Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-14
Дугаар 001/ХТ2017/01398
Хэргийн индекс 102/2017/01398/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Л.Ч
Хариуцагч “Т” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Л.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах,  Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00853 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1394 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: Л.Ч

           Хариуцагч: “Т” ХХК           

     Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрэт зохих бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч М, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч Л.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Би Тинд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Тны удирдлага солигдсонтой холбогдуулан "орон тоог цөөрүүлж, зардал бууруулах"-ын тулд 2016-11-10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас "Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох" шалгалт авсан. Шалгалт авах тухай урьдчилан мэдэгдээгүй, хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, бэлтгэх боломжоор хангаагүй. Шалгалтын зорилго нь ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох байтал хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд хамааралгүй байсан. Иймд шалгалтыг Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтний мэдлэг, ур чадварын түвшинг тогтоосон шалгалт гэж үзэхгүй байна. Шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисст удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Шалгалтын үнэлгээ болон дүгнэлтийг танилцуулаагүй. Ажлаас халсан, чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаагүй атлаа 2016-11-18-ны өдрөөс хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй. Шалгалтын хамрах хүрээ тодорхойгүй, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтгүй, хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаа болон  гүйцэтгэх үйл ажиллагааг огт шалгаагүй.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-р  халсанд гомдолтой. Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа нь харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулжээ. "ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Дээрх дүгнэлт нь үүнд заасан дүгнэлт болж чадаагүй. Нэхэмжлэгчийг харьяалах газар хэлтсийн даргын үнэлгээний хувьд Бүтээгдэхүүн хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Хүрэлчимэг, Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр нар үнэлсэн ба үнэлгээ нь Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдахаас өмнө буюу 2016-11-01-ний өдөр болжээ. 9 үзүүлэлтээр үнэлсэн ба эдгээр нь ажлын байрны тодорхойлолтод огт хамааралгүй үзүүлэлт байдаг. Үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Иймд Т.Хүрэлчимэг, М.Эрхэмбаяр нарын үнэлгээг зөвшөөрхгүй. Нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт аваад журамд заасан даалгаврын гүйцэтгэл гэх мэт шалгалт аваагүй. Ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой. Гэтэл  30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 1,2,3,18,28 дугаар асуултууд ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан, бусад нь хамааралгүй байсан. Комиссын төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээ гүйцэтгэний талаар хариуцагч баримт гаргаагүйгээс гадна үүнд юуг хамааруулсан нь тодорхойгүй байгаа. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтэд комиссын дарга болон комиссын нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан нь  түвшин тогтоох журмын 2.4-г зөрчсөн. Иймд Л.Чыг Тны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

          Хариуцагч нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: “Т" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны А/352 тоот тушаалаар түвшин тогтоох ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн. Тушаалын 1 дүгээр хавсралтаар Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, 2 дугаар хавсралтаар түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн, 3 дугаар хавсралтаар хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг баталсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь  түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа,  мэдээлэл болон журмыг нийт  ажилтнуудад урьдчилан хүргүүлж,  зохион байгуулж ажилласан. Ажиллагааны дүнг ажилтнуудад танилцуулсан. Дүнтэй холбоотой ажилтнуудаас гаргасан өргөдлийг хүлээн авч, өргөдлийн дагуу хариуг хүргүүлсэн. 2016-11- 04-ний өдөр Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэрээр Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журмыг баталсан. Гүйцэтгэх захирлын баталсан  журмын дагуу ажилтнуудын мэргэжил ур чадварыг 3 шалгуураар шалгахаар тогтоосон. Үүнд: A.Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Б.Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ, B.Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 шалгуурын нийлбэр дүнгээр үнэлгээг гаргахаар заасан. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гэдэг нь тухайн ажилтны харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг авах ба уг үнэлгээнд ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зохион байгуулах тусгай чадвар, дүн шинжилгээ хийх тусгай чадвар зэргийг 1-5 онооны байдлаар дүгнэж, нийт 30 хувь, мэдлэг ур чадварын үнэлгээ гэдэгт хөндлөнгийн шинжээчдийн бэлтгэсэн сорилын болон үзүүлэх сургууль, даалгаврын гүйцэтгэл шалгах байдлаар тухайн ажилтны мэргэжлийн онцлог, ажлын байрны онцлогийг тусгасан үзүүлэлтүүдээр үнэлж, нийт 30 хувь, оролцоо, чанарын үнэлгээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үрэг, банкны зорилго, зорилт зэрэг хүрээг багтаасан ярилцлага, даалгавар бүхий ажиллагаа 40 хувь хүртэлх оноогоор үнэлэгдэхээр тус тус зохицуулагдсан. 2016 оны А/358 дугаар тушаалаар Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийг хавсралтаар баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалтад Л.Ч багтсан. Мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээ нь урьдчилан гаргаж мэдэгдсэн товын дагуу 2016-11-11-ний өдөр Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтсийн ажилтнууд хамрагдсан. Түвшин тогтоох комисс нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээллийг хамрагдах ажилтнуудад мэдэгдэж, гарын үсэг зуруулсан. Ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагаанд мөрдөж ажиллах эрх зүйн актууд, банкинд мөрдөгдөж буй хууль тогтоомж, холбогдох журам зааврын хүрээнд ажилтан мэдвэл зохих энгийн асуултуудаар сорилгын даалгавар боловсруулагдсан. Журмын 4.2-т ажилтан өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргана гэж заасан ба Л.Ч өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тухай комисст хандан өргөдөл гаргаагүй. Л.Чт 2016-11-18-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг 2016-11-21-ний өдрөөр хүлээлцсэн. Ажил хүлээлцэх актад Л.Ч гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн. Л.Ч нь харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 12.00, мэдлэг ур чадвар сорилго 18.00, оролцоо, чанарын үнэлгээ 26.87 нийт 56.87 хувиар шалгагдаж Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.4.2-т зааснаар ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Удирдлагын хороо, Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцүүлж 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарсан. Дээрх шийдвэрүүд, дүгнэлтийг үндэслэн тус банкны гүйцэтгэх захирлын 2016-12-19-ний өдрийн Б/1759-р тушаалаар Л.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Гүйцэтгэх захирлын шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар комиссын дүгнэлтийг үндэслэж, мөн хуулийн 40.5-т заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсний дараа ажил олгогчийн санаачлагаар гэрээ цуцалсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй өгнө үү гэжээ.

       Чингэлтэй дүгээр Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00853 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Л.Чын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 16-ны өдрийн 1394 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00853 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б хяналтын гомдолдоо: Т нь Л.Чыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-р  ажлаас халсан. Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг 1. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, 2. Мэдлэг, ур чадвар /сорилго, даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м/-ын үнэлгээ, 3. Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 төрлийн үнэлгээг үндэслэн гаргасан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийн үндэслэл болсон харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.  Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Э, Бүтээгдэхүүн, хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Х нар ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэх талаар үнэлгээг өгөхдөө хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгон ашигласан тухай хэрэгт авагдсан үнэлгээний хуудаст дурдсан. Гэвч үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн  7.3-т заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал, Бүтээгдэхүүн, хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч нарын үнэлгээний үндэслэл баримтаар нотлогдоогүй байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тны гүйцэтгэх захирлын 2016 оны  А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ыг, Тны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 02/2 тоот “Үнэлгээний хуудсын загвар баталж, үнэлгээ хийлгүүлэх тухай шийдвэрийн хавсралтаар журмын 1.2.1-д “харъяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ өгөх хуудас”-ын загварыг тус тус баталсан. Гэтэл М.Эрхэмбаяр, Т.Хүрэлчимэг нар ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг “Тны ажилтан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” болон “Үнэлгээний хуудсын загвар” батлагдахаас өмнө буюу 2016-11-01-ний өдөр үнэлсэн. Үүнээс үзэхэд Л.Чыг халах шийдвэрийг урьдчилан гаргасан нь тодорхой  байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ  дээрх үйл баримт дээр ямар нэгэн тайлбар, дүгнэлт хийгээгүйд харамсаж байна. “Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 3.3.1-д “Комисс нь ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар харъяалах газар, хэлтсийн захирлаар ажилтан тус бүрийн үнэлгээг гаргуулан авна” гэж заасан байхад “Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудас”-аар “ажлын байранд тавигдах шаардлагын тохироо”, “гүйцэтгэлийн чанар”, “мэргэжлийн ур чадвар”, “хөдөлмөрийн сахилга ба /таслапт, хоцролт/”, “ачаалал даах чадвар”, “ажил хэрэгч, идэвх санаачилгатай байдал”, “хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байдал”, “тусгай чадвар” гэсэн асуудлаар үнэлгээ өгсөн байна. Гэтэл Л.Чын ажлын байрны тодорхойлолтод ажилтанд тавигдах мэргэжил, туршлагын 4 төрлийн шаардлага, ур чадварын 6 төрлийн шаардлага, нийт 10 төрлийн шаардлага тавигдсан байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд “Бизнес хөгжлийн газрын ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас”-аар өгсөн үнэлгээ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах 10 төрлийн шаардлагад огт хамааралгүй болохыг  анхаарч үзэхийг хүсье.  Ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэх, үнэн зөв, бодитой шалгаж тогтоохгүйгээр ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг дүгнэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэснийг  ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж дээд шүүх тайлбарласан. Эдгээрээс  үзэхэд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоохоор зохицуулсан байна. Гэтэл Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох гол шалгуур, үзүүлэлт болох ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг огт үнэлээгүй, энэ байдлыг тогтоогоогүй байна. Зүй нь ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс тогтоосон байх шаардлагатай.  М.Эрхэмбаяр, Т.Хүрэлчимэг нар журамд заасан үнэлгээг журам батлагдахаас өмнө өгсөн, үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг нотлох баримтаар гаргаж өгөөгүй учраас энэхүү үнэлгээг үнэн зөв, бодитой хийгдсэн гэж үзэхгүй.  Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 1.2.2-т “мэдлэг, ур чадварын үнэлгээ гэдэгт сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м хамаарна” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт авсан. Даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м шалгалт аваагүй. Зөвхөн сорилгын шалгалтын дүнг үндэслэн мэргэжил, ур чадварын үнэлгээ өгсөн. Тны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016-11-09-ний өдөр баталсан Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой. Гэтэл Л.Чаас авсан 30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 2, 7, 8, 9 дүгээр асуултууд нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байсан. Бусад нь шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны гүйцэтгэх ажил, үүрэгтэй огт хамааралгүй болох нь Л.Чын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 30 асуулт бүхий сорилгын шалгалтын баримтаар нотлогдсон. Энэ талаар давж заалдах шатны шүүх  дүгнэлт хийгээгүй байна. Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн  4.2-т “Оролцоо, чанарын үнэлгээг комиссын төлөөлөл ярилцлага болон комиссоос тогтоосон бусад арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэнэ” гэсний дагуу оролцоо, чанарын үнэлгээг ярилцлагын арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хэрэгт авагдсан Л.Чын ярилцлагын үнэлгээний хуудаснаас үзэхэд үнэлгээ өгсөн этгээд тодорхойгүй, үнэлгээ өгсөн он, сар, өдөр тавиагүй, асуусан асуулт нь ойлгомжгүй, асуултанд ажилтан яаж хариулсан тухай тайлбар хэсэгт огт тэмдэглэгээ хийгдээгүй, энэхүү баримтыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.3.3-т “Комиссын даргын томилсон комиссын төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээ гүйцэтгэнэ” гэж заасан байхад Л.Чаас оролцоо, чанарын үнэлгээг Тны гүйцэтгэх захирлын 2016 оны А/352 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн”-д ороогүй этгээд өгсөн. Үнэлгээний хуудсанд зурагдсан гарын үсэг комиссын төлөөлөл болох Н.Батгэрэл, Г.Хандцоож нарын гарын үсэг болохыг Т Хөдөлмөрийн тухай хуулийн 7.3-т заасны дагуу шүүхийн өмнө баримтаар нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-г ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан. Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-р халахын тулд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байх шаардлагатай. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Л.Чын мэргэжил, ур чадварын түвшинг үнэн зөв, бодитой тогтоогдоогүй, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс ажилтан Л.Чыг гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоогоогүй байхад  шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж,  нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Тны гүйцэтгэх захирал 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б/1759 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, Тны дүрмийн 9.2.13, 9.2.20, дотоод журмын 11.4 , Хүний нөөцийн хорооны 2016 оны хурлын 74-р шийдвэрийг үндэслэн, “мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй” гэж Тны бизнес хөгжлийн газрын Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн Шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтэн Л.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Ажил олгогчийн тушаалыг  нэхэмжлэгч эс зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Т-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хуучин ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, маргасан.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.   

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо “...үнэлгээ үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо...үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн  7.3-т заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй... үнэлгээний үндэслэл баримтаар нотлогдоогүй... М.Э, Т.Х нар ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг түвшин тогтоох журам болон  үнэлгээний хуудсын загвар батлагдахаас өмнө буюу 2016-11-01-ний өдөр үнэлсэн тул бодитой гэж үзэхгүй...үнэлгээ нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах 10 төрлийн шаардлагад огт хамааралгүй байсан…ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгааг огт үнэлээгүй, энэ байдлыг тогтоогоогүй... нэхэмжлэгчээс  даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м шалгалт аваагүй...  сорилгын 30 асуултаас 4-с бусад нь нэхэмжлэгчийн ажлын байрны гүйцэтгэх ажил, үүрэгтэй  хамааралгүй байсан...ярилцлагын үнэлгээ өгсөн этгээд тодорхойгүй, огноогүй, асуултанд ажилтан хэрхэн хариулсан тайлбар хэсэгт тэмдэглэгээ хийгдээгүй байсан... оролцоо, чанарын үнэлгээг комиссын бүрэлдэхүүнд ороогүй этгээд хийсэн... гарын үсэг нь Н.Б, Г.Х нарых болохыг баримтаар нотлоогүй....буюу Л.Чын мэргэжил, ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдоогүй...” гэсэн үндэслэл заажээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл байвал ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан “ажилтан мэргэжил, ур чадварын... хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны шийдвэр гарсан байхыг ойлгоно. Мэргэжил ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг  байгууллагын  хэмжээнд  эрх бүхий этгээдийн шийдвэр, журмын  дагуу  зохион байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн агуулгад нийцэх юм. 

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Тны гүйцэтгэх захирал 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А/352 дугаартай тушаал гаргаж, Банкны тухай хуулийн 34.1.5, Тны дүрмийн 9.2.13-г үндэслэн “Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-г баталсан /хх 111/ бөгөөд уг журмыг үндэслэн ажил олгогч мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-г зөрчөөгүй гэж үзлээ.     

        2. Тны гүйцэтгэх захирал 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Төв банкны ажилтнуудын мэргэжил ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамж” баталсан /хх31-34/ бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/358 дугаар тушаалаар нэхэмжлэгч түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны тоонд /хх 37-40/ багтаж шалгалт өгсөн бөгөөд ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэл болгосон байв.

        Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Э, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Хүрэлчимэг нар /хх 76,77/ нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгааг   Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 дугаар шийдвэрээр /хх 171/ баталсан загвар, үзүүлэлт, онооны хүрээнд үнэлсэн байх тул үнэлгээний хуудасны огноотой холбоотой  Л.Чын тайлбар нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж дүгнэв. 

       3. Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам,  удирдамжаас үзвэл нэхэмжлэгч “оролцоо чанарын үнэлгээ”-д “тэнцээгүй” гэж үзэх үндэслэлгүй байх тул шалгалтын энэ хэсэгт холбогдох нэхэмжлэгчийн тайлбараар шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна. 

        4. Ажил олгогч ажилтны мэдлэг, ур чадварын үнэлгээг түвшин тогтоох журам,  удирдамжийн дагуу явуулсан байх бөгөөд сорилгын асуултын агуулгатай холбоотой гомдол нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралгүй тул энэ тухай гомдол нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

       5. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд Л.Чын нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5-г зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00853 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1394 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.                                 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                                   ШҮҮГЧ                                                            Б.УНДРАХ