Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-14
Дугаар 001/ХТ2017/01399
Хэргийн индекс 101/2017/01399/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Я.О
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Я.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01253 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1504 дүгээр магадлалтай,

           Я.Огийн нэхэмжлэлтэй,

           Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох         

     Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.О, түүний өмгөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Я.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3-р хэсгийн ахлагчаар 2013-01-р сараас 2016-11-01-ний өдөр хүртэл ажилласан. Би 2016-10-05-ны өдрөөс ар гэрийн гачигдлаар  Засаг даргаас чөлөө авсан. Ингээд 2016-11-01-ний өдөр ажилдаа орох гэтэл Засаг дарга өөрийн сонгуулийн ажилд яваагүй, цэргийн зарлан тараагаагүй, муу ажилласан гээд ажиллуулахгүй гэсэн. Би хүүхдээрээ зарланг тараалгасан. Тэр өдрөө хурал хийж намайг ажлаас чөлөөлсөн. Уг хурлын протоколд миний хэлснийг бичээгүй байсан. Би хурал дээр өөрийн хийсэн ажлыг хэлж, бусад хэсгийн ахлагч нар ажлаа хэрхэн хийдэг талаар хэлсэн. Би 2015 онд ганцаараа өрхийн бүртгэл хийж байсан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-г зөрчиж, мөн хуулийн 3.1.15-д зааснаас өөр гэрээ байгуулсан, гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэхээр байгаа. Гэрээнд заасан гүйцэтгэх ажил нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хамаарахгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх хуультай. Гэтэл ажлаас халсан тушаалд энэ талаар байхгүй. Ажил олгогч зөрчлийг өөрөө илрүүлээгүй, хорооны Засаг даргын албан бичгээр зөрчлийг тогтоогдсон гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй. Засаг дарга  Энхмаа хувийн шалтгаанаар  надад хандаж ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж, 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. Мөн цагдаа эргүүлийн ажилд мөн томилж өгнө үү. Намайг 2017-01-01-ний өдөр халсан бол би гомдохгүй байсан. Өмнө нь халсан учир гэнэт халагдсаны мөнгө авч чадаагүй, ажилгүйдлийн тэтгэмж авахгүй болсон гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Я.О нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээний урамшуулал олгодог байсан. Я.О нь 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлыг гүйцэтгэх үүргээ хангалтгүй биелүүлсэн. Энэ нь нотлогдсон. Хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажлыг бусдаар гүйцэтгүүлэхийг хориглодог. Энэ зөрчил нь хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэл болсон. Улмаар цаг үеийн шинжтэй чухал ажлаа дутуу хийсэн учир хорооны Засаг дарга нь албан бичиг ирүүлж бид гэрээ болон дүрэмд заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цагдаа эргүүлтэй холбоотой шаардлага гаргаагүйг шүүх анхаарна уу гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01253 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг тус тус баримтлан Я.Ог Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Я.Огийн нэхэмжлэлээс бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Я.Огаас 114 084 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 03-ны өдрийн 1504 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М хяналтын гомдолдоо:  Mагадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон байтлаа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно" мөн хуулийн 3.1.15-д “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг…хэлнэ” гэж заасныг тус тус зөрчиж хэрэгт байх нотлох баримтуудаар байнгын ажлын байр гэдэг нь тогтоогдож байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг олгож шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд давж шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэнгүй. Учир нь нэхэмжлэгч хариуцагчийн үндэслэлгүй халсныг тогтоолгож, 2 дугаар хорооны хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцаа. Гэтэл 2 шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээ мөн гэж дүгнээд байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж дурдаад байгаа мөртлөө нэхэмжлэгчтэй дахин хөлсөөр ажиллах гэрээг байгуулахыг даалгаж байгаа нь хариуцагчийн хуулиар олгосон гэрээний тэгш эрхийг ноцтой зөрчиж гэрээ байгуулахыг даалгасан нь ойлгомжгүй. Шүүх хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ зэргийг ялгахгүй хууль буруу хэрэглэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын нэхэмжлэгчийг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны хэсгийн ахлагчаар ажиллуулахыг даалгах буюу хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг даалгасан хэсгийг өөрчилж, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

  Я.О 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны 3-р хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардсан. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн Я.Ог Сүхбаатар дүүргийн 2-р хорооны 3-р хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч “...талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь буруу... нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү...” гэж, хариуцагч нь “... шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосныг зөвшөөрөхгүй...” гэжээ. 

       Зохигчдын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

          Я.О нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-гээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад “...хүлээсэн үүргээ биелүүлээгүй...” гэж хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/222 дугаар тушаал гаргаж, мөн өдрөөс гэрээг цуцалснаар ажлаасаа чөлөөлөгджээ.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна. Иймд зохигчдын  хооронд үүссэн гэрээний харилцааны талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

        Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй бөгөөд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй, энэ тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д нийцжээ.

        Анхан болон давж заалдах шатны шүүх Я.Огийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01253 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1504 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхисугай

        2. Зохигчид хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.                              

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                              ШҮҮГЧ                                                                 Б.УНДРАХ