Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-21
Дугаар 001/ХТ2017/01453
Хэргийн индекс 182/2017/00429/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч “З” ТББ
Хариуцагч Н З Д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 “З” ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00838 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1377 дугаар магадлалтай

“З” ТББ-ын нэхэмжлэлтэй

Н З Д-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 214 350 000 төгрөг гаргуулах, Н З Дд 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н-гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З” ТББ нь анх 2006 онд байгуулагдан 11 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг байгууллага юм. Манай байгууллага нь орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, өнчин, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан гээд бүх насны иргэдийг бичиг баримтжуулах, орон байраар хангах, ажил хөдөлмөрт сургах, дадлагажуулах үйлчилгээ үзүүлдэг. 2013 оны 02 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас бидний олон жилийн туршлагыг үнэлж, хамтран ажиллах санал тавьж, орон гэргүй 60 иргэнийг манайд байрлуулж, нийгэмшүүлэхэд хамтарч ажиллах хүсэлт тавьсны дагуу гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Эхлээд 2013 оны 02 дугаар сараас 5 дугаар сарыг дуустал Нийслэлийн цагдаагийн газартай 4 сарын гэрээтэй ажилласан. Бид баривчилгаагаар авчирсан 60 иргэнийг усанд оруулах, хувцаслах, хооллох, хэдий бичиг баримтжуулахад зардлын мөнгө өгөөгүй ч гэсэн энэ бүх ажлыг хариуцаж хийсэн. Гэрээ нь дуусахад эдгээр хүмүүсийг хариуцах эзэнгүй 3 cap болсон. Нөхцөл байдал хүнд байсан учраас эдгээр хүмүүсийг хаана байлгах эсхүл буцааж өгөх талаар Цагдаагийн газартай уулзахад гэрээ дууссан учраас бид хариуцахгүй Тамгын газартай ярилц гэсэн. Ингээд Н З Д тамгын газар  болон Нийслэлийн халамжийн газар зэрэг олон байгууллагатай уулзсаны үр дүнд 8 дугаар сард нь Н З Д тамгын газар  манай байгууллагатай 2013 оны 05 дугаар сараас үргэлжлүүлэн нөхөж 6 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаад дахин 3 cap өвлийн хүйтэнд дээрх иргэдийг эзэнгүй хаясан. Н З Д тамгын газар  нь манай хариуцах ажил биш учраас Нийслэлийн халамжийн байгууллага хариуцаж ажиллана гэдэг. Сүүлд 2015 оны 03 дугаар сарын 17-нд сараар гэрээг нөхөж байгуулсан боловч тус гэрээ байгуулсан өдөр нь гэрээний хугацаа дууссан. Бид удаа дараа Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга, халамжийн асуудал эрхэлсэн бүх мэргэжилтэн, албан тушаалтнуудад хэдэн cap хамтарч ажиллаад л эдгээр хүмүүс хаягдаж, хүнд нөхцөл байдалтай үлдэж байна, эдгээр асуудлыг нэг мөр болгох талаар санал гаргаж их цаг хугацааг зарцуулсан. Бидэнд “Гэртээ харих зам” гэсэн 5 жилийн хугацаатай, үе шаттай, төсөвтэй үндэсний хөтөлбөр батлагдах учраас хамтарч ажиллана гэсэн хариу өгснөөс хойш 2015 оны 06 дугаар сараас хойш маш их хөөцөлдсөн ба шалтгаан тоочсоор их удсан. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж бид нар хохирох ёсгүй. Бидэнд цаашдаа хамтарч ажиллах боломжгүй, төсөв боломжгүй бол энэ тухайгаа бидэнд танилцуулж албан бичгээр мэдэгдэх хэрэгтэй. 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд огноо тавиагүй байсан ба хөтөлбөр батлагдахаар огноо тавина гэж хэлсэн. Нийслэлийн халамжийн газраас 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явуулсан албан бичигт “Гэртээ харих зам” хөтөлбөр батлагдсан учраас ТББ-ыг нийслэлээс санхүүжүүлэх боломжгүй, дүүрэгтэйгээ хамтарч ажилла, дүүрэг нь төсөв мөнгийг шийдэх ёстой гэсэн байдаг. Үүний дагуу дүүрэг дээр очиж уулзахад “дүүргийн төсөв батлагдсаны дараа хөтөлбөр батлагдсан учраас та нарыг санхүүжүүлэх боломжгүй” гэсэн. Ингээд төрийн бүхий л байгууллагад хандахад Засгийн газраас мөнгийг нь л олгож шийд гэдэг боловч Н З Д тамгын газар  нь хэрэгжүүлдэггүй. Ийм учраас сонгуулийн өмнө Э.Б дарга, М.Отгонбаяр дарга, мөн Нийслэлийн халамжийн газрын хүмүүстэй бид 2 удаа уулзсан. Ингээд хамгийн сүүлийн уулзалт дээр биднийг “бичиг баримтаа боловсруулаад аваад ир, ганцхан танай асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэнэ, дэмжвэл санхүүжилт олгоно” гэсэн. Үүний дагуу материалыг бүрдүүлээд М.Отгонбаяр даргатай уулзахад энэ асуудлыг “би даагаад орно, бүтэхээс бүтэхгүй хүртэл нь явна” гэж хэлсэн. Бидэнд уг хурлаар Э.Б дарга “ямар нэгэн байдлаар санхүүжилтийг нь олго” гэсэн шийдвэр гарсан, захирамжийн төсөл дээр 3 хүн гарын үсэг зурсан байсан учраас бид итгэсэн.

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ж.Н-тай уулзахад манай байгууллагыг мэдэхгүй, бүр таних ч үгүй байсан учир М.Отгонбаяр дарга дээр очоод уулзтал “Э.Б дарга өөрт нь үүрэг өгсөн шүү дээ, Ж.Н дарга Орос руу явахаасаа өмнө Авлигатай тэмцэх газарт танай байгууллагад мөнгө олгоход хуулийн гаргалгааны зөвлөмж хүссэн албан бичиг явуулсан байна, түүний хариуг аваад ир” гэсний дагуу Авлигатай тэмцэх газрын ажилтантай уулзахад тус албан бичгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн учраас хариуг уг байгууллагад явуулна, гэхдээ яагаад ийм албан бичиг явуулж байгааг ойлгохгүй байна гэсэн хариуг бидэнд хэлсэн. Хариуцагч тал гэрээний хугацаа дууссан, 2016 онд гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар хэлдэг. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Засаг дарга н.Батаагийн А/29 тоот захирамжаар “З” ТББ-д байгаа орон гэргүй 60 иргэнийг гэр оронтой нь “Амьдрах ухаан, сургалт үйлдвэрлэлийн төв”-д шилжүүл, гаргаж санхүүжүүл” гэсэн. Мөн эдгээр хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой 650 000 төгрөгийн зардлыг шийдээд хугацаа заасан байсан. М.Отгонбаяр дарга нь үүнийг тийм асуудал байхгүй гэдэг. Тэгээд эдгээр хүмүүсийг буцааж өгөхөөр саналыг нь асуухад нь явахгүй, эндээ үлдэнэ гэсэн санал өгсөн учраас энд нь нийгэмшүүлэхээр үлдээлээ гэж протоколд бичсэн байсан. “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв” нь жилд тэрбум төгрөгийн төсөвтэй байгууллага ба үүнд хүмүүсийг шилжүүлж өгөх гэхээр 20-оос дээш насны хүмүүсийг авна гэдэг, гэтэл манайд хүүхэдтэй хүмүүс ч их байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бидний гэрээний дагуу хийсэн ажлын тайланг 3 удаа Нийгмийн халамжийн газраас хэлэлцэж тайлан гаргасан. Одоо манайд 16 хүн байгаа гэж тайлбарладаг бөгөөд эдгээр хүмүүсийг овог нэртэй нь баримтыг гаргаж өгөх хэрэгтэй. Тус 60 иргэнийг ТББ-аар хооллож, хувцаслаж хэрэгцээг нь хангуулж тэжээлгэсэн. Монгол улс Хүний эрхийн конвенцид нэгдэн орсон бөгөөд олон улсын гэрээгээр төр энэ үүргийг хариуцах үүрэгтэй, энэ талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан байдаг. Энэ үүргээ Н З Д биелүүлэхгүй байсан учраас Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөмж хүргүүлсэн байдаг. Манай байгууллага нь Н З Дтай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн болон 12 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний холбогдох заалтын дагуу Н З Дас орон гэргүй 50 иргэнийг буцаан татаагүй учраас 1 иргэнийг өдөрт 9 000 төгрөгөөр тооцон, 2015 оны 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын олгоогүй санхүүжилт болох 81 450 000 төгрөгийг, 2016 онд мөн эдгээр 50 иргэнээ буцаан татаж аваагүй, манай байгууллагаар ажил гүйцэтгүүлсэний хөлсөнд санхүүжилт өгөөгүй учраас санхүүжилт болох 132 900 000 төгрөг буюу нийтдээ 214 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах шаардлагын хувьд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 55 тоот ажил гүйцэтгэх гэрээг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “З” ТББ-тай тохиролцон 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан учраас энэ нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн гэж үзэж дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Манай байгууллагад амьдарч байгаа иргэдийн судалгааг шүүхэд гаргаж өгсөн, 2013 оны 02 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хүн болох 3 жил 8 cap гаруй хугацаанд амьдарч байгаа иргэн ч байдаг. Тэдгээр нэр бүхий 60 иргэн нь эхнэр, хүүхэдтэйгээ манай байгууллагад нийгэмшин амьдарч байгааг ажил үйцэтгэх гэрээг дүгнэж, шалгасан Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын зорилтод бүлгийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ц.Энхжаргал, Санхүү бүртгэлийн халамжийн хэлтсийн дарга н.Гэрэлтуяа гарын үсэгтэй, “З” ТББ-ын ажлыг дүгнэсэн 2014, 2015, 2016 онуудын илтгэх хуудсаар нотлогдсон. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нийслэл болон орон нутгийн төсвөөс энэ санхүүжилтийг гарахаар зааж өгсөн, Засаг даргад эрхийг нь олгосон байхад уг ТББ-ыг санхүүжүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. 2015 оны 03 дугаар сард байгуулсан гэрээг цуцалсан гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй. Санхүүжилт түр зогсоосныг гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээг бүрэн цуцалсан, гэрээнээс татгалзсан нотлох баримт байхгүй. Одоо тус төвд 129 хүн нийгэмшиж амьдарч байгаа. Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ нь сунгагдсан байгаа тул гэрээний дагуу санхүүжилтийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч 2 шаардлага гаргасан. Нэхэмжлэгч 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг үндэслээд нэхэмжилсэн бөгөөд 81 000 000 төгрөгийг задалсан байна. Нэхэмжлэгч тайлбартаа 60 иргэнийг цагдаагийн байгууллага авчирсан гэдэг. Тэгэхээр Н З Д нь хариуцагч биш бөгөөд гэрээний оролцогч тал болж үүрэг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагатай цагдаагийн байгууллага гэрээ байгуулсан бөгөөд төсвөө тухайн байгууллага нь шууд захиран зарцуулах эрхтэй этгээд юм. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Н З Д нь орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх талаар ТББ-тай хамтарч ажиллаж, санхүүжүүлж болно гэж заасан болохоос үүрэг хүлээгээгүй. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай хуульд хэрвээ төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер зохион байгуулах ёстой. Нэгэнт ТББ идэвх санаачлагатай оролцож байгаа учраас бид хуульд заасны дагуу санхүүжүүлж болно гэсэн үүргийн хүрээнд санхүүжилт олгосон. Үүний дагуу 2014 оны 03 дугаар сарын 18-нд 81 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдаж А/164 тоот Засаг даргын захирамж гарч тус санхүүжилтийг олгосон. Дараа нь 2014 оны 07 дугаар сарын 31-нд гэрээ байгуулагдан, Засаг даргын 788 тоот захирамжаар 188 000 000 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Бүх гэрээ хэрэгт авагдсан. Мөн 2015 оны 03 дугаар сарын 17-нд 40 500 000 төгрөгийн гэрээ байгуулан, 188 тоот захирамжийн дагуу мөн дээрх мөнгийг нэхэмжлэгчид олгосон. 2015 оны 12 дугаар сарын 22-нд гэрээ байгуулан 967 тоот захирамжийн дагуу 40 500 000 төгрөгийг бас олгосон байдаг. 2016 онд 898 тоот захирамж гарч 30 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдан санхүүжилтийг бүрэн олгосон. “З” ТББ-д нийтдээ 516 448 000 төгрөгийн санхүүжилтийг төсвөөс олгосон. Төрийн бус байгууллага нь өөрийн сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр 60 иргэнийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нэг ч хүн очиж хүлээлгэж өгөөгүй. Мөн тэдгээр иргэдийг нэрээр нь тоолж, санхүүжилт болон хэрэгжилт нь ямар байгаа талаар ажлын хэсэг шалгасан, үүнийг хариуцсан мэргэжилтэн болох Ц.Энхжаргал гэдэг хүн очиж тоолж үзэхэд 9 хүн байсан байдаг. Төсвийн шууд захирагч нь хуульд заасны дагуу санхүүжилтийг олгох ёстой. Хуульд заасны дагуу гэрээгээр ажил гүйцэтгүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд тодорхой заасан. Цагдаагийн байгууллагад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргах хэрэгтэй байх. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь гэрээ байгуулахыг даалгах тухай ба Н З Д тамгын газар  нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага юм. Тэгэхээр даалгах гэдэг нь эс үйлдэхүйтэй холбоотой үйлдэл учраас энэ маргааныг иргэний хэргийн шүүх шийдэхгүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой харилцааг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх учир энэ нь харьяалал зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн уг нэхэмжлэлийн шаардлага нь бүрэн биелэгдсэн учир нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Мөн тус төрийн бус байгууллагыг төрийн ямар чиг үүргийг гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулсан зүйл байдаггүй. Манай харьяа болох төрийн бус байгууллагад байсан хүмүүсийг “З” ТББ-д шилжүүлж өгөөгүй байгаа нь төр өөрийн хийх ёстой ажлыг энэ байгууллагаар хийлгээгүй байна. Гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж нэхэмжилж байна уу эсхүл гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гээд байна уу. Шүүхээс тодруулахад гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан боловч нэхэмжлэгчийн ярьж байгаа гэрээ нь байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг бүрэн олгоод уг гэрээнүүд дор бүртээ хэрэгжиж дууссан. Мөн үүргийн гүйцэтгэл хэзээ үүсэх вэ гэхээр гэрээ байгуулснаар үүсдэг. Мөн хохирол учирсан гэж гэж тайлбарлахдаа тогны мөнгө, өр гэсэн зүйл ярьж байна. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүрэг нь тэдгээр хүмүүсийг нийгэмшүүлж, сургалт, мэргэжил олгоход зориулагдсан, ямар хохирол учирсан талаар яриагүй. Нийслэлийн харъяа байгууллагын үүрэг нь бичиг баримтаар хангах, сургалтанд хамруулах, түр хоноглох байраар хангах, сургалт зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй. Төрийн бус байгууллага нь сайн дурын үндсэн дээр иргэдийг нийгэмшүүлж байгаа гэж ярьж байгаа ч үүнийг нотолж чадахгүй байна. Бүх байгуулсан гэрээ нь хэрэгт авагдсан бөгөөд гэрээний хугацааг гэрээнд заасан. Орон гэргүй иргэдийг жилийн 4 улирлын турш санхүүжүүлнэ гэсэн зүйл заалт байхгүй. Бид тус төрийн бус байгууллагад төсөвт тусгагдаагүй мөнгийг гэрээгээр гүйцэтгүүлэх гэдэг нэрийн дор олон удаа өгч байсан. Нэхэмжлэгчийг 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг ойлгосон. Мөн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд ямар нэгэн үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх гэрээ байхгүй учраас хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00838 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Н З Дас 214 350 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “З” Төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ТББ нь нэхэмжлэлээсээ 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахыг Н З Дд даалгах тухай шаардлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 769 900 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1377 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 299 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэхдээ:

Анхан шатны шүүх: нэхэмжлэгч болон хариуцагч Н З Д болон Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын хооронд 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдаж түүний гүйцэтгэлд Нийслэлийн засаг даргын тамгын газраас олгосон санхүүжилт, Нийслэлийн засаг даргын тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах тухай 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/188 тоот, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/967 тоот захирамжууд, тэдгээрийн хавсралтууд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 187-р тогтоолоор батлагдсан “Гэртээ харих зам” хөтөлбөр, түүний төлөвлөгөөг батлах тухай Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 сарын 02-ны өдрийн А/942 тоот захирамж, 2016 оны 01 сарын 18-ны өдрийн А/39 тоот ажлын хэсэг байгуулах тухай захирамж, Хүний эрхийн үндэсний комиссын 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 2/25 тоот зөвлөмж, “З” ТББ-ын 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 03 тоот албан бичиг, түүний хавсралт болох Н З Дас авсан, дутуу авсан болон одоо авах санхүүжилтийн талаарх жагсаалт, Нийслэлийн нийгмийн халамжийн газрын санхүүгийн тэмдэг бүхий харилцан дансны дэлгэрэнгүй бүртгэл хуулгууд, гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлдэг ТББ-ын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн ажлын илтгэх хуудаснууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, зохиогчид энэ талаар маргаагүй байна гэж анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа Н З Д, “З” ТББ-ын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Монгол улсын Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1-д заасан: ... ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж, 359.2... энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно гэж зааснаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх нэртэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн. Мөн Иргэний хуулийн 364.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болох заалт, Иргэний хуулийн Ерөнхий ангийн 42.8-д заасан гол үндэслэлүүдийг зааж манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг анхан шатны шүүх хуулийг хуулийн буруу хэрэглэж нэг талыг барьсан шийдвэр гаргаж бодит үйл явдал, зохигчдын дунд байгуулагдсан гэрээ хэлцлийг үнэн зөв дүгнэж үзсэнгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа: Нэхэмжлэгч “З” ТББ нь: Нийслэлийн Цагдаагийн газар, Н З Д тамгын газар  /Нийгмийн халамж үйлчилгээний газар/- тай харилцан тохиролцон 2013 оноос 2015 оны 4 дүгээр сар хүртэл, мөн 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд “ажил гүйцэтгэх” гэрээ нэртэй гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 22 дугаар зүйлийн 122.1.2-т заасан гэр оронгүй тэнэмэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний өрхөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д зааснаар тэдний амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу нийт 50-60 иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч Н З Д тамгын газар , /Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс/ нь гэрээний биелэлтийг тооцон нийгэмшүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг олгох үүргийг тус тус хүлээсэн байна. Хэдийгээр талуудын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон Нийгмийн халамжийн тухай хуульд заасан дээрх үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүргийг гүйцэтгэж, хариуцагч түүнтэй холбоотой хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр тохрролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна гээд тухайн гэрээний хугацаа дуусгавар болсон үед буюу 2015 оны 4-10 дугаар сар, 2016 онуудад тухайн иргэдэд нэхэмжлэгч байгууллага нь хууль, болон гэрээнд заасан халамжийн үйлчилгээг үзүүлснээс 214 350 000 төгрөгийн зардал гарч, энэ талаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол учирсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн байдаг нь Давж заалдах шатны шүүхээс бодит үйл явдлыг зөв дүгнэж чадаагүй Н З Дас төрийн албаны тухай хууль болон төрийн халамж үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйл болох “Халамжийн ажил үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэх” гэсэн заалт болон тус хуулийн 20, 21, 22 дугаар зүйл заалтуудад “ажил гүйцэтгэх” гэрээ гэсэн үндэслэл агуулгууд бүрэн томьёологдож хоёр тал харилцан тохиролцож гэрээ байгуулсан байхад тухайн “ажил гүйцэтгэх” гэрээг Монгол улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 539.1-д заасан “хөлсөөр ажиллах” гэрээний харилцаа байна гэж дүгнэсэн нь нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгч байгууллагыг ноцтой хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “З” ТББ-аас Н З Д-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 214 350 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ бүгд хугацаандаа хэрэгжиж дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2013 оны 03 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн газраас “нийслэлийн орон гэргүй, тэнэмэл байдлаар амьдарч яваа 60 иргэнийг “З” ТББ-д нийгэмшүүлэхээр хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан “З” ТББ нь 2013 оны 03 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нийслэлийн Цагдаагийн газартай, 2013 оны 06 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Н З Д тамгын газар тай, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний газартай тус тус Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийгмийн эмзэг бүлгийн, орон гэргүй архины асуудалтай иргэдийг байршуулан үйл ажиллагаа явуулах үүргийг хүлээж, холбогдох санхүүжилтийг захиалагчаас авахаар харилцан тохиролцсон, гэрээний хугацаанд үйл ажиллагаа хэвийн явагдаж, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, дуусгавар болсон байна.

Талууд “Ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ байгуулсан боловч гэрээний зүйл нь ажил, үйлчилгээ буюу ажиллагч нь батлагдсан төлөвлөгөөний дагуу нийгэмд тодорхой үйлчилгээг үзүүлж, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, тэдэнд хуульд заасан үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ажиллуулагч нь дээрх ажлыг гүйцэтгэсний хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул  зохигчдын хооронд Хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1. дэх зохицуулалтыг зөрчөөгүй байна .

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус төвд нийгэмшүүлэхээр шилжүүлсэн 50 иргэнийг өнөөдрийг хүртэл буцаан татаагүй тул 2015 оны дутуу олгогдсон санхүүжилтэд 81 450 000 төгрөг, 2016 онд авах 132 900 000 төгрөгийн санхүүжилтийг гэрээний дагуу нөхөн гаргуулах” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь 2015 онд Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газартай №02, №05 дугаартай хоёр гэрээ байгуулсан бөгөөд гэрээ тус бүр 3 сарын хугацаатай хэрэгжихээр байгуулагдсан, гэрээнд заасан хугацааны санхүүжилтийг нэхэмжлэгч авч байсан талаар маргаагүй.

Харин санхүүжилт хийгдээгүй гэх 2015 оны үлдэх 6 сарын хугацааны санхүүжилтийг нэхэмжилсэн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй, тухайн хугацааг хамаарсан гэрээ байгуулагдаагүй тул хариуцагчид санхүүжилт хийх үүрэг үүсээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэстэй байна.

Түүнчлэн Нийгмийн халамж үйлчилгээний газар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/488 тоот албан бичгийг “З” ТББ-д хүргүүлсэн ба тус албан бичгээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/942 тоот захирамж гарсантай холбогдуулан 2016 онд Нийслэлийн төсвөөс гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй болсныг мэдэгдэж байсан, 2016 онд талууд гэрээ байгуулаагүй, хариуцагч нь гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлсэн гэх үндэслэлээр санхүүжилт нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “...нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг төрийн бус байгууллага” гэж, 2-т “...хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж тус тус тодорхойлжээ.

“З” ТББ нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болохынхоо хувьд өөрийн зорилтын хүрээнд төрийн үйл ажиллагааны нэг хэсэг болох нийгмийн халамж, үйлчилгээ шаардлагатай иргэдэд туслах, тэдний эрх ашгийг хамгаалах, энэрэх, нийгэмшүүлэх зэрэг нийгмийн тусын тулд сайн дураар үйл ажиллагаа явуулж, өөрийн зорилгыг хэрэгжүүлсний төлөө төрөөс санхүүжилт шаардсан нь үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон байна.                                                                                              

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00838 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1377 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 290 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД