Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-07
Дугаар 001/ХТ2017/01363
Хэргийн индекс 135/2016/00788/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Б.Э
Хариуцагч Ц.З, З.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

  Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дүгээр шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 99 дүгээр магадлалтай

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

Ц.З, З.Б нарт холбогдох

Дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Э-ийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, А.А, хариуцагч Ц.З, З.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

бид хоёр 2008 оны 08 дугаар сар гэр бүл болж байсан. Би З.Бтэй гэр бүл болсны дараа өөрийн нэр дээр 2 өрөө байртай байсан. 2009 оноос 2012 оны хооронд бид хоёр хүүхэдтэй болсон. 2014 оны 07 дугаар сараас хойш бид хоёр тусдаа амьдрах болсон. Уг маргаан бүхий барилга баригдаж байхад З.Б гэртээ ирдэггүй байсан учраас хэрүүл маргаан гардаг болсон. Бид барилгад оруулсан хөрөнгө оруулалтаас болоод салсан. Би өөрийнхөө 2 өрөө орон сууцыг хадам ээжийн нэр дээр дүр үзүүлж шилжүүлж банкны 8 хувийн зээлд хамрагдаж, 40 000 000 төгрөг авсан бөгөөд уг барилгын ажилд би 40 000 000 төгрөгийг өгсөн. 40 000 000 төгрөгөөс надад мөнгө ирээгүй юм. Би байрныхаа талаар эцэг, эх хоёртоо хэлсэн. Барилга баригдаж байгаа газрыг бид цалингийн зээлээр авсан. Би нийт 3 удаа цалингийн зээл авч байсан тэр мөнгөө барилгад оруулсан. Хүүхдийн хадгаламжаасаа мөнгө авч тоосго авч байсан. З.Б намайг орон сууцаа түрээслүүлье аав, ээжтэй хамт амьдаръя гэж хэлсэн. Түрээсийн 2 жилийн төлбөр болох 5 895 000 төгрөгийг барилгад оруулсан. Би 28 940 000 төгрөгийн цалингийн зээл, 40 000 000 төгрөгийн байрны зээл, хүүхдийн хадгаламж дахь 1 170 000 төгрөг, аав, ээжээс бага багаар зээлсээр 10 100 000 төгрөг авсан байдаг.

Би ааваасаа 6 500 000 төгрөг нийт 92 605 000 төгрөгийг барилгад хөрөнгө оруулсан. Өөрийнхөө оруулсан хөрөнгийг нэхэмжилж байгаа. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ганзамын 7-3 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилга, газар нь З.Б бид хоёрын дундын өмч болохыг тогтоолгоно. Би өөрийнхөө зүгээс хөрөнгө оруулсан учир бидний дундын өмч гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хөрөнгийг гаргуулна. З.Б анхнаасаа манай гэр бүлийн хөрөнгө гэж З.Бийг хэлэхэд нь би барилгад хөрөнгө оруулж байсан. Бид дөрөв эцэг, эхээсээ тусдаа амьдрах нь үнэн юм чинь З.Б бид хоёр гэр бүлийн дундын өмчтэй болж байна гэж бодсон. Би барилгад хөрөнгө оруулсан учир өөрт болон хүүхдүүддээ оногдох хувийг гаргуулна. Мөн түүнчлэн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ХААН банкны Сэлэнгэ салбарт З.Б, бид хоёрын дундын хөрөнгийг сарын 674 000 төгрөгөөр, 5 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Уг гэрээний нийт дүнгээс 13 143 000 төгрөг гаргуулна. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр З.Б, Ц.Зт нарын хооронд байгуулагдсан З.Б бид хоёрын дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эцэг Ц.Зтод шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа. Уг үл хөдлөх хөрөнгө нь зөвхөн З.Бий өмчлөлийн хөрөнгө биш бөгөөд манай гэр бүлийн дундын үл хөдлөх хөрөнгө гэж үзэж байна. 2014 оны 07 дугаар сараас З.Б бид хоёр тусдаа амьдарч эхэлсэн. З.Б цаашдаа Б.Э  бид хоёр салах учраас бидний дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аавынхаа нэр дээр шилжүүлсэн байсан.

Бид газрыг З.Бий нэр дээр, гэр бүлийн хэрэгцээнд гэсэн зориулалттай авсан юм. Би үл хөдлөх хөрөнгийг эцгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэдгийг сүүлд мэдсэн гэжээ.

Хариуцагч Ц.Зтоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сум дундын 20 дугаар шүүхэд 6 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг. Нэг нэхэмжлэлийн шаардлага нь З.Бтэй, бусад 5 шаардлага нь надтай холбоотой байгаа. 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн хашаа байшинг 43 000 000 төгрөгөөр зарж З.Б, Б.Э-ийн дундын дансанд хийсэн, З.Б, Б.Э-ийн дансанд 10 300 000 төгрөг байсан. Батхуяг, Алиманцэцэг нарын шаардлагаар З.Б Б.Э  нар цалингийн зээл авч газар худалдаж авсан байдаг. 2 жилийн хугацаанд газрыг ашиглахгүй юм бол хураагдах юм байна гэж хэлсэн байдаг. Алиманцэцэг, Батхуяг нар газар дээр нь барилга барьж өгнө гэсэн амандаа хүрч чадаагүй юм. Иймд би тэр газар дээр нь байшин барьсан. 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээл авч, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 16 200 000 төгрөгийг З.Б миний дансанд шилжүүлсэн. Би Улаанбаатар хотоос төмөр авахаар очсон байсан. Барилга барих хамгийн анхны худалдан авалт энэ байсан юм. З.Бий 10 370 000 төгрөг нь миний 43 000 000 төгрөгтэй хамт З.Б, Б.Э  нарын дундын дансанд байсан. Энэ мөнгөнөөс 20 100 000 төгрөгийг Б.Э  авсан байдаг. Барилга 2012 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлсэн, би З.Б Б.Э  нарын данснаас мөнгө авах эрхгүй, Б.Э , З.Б нар л авах эрхтэй байсан. ХААН банкны дансанд нь 43 000 000 төгрөг байсан. 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл өөр мөнгө орж ирээгүй.

Миний мөнгөтэй хамт З.Б, Б.Э  нарын мөнгө данснаас гарсан. 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.Э-ийн аав Батхуяг 6 500 000 төгрөг шилжүүлсэн, тэр өдрийнхөө орой Б.Э  6 500 000 төгрөгийг өөрөө авсан. Алиманцэцэг 4 500 000 төгрөг, дахиад 600 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 4 500 000 төгрөгийг Алиманцэцэг охиндоо явуулсан. Барилгын ажил нь 2012 оны 08 дугаар сарын сүүлээр зогссон. Барилга барьж байсан хүмүүс нь яваад барилгын ажил зогссон. З.Б надад 9 700 000 төгрөгийн өртэй байсан юм тэр мөнгийг нэхэхэд З.Б, Б.Э  нар цалингийн зээл авч, 9 700 000 төгрөгийг над руу явуулсан. Энэ бол урьд нь зээлдүүлсэн мөнгөө буцааж авсан хэрэг. 2012 оны 10 дугаар сард 50 000 000 төгрөгөөр хашаа байшингаа зараад, 7 000 000 төгрөгөөр портер авсан байсныг 6 400 000 төгрөгөөр зарсан. Үүнээс 2 000 000 сая төгрөгийг З.Б аваад, Б.Э ээр дамжуулж Алиманцэцэгт өгсөн байсан юм билээ. 43 000 000 төгрөгийг З.Бий дансанд би хийсэн. 7 хоногийн дараа Алиманцэцэг 2 000 000 төгрөг буцаагаад шилжүүлсэн байсан. Би З.Бээс 5 500 000 төгрөгийг буцааж авсан, портер зарсан 6 400 000 төгрөгөөс 900 000 төгрөгийг надад өгөөгүй үлдэж байгаа. 2013 оны хавар би 50 000 000 төгрөгийн бизнесийн зээл авсан юм. 50 000 000 төгрөгөөрөө барилгаараа барилга барьж дууссан.

Би барилга барихдаа Б.Э , З.Б нараас мөнгө авсан юм байхгүй. Батсайхан гэдэг хүнээс 11 500 000 төгрөг авсан. Энэ мөнгө нь З.Бий дансаар орж гарсан байдаг. 7 920 000 төгрөгийг З.Б надаас авч найзтайгаа хамт рублийн ченж хийж байсан. З.Б рублийн ажилдаа миний мөнгийг эргүүлж байсан. 2013 оны 08 дугаар сард З.Б надаас зээлсэн 9 600 000 төгрөгийг өгөх ёстой тул өгье гэж хэлээд өгсөн. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр З.Б бид хоёр бэлэглэлийн гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүлж өгсөн. З.Бий газар дээр миний хөрөнгөөр баригдсан барилгыг Б.Э , З.Б хоёр булаацалдаад эхэлсэн. 2012 оны 09 дүгээр сард З.Б хөрөнгө оруулалтын зээл авъя гэсэн боловч банк зээл өгөөгүй юм. Барилгад хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан учраас би өөрийн ээжийн Улаанбаатар хотод байдаг 2 өрөө байрыг барьцаалж зээл авч барилгад хөрөнгө оруулсан. 2014 оны 03 дугаар сард томилолт авч Өмнөговь аймагт очиж ажиллахаар явсан. 2014 оны 04 дүгээр сард ХААН банк манай барилгыг түрээсэлье гэсэн санал тавьсан. Түрээсийн төлбөрийг миний хөрөнгө оруулалтын зээлийн төлбөрт хийж байхаар зохицуулалт хийсэн гэж З.Б хэлсэн. 2014 оны 08 дугаар сард би өөрийн үл хөдлөх хөрөнгөө нэр дээрээ шилжүүлж авсан. Би энэ үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр бэлэглэлийн гэрээ байгуулж авсан. Өөрөөр нэр дээрээ шилжүүлж авах арга байгаагүй, өөрийнхөө хөрөнгийг З.Бээс худалдаж авалтай биш. Хэрэв энэ үл хөдлөх хөрөнгө нь Б.Э , З.Б нарын дундын өмчлөл юм бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд Б.Э-ийн нэр байгаагүй.

Одоо болтол энэ барилга гүйцэд баригдаагүй байгаа. Б.Э , З.Б нар нь барилгыг барьсан газарт хөрөнгө оруулсан. Би газрын үнэ болох 15 000 000 төгрөг З.Бд өгнө гэж ам гарч байсан. 2015 онд З.Б сургуульд сурахаар явсан, Б.Э , З.Б хоёр нь зээлээ төлөлгүй яваад өгсөн учир би зээлийн төлбөрийг нь төлөөд одоо дуусч байна. Хэрэв Б.Э , З.Б нарт дундын өмчлөлийн хөрөнгө байдаг юм бол тэр хөрөнгөө хувааж ав. Уг үл хөдлөх хөрөнгө бол минийх юм гэжээ.

Хариуцагч З.Б-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй байна. Дундын өмчийг хуваалгахаар нэхэмжилж байгаа гэж тайлбар гарсан. Хадам аав, ээж хоёр та хоёр байрлал сайтай газар худалдаж аваач гэж хэлээд 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банкнаас 5 сая, Б.Э  4 500 000 төгрөг зээлээд, бид хоёр нийт 15 сая төгрөг бүрдүүлж, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах газрыг худалдаж авсан. 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Төрийн банкны хүү тооцоолох хүснэгтээр тогтоогдож байна.

Б.Э  бид хоёрын зээлийг нэгтгэж нэг зээл болгож 10 634 750 төгрөгийг манай аав төлж хаасан байдаг. Газрын тухай хуульд зааснаар 2 жил газрыг ашиглахгүй бол хураагдах байсан тул би аавдаа энэ газар дээр барилга барих хэрэгтэй байна гэж хэлсэн. Манай аав тэгвэл би энэ газар дээр чинь барилга барья боломжтой болонгуутаа газрын мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Манай эцэг өөрийн хашаа байшинг зарж барилгыг барьж дуусгасан юм. Би 10 сая төгрөгийн хөрөнгө оруулах байсан боловч чадаагүй. Б.Э  бид хоёр 2 хүүхэдтэй барилга барих мэдлэггүй байсан тул барилгад хөрөнгө оруулж чадаагүй. Аав тоосго авах гэсэн юм гэхэд нь би 9 700 000 төгрөгийн цалингийн зээл авч аавд өгсөн, аав тэр мөнгөөр тоосго авсан гэсэн. Би ганцаараа ажил хийж байсан, цалингаас өөр орлогогүй байсан тул 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 1 500 000 төгрөгийн зээл авч рублийн ченж хийдэг байсан. Ааваас 7 920 000 төгрөгийг авч рублийн наймаа хийж байсан. 10 сард аав мөнгөө нэхэхэд нь мөнгийг нь 9 600 000 төгрөг болгож буцааж өгсөн юм. Би 7 000 000 төгрөгөнд бодож портер худалдаж авсан байсныг 6 400 000 төгрөгөнд буцаагаад зарсан байсан тэр мөнгөөс 900 000 төгрөгийг аавдаа дутуу өгсөн юм. Би ааваас урьд нь 1 000 000 гаруй төгрөг авсан тэр мөнгийг нэмээд 9 600 000 төгрөг буцааж өгсөн. Б.Э  бид хоёр муудалцаад зээлээ төлөхгүй үлдээгээд явсан.

Манай эхнэрийг явснаас хойш Б.Э-ийн зээлийг манай ээж төлж байсан. Би 2 зэрэг зээлтэй байхаар нийлүүлээд нэг зээл болгоё гээд нийлүүлээд ХААН банк руу зээлээ шилжүүлээд 16 300 000 төгрөгийн зээл авч, Төрийн банкнаас авсан 10 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг хаасан юм. Би 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр хотод хүүхдүүдтэйгээ ойр байхын тулд сургуульд явсан. Би аавд газрын төлбөрийг төлсөн тул зээлийг хаагаад өгөөч гэж хэлсэн. Аав одоо 16 300 000 төгрөгийн зээлийг төлж дуусч байгаа. Зээлийн эргэн төлөлт нотлогдож байна. Б.Э  бид хоёр өөрсдөө хэрэглэсэн бүх мөнгийг Б.Э  ааваас нэхэмжилж байгаа нь гэр бүл салах шалтгаан болоод байгаа. 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан 10 000 000 төгрөг, 08 дугаар сарын 23-ны өдөр авсан 15 000 000 төгрөг, 16 300 000 төгрөг, нийт 23 080 910 төгрөг төлсөн нь баримтуудаар нотлогдож байгаа. Б.Э  бид хоёроос барилгад хөрөнгө оруулаагүй болохыг дурдаж нэхэмжлэлийг няцааж байна. ХААН банкны зээл 14 569 000 төгрөгийг аав төлсөн. 1 760 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Б.Э  нь дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна. Барилгыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ХААН банктай байгуулсан түрээсийн гэрээний төлбөрөөс гаргуулах, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2014 оны 08 дугаар сард аавын нэр дээр барилгыг шилжүүлсэн.

Миний нэр дээр гэрчилгээг гаргуулж хөрөнгө оруулалтын зээл хөөцөлдсөн боловч 50 000 000 төгрөгийн зээл авч чадаагүй. Аав өөрөө хөөцөлдөж эмээгийн байр, барилгыг барьцаанд тавьж 50 000 000 төгрөг гаргуулж авсан. Банкнаас барилгыг түрээслэх санал ирсэн, банк 100 хувийн гэрчилгээ гарахаар барилгыг түрээсэлдэг. Би гэрчилгээг аваад түрээсийн мөнгийг аавын зээлийн төлбөрт төлсөн. Б.Э  бид хоёр маргаантай байх үед би аавын нэр дээр гэрчилгээг шилжүүлье гэхэд Б.Э  битгий өг, танай дүү нарын гараар ороод алга болно ш дээ гэж хэлсэн. Би аавын өмч учраас буцааж өгсөн, бэлэглэлийн гэрээгээр буцааж нэр дээр нь өгсөн юм. Энэ хөрөнгө нь миний хөрөнгө биш аавын хөрөнгө учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Түрээсийн төлбөрийн үр шимийг хүртэх гэж нэхэмжлэлийн шаардлага байгаа, хөрөнгө нь аавын хөрөнгө учраас Б.Э  үр шимийг нь хүртэх боломжгүй. Манай аав Өмнөговьд ажиллаж байгаад амралтаараа ирэхэд нь би барилгыг буцааж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 129 дүгээр хуулийн 129.6-д зааснаар хариуцагч З.Б-ээс 59 868 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 129 дүгээр хуулийн 129.6, 9 дүгээр зүйлийн 9.4.4, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн Сэлэнгэ Сүхбаатар сум Ган зам 7 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах 540 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг ХААН банкны Сэлэнгэ гааль салбарт түрээслүүлсний үр шимээс ногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Э ээс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70 200 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 790 дугаартай шүүхийн шийдвэрээр төрийн сангийн орлогод оруулсныг дурдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 223 700 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс 1 051 135 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч З.Бээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 59 868 600 төгрөгийн тэмдэгтийн хураамж 457 293 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 99 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 295 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 512 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э ээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

миний нэхэмжлэлтэй Ц.З, З.Б нарт холбогдох гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг шийдвэрлүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцэж 451 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд нэхэмжлэгч би энэхүү шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөх боломжгүй байсан учраас Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд доорх гомдлыг гаргатал давж заалдах шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 99 дүгээр магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэл зааж хэргийг анхан шатны шүүхэд буцаасныг зөвшөөрөх боломжгүй учраас энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх: миний шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг үнэлж болохуйц шаардлага байна, улсын тэмдэгтийн хураамжаа төлөөгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д заасныг хангаагүй, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн. Гэтэл би анх 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргах үед Сэлэнгэ аймгаас 2 хүүхдийн хамт Улаанбаатарт дөнгөж ирж суурьшсан, гэр бүлээ цуцлуулах, эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлэхэд ганц миний цалин хүрэлцэхгүй байгаа тухайгаа шүүхэд хүсэлтээр уламжилж улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулж өгөөч гэхэд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 289 тоот захирамж гарган намайг тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулж байсан юм. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэх хэсгийн төгсгөл ба шийдвэрийн 12 дугаар хуудсанд дурдсан байдаг ба би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа уг шийдвэрийн 3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн юм. Нэхэмжлэлийн үнийг тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хэдэн төгрөгийн юу юу нэхэмжилснийг шүүх тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Гэтэл анх нэхэмжлэл гаргахад манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж маргаж байгаа үйлчилгээний зориулалттай барилга нь үнэлэгдээгүй байсан, би хэдэн төгрөгөөр үнэлж хэдэн төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээ тухайн үед ойлгоогүй учраас тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж байсан мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг барилгад үнэлгээ хийж тэрээр хэдэн төгрөгний үнэтэй хөрөнгөн дээр маргаж байгаа нь ил болсон. Маргаж байсан барилга нь үнэлэгдээгүй, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхой бус байсан хэдий ч би нэхэмжлэлдээ тухайн барилга хэд байснаас үл шалтгаалан барилгыг дундын өмч болохыг тогтоолгох, энэ хөрөнгийг шүүхийн журмаар үнэлүүлсний дараа өөрт болон хүүхдүүдэд ногдох хувийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ойлгомжтой гаргасан гэж үзэж байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 7-8, 2 дугаар хавтасны 51-52, 3 дугаар хавтасны 62-68 талд авагдсан баримтууд нь шийдвэрийн үндэслэл болсон бөгөөд эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй гэсэнд нэхэмжлэгч би гомдолтой байгаа. Учир нь: газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 1 дүгээр хавтасны 76 талд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 2 дугаар хавтасны 62 дугаар талд, зээлийн гэрээний баримтууд 1 дүгээр хавтасны 69-70, 91, 2 дугаар хавтасны 188-190, 197, 202-212, 242-244 талд тус тус нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байх ба “Капитал зууч” ХХК шинжээчийн дүгнэлтээ 2 дугаар хавтасны 38-52 талд ирүүлсэн байгаа бөгөөд зөвхөн үнэлгээ хийсэн хуулийн этгээдийн гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг дээр мөн үнэлгээн дээр хэргийн зохигчид маргаагүй юм. Түүнчлэн компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг зохигчид гаргаж өгөөгүй, шүүх хүлээн авахдаа энэ тал дээр анхаарах байсан гэж үзээд зөвхөн энэ баримтаас болж хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь учир дутагдалтай маш их чирэгдэлтэй байгааг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн анхаарна уу. Шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан өглөөнөөс шөнийн 22 цаг өнгөртөл мэтгэлцэж хэргийн нөхцөл байдлыг маш сайн тодруулж, зохигчдод мэтгэлцэх боломжийг маш сайн олгож, нотлох баримт бүрийг ширхэгчлэн шинжлэн судалж байж гарсан шийдвэр юм. Миний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга: маргаан бүхий барилга болон газарт З.Б бид хоёр эцэг эхээсээ авсан зээлийн тусламжтайгаар дэмжлэгтэйгээр ойролцоогоор хэрэгт авагдсан баримтын хүрээнд нийт 178 637 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг барилга болон газарт оруулсан хэдий ч “Капитал зууч” ХХК “Арлын Ам” ХХК-ийн үнэлгээгээр дундын өмчид тооцогдсон барилга нь 2016 оны байдлаар 159 650 000 төгрөг гэж үнэлэгдсэн байдаг ба шүүх энэхүү үнэлгээний 50 хувь болох 79 825 000 төгрөгөөс гэр бүлийн гишүүнээс гарсан Б.Э , Б.Эгшиглэн, Б.Шинэхүү нарт Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд, хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байх боловч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан хөдөлмөрийн оролцоо, тухайн үл хөдлөх хөрөнгө Х.Зоригтын өмчлөлд Бэлэглэлийн гэрээгээр шилжсэнээс хойшхи хугацаанд түүний оруулсан хөдөлмөр, зарцуулсан зээл, хөрөнгийн байдлыг харгалзан өөрөөр тогтоох нь зүйтэй байна гээд ногдох хэсэг болох 59 868 600 төгрөгийг З.Бээс гаргуулан охин, хүү бид 3-т олгох, үлдэх 99 781 400 төгрөгийг гэр бүлийн гишүүн байсан З.Бд ногдуулан үлдээхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь: шүүх намайг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг нөхөр болох З.Б нь бий болгоход хөдөлмөрийн оролцоо байгаагүй гэдэг нь үндэслэлгүй юм. Би хэдийгээр барилга дээр очоод З.Бий дэргэд байж барилга барих тоосгыг өргөж, цемент, шороо зөөгөөгүй ч гэсэн З.Бийг 2011-2014 оны хооронд барилгыг барьж байхад гэр бүлийн арын ажлаа зохицуулж өөрийн эцэг эхээр хоол хүнс, ахуй хэрэглээний зүйлээ авахуулж, үр хүүхдээ асарч, эцэг эхээрээ гэр бүлдээ хэрэгцээтэй хувцас хунараа авахуулж, ажлаа эрхэлж авсан цалингаа цалингийн зээлдээ суутгуулж байсан юм. Түүнчлэн илүү гэр бүлийн гишүүдээс гарсан бид 3-т дундын өмчөөс адил хувь ногдуулаагүй шалтгаанаа: ... тухайн үл хөдлөх хөрөнгө Х.Зоригтын өмчлөлд Бэлэглэлийн гэрээгээр шилжсэнээс хойшхи хугацаанд З.Бий оруулсан хөдөлмөр, түүний барилгад зарцуулсан зээл, хөрөнгийн байдлыг харгалзсан гэсэн. З.Б дундын өмчийг миний зөвшөөрлийг аваагүй байхдаа зүй бусаар захиран зарцуулж “Бэлэглэлийн гэрээ”-гээр аавынхаа нэр дээр шилжүүлсний дараа зөвхөн нэг л удаа 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буюу гэр бүл цуцлуулснаас хойш 16.3 сая төгрөгийн цалингийн зээл авсан байгаа. Энэ мөнгийг Ц.Зт өмчлөгч болсноос хойш барилгад оруулсан гэдэг нь нотлогддоггүй, барилга маань 2014 оны 4 сард баригдаж дуусаад 100%-ийн гүйцэтгэлтэй гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй болсон байсан.

Мөн 2014 оны 4 сараас хойш уг барилгад ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй, хөдөлмөр зарцуулаагүй, харин ч уг дууссан барилгын үр шимийг З.Б нь аавынхаа хамт дангаараа хүртэж, уг барилгыг 4-н байгууллагад түрээсэлж түүнчлэн 18-н машины зогсоолоос цэвэр орлого олдог байсан учраас гэр бүлийн нэг гишүүн байсан З.Бд 99 781 400 төгрөгийг харин охин, хүү бид гуравт 59 868 600 төгрөгийг ногдуулахаар шийдвэрлэсэн нь шударга бус ба үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна. Сүхбаатар сум, Ган замын 7 дугаар баг, 3 дугаар хэсэгт байрлах 540 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг ХААН банкны Сэлэнгэ гааль салбарт түрээслүүлсний үр шимээс ногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны зүйл болсон үйлчилгээний зориулалттай барилгын талбайн хэсгийг ХААН банкны Сэлэнгэ гааль салбарт 2014 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа талаар талууд маргаагүй, ХААН банкны Сэлэнгэ салбарын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 46 тоотод ... З.Б нь ХААН банкны Сэлэнгэ салбартай 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн гэрээ байгуулан, үйлчилгээний зориулалттай талбайг банкинд түрээслэж хамтран ажиллаж байсан. Энэ хугацаанд түрээслэгч талаас түрээсийн төлбөрийг З.Бий хамтран эзэмшдэг Б.Э-ийн 5675291631 тоот данс руу шилжүүлдэг байсан ба 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны сар бүрийн түрээсийн төлбөр 674 000 төгрөг нь З.Бий аав Ц.Зтын хөрөнгө оруулалтын зээлийн данс руу шилжиж төлөгдөж байсан .... гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээслүүлж сар бүр түрээсийн төлбөр авч байсан нь тогтоогдож байгаа хэдий ч энэ төлбөрийг үр шим гэж тооцох боломжгүй байна. ХААН банкны Сэлэнгэ салбарын тодорхойлолтод түрээсийн төлбөр хөрөнгө оруулалтын зээл рүү татагдаж байсан талаар дурьдсан, мөн үйлчилгээний барилгын сарын боломжит орлого, хүчин чадлаараа бүрэн гүйцэд ашиглалттай байсан эсэх, ашиглалтын зардал хэд, цэвэр орлого хэд, орлогын татварын болон бусад зардалд нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримт, тооцооллыг ирүүлээгүй тул сар бүрийн түрээсийн 674 000 төгрөгийг шууд орлого, үр шим гэж тооцон ногдох хэсгийг тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэсэнд гомдолтой байна. Учир нь: Гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийг З.Б нь миний зөвшөөрлийг аваагүй байхдаа 100%-ийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 4 сард авснаасаа хойш ХААН банкнаас гадна Иргэний шилжилт хөдөлгөөний газарт, бичиг хэрэг, каноны зориулалтаар бусдад түрээслүүлээд өнөөдрийг хүртэл нийт 3 орчим сая төгрөгийг сардаа, харин жилдээ 30 орчим сая төгрөгийн цэвэр ашгийг тогтмол олдог байсан нь хариуцагч ЦЗоригтийн төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгээр нотлогдсон ба түрээслэгч нар нь тодруулбал Түрээслэгч ХААН банк нь түрээсийн байрны ашиглалтын зардалд сар бүр тооцогдох ус, дулаан, хог, цахилгааны төлбөрийг хэсэгчлэн хувааж түрээсийн төлбөрөөс гадна төлдөг байсан байгаа. Манай дундын өмч болох барилгын доод талд 18-н машины авто зогсоол 2013 оны 9 сард ашиглалтанд орсон ба үүнийг түрээсэлсэн орлогоос би үр шим хүртэх талаар нэхэмжлээгүй. Хариуцагч нар нь түрээсийн нийт орлогыг 30/70 гэсэн харьцаатайгаар сар бүр хувааж авдаг байсан, хадам аавын хөрөнгө оруулалтын зээлийг манай гэр бүлийн гишүүдийн орлогоос төлөх учиргүй, үйлчилгээний барилга нь бүрэн хүчин чадлаараа бусдад түрээслэгдэж байсан, би зардлыг нь мэдэхгүй ч зөвхөн 2014-2017 оны хооронд жилдээ 28 сая төгрөг 3 жилд олсон гэх 84 сая төгрөгийн цэвэр орлого буюу түрээслээд олсон үр шимээс нь бусад гишүүнд ногдох хувь гэж 13 143 000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Э  намайг маргаан бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газарт хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, дээрх үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох, 3.Билгүүн гэр бүл цуцлах болсонтой холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өөрийн аав Ц.Зтод бэлэглэсэн дүр үзүүлж өмчлөх эрхээ шилжүүлсэн хэлцэл тул З.Б, Ц.Зт нарын хоорондын 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, үр шимээс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байгаа нэхэмжлэлийн үндэслэл гэж шүүх үзсэн нь буруу биш хэдий ч миний 5-н үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, шүүх өөрөө 3-н үндэслэлийг нэг шаардлага болгон шаардлага бүрийг нарийвчлан хууль зүйн үндэслэлтэйгээр шийдвэрлээгүй нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлт бодитойгоор хангагдах үндэслэлгүй болсонд гомдолтой байна.

Учир нь: Ц.Зт, З.Б нарын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгч би Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, мөн хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан. З.Б нь 2014 оны 7 сараас хойш бидэнтэй хамт амьдрахаа больж гэр бүлээ цуцлах асуудлыг яригдаж байхад дундын өмч хөрөнгийг аавдаа өртэй байсан, аавынхаа барилгыг барьж байсан, аавын мөнгөөр баригдсан барилга гэж худлаа хэлж өөрийгөө болон бусдыг зовоож олон сая төгрөгийн зээлээр баригдаж бий болгосон өмчийг төрсөн ааваасаа нэг ч төгрөг авахгүйгээр бэлэглэсэн гэдэг нь нотлогддоггүй юм. Харин З.Б нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон тул дундын өмчийг адил тэнцүү өмчлөх эрхтэй би Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн. Уг хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдон өмчлөгчөөр З.Б мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар буцааж авч өмчлөгч болох учиртай. Ингэснээр надад болон миний 2 хүүхдэд ногдох хувь гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн ямар ч шийдвэр биелэгдэх бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна. Бэлэглэлийн гэрээг хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр болгоогүй буюу өмчлөгчөөр Ц.Зт хэвээр үлдэх тохиолдолд шүүхээс охин, хүү, бид гуравт өмч хөрөнгөө бусдад дур мэдэн шилжүүлсэн хариуцагч З.Бээс хэдэн төгрөг ч гаргуулахаар шийдвэрлэсэн З.Б нь шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг өмчлөлд нь юу ч байхгүй, би ажилгүй, орлогогүй, өвчтэй гэдэг шалтгаанаар биелүүлэхээс зайлсхийх боломж бүрдэж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дараах хангагдаагүй хэрэгсэхгүй болгосон буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэгтгэсэн үйл баримт болох Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох маргаан бүхий үйлчилгээний зориулалттай барилга, газраас ногдох хувийг гэр бүлийн гишүүн болох З.Б, Б.Э , Б.Энхжин, Б.Шинэхүү бидэнд адил тэнцүү ногдуулах, З.Б нь дундын өмчийг бусдад түрээслэн жилдээ 28 сая төгрөгийн цэвэр орлого олж түүнийгээ аав Ц.Зттой 30/70 харьцаагаар хувааж авдаг нь нотлогдсон тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш зөвхөн ХААН банкинд 3 жил тасралтгүй түрээсэлж олсон түрээсийн үр шим, цэвэр орлогоос 13 143 000 төгрөгийг хариуцагч З.Бээс гаргуулах, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ц.Зт, З.Б нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү гэсэн байсан. Иймд та бүхэн давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан миний дээрх гомдлыг хэлэлцэж анхан шатны шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э  нь Ц.З, З.Б нарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Ганзам 7 дугаар багийн 3 дугаар хэсэгт байрлах 540 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга нь З.Б-ий гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, тус хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хувийг гаргуулах, барилгыг түрээсэлснээс олж буй түрээсийн гэрээний үр шимээс ногдох хувийг гаргуулах, З.Б, Ц.З нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, тухайн хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хoчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, үнэлж болохуйц нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн, иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагын заримыг орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг үндэслэл болгожээ.

  1. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй талаар:

Нэхэмжлэгч Б.Э  нь анх 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үнийг шууд тогтоох боломжгүй үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргажээ.

2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №158 дугаартай шүүгчийн захирамжаар “...улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй, нотлох баримт дутуу зэрэг нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу...” үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, хх-14-16 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Сум дундын 20 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гомдлыг хэлэлцэж, №8 дугаартай Шүүхийн тогтоолоор гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас, хх-17-18, 31-33 дугаар тал/

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болсон улсын тэмдэгтийн хураамжийн талаар нэхэмжлэлийг хүлээн авах үед шийдвэрлэгдсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

2. Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэлийн шаардлагын заримыг орхигдуулсан талаар:

2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн №389 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг товчилж тусгасан байх бөгөөд ямар шаардлагыг орхигдуулсан талаар магадлалд тодорхой бичээгүй, дээрх зөрчил нь шийдвэрийг хүчингүй болгох ямар үндэслэлд хамаарч байгааг заагаагүй байх тул магадлалын энэ хэсэг ойлгомжгүй байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй талаар:

Хэргийн 1 дүгээр хавтасны 7, 8 дугаар талд авагдсан газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2 дугаар хавтасны  51, 52 дугаар талд авагдсан “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээ хийх зөвшөөрөл, 3 дугаар хавтасны 62-68 дугаар талд авагдсан зээлийн гэрээний баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй гэжээ.

- 1 дүгээр хавтасны 7 дугаар талд авагдсан З.Бий өмчлөлд бүртгэлтэй Үйлчилгээний зориулалтаар эзэмших Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэргийн 1 дүгээр хавтасны 74 дүгээр талд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №11183 тоотод хавсаргасан байдлаар,

- 1 дүгээр хавтасны 8 дугаар талд авагдсан З.Б-ийн өмчлөлийн Үйлчилгээний зориулалттай 540 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2 дугаар хавтасны 62 дугаар талд Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Хуулбар үнэн дардас дарагдсан байдлаар,   

- 2 дугаар хавтасны 51, 52 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар тус тус  авагдсан байна. “Капитал зууч” ХХК-ийг шүүх 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Шүүгчийн захирамжаар шинжээчээр томилж, эрх үүрэг танилцуулсан, шинжээч нь дүгнэлтэд өөрийн компанийн дардас, тэмдгийг дарсан, шинжээчийн дүгнэлтийн талаар зохигчид маргаагүй болно.

- 3 дугаар хавтасны 62-68 дугаар талд Сэлэнгэ аймгийн Төрийн банкны 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №1069 дүгээр албан бичиг, түүнд хавсаргасан З.Бий 2011-2014 онд авсан цалингийн болон бусад зээлийн мэдээлэл бүхий  7 хуудас баримт байх бөгөөд №1069 тоотод Сэлэнгэ аймаг дахь Төрийн банкны Сэлэнгэ салбарын тэмдэг дарагдсан байх тул нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.

Иймд дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хоорондын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э  нь хариуцагч З.Бтэй 2008 онд гэр бүл болж, 2009, 2012 онд 2 хүүхэд төрүүлж, хамтран амьдарч байсан, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа 2011 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах 540 мкв талбай бүхий газар эзэмших эрхийг З.Бий нэр дээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар шилжүүлэн авсан, уг газар дээр  үйлчилгээний зориулалттай барилга баригдсан үйл баримт тогтоогджээ.

Тус барилгыг 2012-2013 онуудад үргэлжлүүлэн барьсан бөгөөд 2014 оны 04 дүгээр сард З.Бий өмчлөлд бүртгэгдсэн байсныг З.Б нь 2014 оны 08 дугаар сард өөрийн эцэг Ц.Зтын өмчлөлд “Бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлснээс нэхэмжлэгч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулахаар гаргасан шаардлага нь тус хөрөнгийг өөрийн өмчлөлд авах бус тус хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг тодорхойлуулж, хариуцагчаас гаргуулах шаардлагын үндэслэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

З.Б өөрийн өмчлөлд бүртгэгдсэн эд хөрөнгийг захиран зарцуулсан нь хууль зөрчөөгүй боловч уг эд хөрөнгийг захиран зарцуулахад гэр бүлийн гишүүдэд хохирол учирсан бол нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Шүүх зохигчдын хамтран амьдрах хугацаанд бий болж, З.Бий өмчлөлд бүртгүүлсэн уг барилгыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т заасан үндэслэлээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Харин тухайн барилгыг бий болгоход З.Бий эцэг Ц.Зтын оруулсан хөрөнгө, хөдөлмөрийн оролцоог харгалзан З.Бий гэр бүлийн болон Ц.Зтын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тодорхойлон, үүнээс З.Бий гэр бүлийн гишүүнд ногдох хэсгээс нэхэмжлэгч болон түүний хүүхдүүдэд ногдох хэсгийг тодорхойлж, уг барилгын үнэ 159 650 000 төгрөгийн 50% болох 79 825 000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, 3 /эх, 2 хүүхэд/ гишүүнд ногдох 59 868 600 төгрөгийг хариуцагч З.Бээс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1., 129 дүгээр зүйлийн 129.4 дэх заалтыг зөрчөөгүй байна.

З.Б нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлж, өмчөө бусдад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 101.1., 109.1., 110.1 дэх заалтыг зөрчөөгүй бөгөөд тухайн барилга гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэнээс хойшхи хугацааны түрээсийн орлогоос олсон үр шимийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, өмчлөл шилжих үеэс өмнөх үеийн үр шимийг нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх заалтад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.  

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх, зохигчдод хариуцуулахдаа нэхэмжлэгчээс нөхөн төлүүлсэн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор байтал хариуцагчаас гаргасан улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2. дахь заалтын зөрчсөн байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 99 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...457 293 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.” гэснийг “...457 293 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э т олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД