Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-16
Дугаар 001/ХТ2017/01417
Хэргийн индекс 130/2017/00038/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч С.А
Хариуцагч Б аймгийн Н сумын Засаг даргын тамгы газарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

         С.А-ын нэхэмжлэлтэй

         иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 299 дүгээр шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00091 дүгээр магадлалтай

С.А-ын нэхэмжлэлтэй

Б аймгийн Н сумын Засаг даргын тамгы газарт холбогдох

Жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн хяналтын гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн С.А би Баян-Өлгий аймгийн Н  сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай 28 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд бүр томилогдсон юм. С.А би ажлаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан юм. С.А би ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэж явж байтал сумын Засаг даргын тамгын газрын даргаар шинээр томилогдсон М.Т нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 32 тоот тушаал гарган уг тушаалын 2 дугаар заалтаар сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор Саяхат овогтой Жанузахыг томилсон 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 тоот тушаалыг хүчингүй болгосон юм. Ингээд би ямар ч шалтгаангүй ажилгүй болж одоо гудамжинд гарч байгаа явдалд гомдолтой байна. Ажил олгогч намайг ажилд авахад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. С.А миний ажлыг авсан Ш.Х нь өндөр насны тэтгэвэрт гарсан ба тэрээр жолоочийн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхийн байгууллагад хандаж байгаагүй юм. М.Т нь Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу Н  сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авсан боловч миний тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж гарган тэмдэг дарсан нь хууль бус гэж үзэж байна. С.А миний ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн юм. С.А би өдөр бүр цагаа бүртгүүлж ажлаа хийж явсан юм. Иймд С.А би жолоочийн үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учраас Баян-Өлгий аймгийн Н  сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие М.Т тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2009 оноос эхлэн ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөж, улмаар захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс эхэлж тус сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилогдсон. 1. 2016 оны 12 дугаар сарын 15-ний өдөр ажлаа хүлээн авахад сумын Засаг даргын тамгын газрын гэрээт ажилтан болох сахиул, галч, жолооч гэсэн 3 орон тоонд илүү 3 хүн авч ажиллуулснаар Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж батлагдсан цалингийн санг хэтрүүлж орон тооны хязгаараас илүү хүн ажиллуулсан зөрчил гарсан юм. Иймд энэхүү төсөвт холбоотой зөрчлийг арилгаж төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг үндэслэн Сумын Засаг дарга К.Хуаныштай зөвшилцөн орон тооноос илүү ажиллаж байсан галч Т.Ерболат, сахиул Х.Жанболат, жолооч С.А нарыг хуулийн дагуу чөлөөлсөн гэж үзэж байна. 2. Сумын Засаг даргын тамгын газрын жолооч Ш.Х нь 1990 оноос тамгын газрын жолоочоор тасралтгүй 26 жил ажилласан ажилтан юм. 2015 онд миний бие М.Т сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхад жолооч Ш.Х-тай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Сумын Засаг даргын тамгын газрын даргаар түр томилогдон ажилласан X.Кеншибайн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусах хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар жолоочийн үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байсан ажилтанд мэдэгдэхгүйгээр даан ганц ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн явдал хууль бус үйлдэл гэж үзэж байна. 3. Сумын Засаг даргын тамгын газрын дарга X.Кеншибай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 тоот тушаалаар жолооч Ш.Хг тэтгэврийн насанд хүрсэн гэж үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хуулинд нийцээгүй гэж үзэж байна. Үүний үндэслэл нь: 1. Жолооч Ш.Х 1958 онд төрсөн, 58 настай учраас тэтгэвэр авах эрх үүсээгүй байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байтал жолооч Ш.Хд огт мэдэгдээгүй нь буруу байна. Жолооч Ш.Х ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж байгаагүй, тэтгэмжийн асуудал шийдэгдээгүй байхад ажлаас нь чөлөөлсөн нь хуулинд нийцээгүй гэж ойлгож байна. 4. Сумын Засаг даргын тамгын газрын албаны машин нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэн огт яваагүй, учир нь гурван дугуй нь хагарсан, коровк нь эвдрэлтэй запас тавих санхүүгийн боломжгүй нь жолоочийн буруугаас болсон асуудал биш байна. 5. Ш.Х машинаа хүлээлгэж өгөөгүй учраас ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 6. Ш.Хн өөрийн хувийн УАЗ-469 БӨА 6549 дугаартай машинаар албаны ажилд 2016 оны 10 дугаар сараас эхлэн тасралтгүй явж байгаа болно.

Н  сумын Засаг даргын шинээр байгуулагдсан зөвлөлийн хуралдаанаар сумын Засаг даргын тамгын газрын жолооч Ш.Х-н талаар хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн болон одоо ажиллаж буй Ш.Х жолоочоор томилогдсон С.А ээжийн хамт хуралд оролцсон. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүд санал бодлоо тус тус илэрхийлсэн юм. Үүнийг Засаг даргын Зөвлөлийн хурлын тэмдэглэлээс уншиж танилцана уу. Засаг даргын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гаргасан зөвлөмж болон сумын Засаг дарга К.Хуаныштай зөвшилцсөний үндсэн дээр Ш.Хг жолоочоор хэвээр нь үргэлжлүүлж ажиллуулах, жолоочоор томилогдсон С.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай зөвлөмж өгсөн. Гомдол гаргагч С.А-ын тухайд сумын Засаг даргын тамгын газрын албаны Ланд-80 машин нь 2015 оны 09 дүгээр сараас эхлэн огт яваагүй эвдэрсэн байсан ба жолооч Ш.Х өөрийн хувийн 469 машинаар албаны ажилд явж байсан юм. Гэтэл сумын Засаг дарга байсан А.Мейрамхан Засаг даргын тамгын газрын дарга Х.Кеншибайгаар тушаал гаргуулан С.А-ыг томилуулсан явдлыг улс төрийн хууль бус шийдвэр буюу ашиг сонирхлын зөрчилтэй асуудал гэж үзэж байна. Иргэн С.А нь жолоочоор бүр томилогдож машин техникийг хүлээж аваагүй буюу жолоочийн үүргийг гүйцэтгээгүй, зөвхөн цаг бүртгүүлж нэг сарын цалин авсан байна. С.Атай байгуулсан гэрээний талаар хэлэхэд байгуулсан гэрээний талууд болох сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Кеншибай төлөөлөн нэр бичигдсэн боловч нөгөө талаас жолооч С.А-ын нэр гэрээнд бичигдээгүй он, сар, өдөр нь байхгүй хэлэлцсэн тохиролцсон нөхцөл нь ойлгомжгүй учраас гэрээ хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Мөн ажил олгогч ажилтны хаяг тодорхойгүй байна. Миний бие М.Т тус сумын 3асаг даргын тамгын газрын даргаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 157 тоот захирамжаар Тамгын газрын даргаар эгүүлэн томилогдож, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээн авсан болно. Сумын засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 158 тоот захирамжаар ажлыг хүлээпцүүпэх комисс байгуулсан гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Н  сумын 5 дугаар багт оршин суух А овогт Саяхатын Ж-ын гомдолтой Н  сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэгт ажилд эргүүлэн тогтоолгохыг хүссэн Н  сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох иргэний хэрэгт одоогоор Н  сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор ажиллаж байгаа Ш.Х миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татагдан оролцож байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Ш.Х миний бие 1992 оноос эхлэн одоо хүртэл Н  сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байна. Н  сумын Засаг даргын тамгын газрын мэдлийн Тоуота Landcruiser-80 маркийн 04-44 УБЛ улсын дугаартай автомашин нь гүйлтийн болон ашиглалтын хугацаа дуусаж актлагдах болсон тул 2015 оны 9 дүгээр сараас эхэлж өөрийн хувийн 49-65 БӨА улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар сумын Засаг даргын тамгын газартай Төрийн зарим ажил үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх журмын дагуу гэрээгээр ажиллаж байна. Ш.Х миний бие 1958 оны 09 дүгээр сарын 12-нд төрсөн эдүгээ 58 настай бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байгаа юм. Гэтэл Н  сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Кеншибай нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргын 28 тоот тушаалаар Өндөр настны тэтгэвэрт гарах болсон тул гэж үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Ш.Х миний бие 1958 оны 09 дүгээр сарын 12-нд төрсөн одоо 58 настай болох нь 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн төрөлтийн бүртгэл, цэргийн батлах, олон хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байгаа юм. Иймд шүүхээс хүсэхэд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ители овогтой Шамшитийн Хойшыбай намайг Н  сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулж, С.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.А-ын Баян-Өлгий аймгийн Н  сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00091 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Атантай овогт Саяхатын Жанузахын Баян-Өлгий аймгийн Н  сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гарагсан гуравдагч этгээд Ш.Х нь Н  сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэг ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг хүссэн шаардлагыг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьездаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүх С.А-ын нэхэмжлэлтэйБ аймгийн Н сумын Засаг даргын тамгы газарт холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. Ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 35 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй байна. Ажил олгогчоос ажилтан С.Атай байгуулсан гэрээг цуцлах болсон үндэслэлдээ “Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн дарга нар өөрсдөө хууль бусаар томилогдсон мөртлөө бусадтай үгсэн хуйвалдаж хуулинд нийцээгүй тушаал гаргаж, гэрээ байгуулан орон тоо цалингийн санг давхардуулсан, хэтрүүлсэн зэрэг хууль бус нөхцөл бий болгосон ба албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан ажилтны эрхэд халдаж дан ганц ажил олгогчийн санаачилгаар урьд  нь ажиллаж байсан Ш.Хн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тогтоогдсон тул жолоочоор томилогдсон С.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлалсугай” гэсэн нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй учраас ажил олгогчоос ажилтан С.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл биш юм. Ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 35 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий тушаалыг хууль ёсны гэж үнэлж байгаа явдалд гомдолтой байна.

2. Н  сумын ЗДТГ-ын жолоочоор С.А-ыг томилсон ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар тушаал, ажил олгогчоос 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн хугацаагүй гэрээ, Н  сумын ЗДТГ-ын албан хаагчдын 2016 оны 11 дүгээр сарын цагийн баланс, 2016 оны 11, 12 дугаар сарын цалин олгосон зэс, Н  сумын ЗДТГ-ын автомашин нь эвдэрсний улмаас сүүлийн 1 жилд албан ажилдаа яваагүй зэрэг нөхцөл байдлуудыг хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх ажилтан С.Аыг бодит байдалд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн явдалд С.А буруугүй юм. Учир нь С.А нь ажиллаж байгаа хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй юм.

3. Гуравдагч этгээд гэх Ш.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 60 насанд хүрсэн нь түүний РД-БЭ-56111513 дугаартай цахим иргэний үнэмлэхээр нотлогдсон, Ш.Х нь 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарах болсон түүнд олгох нэг удаагийн тэтгэмж нь Н  сумын Төрийн санд 2016 оны 12 дугаар сард шилжин очсон зэрэг нөхцөл байдал ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар түүнийг өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй юм. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө өөрийн зөрчигдсөн эрх хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэснийг зөрчиж байна. Анхан шатны шүүхээс Ш.Х нь одоо 58 настай, өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсээгүй нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 156 дугаартай шийдвэрээр тогтоогдож байгаа гэсэн дүгнэлт нь ажил олгогч Ш.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш 5 сарын дараа бий болсон үйл баримт учраас энэ нь С.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй юм. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “ Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг ноцтой зөрчиж байна.

4. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд Ш.Хг өмнөх эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа тухайн хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.А нь Баян-Өлгийн аймгийн Н сумын Засаг даргын тамгы газарт холбогдуулан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт гуравдагч этгээд Ш.Х Сумын Засаг даргын жолоочийн ажилд үргэлжлүүлэн ажиллахыг хүсч бие даасан шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангажээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 28 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т заасныг үндэслэн жолооч Ш.Х-г “... 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн...” гэж ажлаас нь чөлөөлж, С.А-ыг жолоочоор томилсон, энэ өдрөөс жолоочийн ажил үүрэг гүйцэтгүүлэхээр С.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар тушаал гаргаж, С.А-тай байгуулсан гэрээг цуцлаж, Ш.Х-г жолоочоор томилсон үйл баримт тогтоогдсон байна.

Ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заасан байх учиртай.

Хариуцагч С.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалсан нь тодорхойгүй, тушаал ойлгомжгүй байгаа тул ажил олгогч нь С.А-ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбарт дурдсан “...урьд ажиллаж байсан жолоочийг хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн байсан, заасан орон тооноос илүү хүн ажиллуулсан ...” гэсэн нь ажилтныг ажлаас чөлөөлөх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан аль нэг үндэслэл биш байна.

Түүнчлэн, С.Аыг ажилд томилсноос хойш үүссэн нөхцөл байдал нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гуравдагч этгээд Ш.Х “жолоочийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулах, С.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” тухай тайлбар гаргасныг шүүх бие даасан шаардлага гаргасан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Ш.Х нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж тайлбар гаргасан байх тул түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29, 107 дугаар зүйлийг зөрчихгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангав.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00091 дүгээр магадлалын Тогтоох хэсгийг 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар С.А-ыг Б аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “дурдсугай.” гэснийг “дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ    

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД