Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-21
Дугаар 001/ХТ2017/01464
Хэргийн индекс 183/2017/01464/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Ч.Ц
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Ч.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01468 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1656 дугаар магадлалтай,

           Ч.Цгийн нэхэмжлэлтэй,

           Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох      

     Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-08-12 -ны өдрийн 5358 дугаартай захирамжаар Д.П 443.484.725 төгрөг гаргуулж “Ч” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг биелүүлэх явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46.1.1-д дуудлага худалдааны тогтоолд өмчлөгчийн талаар заана гэсэн байхад Ч.Цгийн талаар юу ч бичээгүй, 46.1.2-т албадан дуудлага худалдаа явуулах хаягийг заана гэсэн байхад заагаагүй орхигдуулсан. Мөн дуудлага худалдаа явагдах тухай 230 дугаар тогтоолыг өмчлөгч Ч.Цд албан ёсоор мэдэгдээгүй юм. Төлбөр төлөгч нь 2017-03-10-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, 2017-03-13-ны өдөр хариугаа аваад 14-ний өдөр шүүхэд гомдол гаргасан. Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-08-12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Д.Пүрвээгээс 443.484.725 төгрөг гаргуулж “Чинбаа инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36-р битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-р Д.П үнийн санал авахад дээрх үл хөдлөх хөрөнгийг 1м.кв талбайг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Ч.Цг үнийн саналаа өгөхийг 2016-01-26-ны өдөр  Э, 2016-02-23-ны өдөр  төлбөр төлөгч Д.П, “Э” ХХК-ийн нягтлан  Х, 2016-03- 04-ний өдөр 3/7980 дугаар албан бичиг, мөн сарын 17-ны өдөр оршин суугаа газрын хаягт наасан зарлан дуудах хуудас болон архитектороор дамжуулан удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирж үнийн саналаа өгөөгүй.  Ч.Цгийн төлөөлөгчтэй 2016-03-21-ний өдөр уулзан үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч  шинжээч томилуулах хүсэлт өгсөн. Хүсэлтийн дагуу 2016-03-29-ний өдрийн 66 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилоход Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруугийн 19А байрны 4 тоот 71.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 139.100.000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруугийн 19А байрны 16 тоот  3 өрөө орон сууцыг 401.300.000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруугийн 16А байрны 205.5 71.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 359.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иймд Иргэний хуулийн 177.1-р үнэлгээний 70%-р албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016-04-18-ны өдрийн 3/14094, 3/19095–р мэдэгдсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 470 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хүчин төгөлдөр болсон. Иймд Иргэний хуулийн 177.1-р 2017-02-24-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 3/5647, 3/5648 дугаар мэдэгдлүүдийг  хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177.4-р 2017-03-24-ний өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Өмчлөгч Ч.Ц нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй ажиллагаа бүрт гомдол гаргаж цаг хугацаа ихээр алдагдуулж байна. Өмчлөгч нь эрхээ эдэлж шүүхэд гомдол гаргаж байгаа боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй их чирэгдэл учруулж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01468 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Цэцгээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4355 дугаартай шүүгчийн захирамж хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 21-ний өдрийн 1656 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ч.Ц миний өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 19А байр, 4, 16, 16А тоот хаягт байрлах орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017.02.24-ний өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43, 46 дугаар зүйлүүдэд заасан журмыг ноцтой зөрчиж, өмчлөгч Ч.Ц миний эрх ашгийг хохироосон. Албадан дуудлага худалдаанд оруулах тухай Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяагийн 2017.02.09-ний өдрийн 09 тоот тогтоолд үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчийн тухай, албадан дуудлага худалдаа явуулах хаягийн талаар огт заалгүй орхисон байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46.1.1, 46.1.2-г зөрчсөн. Давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46.1.1, 46.1.2-г хэрэглэлгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг ханган өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Ч.Ц 2017 оны 03 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

   Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Д.П 458 760 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 184 725 төгрөгийн хамт төлөх талаар “Ч” ХХК-тай  эвлэрснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 5358 дугаар захирамжаар /хх 13/ баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх 14-16/, төлбөр төлөгдөөгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаангүй байна.

        Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 5358 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хариуцагч Ч.Цгийн өмчлөлийн орон сууцыг хурааж, анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэ тогтоолгосныг Ч.Ц эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүх 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 470 дугаар шийдвэр гаргаж, “үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байв.  

       Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 470 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагч 2017-03-15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг шаардсан боловч уг нэхэмжлэл үндэслэлгүй байна. 

       Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны  5358 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

      1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01468 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1656 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ