Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-17
Дугаар 001/ХТ2017/01143
Хэргийн индекс 183/2017/00585/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч “Ч” ХХК
Хариуцагч Б.Б, Б.Д нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

  “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01166 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1581 дүгээр магадлалтай

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Б, Б.Д нарт холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгсийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Ж.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК нь “Бэст каулити” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2782/01/СС-2015 тоот зээлийн гэрээ байгуулж, 342 355 000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн барьцаанд тус компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Г.Н-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан Олимп гудамж, 51Б байрны 36 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206008942 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Г.Н нь зээлийн өр төлбөрийн зарим хэсэг болох 180 000 000 төгрөгийн үнийн дүнд тооцож уг үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу “Ч” ХХК-д худалдаж, уг үл хөдлөх хөрөнгө тус компанийн өмчлөлд 2016 оны 10 дугаар сарын 27-нд шилжин бүртгэгдсэн болно. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байхад орон сууцанд оршин сууж байгаа хариуцагч Б.Б , Б.Д нар суллаж өгөхгүй, банкны эрх ашгийг зөрчсөөр байна. Энэ асуудлаар хариуцагч нарт удаа дараа мэдэгдэж дуудан уулзах зэрэг арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Б.Б , Б.Д нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан Олимп гудамж, 51Б байрны 36 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206008942 дугаар бүхий орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б , Б.Д нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 06 дугаар сар хүртэл хариуцагч нар Г.Нямсүрэнтэй орон сууц түрээсийн гэрээ байгуулж, нэг сарын түрээсийн төлбөрийг 2 000 000 төгрөгөөр тооцож төлбөрөө бүрэн өгчихсөн. Иймд хариуцагч нар орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаагүй тул уг орон сууцнаас гарах боломжгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01166 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б, Б.Д нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан Олимп гудамж, 51Б байр, 36 тоот 186 мкв талбай бүхий орон сууцнаас албадан гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Б.Д нараас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1581 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б , Б.Д нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан Олимп гудамж, 51Б байрны 36 тоотод байрлах 186 мкв талбай бүхий орон сууцыг чөлөөлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э-өөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: миний бие магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба эдгээр үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэлээ. Үүнд:

Хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч болсон ба шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчийн гэрч асуулгах, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хариуцагчийг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх магадлалын хянавал хэсэгтээ “...нэхэмжлэгч бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл баримтын талаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. ...иргэн Г.Нямсүрэн нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн үлдэгдэл төлбөрт тооцон нэхэмжлэгч “Ч” ХХК-д худалдаж улмаар өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар хариуцагчийн өмгөөлөгч маргаж, энэ гэрээний талуудын тохиролцож дуусгавар болсон харилцаанд дүгнэлт хийх эрхгүй этгээд юм” гэжээ. Нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэхээс өмнө хариуцагч нь орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үндсэн дээр уг орон сууцанд оршин сууж байсан ба орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөний улмаас хууль ёсоор эзэмшиж байгаа орон сууцнаасаа албадан гаргуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, улмаар хариуцагчийг албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагч нь уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эрхтэй этгээд юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэн Г.Нямсүрэнтэй гэрээ байгуулснаар хариуцагчийн ашиг сонирхлыг хөндсөн учир шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлгүйгээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох ёстой байсан. Цааш нь шүүх магадлалын ХЯНАВАЛ хэсэгтээ “...шүүх төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулан ...өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй... ” гэжээ. Хариуцагчийн төлөөлөгчийн анх эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан өмгөөлөгч нь хүндэтгэсэн үзэх шалтгааны улмаас хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллах боломжгүй болсон тул миний бие хариуцагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр буюу анхан шатны шүүх хурал болсон өдөр байгуулсан. Тухайн үед миний бие хэргийн материалтай танилцах боломжгүй, хэргийн материалтай танилцах шаардлагатай байтал энэ боломжоор хангалгүй, өмгөөлөгчийг байлцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэв миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцсон тохиолдолд хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай арга хэмжээг авах болон сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой байсан юм. Магадлалын хянавал хэсэгт “... хариуцагчийн шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул хуулийн ... заалтуудыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна” гэжээ. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэрч асуулгах, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүйн улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлж хэргийг нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн.

Хэрэв иргэн Г.Нямсүрэн гэрчээр асуугдсан бол орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, орон сууц хөлсөлсний төлбөрт хэдэн төгрөгийг авсан зэрэг асуудлууд буюу хэргийн бодит үнэн ямар нэг эргэлзээгүйгээр тогтоогдох байсан. Иймд анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргаснаас биш шүүгч хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхисон гол үндэслэлээ магадлалд дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд “... иргэн Г.Нямсүрэн хариуцагч нарын хооронд байгуулсан орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ авагдсан байгаа хэдий ч хариуцагч тал нь уг гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж байгаа гэдгээ нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй, ... орон сууцны хөлс болон ашиглалтын зардлыг төлсөн баримтаа шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан тул хариуцагчдыг гэрээний дагуу хууль ёсоор орон сууцыг эзэмшиж байгаа гэж үзэхгүй” гэжээ. Хариуцагч нь одоо уг орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд хамгийн гол маргаан бол гэрээний үндсэн дээр эзэмшиж байна уу, гэрээгүйгээр эзэмшиж байна уу гэдэгт байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйл гэрээ байгуулсанд тооцох, 43 дугаар зүйлд хэлцэл хийсэн гэж үзэх нөхцлүүдийг хуульчилсан ба хуулийн эдгээр зохицуулалтад ашиглалтын зардал, хөлс төлснөөр гэрээ байгуулагдсан гэж үзэх талаар зохицуулалт огт байхгүй. Иймд давж заалдах шатны шүүх хуулийн энэхүү хэрэглэх ёстой заалтуудыг хэрэглээгүй гэж үзэж байна. Гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшиж байгаа эсэхээс үл хамааран хариуцагч ашиглалтын зардлыг төлөх боломжтой тул ашиглалтын зардал төлснөөр гэрээ байгуулагдсан гэж үзэх нь үндэслэлгүй, орон сууцны хөлсийг хариуцагч нь бэлнээр төлсөн тул төлбөрийг хүлээн авсан этгээд гэрчээр эсхүл гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байж түүний тайлбараар төлбөр төлсөн эсэхийг нотлох боломжтой. Цаашилбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд гэрчийн мэдүүлэг, гуравдагч этгээдийн тайлбар, бичмэл нотлох баримт зэрэг маш олон нотолгооны хэрэгслээр өөрийн татгалзлаа нотлох боломжийг хариуцагчид олгосон байтал давж заалдах шатны шүүхээс зөвхөн орон сууц ашиглалтын төлбөр болон хөлс төлснөөр нотлох боломжтой, өөр хэлбэрээр нотлох эрхгүй мэтээр хариуцагчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх маргааны эрх зүйн харилцаанд хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Нархан Олимп гудамж, 51Б байрны 36 тоот орон сууцыг Б.Б , Б.Д нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, тус орон сууцыг гэрээний үндсэн дээр хууль ёсоор эзэмшиж байгаа гэж маргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь зээлдэгч Г.Нямсүрэнгээс 180 сая төгрөгийн үнийн дүнд тооцож, маргаж буй орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгүүлэн, хууль ёсны өмчлөгч болсон үндэслэлээр уг орон сууцыг эзэмшиж байгаа Б.Б , Б.Д нараас орон сууцыг чөлөөлөхийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөрчөөгүй байна. 

Хариуцагч нар нь орон сууцны өмчлөгч Г.Нямсүрэнтэй Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, төлбөрөө төлсөн тул орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Хэргийн 62 дугаар талд Г.Нямсүрэн, Б.Б  нарын хооронд байгуулагдсан “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” авагдсан байх бөгөөд тус гэрээнд зааснаар хариуцагч Б.Б  нь 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар орон сууцыг хөлслөх, орон сууцны хөлс нь сарын 2 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 308 дугаар зүйлийн 308.1.-д “бусдад хөлслүүлсэн орон сууцыг өмчлөх эрх өөр этгээдэд шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж зохицуулсан тул хариуцагч нарыг уг орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзнэ.

Хэдийгээр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл боловч бодит байдалд гэрээ хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагч нь орон сууцыг бодитоор эзэмшиж байгаагаа болон гэрээний дагуу хөлслүүлэгчид хөлс төлсөн, орон сууцны ашиглалтын бусад зардлыг холбогдох байгууллагад төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй, хариуцагч нь нэхэмжлэгчтэй уулзахаас удаа дараа татгалзаж, зайлсхийж байгаа  зэрэг нөхцөл байдал, бусад баримтыг үндэслэн хариуцагчийг тус орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д нийцсэн ба харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. дахь заалтыг давхар хэрэглэсэн, шийдвэрийн агуулга ойлгомжгүй байсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, зассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцсэн байна.

Маргаж буй орон сууцны өмнөх өмчлөгч Г.Н өөрийн өмчийг бусдад худалдсан хэлцэл хариуцагчийн татгалзалд хамааралгүй тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өмчлөгч болсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч нар нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг хүлээж авсан, тэдэнд мөн өдөр эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн байх ба шүүх хуралдаан хийсэн 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх 2 сарын хугацаанд хариуцагч нь хүсэлт гаргах, өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхад хуульд заасан хугацаанд энэ эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй юм.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хариуцагчийн эрхийг зөрчиж, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох боломж олгоогүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийг буруу тодорхойлсноос улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар дутуу төлөгдсөн хураамжийг нөхөн төлүүлэхээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1581 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...чөлөөлсүгэй” гэж өөрчлөн,” гэснийг “...чөлөөлсүгэй” гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 987 750 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Б.Б , Б.Д нараас 1 057 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн,” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД