Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-17
Дугаар 001/ХТ2017/01441
Хэргийн индекс 135/2017/00321/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч “Г” ХХК
Хариуцагч Ж.Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

 “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 501 дүгээр шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар магадлалтай

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ж.Г-т холбогдох

Гэрээний үүрэг, орон сууцны хөлс, цахилгааны төлбөр, алданги, нотариатын зардал нийт 4 034 425 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ж.Гийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК нь ОХУ-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд байрлах 6 дугаар байрыг 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь өмчийн газрын үйлдвэртэй байгуулсан 524 дугаар түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшдэг болно. Уг байрны 5-15 тоот орон сууцыг хариуцагч Ж.Гтэй сарын 110 000 төгрөгийн хөлстэй, нэг жилийн хугацаатайгаар хөлслүүлэхээр талууд харилцан тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 51/15 дугаар орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул орон сууцны хөлс 3 291 635 төгрөг, алданги 532 375 төгрөг, цахилгааны төлбөр 206 315 төгрөг, нотариатын зардал 4 100 төгрөг, нийт 4 034 425 төгрөг гаргуулж, хариуцагчийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгэр багийн 6 дугаар байрны 5-15 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2014 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд түрээсийн төлбөрөө төлж ирсэн. Гэтэл шалтгаангүйгээр ус цахилгаан тасалсан. 2014 оны 10 дугаар сарын 15-наас хойш энэ байранд амьдраагүй. Өөрийнхөө ах дүүгийнхээр амьдарсан. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөр газартай түрээсийн гэрээ байгуулж одоог хүртэл амьдарч байна. 2015 оны 03 дугаар сарын 31-нд усны төлбөр болох 80 000 төгрөгийг Ус сувагт “Г” ХХК-ийн өмнөөс төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Г нь “Г” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулсан нь үнэн. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тус байранд амьдарч, төлбөрөө бүрэн төлсөн. Түүнээс хойш ус, дулаан цахилгааныг тасалсан. Тийм байранд хүн амьдрах боломжгүй тул байрны түлхүүрийг хүлээлгэн өгөөд байрнаас гарсан. Иймээс нэхэмжлээд байгаа үнийн дүнг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Мөн байрнаас аль хэдийн гарсан бөгөөд цаашид энэ байранд амьдрахгүй тул байр чөлөөлүүлэх асуудал байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 501 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Гээс нийт 4 012 990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 435 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 6 дугаар байрны 5-15 тоот орон сууцыг хариуцагч Ж.Гийн эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 701 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 149 358 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар магадлалаар хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 158 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Гээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх миний гаргасан гомдолд үндэслэл бүхий хуулийн зүйл заалт барилгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа тул давж заалдах гомдолдоо бичсэн зүйлээ хяналтын журмаар хянуулахаар дахин бичлээ. Ж.Г миний бие “Г” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус байранд амьдарч төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл энэ компани байгуулсан гэрээний 1.1-д заасан “... амьдрах сууцны зориулалтаар хөлслүүлнэ.” гэж заасныг зөрчиж ямар ч шалтгаангүйгээр ус, цахилгаан, дулаан тасалсан. Ийм байранд хүн амьдрах боломжгүй тул байрны түлхүүрийг өгөөд байрнаас гарсан. Тэр компани байраа авчихаад надаас мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анх энэ байранд ороход байр хүлээлцсэн баримт үйлдээгүй тул гарахдаа би бас баримт үйлдэх шаардлагагүй гэж ойлгосон. Хэргийн 32, 33 дахь хуудсанд байгаа “Г” ХХК-ийн мэдэгдлүүдийг шүүх дээр анх удаа харж байгаа бөгөөд тэр мэдэгдэлтэй танилцсан тухай миний гарын үсэг байхгүй. Гэтэл шүүх зөвхөн “Г” ХХК-ийн өөрсдөө бичсэн мэдэгдэл, мөн тэр мэдэгдэл дээр өөрсдөө тайлбар бичээд үүнийгээ нотлох баримт гэж өгч байхад шүүх түүнийг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлэн, өөрийн санаачилгаар энэ байрыг Ж.Г үргэлжлүүлэн эзэмшиж байсан нь тогтоогдож байна гэж үзсэн нь шүүх хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хэргийн 32 дугаар хуудас дээр байгаа мэдэгдлийн тайлбарт жижүүрүүд /нэг биш удаа/ очсон боловч үүдээ тайлаагүй гэж бичээд 2015.11.19 огноог тавьсан нь Ж.Г энэ байранд амьдраагүйг харин нотлох баримт болно. Мөн хэргийн 49, 50 дахь хуудсанд байгаа “Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй оршин суугчдад тооцсон алданги” гэсэн баримтан дээрхи гарын үсэг Ж.Г миний гарын үсэг биш бөгөөд би тийм баримт дээр гарын үсэг зураагүй. 2014 оны 05 дугаар 31-ны өдөр байгуулсан №51/15 /хх-8/ гэрээн дээрхи гарын үсэг бол минийх мөн. Харин хэргийн 50, 52 дахь хуудсан дээрх бол биш. Үүнийг энгийн нүдээр харсан хэн ч ойлгоно. Гэтэл шүүх хэргийн 50, 52 дахь хуудсан дээр байгаа “5-15 тоотын ард Ж.Г гарын үсэг зурсан байдал зэргээс үзэхэд хариуцагчийн энэхүү тайлбар үгүйсгэгдэж байна” гэж хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д “.Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцно” гэсэн заалтыг шүүх баримталжээ. Гэтэл хөлслөгч Ж.Г 2014 оны 10 дугаар сарын 15-нд буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө ус, цахилгаан, дулаангүй байранд амьдрахгүй гэж үзээд уг байрыг “Г” ХХК-ийн Ц.Мөнхтуяад хүлээлгэн өгсөн. Би өөрөө сайн дураараа 2014 оны 10 дугаар сарын 15-нд байраа чөлөөлж өгсөн байхад шүүх шийдвэрээрээ Ж.Гийн эзэмшлээс 1 өрөө орон сууцыг чөлөөлж байгаа нь ойлгомжгүй байна. Хэргийн 54 дүгээр хуудасны 60 гэсэн дугаарт байгаа Ж.Гийн ард 41176 гэсэн тоо тавьжээ. Хэргийн 5 дугаар хуудсанд байгаа нэхэмжлэлийн хавсралтаар бол энэ нь зөвхөн 2015 оны 2 сарын цахилгааны төлбөр гэж ойлгохоор байна. Гэтэл энэ нь зөвхөн “Г” ХХК-ийн гаргаж өгсөн тоо. Үнэн зөв эсэхийг би мэдэхгүй зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт. Би амьдарч байсан хугацааны буюу 2014 оны 06 сараас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх сар бүрийн цахилгааны эхний бөгөөд эцсийн заалтыг харья гэхэд энэ та нарт хамаагүй тул харуулахгүй гэж тайлбарладаг. Ер нь манай оршин суугчдаас цахилгааны тоолуурын хаана байдаг мэдэх хүн байхгүй. Нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд цахилгааны төлбөр нийт 206 315 төгрөг гэж бичсэнийг шүүх ямар ч нотлох баримтгүйгээр шууд хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан. Би 2014 оны 06 сараас 10 дугаар сар хүртэл хөлсийг төлсөн бөгөөд энэ нь хэргийн 5 дугаар талд байгаа нэхэмжлэлийн хавсралтаар нотлогдоно. Бусад айл нь мөнгөө төлөөгүйгээс ус, цахилгаан, дулааныг нийтэд нь тасалсан байдалд миний буруу байхгүй. Тийм ч учраас би энэ байрнаас өөрөө гарч явсан. Гэтэл надаас нийт 4 012 990 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зөрчлийг гаргасан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Ж.Г-т холбогдуулан Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4 034 425 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 79 501 төгрөгийг төлсөн байна.

Дээрх төлбөр нь 4 034 425 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах төлбөр байх бөгөөд тэрээр орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62  дугаар зүйлийн 62.1.5.-д “нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийг тусгасан байна.” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.6.-д нэхэмжлэлийн үнийг “үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр тодорхойлно” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах ...-д  улсын тэмдэгтийн хураамж хураана” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д “... улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ ...”, 62 дугаар зүйлийн 62.2.-т “нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг ...хавсаргана” 65 дугаар зүйлийн 65.1.11.-д “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зохицуулсан байхад анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчсөн байна.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн төлбөрийн баримт хэргийн 26 дугаар талд авагдсан байх боловч тус баримтад төлбөрийн зориулалтыг бичээгүй тул энэхүү нэхэмжлэлд хамаарах эсэх нь тодорхойгүй байна.

Албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжилж буй орон сууцны үнийг тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй тул улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн дээрх баримтыг орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж гэж үзэхгүй.

2. Шүүх иргэний хэрэг үүсгэх захирамждаа нэхэмжлэл нь хэд хэдэн шаардлагатай бол шаардлага тус бүрийг тусгах үүрэгтэй байтал “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг засуулаагүй давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.

Хоёр шатны шүүхийн дээрх зөрчлийг хяналтын шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 501 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 158 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

                                   ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД