөн эх нь өөрөө сайн мэдэж байгаа тул би тус цайны газарт өдөр шөнөгүй ажиллаж байж нэхэмжлэгчийн хүү Ч.Өын өрийг төлсөн ба улмаар би ганцаараа тус цайны газрыг ажиллуулж төлж байгаа ба уг төлбөр одоог хүртэл дуусгаагүй байна. Энэ талаарх нотлох баримт болон хүү Ч.Өынх нь өр авлагад миний зүгээс төлж барагдуулж байсан мөнгөний баримтуудыг шүүхэд гаргаж өгнө. Миний нөхөр 2015 онд хүү бид хоёрыг орхиод явснаас хойш хүүхэд бид хоёр уг цайны газрыг ажиллуулаад 5 жил болж байгаа бөгөөд нөхрийн дутуу өрийг төлж мөн өөрсдийнхөө амь амьдралаа авч явах болно. Нөхөр маань хүүхэд бид хоёрыг орхиод хүүхдэдээ 1 төгрөг ч өгөхгүй зугтаагаад байгаа. Эх Д.Н нь надад хаягийг нь нуугаад хэлдэггүй учраас хүүхэд маань эцгийн хайраар дутагдаж явна. Нэхэмжлэгч Д.Н нь өөрийн хүү Ц.Ө-ын төрсөн хүүхэд, ачаас амь зуулгыг нь булааж авч байгаад гомдолтой байна. Би хэний ч эзэмшлийн зүйлийг дураараа эзэмшээгүй анхнаасаа намайг болон нөхөр бид хоёрыг ажиллуул гээд өөрсдөө өгсөн эд хөрөнгө болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Ө, Г.А нартай ямар нэгэн түрээсийн болон үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх, ашиглах гэрээ байгуулаагүй. Иймд үндэслэлгүйгээр шаардаж байгаа 24 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: миний бие Д.Н-н хүү Ч.Ө-тай хамт 2007 оноос 2011 оны 11 cap хүртэл БНСУ-д ажиллаж амьдарч байсан. Тэр үед нөхрийн эх Д.Н нь “та хоёр хүний газарт удаан байгаад яах юм бэ, Монголдоо ирж Өлзий цайны газраа ажиллуулаад амьдар” гэсний улмаас бид хоёр Монголдоо ирсэн. 2012 оны 01 дүгээр сараас “Өлзий” цайны газраа Ч.Ө-тай хамт ажиллуулж эхэлсэн. Тус цайны газрыг хоёр жил ажиллуулсны дараа зайлшгүй шаардлагатай болж цайны газартаа засвар хийж өргөтгөсөн. 2014 оны 04 дүгээр сарын 23-наас 2014 оны 05 дугаар сарын 23-ны хооронд сарын хугацаатай засвар хийсэн. Засвар хийх талаар Д.Н болон Ч.Ө нар мэдэж байсан бөгөөд хамт амьдардаг байсан. Цайны газрын засварын хөлс болон засварын материалын үнэ нийт 20 492 700 төгрөг болсон. Би уг цайны газрыг засварлахад Ч.Ө-тай хамт эхлүүлж ажиллаж байсан боловч 2015 оны 01 дүгээр сараас нөхөр Ч.Ө салаад явсан. Тухай бүр нь уг цайны газартай холбоотойгоор бүх цахилгааны төлбөр, татвар, хогийн төлбөр зэргийг төлж байсан ба Д.Н нь өөрөө зөвшөөрөл өгсөн учраас нөхөр бид хоёр ажиллуулж байсны хувьд би шударгаар уг үл хөдлөх хөрөнгө буюу цайны газрыг эзэмшиж байгаа. Одоо Д.Н нь шүүхэд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд үүнтэй холбоотойгоор тус цайны газрыг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулалт хийсэн нийт зардал болон ажлын хөлс 20 492 700 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Г.А нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 01 дүгээр сараас эхлэн үнэ төлбөргүй ашиглан хууль бусаар эзэмшиж, өмчлөгч миний өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж, надад хохирол, алдагдал учруулсаар цайны газрын үйл ажиллагаа эрхэлж ашиг орлого олсоор байгаа билээ. Тийм байж зөвхөн өөрөө ашиг орлого олох үйл ажиллагаа эрхэлчхээд тэр үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор хийгдсэн гэх засварын зардлыг өмчийн эзнээс нэхэж байгаа нь өөрөө хууль ёсны болон ёс суртахууны үндэслэлгүй юм. Хариуцагч нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ямар нэгэн төлбөргүйгээр хууль бусаар ашиглаж байгаа тул засвар хийсэн байлаа ч өмчлөгчид ямар нэгэн үнэ цэнэ, ашиг бий болоогүй, өмчлөгчийн ашиг сонирхлоос үл хамаарах тул засварын зардал шаардах xyyль зүйн үндэслэлгүй. Хэргийн оролцогч өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд тэрхүү үндэслэл, шаардлага нь холбогдох нотлох баримтад үндэслэх ёстой. Гэвч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь хэрэгт ач холбогдолгүй, үнэлэх боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайлбал санхүүгийн баримтуудыг үйлдсэн, зөвшөөрсөн, баталсан этгээд тодорхойгүй, төлбөр хүлээн авах байгууллага нь байхгүй, төлөх байгууллага нь байхгүй. Ийм баримтыг зуун айлын барилгын материалын захын дэлгүүр, лангуунаас дуртай дүнгээ бичүүлээд авч болох тул нотлох баримт гэж үзэхгүй. Тухайн бараа материал зарсан гэх байгууллага, хувь хүний татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн журнал, бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тухайн байгууллага, хувь хүнээс тодруулах, мөн холбогдох татварын албанаас татварын тайлан тэнцэлдээ тусгасан орлого байгаа эсэхийг шүүхэд хүсэлт гаргаж шалгуулна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй буюу хариуцагчийг шаардах эрхгүй гэдэг дэлгэрэнгүй тайлбар, холбогдох хууль зүйн зохицуулалтыг шүүх хуралдаанд тайлбарлах болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/01509 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад, ХД-75 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204020454, гэрчилгээний 000138776 дугаартай цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг /“Ө” цайны газар/ чөлөөлөхийг хариуцагч Г.А-д даалгаж, хариуцагч Г.А-д холбогдох үндсэн нэхэмжлэлийн 24 000 000 төгрөг гаргуулах шаардлага, нэхэмжлэгч Д.Нд холбогдох сөрөг нэхэмжлэлийн 20 492 700 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 100 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч талаас төлсөн 260 420 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Агаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1490 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/01509 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.А-гаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Тус анхан шатны шүүхийн шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, 24 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн 20 492 700 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тус шийдвэр болон магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх хуулийн зарим заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй гэж үзэж уг гомдлыг гаргаж байна. Уг маргааныг шүүхээс “Эд хөрөнгө үнэ төлбөргүй хөлслүүлэх гэрээ”-ний харилцаа байна гэж дүгнэсэн боловч хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй бол төсөөтэй харилцааг зохицуулсан зохицуулалтаар дүгнэх ёстой байсан гэж үзэж байна. Уг хэрэг маргаанд сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгч талын зөвшөөрлөөр эзэмшиж, ашиглаж байсан газарт их хэмжээний засан сайжруулалт хийгдсэн учраас уг засан сайжруулалтад зарцуулагдсан өртгийг нэхэмжлэх боломжтой юм. Тус шүүхийн шийдвэрээр эд хөрөнгө үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглах гэрээний зохицуулалтад салгаж болох засан сайжруулалтыг салгаж авч болохоор хуульчилсан боловч салгаж үл болох засан сайжруулалтын өртгийг нэхэмжлэх боломжтой талаар зохицуулсан зохицуулалт байхгүй учраас шаардах эрхгүй гэж үзсэн гэж тайлбарласан. Гэвч эд хөрөнгө үнэ төлбөргүйгээр ашиглах гэрээний зохицуулалтад Иргэний хуулийн эд хөрөнгө хөлслөх гэрээний зарим заалт хэсэг мөн адил хамаарна гэсэн байна. Хуульд тухайлан зохицуулаагүй учраас шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Д.Н нь уг засан сайжруулалтын талаар мэдсэнийг нотолдог бөгөөд, нэхэмжлэгч тал мөн мэдээгүй байсан гэж маргадаггүй учраас уг засан сайжруулалтын талаар мэдсэн гэж үзэх бүрэн боломжтой юм. Иймд нэгэнт шүүх эд хөрөнгө үнэ төлбөргүйгээр ашиглах гэрээний харилцаа байна, зөвшөөрлийн үндсэн дээр ашиглуулсан байна гэдгийг тогтоосон бөгөөд гэрээний үндсэн дээр үүссэн харилцаа гэж тогтоосон нь хариуцагч Г.А нь шударга эзэмшигч болох юм. Мөн нэхэмжлэгч Д.Н-н зөвшөөрлөөр уг засан сайжруулалт хийгдсэн нь ойлгомжтой байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй байна. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт “Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 94.6 дахь хэсэгт “Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй.” гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэж байгаа ба тус шаардлага хангагдах хүртэл буцааж өгөхөөс татгалзах эрхтэй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шийдвэр үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх мөн шийдвэрийг хэвээр үлдээж магадлал гаргасанд гомдолтой байна. Иймд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах магадлалд өөрчлөлт оруулан хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Д.Н нь Г.А-д холбогдуулан, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад ХД-75 тоотод байршилтай Ө цайны газрыг чөлөөлүүлэх, 2015-2016 онд олох байсан орлого 24 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, тус цайны газарт хийсэн засан сайжруулалт, засвар үйлчилгээний зардал 20 492 700 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Өлзий цайны газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад ХД-75 тоотод байршилтай цайны газрын зориулалттай 70 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө Д.Н-н өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, түүний үндсэн дээр олгогдсон 000138776 дугаар гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгийг 2012 оноос хүү Ч.Ө, бэр Г.А нартаа үнэ төлбөргүй ашиглуулж байсан, Г.А тус цайны газарт 2015 онд засвар хийсэн үйл баримт тогтоогджээ.

Шүүх зохигчдын хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1. дэх зохицуулалтад нийцсэн байна.

Ч.Ө, Г.А нарын хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас хамаарч нэхэмжлэгч эд хөрөнгөө буцааж шаардсан нь Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1 дэх заалтыг зөрчихгүй, нэхэмжлэгч шаардсанаас хойш хариуцагч гэрээний зүйлийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч нь 2012 оноос хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж, маргаж буй цайны газарт үйл ажиллагаа явуулж байсан тул “... олох байсан орлогод 24 000 000 төгрөг гаргуулах ...” тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 Г.А бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах явцдаа цайны газрыг засан сайжруулж, засвар хийсэн талаар зохигчид маргаагүй ба гэрээ дуусгавар болоход салгаж болох засан сайжруулалтыг авах эрхтэй бөгөөд шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2, 289 дүгээр зүйлийн 289.2.6. дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/01509 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1490 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330 700 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ    

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД