Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-16
Дугаар 001/ХТ2017/01421
Хэргийн индекс 101/2017/01421/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Ш.Ж
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Ш.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00941 дүгээр шийдвэр,                                          

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1470 дугаар магадлалтай,

          Ш.Жын нэхэмжлэлтэй,

          Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох           

          2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 171/6101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэх, 16/145 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, Ү-2202000838 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 000-ын 13-47 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Ж, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

    Ш.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүрэг 2-р 40 000-ын 13-47 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч Ш.Ж нь Д.Д гуйлтаар зээлийн барьцаанд тавиад буцаагаад өгнө гэсний дагуу түүнд туслах зорилгоор 2008-04- 22-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж өмчлөх эрхийг шилжүүлсэн. Ш.Ж Д.Д нарын хооронд байгуулсан дээрх гэрээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015-12-07-ны өдрийн 101/ШЗ2015/02597 дугаар захирамжаар хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Гэтэл Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-04-06-ны өдрийн 2194-р шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 722 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 757 дугаар тогтоолыг биелүүлэх ажиллагаа Ш.Жын эрхийг зөрчиж байна. Ш.Ж Д.Д байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцсон шүүгчийн захирамжийг хариуцагчид  өгсөн атал  маргаан бүхий орон сууцыг 2016-03-01-ний өдөр битүүмжилж, 2016-04-20-ны өдөр хураасан. Орон сууцыг битүүмжлэх тогтоолд хөндлөнгийн гэрчээр Б.Отгонбаярыг оролцуулж, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1-г зөрчсөн. Гэрчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.3-30.5 дахь хэсэгт заасан ямар ажиллагаанд оролцож байгааг мэдэгдээгүй, хаана оршин суудаг болохыг тодруулаагүй. Маргаан бүхий орон сууцыг 2016-01-20-ны өдрийн 16/145 дугаар тогтоолоор хураан авахдаа дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн. Мөн 2015-11-13-ны өдрийн 3268 дугаар гүйцэтгэх хуудаст үүргийн гүйцэтгэлийг  орон сууцаар хангуулахыг заагаагүй байхад худалдан борлуулах зорилгоор битүүмжилж, хураан авсан ажиллагаа хууль бус, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно гэснийг зөрчсөн гэжээ.

         Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба:  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 2199 дугаар шийдвэрээр Д.Дгоос 76 718 002 төгрөгийг гаргуулж “Жэй Эй Эс Эи ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Д.Д нь үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2202000838 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40000-ын 13 дугаар байрны 47 тоот 3 өрөө орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан. Төлбөр төлөгч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2016-03-01-ний өдрийн 171/01 дугаар битүүмжлэх тогтоолоор  хураан авч тэмдэглэл үйлдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1 дахь  хэсэгт “төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийх түүнийг хураан авахад хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна” гэж хуульчилсан. Битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчийг заавал байлцуулахаар  заагаагүй. Мөн битүүмжлэх тогтоолын огноо 2016-03-01-ний өдрийн 171/01 дугаартай бөгөөд тухайн өдөр болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөтөлсөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдоно. Битүүмжлэх ажиллагааны дараа явагдсан хөрөнгийг хураах 16/145 дугаар тогтоол хүчинтэй. Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар анхны албадан дуудлага худалдааны үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлүүдийг хөрөнгийн үнэлгээ явуулах эрх бүхий “Лэндс” ХХК томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгосон нь Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу явагдсан.  Шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцож 85 050 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177.2-т зааснаар 2016-12-28-ны өдөр 60 750 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд гаргасан  тайлбартаа: Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015-04-06 -ны өдрийн 2199 дугаар шийдвэрээр Д.Дгоос 76 718 002 төгрөг гаргуулж “Жэй Эй Эс Эм ББСБ” ХХК-д олгохоор, шийдвэрийн 3 дахь заалтаар орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00941 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.3-т заасныг баримтлан Ш.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08671 дугаартай захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 28-ны өдрийн 1470 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00941 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.3-т...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Алтантуяа хяналтын гомдолдоо:  Нэхэмжлэгч тал 2016-04- 20-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол дээр маргаагүй, харин 2016-03-01-ний өдрийн битүүмжлэх тогтоолд хөндлөнгийн гэрчээр Б.Отгонбаярыг оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1-г зөрчсөн, гэрчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.3-т заасан байдлыг тодруулаагүй, 30.4-т заасан эрх үүргийг танилцуулаагүй, 30.5-т заасан ямар ажиллагаанд оролцож байгааг мэдэгдээгүй, хаана оршин суудаг болохыг тодруулаагүй зэрэг хууль зөрчсөн гэж маргасан юм. 2016-03-01-ний өдрийн 171/01 дугаартай “эд хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулахыг хориглож лацадсан болно” гэж эд хөрөнгөнд үзлэг хийснээ албан ёсоор баримтжуулсан, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа НШГА төлбөр төлөгчийн орон байранд нэвтэрч, үзлэг хийдэг болохыг албан ёсоор баримтжуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1-р гүйцэтгэх ёстой байсныг баталсаар байтал  шүүх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар “бусад тохиолдолд” хамааруулж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай эргэлзээгүй талаас нь зөв үнэлж дүгнээгүй байна. Иймд 2017-07-01-с  мөрдөгдөж байгаа 2017-06-09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1, 41.4, 41.5, 41.6- зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хүчингүй хуулийн 30, 41-г шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.Дгоос 76.718.002 төгрөг гаргуулж, “ж” ХХК-д олгох, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40.000-ын 13 дугаар байрны 47 тоот орон сууцыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангах тухай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/02199 дугаар шийдвэрийг /хх 95-97/ хариуцагч албадан гүйцэтгэхдээ 2016-03-01-ний өдөр “Эд хөрөнгийг битүүмжлэх” тухай 171/01 дугаар тогтоол” /хх 36/., 2016-04-20-ны өдөр “Эд хөрөнгийг хураах” тухай 16/145 дугаар тогтоол /хх 44-45/ үйлдсэнийг Ш.Ж эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.     

       Анхан шатны шүүх Ш.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Д.А хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “.... 2016-04-20-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол дээр маргаагүй, харин 2016-03-01-ний өдрийн битүүмжлэх тогтоолыг шүүх хүчингүй болгоогүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1, 30.2-г зөрчсөн... 2017-07-01-с мөрдөгдөж байгаа 2017-06-09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1, 41.4, 41.5, 41.6-р зүйл болон  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хүчингүй болсон хуулийн 30, 41-р зүйлийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Ш.Ж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Эд хөрөнгийг битүүмжлэх” тухай  2016-03-01-ний өдрийн 171/01 дугаар тогтоол, “Эд хөрөнгийг хураах” тухай  2016-04-20-ны өдрийн 16/145 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах агуулга бүхий шаардлага тавьсан /хх1-3, 75, 77, 105-114/, уг шаардлагаасаа татгалзаж байгаагүй тул “... эд хөрөнгийг хураах тухай 2016-04-20-ны өдрийн 16/145 дугаар тогтоолын талаар маргаагүй...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. 

       Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн хүрээнд, зохигчдын гаргаж өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй. 

        2. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40.000-ын 13 дугаар байрны 47 тоот орон сууцыг хураах  тухай  2016-04-20-ны өдрийн 16/145 дугаар тогтоолыг шүүх хүчингүй болгоогүйд өмгөөлөгч Д.А гомдоогүй байна. Иймд эд хөрөнгө хураахаас өмнө хийгдсэн буюу эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хариуцагч явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэх гомдол хураасан хөрөнгийг чөлөөлөх үндэслэл болохгүй.      

        3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуулийг 2017 оны  07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж уг хуулийн 302 дугаар зүйлд заажээ.

         Ш.Жын нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэх үед  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2017 оны хууль батлагдаагүй, давж заалдах шатны шүүх шийдвэрлэх үед  хууль хүчин төгөлдөр болоогүй байснаас гадна хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2017 оны хуулийг баримтлаагүй тул “...шүүх 2017-06-09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41-р зүйлийг шүүх зөрчсөн...” гэх өмгөөлөгч Д.А гомдол үндэслэлгүй байна. 

      4. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/02199 дугаар шийдвэрт Д.Дгоос 76.718.002 төгрөг гаргуулж “Ж” ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй  тохиолдолд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40.000-ын 13 дугаар байрны  47 тоот орон сууцыг худалдах талаар шийдвэрт заасан /хх 95-97/, уг шийдвэрийн дагуу /хх 14/ “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 102/ШЗ2015/30891 дугаар захирамж 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарч /хх 94/  мөн өдөр 3268 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ.    

       2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3268 дугаар гүйцэтгэх хуудсанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40.000-ын 13 дугаар байрны 47 тоот орон сууцыг худалдах талаар бичээгүй байхад уг орон сууцыг битүүмжилсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т нийцээгүй тул уг гомдол нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.      

       5.  Барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40.000-ын 13 дугаар байрны 47 тоот орон сууцыг шилжүүлсэн 2008 оны  бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Ш.Жын нэхэмжлэлийг төлбөр төлөгч Д.Д хүлээн зөвшөөрснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж 8480 дугаар захирамж гаргаж, уг захирамжид 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ/2016/02597 дугаар захирамжаар /хх 50-53/ нэмэлт оруулсан байх бөгөөд эдгээр захирамжийг нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгосныг хүлээн авах боломжгүй байна.

        Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны  102/ШШ2015/02199 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8480, 2016 оны 101/ШЗ/2016/02597 дугаар захирамж нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. 

       6. Хоёр шатны шүүх  “...2016 оны 171/6101 дугаар битүүмжлэх болон 16/145 дугаар хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 000-ын 13-47 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх...” тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа гаргасан байдлаар бичсэн /хх 115, 139/ нь шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.Алтантуяа Ш.Жыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан /хх1-3,15/ боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Ж нэхэмжлэлээ дэмжиж буйгаа бичгээр илэрхийлж 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж М.Бадамхандыг төлөөлөгчөөр /хх 76, 77/ оролцуулсан, М.Бадамханд өмгөөлөгчөөр Д.Алтантуяаг оролцуулах хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан /хх 75/ байна.

        Ш.Жыг Д.Алтантуяа анх төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь  тогтоогдсон тул  шийдвэр болон магадлалын тодорхойлох болон үндэслэх хэсэгт түүнийг нэхэмжлэгч гэж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 34, 36 дугаар зүйлийг зөрчөөгүй үзлээ.

        7. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны  102/ШШ2015/02199 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх үед хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийг зөрчөөгүй тул шүүх Ш.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1470 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                             Б.УНДРАХ