Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-22
Дугаар 001/ХТ2017/01467
Хэргийн индекс 181/2017/01467/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК
Хариуцагч Д.Х, Д.Н нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

“М ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01672 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1605 дугаар магадлалтай,

           “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Д.Х, Д.Н нарт холбогдох        

           Зээлийн гэрээний үүрэгт 31.818.414 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Д.Хийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, Д.Хийн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

       “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Д.Х, Д.Н нар М ББСБ-аас 2016-07-04-ний өдөр 20сая төгрөгийг нэг сарын хугацаатай 5%-ийн хүүтэй байрны урьдчилгаа төлөх зориулалтаар зээлсэн. Уг зээлийг бэлэн бусаар Д.Хийн Хаан банкны  дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Д.Хийн өмчлөлийн  Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 84 б байр 166 тоот орон сууцыг барьцаалсан. Гэрээг 2016-07-05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч 2016-08-09-нд зээлийн хүү 764.944,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.055,56 төгрөг, 2016-08-11-нд зээлийн хүү 186.376 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13.623,37 төгрөг төлсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Н нь Д.Хт мөнгө төлсөн байдаг. Д.Н, Д.Х нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан, харин одоо Д.Хээс төлбөрийг шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. 

         Хариуцагч Д.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Нийн хамт 2016-07-04-ний өдөр нэхэмжлэгчээс  20 сая төгрөг зээлж  авсан. Зээлийн гэрээний барьцаанд Д.Хийн 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгчээс  Д.Н нь Д.Хийн барьцаанд тавьсан 3 өрөө орон сууцыг 8%-ийн зээлд хамруулан өөрийн охин Б.Азжаргалд худалдаж авч өгөх зорилгоор энэ зээлийг авсан. Банкны 8%-ийн зээл бүтэх болж, урьдчилгаа мөнгө дутаад, байраа барьцаалж 20 сая төгрөгийн зээл аваад өг гэж хүссэний дагуу байрыг барьцаалсан. Зээлийн 20 сая төгрөг Д.Хийн Хаан банк дахь дансанд шилжингүүт Д.Нарацэцэгийн охин Б.Азжаргалын данс руу 15сая төгрөг шилжүүлсэн. Гэтэл Д.Н 8%-ийн зээлээр орон сууц худалдаж авах зорилгогүй байсан бөгөөд Д.Хийг хуурч орон сууцыг нь барьцаанд тавиулсан. Д.Н, Д.Х нарын хооронд өр авлагын өөр асуудал байдаг. Д.Н нэхэмжлэгчид ойлгуулахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Д.Хийн данс руу шилжүүлж байсан гэсэн буруу ойлголтыг өгсөн. Д.Хийн дансанд 20сая төгрөг шилжиж орсон боловч үүнээс 15 сая төгрөгийг Д.Н авсан. Д.Х өөрт нь ногдох 5 сая төгрөгийг хүү алдангийн хамт төлнө гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01672 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Д.Хээс 14.388.207,23 төгрөг гаргуулж “М ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14.388.207 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан Д.Хийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 84 б байрны 166 тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.512,07 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Хишигдэлгээрээс 229.891 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 19-ний өдрийн 1605 дугаар магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01672 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж,  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Хээс 28 776 414 төгрөг гаргуулан  “М ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 84Б байрны 166 тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой өөрчлөлтийг шийдвэрт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

         Хариуцагч Д.Хийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Зохигчид 2016-07-04-ний өдөр 20 сая төгрөгийг нэг сарын хугацаатай 5 хувийн хүүтэй  Д.Н нь байрны урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулж авсан. Улмаар  20 сая төгрөгөөс 15сая төгрөгийг Д.Н, 5 сая төгрөгийг Д.Х хэрэглэсэн байдаг.    Д.Н нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө Д.Хт буцааж өгсөн, харин Д.Х “М ББСБ” ХХК-д  төлөөгүй гэж худал хэлснээс  Д.Нт холбогдох шаардлагаасаа татгалзсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй. Д.Хээс 28 776 414 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Зээлийн гэрээг Д.Нийн хүсэлтийн дагуу Д.Хийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьж зээлийг гаргуулан авсан. Гэрээнд Д.Н Д.Х нар гарын үсэг зурсан. Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд  дүгнэлт өгөөгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      “М ББСБ” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Х, Д.Н нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 20 сая төгрөг, үндсэн хүү 9.848.678 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.969.735 төгрөг нийт 31.818.414 төгрөг шаардсан /хх1,37/ боловч шүүх хуралдаан дээр “...Наранцэцэг 2017-05-29-ний өдөр 3.042.000 төгрөг төлсөн тул хүүнээс 1.072.264 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 1.969.735 төгрөг хасаж үлдэх 28.776.414 төгрөгийг Д.Хээс шаардсан байна.  

      Анхан шатны шүүх Д.Хээс 14.388.207 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг  давж заалдах шатны шүүх  28.776.414 төгрөг болгон өөрчилжээ.   

      Шийдвэр болон магадлалыг дараах үндэслэлээр тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. “М ББСБ” ХХК нь Д.Х, Д.Н нараас 31.818.414 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлээ  анхан шатны шүүх хуралдаан дээр 28.776.414 төгрөг болгож уг мөнгийг бүгдийг Д.Хээс шаардсан байхад шүүх энэ талаар тайлбар өгөх, нотлох баримт бүрдүүлэх боломжийг хариуцагчид олгоогүй хэргийг хянан шийдвэрлэж Д.Хийн эрхийг ноцтой зөрчсөн байна.    

       2. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр “...хариуцагч Д.Н мөнгө төлсөн...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж үлдэх мөнгийг Д.Хээс нэхэмжилснээс  “М ББСБ” ХХК-н шаардлагын үндэслэл ойлгомжгүй болсныг  шүүх тодруулалгүй шийдвэр гаргасан нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн үзэмжээр үүргийн гүйцэтгэлийг нэг үүрэг гүйцэтгэгчээс шаардсан эсхүл Д.Нт холбогдох шаардлагаас татгалзсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх  хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 116 дугаар зүйл болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т нийцээгүй байна.

     Зохигчид 2016 оны 07 дугаар сарын  04-ний өдөр 211 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж хариуцагч нар 20 сая төгрөгийг нэхэмжлэгчээс хамтран зээлсэн, зээл төлөгдөж дуусаагүй тул зээлдүүлэгч шүүхэд хандсан нь тогтоогджээ.

   “...Н үүргээ биелүүлсэн тул түүнийг хариуцагчаас хасаж байна...Наранцэцэгийг чөлөөлөхийг зөвшөөрч байна...” гэсэн нь /хх 58-59/ “нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан” гэж ойлгохоор байхад анхан шатны шүүх Д.Нт холбогдох шаардлагын талаар ямар нэг шийдвэр гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчсөн, давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамааруулсан нь буруу. 

       Д.Н Д.Хт зээлийн зарим хэсгийг  төлсөн  нь түүнийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 211 дүгээр зээлийн гэрээнд заасан зээлдүүлэгчийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөхгүй, Д.Х, Д.Н нар нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөний талаар хоорондоо маргаантай байгаа нь  2016 оны  211 дугаар зээлийн гэрээнд заасан үүргийг “М ББСБ” ХХК Д.Х, Д.Н нараас шаардахад саад болохгүй, зээлдэгч нарын хоорондын маргаанд зээлдүүлэгч оролцох эрх зүйн үндэслэлгүй .

       Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т нийцээгүй тул шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01672 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1605 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч Ц.Батмэнд хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 306.000 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ