Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-07
Дугаар 001/ХТ2017/01354
Хэргийн индекс 101/2017/01354/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч Г.О Б.Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Ц.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/00553 дугаар шийдвэр,                                 

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1382 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Ц.Б

           Хариуцагч: Г.О

           Хариуцагч: Б.Г        

           Үндсэн нэхэмжлэл : 26.613.541 төгрөг гаргуулах 

           Б.Гын сөрөг нэхэмжлэл: нийт 64.017.725 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

           Нэхэмжлэгч Ц.Бы гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн өмгөөлөгч Я.Б, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 8 дугаар сард Б.Гын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 3 дугаар гудамж, 66 тоот хаягт байрлалтай хувийн сууц болон газар, гараашийг зээлээр худалдах-худалдан авахаар тохиролцсон. Ц.Б 2011-08-15-ны өдөр Б.Гын хашаа, байшинд нүүж орсон. Газар болон байшингийн нэр шилжүүлэх болоход Б.Г бичиг баримтгүй, иргэний үнэмлэхгүй байсан бөгөөд иргэний үнэмлэхээ Сэлэнгэ аймагт хураалгасан гэсэн тул 1сая төгрөг өгсөн. Мөн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт Б.Гын өмнөөс 2.147.000 төгрөг төлсөн. Байранд нь ороход Б.Г 53.000 төгрөгийн цахилгааны төлбөр төлөөгүй байсан тул төлсөн. Охин Г.От нь 100.000 төгрөг өгсөн. Б.Гын өмчлөлийн байранд 22.863.541 төгрөгийн засвар хийсэн. 380 вольтын шугам тавьхад 450.000 төгрөгийн зардал гарсан. Б.Г шаардсан тул Ц.Б байранд нь нүүж орсон. Засвар, үйлчилгээг цаг алдахгүй хийсэн. Хас банкинд данс нээлгэн лизингийн гэрээг байгуулж мөнгө байршуулах үед Б.Г хашаа, байшингаа зарахаа болилоо гэх болсон. Б.Г нь төлбөрөө төлүүлж хашаа, байшингаа бусдын өр төлбөрт алдахгүй болмогцоо гэрээнээсээ татгалзах болсон.  Гэрээг  Б.Гтай 2011 оны 8 дугаар сард байгуулсан бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой засан сайжруулалтын зардлаа нэхэмжлэх үед уг хөрөнгийн өмчлөгчөөр охин Г.О нэмж бүртгэгдсэн тул түүнийг хариуцагчаар татан оролцуулсан. Иймд хариуцагч нараас цахилгааны төлбөрт төлсөн 53 000 төгрөг, иргэний үнэмлэх авахад нь 1 000 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн 2 147 000 төгрөг, охин Г.Ог нь өгсөн 100 000 төгрөг, байрыг нь засан сайжруулсан засварын зардал 22 836 541 төгрөг, 380 вольтын шугам тавиулахад гарсан зардал 450 000 төгрөг, нийт 26 613 541 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Б.Г хариу тайлбартаа: 2011 оны 8 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 3 дугаар гудамж, 66 тоот хаягт байрлах, 2 давхар хувийн сууц, авто машины гарааш, хашаа, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгийг худалдахаар харилцан тохиролцсон.Гэвч үнэ хөлсийг төлөөгүй тул  шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг байраа зарах гэж байхад Ц.Б нь худалдаж авна гэсэн атлаа мөнгөө төлөөгүй, банкны зээл хөөцөлдөөгүй.Тэгсэн боловч  дураараа засвар хийсэн. Ц.Бы хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газар болон хувийн сууцыг чөлөөлүүлж, сууцыг ашигласан төлбөр, би өөрөө дүүгийнхээ байранд түрээсийн төлбөр төлж амьдарсан төлбөр, нийт 18 020 000 төгрөгийг Ц.Баас нэхэмжилнэ. Энэхүү маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2013-03-28-ны өдөр шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх 2013-06-03-ны өдөр, хяналтын шатны шүүх 2013-09-19-ний өдөр шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Хариуцагч Г.О хариу тайлбартаа: Энэ асуудалд би ямар ч холбоогүй. Энэ талаарх шүүхийн шийдвэрүүдэд миний нэр огт байхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

         Хариуцагч Б.Г сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Б нь 2011 оны 8 дугаар сард миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 3 дугаар гудамж, 66 тоотод байрлах 2 давхар хувийн сууц, 4 авто машины гарааш, газрын хамт 60 сая төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцсон, 2011 оны 11 дүгээр сард хэлцэлийг цуцалсаар байхад Ц.Б нь банкны зээл хөөцөлдөөгүй атлаа шүүхийн шийдвэр гарч байшинг хураан авах хүртэл 2 жилийн турш миний өмчид хууль бусаар амьдарч байсан. Мөн дур мэдэн  засвар хийсэн. Гэвч засвар нь чанаргүйн дээр миний байшинд хүн амьдрах нөхцөлгүй болгож эвдэн сүйтгэсэн. Бид маргаж улмаар хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу  шийдвэр гүйцэтгэх алба эд хөрөнгийг хураан авсан тухай акт үйлдэн байшинг газрын хамт Ц.Б нараас хүлээн авсан. Ц.Б 2 жил миний байшинд үнэ төлбөргүй суусан, мөн амьдарч байх хугацаандаа зөвшөөрөлгүй засвар хийх нэрээр зуух болон агаар орох цонх ханыг битүүлж хүйтэн, дээвэр, хананаас ус алддаг болгон таазнууд усанд автаж унжсан байдалтай байсан. Иймд байшингаа хүлээн авсны дараа бүрэн хэмжээний засвар хийж эхэлсэн ба дээврээ 2сая төгрөгөөр засч битүүлсэн. Галалдаг зуухыг авснаас болж хүн амьдрах нөхцөлгүй болсон тул би дахин засвар хийсэн. Байшинг анх байсан байдалд нь аваачихад 32.183.394 төгрөгийн зардал гарахаар байна. Ц.Бы амьдарч байх хугацааны цахилгааны мөнгө 3 834 331 төгрөгийг өмнөөс нь төлсөн. Одоог хүртэл би өөр байр түрээслэн амьдарсаар байгаа. Би өөрийн байраа зарна гэхээсээ өмнө бусдад сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлдэг байсан. Ц.Б миний байшинг худалдаж авна гэж худал хэлэн 2 жил, 6 сар амьдрах хугацаанд 15сая төгрөг олох байсныг алдсан. Мөн би өөрөө бусдын байр түрээслэн сар бүр 300 000 төгрөг төлж амьдарсан ба одоо ч төлсөөр байгаа юм. Тухайн үед би байшингаа зарж борлуулаад өөр байр авахаар тохиролцсон байсныгаа авч чадаагүй. Ц.Баас хохирч байна. Иймд байшинг буцаан хэвийн байдалд нь оруулах шаардлагатай зардалд 34 183 394 төгрөг, цахилгааны мөнгө 3 834 331 төгрөг, 30 сарын түрээсийн төлбөр 15сая төгрөг, бусдад төлсөн түрээсийн төлбөр 9 сая төгрөг,  хууль зүйн туслалцаа авсан 2 сая төгрөг, нийт 64 017 725 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/00553 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Б.Гаас 21 787 152 төгрөг гаргуулан  Ц.Бд олгож, нэхэмжлэлээс 4 826 389 төгрөгт холбогдох хэсгийг болон  Г.От холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ц.Баас 3 834 331 төгрөг гаргуулан  Б.Гт олгож, сөрөг нэхэмжлэлээс 60 183 394 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Ц.Ганбаатараас төлсөн 291 017 төгрөг, Б.Гаас төлсөн 635 990 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  Б.Гаас 266 886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, Ц.Баас 76 300 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2014-11-06-ны өдрийн 12304/Б дугаар захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1382 дугаар магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/00553 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Г.Оээс 26 613 541 төгрөг гаргуулах тухай Ц.Бы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Гаас 3 147 000 төгрөг гаргуулан Ц.Бд олгож, Ц.Баас 3 834 331 төгрөг гаргуулан Б.Гт олгож, сөрөг нэхэмжлэлээс 60 183 394 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг "хариуцагчаас 65 302 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 76 300 төгрөг гаргуулж хариуцагчид олгож,” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: өмнө нь хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж байсан шүүгч давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүнд оролцож магадлал гаргасан нь ИХШХШТХ зөрчсөн. Давж заалдах шатны шүүх байрнаас албадан гаргах тухай шүүхийн 765-р шийдвэрийг буруу тайлбарлан намайг хууль бусаар эзэмшиж байсан мэт дүгнэсэнд гомдолтой. Шүүх гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй гэсэн болохоос хууль бус эзэмшил гэж үзээгүй бөгөөд хэрэв хууль бус эзэмшил байсан бол Б.Гын сөрөг нэхэмжлэл хангагдах нь шударга ёсонд нийцнэ. Б.Г нь хашаа, байраа шүүхийн шийдвэр гүйцэтгэлд алдахгүйн тулд бидэнд худалдана гэж тохиролцон, биднийг оруулаад надаар шүүхийн шийдвэртэй өрөө төлүүлж, орон байрны тохижилт, засвар, үйлчилгээг хөрөнгө гаргуулан хийлгээд Капитал банкны барьцаанд тавьж зээл авах болоход үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нэрийг шилжүүлэхээс татгалзсан.Үүнээс болж гэрээ хэрэгжихгүйд хүрч маргаан үүссэн байхад  би буруутай буюу өөрийн оруулсан хөрөнгөө шаардах эрхгүй болсонд гомдолтой. Мөн энэ хашаа, сууцанд оруулсан хөрөнгө миний үнэлүүлснээр 34.183.394 төгрөг, Б.Гын үнэлүүлснээр 15.377.000 төгрөг болж биет байдлаар авсан мөнгө, төлсөн төлбөр зэрэг байгаа нь тогтоогдсон, зардал баримтууд 765-р шийдвэртэй иргэний хэрэгт авагдсан байхад Иргэний хуулийн 493.5 дахь хэсгийг буруу тайлбарлан шийдвэрлэлээ. Хашаа, байрыг би өөрийн охинд лизингээр худалдан авсан гэж түүний үнэ, үнэлгээг өсгөх, амьдрах тав, тухаа бодон хөрөнгө нэмж оруулан, сайжруулан амьдарч байсан бөгөөд Б.Гыг оруулсан хөрөнгийг өгөхийг шаардан Иргэний хуулийн 12-р зүйлд заасан эрхээ эдэлж байсан. Би байранд дайрч орж, хууль бусаар эзэмшээгүй, түүнд хохирол учирсан бол тэрээр өөрөө буруутай тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй билээ. Иймд  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      Ц.Б 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж  “... Б.Гын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 3 дугаар гудамж, 66 тоот сууц болон газар, гараашийг зээлээр худалдах-худалдан авахаар  тохиролцсон боловч маргаан үүсэж  буцааж өгсөн тул Б.Гт өгсөн 1сая төгрөг, шүүхийн шийдвэр биелүүлэх газарт Б.Гын өмнөөс нь төлсөн 2.147.000 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 53.000 төгрөг, Г.От өгсөн 100.000 төгрөг, засвар хийхэд гарсан зардал 22.863.541 төгрөг, 380 вольтын шугам тавьсан зардал 450.000 төгрөг буцааж авна...” гэсэн үндэслэлээр нийт 26 613 541 төгрөгийг Б.Г, Г.О нараас шаардсан байна.       

        Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн бөгөөд Б.Г 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж “... Ц.Б байшинд 28 сар амьдарсан тул энэ хугацаанд олох байсан орлого 15 сая төгрөг, энэ хугацаанд бусдын байр түрээслэн 9 сая төгрөгийн зардал гаргасан, байшинг буцааж хэвийн байдалд оруулахад гарах зардал 34 183 394 төгрөг, цахилгааны мөнгө 3 834 331 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан 2 сая төгрөг...” гэсэн үндэслэлээр 64.017.725 төгрөг шаарджээ.  

        Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс засвар хийхэд гарсан зардлаас 18.640 152 төгрөг, хариуцагчид өгсөн /1 сая төгрөг болон 2.147.000 төгрөг/ 3.147.000 төгрөг нийт  21.787.152 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс цахилгааны мөнгө 3.834.331 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг, Г.От холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон байна.

        Давж заалдах шатны шүүх Б.Гаас засвар зардалд 18.640 152 төгрөг гаргуулсныг үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгожээ.

         Нэхэмжлэгч нь “... анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэж байсан шүүгч давж заалдах шатны шүүх хуралдаанд орсон нь хууль зөрчсөн... давж заалдах шатны шүүх шүүхийн 2013 оны 765-р шийдвэр болон Иргэний хуулийн 493.5-г буруу тайлбарласан...хариуцагчаас болж гэрээ хэрэгжээгүй...” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна. 

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Ц.Б, Б.Г нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ хуульд заасан журмаар байгуулагдаагүй бөгөөд бүрэн хэрэгжээгүй байдалд талуудын хэн аль нь буруутай тул гэрээ байгуулах тохиролцооноос татгалзаж, өөрийн өмчлөлийн зүйлийг буцаан авахаар шаардсан Б.Гын нэхэмжлэлийг өмнө нь шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтад үндэслэн шийдвэрлэж байжээ. Тодруулбал, энэ талаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 765 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 438 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2013 оны  452 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсгийг баримтлан шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй болсон гэж үзлээ. Иймд  нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгоно.

        Харин давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй, иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгч уг хэрэг, маргааныг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцоогүй байх тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

        Анхан шатны шүүх Ц.Бы нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ худалдагч  өөрийн өмчлөлийн зүйлийг буцаан авсантай холбоотой үр дагаврыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн дүгнэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :          

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1382 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/00553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь заалтын “....нэхэмжлэгч Ц.Г...” гэснийг “...нэхэмжлэгч Ц.Б..” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 291.017 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.  

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ