Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-22
Дугаар 001/ХТ2017/01468
Хэргийн индекс 181/2017/01468/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Х.А
Хариуцагч “Э” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ТӨААТҮГ/
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Х.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1477 дугаар магадлалтай,

           Х.Аийн нэхэмжлэлтэй,

           “Э” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ТӨААТҮГ/-т холбогдох           

           Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

        Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016-09- 01-ний өдрөөс 2016-10-07-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа авч, 2016-08-31-ний өдөр хөдөө орон нутаг руу явсан. Гэтэл миний утсанд “өргөдлөө өгнө үү” гэсэн мессеж ирсэн.  Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй уулзахад 2016-09-08-ны өдрийн Б/54-р тушаалаар ажлаас халсан гэсэн. 2017-02-17-ны өдөр би  ажлаа  өгсөн. Миний бие тухайн албан тушаалд 2 жил гаруй хугацаагаар ажилласан, ямар нэг зөрчилд холбогдож байгаагүй. Миний бие 4 удаа эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан ч гэм буруугүй байсан тул ямар нэгэн арга хэмжээ авахуулаагүй. Намайг ажлаа хүлээж аваад 7 хонож байхад н.Бүрэнтогтох өрөөндөө дуудаж уулзаад 15-аас доошгүй хүнийг ажлаас халах гэж байгаа тул 15-аас доошгүй хүний нэрсийн жагсаалт гаргаж өг гэсэн. Би  “...зүгээр ажлаа хийж байгаа 15 хүний нэрсийн жагсаалт гаргаж ажлаас халах эрх байхгүй...” гэдгээ хэлсэн. Эрчим хүчний хөгжлийн газрын дарга  Бүрэнтогтох намайг ажлаас халсан тушаал танилцуулаагүй, мөн хуульд заасны дагуу  мэдэгдэл өгөөгүй. Би гарын үсэг зурдаг хүн биш тул тэтгэвэртэй холбоотой асуудал надад хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хагаж өгнө үү гэжээ. 

         Хариуцагч хариу тайлбарт: Х.А Эрчим хүчний яамны хяналт шинжилгээний үнэлгээ дотоод аудитын газрын даргын ажлаас чөлөөлөгдөж, Эрчим хүчний яамны төрийн нарын бичгийн даргын 2014-12-30-ны өдрийн 10 тоот тушаалаар Эд түр хугацаагаар  томилогдсон. Х.А нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зөрчил дутагдал гаргасан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Х.А нь ээлжийн амралтаа 2016-09-31-ний өдрөөс эдлэх ёстой байсан. Гэтэл Х.Аийг ээлжийн амралтаа эдлэхээс нь өмнө буюу 2016-08-31-ний өдөр Б/54-р тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг Х.Ад захирал нь  танилцуулсан байдаг. Ингэхдээ Х.Аийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж, ажлаа хүлээлгэж өгөх талаар ярилцсан. Гэтэл Х.А уурлаж, н.Бүрэнтогтох захирлыг доромжилсон байдаг. Үүнээс хойш Х.А  ажлын байрандаа ирэхгүй өрөөгөө түгжээд явсан. Х.Аийг ажлаас чөлөөлөх тушаалыг аман болон бичгийн хэлбэрээр өгсөн гэх тэмдэглэлийг тухай бүрдээ хийсэн. Мөн Х.А нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, удаа дараа хууль бус тушаал гаргаж байгууллагад хохирол учруулсан. Үүнд өндөр насны тэтгэмж эрх үүссэн ахмадад салбарт ажилласан жилийг  ажилласан жилээр тооцож, тэтгэмж олгосон. Энэ тушаалыг өөрөө боловсруулж, өөрөө гардаж хийснийхээ дараа устгасан үйлдэл удаа дараа гарсан байдаг. Мөн албан тушаалаа ашиглан зохисгүй үйлдэл гаргадаг байсан. Мөн захирал болон ажилтнуудын хооронд зан харилцааны хувьд асуудал үүсгэдэг. Удирдах албан тушаалтны хувьд ажилтнуудыг доромжлох асуудал гаргасан нь хурлаар хэлэлцэгдэж байсан.  Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Аийг "Э” ТӨҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Э“ ТӨҮГ-аас 12 440 489 төгрөг гаргуулан Х.Ад олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Аийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч "Э“ ТӨҮГ-аас 213 997 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 28-ны өдрийн 1477 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Х.А нь Э ТӨҮГ-аас 2016-08- 31-ны өдөр Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд халагдах тушаалаа 2016-10-10-ны өдөр гардаж авсан. Шүүхэд 2016-11- 09-ний өдөр нэхэмжлэл гаргахад,  шүүх хүлээн авахаас татгалзсан. Үүнээс хойш 2016-12-08-ны өдөр нэхэмжлэл гарган шүүх хэрэг үүсгэсэн болно. Энэ талаар  хэрхэн дүгнэсэн болох нь  шийдвэр, магадлалд тусгагдаагүй. Шүүхэд  хандаж, шаардах эрхийг хэрэгжүүлэхэд үндэслэл байгаа эсэх, хэрэгжих боломжтой эсэхийг нэн тэргүүнд шалгаж, эрх зүйн дүн шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Хөдөлмөрийн эрх зүйн маргаан үүссэн үед эхэлж нэхэмжлэгч буюу ажилтан ...заасан хугацаанд шүүхэд хандсан эсэхийг дүгнэлгүйгээр шууд тухайн ажилтныг буруу халсан эсэх асуудалд дүгнэлт хийх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Ажилтан Х.А шүүхэд 2016 оны 11 сард нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй ба энэ нь  Иргэний хуулийн 79.2-х тайлбарлагдана. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй, мөн нэхэмжлэгч 2016-12-08-нд нэхэмжлэл гаргасан нь  2 сар шахам хугацаа өнгөрсөн байгааг анхаараагүй. Х.Аийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл   ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй гэж шүүх үзсэн нь  гомдолтой байна. Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалыг гүйцэтгэж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, удаа дараа хууль бус, үндэслэлгүй тушаал боловсруулж, гарган байгууллагад хохирол учруулсан. Тухайлбал, ажилтан Л.Балганий ажиллаагүй байсан хугацааг ажилласан мэтээр тооцож үндэслэлгүй тушаал боловсруулж, тайлбарлаж өгөлгүй байгууллагын даргаар гарын үсэг зуруулсан. Гаргасан хянасан тушаалуудын төслийг байгууллагын бичиг хэрэгт өгдөггүй, өгөхийг шаарддаг боловч “би мэдэж байна” гэх тайлбар өгөн, ажлаа хүлээлгэж өгөхдөө төслийг устгасан гэх зохисгүй үйлдэл гаргасан байтал ажилд эгүүлэн тогтоож, их хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Х.А нь 2016 оны  12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Эийн захиргаа хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг  "Э“ ТӨААТҮГ-т холбогдуулан гаргажээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргалын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Эийн захирал 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б/54 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 3.6.11, 7.2, хөдөлмөрийн гэрээний 4.2.2, 4.2.5, 4.2.10 баримтлан захиргаа хэлтсийн дарга Х.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна. 

       Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдвол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар  ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. 

       Х.А хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл ноцтой зөрчил гаргасан эсэх талаар ажил олгогчийн тушаалд тодорхой заагаагүй тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй гэж үзнэ.  

       Ажил олгогч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа  зохигчдын  хооронд  2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 04 дугаартай  хөдөлмөрийн гэрээний /хх12-15/ 4.2.2, 4.2.5, 4.2.10-г буюу ажилтан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа /2-оос дээш/ биелүүлээгүй, биелүүлэх чадваргүй нь тогтоогдсон, ажил хүлээлцэлгүй дур мэдэн ажлын байраа орхисон, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргах заалтыг үндэслэсэн хэдий ч эдгээр зөрчлийг Х.А гаргасан нь нотлогдоогүй байна. Ажил олгогчийн тушаалын үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хангасан нь хэргийн баримтанд үндэслэгдсэн байна.  

         Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 46, 69, 128, 129-р зүйл, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1477 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 214.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ