Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-21
Дугаар 001/ХТ2017/01465
Хэргийн индекс 182/2017/01465/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Ц.О
Хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас буруу шилжүүлсэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Ц.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01013 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1482 дугаар магадлалтай,

           Ц.Оийн нэхэмжлэлтэй,

           “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдох           

          2017 оны 02 дугаар 17-ны өдрийн Х/67 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, түүний өмгөөлөгч С.С, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Ц.О би  холбооны салбарт 31 дэх жилдээ ажиллаж байна. 2007-2017 оны хооронд 10 жил байгууллагын даргаар ажиллаж ирсэн. Аль ч намын гишүүнд элсэж байгаагүй. Гэтэл  тушаал гарган миний албан тушаал бууруулж, Төв аймгийн холбооны газрын техник, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилон, цалинг 100.000 төгрөгөөр бууруулсныг зөвшөөрөхгүй байна. Ингэж тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Тухайлбал, албан тушаал бууруулах тухай урьдчилан мэдэгдээгүй, гарсан тушаалыг албан ёсоор гардуулж  өгөөгүй, 2017.02.20-ны өдөр тушаалын хуулбарыг надад үзүүлсэн ч  өгөөгүй. Би албан тушаал буурч ажиллах талаар ажил олгогчтой ямар нэгэн байдлаар албан ёсоор харилцан тохиролцоо хийгээгүй. Хууль зүйн үндэслэлгүйгээр миний албан тушаалыг бууруулан, хөдөлмөрийн хугацаагүй гэрээг цуцалсан.Иймд Төв аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн томилж, цалингийн зөрүүг олгож өгнө үү. Тушаалын бусад заалт нь надад холбогдолгүй гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Монголын цахилгаан холбоо” ХК нь Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлах комиссын 1995 оны 28-р тогтоол, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 208 дугаар тогтоолоор “хувьцаат компани” болон шинээр байгуулагдсан. Нийт хувьцааны 54.67 хувийг Засгийн газар, 40.0 хувийг БНСУ-ын Корей телеком корпораци, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд, хуулийн этгээд эзэмшдэг. 21 аймаг, Улаанбаатар хотын алслагдсан 2 дүүрэгт нийт 23 салбартай. Аймаг дүүрэг дэх салбар болох холбооны газрын дарга нь тухайн орон нутагт “МЦХ” ХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах, холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай үйлчилгээг хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулах, тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон өөрөө удирдах байгууллагатай хамтран ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Ц.Оийг Төв аймгийн холбооны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус аймгийн холбооны газрын техник, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон болно. Гэтэл Ц.О нь огт харилцан тохиролцоогүй мэт, 31 жил тасралтгүй, түүнээс сүүлийн 10 жил дарга хийж байсан нь түүнийг тухайн ажил албан тушаалд ямарч нөхцөл байдлаас үл хамааран ажиллуулах ёстой мэт нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01013 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар  Ц.Оийг “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Төв аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Монголын цахилгаан холбоо" ХК-иас нэхэмжлэгчийн цалин хөлсний зөрүү 266.668 төгрөгийг гаргуулж, Ц.От олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78.850 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 30-ны өдрийн 1482 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан ба 37.2-т заасан  нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Төв аймгийн холбооны газрын техник үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд шилжин ажиллахыг хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагч байгууллага “МЦХ” ХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Ц.Оийн эзэмшиж байгаа орон сууцыг Ц.От шилжүүлэн өгөх тохиролцоогоо биелүүлээгүй талаар тайлбарласан. Энэхүү тайлбараараа нэхэмжлэгч нь харилцан тохиролцож одоогийн эрхэлж буй ажил албан тушаалдаа томилогдсон бөгөөд өөрийнх нь эзэмшиж буй орон сууцыг хувьд нь шилжүүлэх тохиролцоогоо биелүүлээгүй гэдэг агуулгаар ойлгогдож байна. ИХШХШТХ 42.1-д “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэдэг заалттай нийцэж байгаа буюу харилцан тохиролцож одоогийн албан тушаалд томилогдсонг шүүх үнэлсэнгүй. Энэ нэхэмжлэл нь гомдлоор хэлэлцэх хэрэг тул тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг гэжээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1-р Монголын цахилгаан холбоо ХК нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 4762 төгрөгийг хариуцах ёстой гэж үзэж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д гомдлоор хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг байх хариуцагч байгууллагаар төлүүлж байгааг мөн л хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа өөрөө биечлэн оролцох хүсэлт гаргасан боловч хурлын товыг мэдэгдээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ц.О 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Төв аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү гаргуулах шаардлага тавьжээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Х/67 тушаал гаргаж, Ц.Оийг Төв аймгийн холбооны газрын даргын ажлаас чөлөөлж, мөн газар техник, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ. 

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон тушаал, хариуцагчийн тайлбараас үзвэл ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоноор Ц.Оийг Төв аймгийн холбооны газрын даргын ажлаас чөлөөлж мөн газар техник, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон гэх боловч энэ үйл баримт нотлогдоогүй тул “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны  Х/67 тушаалыг хууль бус гэж үзнэ. 

        Хоёр шатны шүүх Ц.Оийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24, 37 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. 

    Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаярын гомдлыг хангахгүй орхив.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01013 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1482 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаярын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 78.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ