Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-14
Дугаар 001/ХТ2017/01114
Хэргийн индекс 181/2017/00957/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Т.Г
Хариуцагч "А" ТӨҮГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

          Д.Г-ийн нэхэмжлэлтэй

          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн  шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01269 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1538 дугаар магадлалтай

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

“А”-т холбогдох

Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүд 1 209 302 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ы гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь Өмнөговь аймаг дахь салбарын даргаар 2014 оноос 3 жил дараалан төлөвлөгөө нормыг давуулан биелүүлж ажилласан. Гэтэл 2016 онд захирал солигдсоноор аймаг дахь салбарын дарга нарыг солих хууль бус ажиллагаа эхэлсэн. Д.Г-г 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/162 тоот тушаалаар салбарын даргын үүрэгт ажлаас чөлөөлж Цогтцэций сумын салбарт тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр томилсон тушаал гарсан. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн. Иймд Д.Гг тус салбарын даргын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож бага цалинтай ажил эрхэлж байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ТӨҮГ нь “Таван толгой” ХХК-ийн үйл ажиллагаа идэвхжиж нүүрсний тээвэрлэлт ихсэхтэй холбогдуулан тээвэрлэлтийн үйл ажиллагааг өдөр тутам зохицуулж, зохион байгуулах шаардлагын үүднээс шинээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Авто тээврийн үндэсний төвийн салбар нээгдэх шаардлага үүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар 37.1.1-д заасны дагуу харилцан тохиролцож Д.Гг өөр албан тушаалд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ нь ч Өмнөговь аймгийн Цогтцэций салбарын тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр ажиллахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдох юм. Талууд харилцан тохиролцож өөр ажил томилогдсон тул урьд эрхэлж байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор авах эрх үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01269 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Д-ийн Г /ХЛ65122903/-г Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, “А” ТӨҮГ-аас 967 441 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27 769 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1538 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01269 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн “115.2.2” гэснийг “115.2.1” гэж өөрчлөн, 1 дэх заалтын “олгож” гэснийг “олгосугай” гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар хариуцагч “А” ТӨҮГ нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуунаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Г “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжпэл гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1269 дүгээр шийдвэрээр Д.Гг Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоож, цалингийн зөрүү 967 441 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1538 дугаар магадлалаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн “115.2.2 “ гэснийг “115.2.1” гэж өөрчлөн, 1 дэх заалтыг “олгож” гэснийг “олгосугай” гэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг эс  зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон өөр ажилд шилжүүлэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг заавал баримтлах бөгөөд Д.Г-г ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар тусгаагүй нь хуульд нийцээгүй гэжээ. Д.Г “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдлагын хооронд харилцан тохиролцож хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд ажил олгогч нь санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг цуцалсан зүйл байхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл нь ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад хэрэглэгдэх хуулийн зохицуулалт юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх заавал ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаа нь талуудын хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хөдөлмөрийн харилцаанд орох ёсгүй зөвхөн ажил олгогч л хөдөлмөрийн гэрээг цуцлаж байна гэж өрөөсгөл дүгнэлт хийж байна. Талууд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгон 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр талууд харилцан тохиролцожД.Г-ийн хүсэлтийн дагуу тус үйлдвэрийн газрын шинээр байгуулагдаж буй Цогтцэций салбарт тээвэр, бүртгэлийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргасан. Уг тушаал нь ажил олгогчоос тохиролцоог бичгийн хэлбэрт баталгаажуулсан юм. Д.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалсан бол өөр ажлын байраар хангахгүй ажлаас нь халах байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тухайн тушаал гаргасны дараа хөдөлмөрийн гэрээ байгуулж нэхэмжлэгч ажлаа хүлээлгэн өгсөн.Д.Г-ийн хүсэл зоригийн дагуу ажлын байрны баталгааг бүрэн хангаж байж ажил хүлээлцсэн. Шүүх хуралд Д.Г өөрөө биш төлөөлөгч оролцсон учраас тухайн нөхцөл байдал нь тогтоогдох боломжгүй юм. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж нэхэмжлэл гардуулсан зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн хүрээнд шийдвэр гаргах шүүх өөрийн санаачлагаар цалингийн зөрүү гаргахаар шийдвэрлэснийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь урьд авч байсан цалин хөлс буураагүй бөгөөд энэ байдал нь цалингийн цэснээс тодорхой харагдана. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Г “А”-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, өөр ажилд буруу шилжүүлснээс дутуу олгогдсон цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогч ажилтантай тохиролцож өөр ажилд шилжүүлсэн, цалин буураагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Д.Гг Өмнөговь аймаг дахь Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхад нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн б/162 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.1., 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсгийг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цогтцэций салбарт тээвэр, бүртгэлийн мэргэжилтнээр томилж, техникийн хяналтын үзлэгийн техникчийн ажил, үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Цогтцэций салбарт тээвэр бүртгэлийн  мэргэжилтэн албан тушаалд ажиллуулахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулсан  үйл баримт тогтоогджээ.

Ажилтны ажлын байрыг өөрчлөх нь өмнө гүйцэтгэж байсан ажил албан тушаалаас чөлөөлж, тухайн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосны дараа хэрэгжих үйл явц тул өмнө гүйцэтгэж байсан ажил, албан тушаалаас чөлөөлж буй үндэслэл хуульд нийцсэн байх учиртай

Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д заасан аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж буй нь тодорхой бөгөөд баримтаар нотлогдсон байхыг шаардана.

Хариуцагч нь талууд харилцан тохиролцсоны улмаас ажлын байрыг өөрчилсөн гэж тайлбарлах боловч энэ тухайгаа баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийг үгүйсгэсэн, татгалзсан тайлбар, үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн үүрэг тул ажилтан өөрчлөгдсөн албан тушаалд очсноо баталгаажуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хариуцагчийн тохиролцоо нотлогдоно гэх тайлбар үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаан, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр ажил олгогч ажилтныг үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн удирдлага болгосон заалтыг зөвтгөж, найруулгын өөрчлөлт оруулсан нь зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтад нийцсэн, магадлал хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд “...ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, ажилтан дараагийн ажлын байранд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын тохиролцоо баталгаажсан байхад шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлсэнгүй...” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн шаардлагаа шүүх хуралдааны явцад тодруулан албан тушаал бууруулснаас үүссэн цалингийн зөрүүг гаргуулахаар зөвтгөснийг шинээр нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн зөвтгөсөн шаардлагыг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1538 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн Ц.Э-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД