Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-01
Дугаар 001/ХТ2017/01512
Хэргийн индекс 183/2017/01512/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Т.Б
Хариуцагч “А” ТӨҮГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Т.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01353 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1521 дүгээр магадлалтай,

           Т.Бийн нэхэмжлэлтэй

           “А” ТӨҮГ-т холбогдох

          “А” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Д.Э, нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

   Т.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчээр ажиллаж байсан.Ямар нэг зөрчилгүй ажиллаж байсан. Төвийн захирлын 2016-12-21-ний өдрийн Б/789 дугаар тушаалаар ажлаас халсан. Т.Б нь төрийн үйлчилгээний албан тушаалд ангилагдах байнгын ажлын байранд ажилдаг хөдөлмөрийн гэрээний 1.3-т заасан ажил, үүргийг гүйцэтгэсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2016-09-26-ны өдрийн 55-р тогтоол гаргаж төвийн захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан, уг тогтоол болон түүний хавсралтаар А-н ажил, албан тушаалын жагсаалтаас тасалбар түгээгчийн ажлын байрыг хасаагүй. Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод төв хооронд нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах хүрээнд тус чиглэлийн зорчих тасалбарыг худалдан борлуулж, түгээх ажлыг Төв аймгийн Автотээврийн төв гүйцэтгэсэн хэвээр байгаа буюу Т.Бийн ажиллаж байсан тасалбар түгээгчийн ажлын байрны үндсэн чиг үүрэг  байгаа. А ТӨҮГ-ын захирлын 2016-10-28-ны өдөр Аийн орон нутаг дахь Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын 17-р хавсралтаар өмнө байсан тасалбар түгээгчийн ажлын байрны 3 албан тушаалыг хассан.  Төв аймгийн Автотээврийн төвийн нийт 15 албан тушаалыг 10 болгож цөөрүүлсэн боловч тасалбар түгээгчийн ажлын байрыг хассан үндэслэл нь тодорхойгүй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаартай тогтоолоор Аийн орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоосноос бус ажлын байрны орон тоог хасах эсвэл цөөрүүлж шийдвэрлээгүй. Аийн дүрмээр болон Автотээврийн тухай хуулиар үүрэг болгосон нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул тус чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тасалбар түгээж, худалдан борлуулах ажил, үүргийн хэрэгцээ бодитой байгаа. Ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх бодит хэрэгцээ шаардлагын үндэслэлийг хариуцагч нотлоогүй тул  орон тоог хасах эсвэл цөөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Хариуцагчийн  2016 оны А/275 дугаар тушаалын 17-р хавсралтаар өмнө байсан тасалбар түгээгчийн ажлын байрны 3 албан тушаалыг хассанаар Төв аймгийн Автотээврийн төвийн нийт 15 албан тушаалыг 10 болгож цөөрүүлсэн нь үндэслэлгүй байна.

        Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 55 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар А ТӨҮГ-ын захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан тул үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох захирлын эрх хэмжээгээр ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, ажлын байрны орон тоог хасах эрх олгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.Эрх олгогдоогүй байтал ажлын байрны орон тоог хассан үндэслэлээр албан тушаалтныг чөлөөлсөн нь хууль бус. Аийн дүрмийн 6.10.7-р Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан зохион байгуулалтын бүтцийн хүрээнд удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлах,  хүний нөөцийг бүрдүүлэх, ажилд томилох, өөрчлөх, чөлөөлөх, тэдгээртэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхийг  олгосон., орон тоог хасахаар зохицуулаагүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хассан. Т.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд ажлаас чөлөөлөх үндэслэлийг  тодорхой заагаагүй. Ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан  55 дугаартай тогтоол эсвэл Төв аймгийн Автотээврийн төвийн ажил, албан тушаалтын жагсаалтаас тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хассан  А/275-р тушаал, түүний 17-р хавсралтыг үндэслэл болгоогүй нь  хууль бус. Орон тоог хасах үндэслэлээр  гэрээг цуцлах бодит хэрэгцээ, шаардлага байгаагүй нь  өмнө тогтоосон тээвэр зохицуулагчийн 4-н орон тоог 1-р нэмэгдүүлж, тээвэр зохицуулагчийн албан тушаалыг 5 болгож нийт 11 болгосноор нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор А ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг тогтоож өгсөн. Тус үйлдвэрийн газрын захирлын 2016-03-31-ний өдрийн Аийн аймгийн автотээврийн төвүүдийн ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/89 дүгээр тушаалаар Төв аймгийн Атотээврийн төвийн орон тоог 15 байхаар тогтоож тасалбар түгээгч 3 байхаар баталсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор А ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан захирлын 2016 оны А/275 дугаар тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 10 байхаар баталж менежер 1, тасалбар түгээгч 3, үйлчлэгч 1 гэсэн орон тоог байхгүй болгож 5 орон тоог цөөрүүлсэн болно. Бид байхгүй орон тоонд Т.Бийг ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01353 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.Бийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 04-ний өдрийн 1521 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх хяналтын гомдолдоо: Хөдөлмөрийн харилцаа тогтоосон болон ажлын байрны чиг үүрэг,  А/275 болон А/49 дугаартай тушаал, бүтэц, орон тоо,  гэрээ цуцалсан нь үндэслэлийн талаар дурдаж, гомдол гаргаж байна. НЭГ. Хөдөлмөрийн харилцаа тогтоосон болон ажлын байрны чиг үүрэгийн тухай: ...ТАтХ-ийн 11.1-д зааснаар Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэж тодорхойлсон бөгөөд иргэн Т.Бийн ажилласан ажил, албан тушаал ТАтХ-ийн 9.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах Төрийн үйлчилгээний албан тушаалд ангилагдана. Тус албан тушаал нь ТАтХ-ийн 7.10, 9.2-т заасны дагуу батлагдсан албан тушаалын ангилал, зэрэглэлийн 13-т заасны дагуу Техникийн гүйцэтгэх албан хаагчид ангилагдах бөгөөд ажилтан Б.Дэнмсаагийн ажлын байрны үндсэн чиг үүрэг нь ажил олгогчтой байгуулсан гэрээний 1.3-т зааснаар ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтод заасан “Зорчих тасалбарыг бичиж борлуулалтын орлого бүрдүүлэх, мөнгөн хөрөнгийн тайлан тооцоо гаргах зэрэг” ажил үүрэг байсан. Гэтэл ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаартай тушаалаар ажилтан Т.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр цуцалсан. ... А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоо байхгүй болсон гэх боловч тус ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг ажил олгогчийн хөдөлмөрийн бүтцээс байхгүй болоогүй, хэвээр хадгалагдаж буй бөгөөд тухайн ажлын байрыг хасах бүрэн эрх ТӨҮГ-ын захиралд бус ТбОНӨтХ-ийн 18.52-д зааснаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдахаар хуульчилсан байтал ажилтнуудыг ажлаас халахын тулд хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг ТӨҮГ-ын захирал эдэлж, ажлын байрыг хэлбэрийн төдий хассан гэж үзэх үндэслэлтэй байна. ХОЁР, А/275 болон А/49 дугаар тушаалууд үндэслэлгүй тухай: ТбОНӨтХ-ийн 20.1.4-т зааснаар ажлын байрын орон тоог хасах эрхийг ТӨҮГ-ын захиралд олгоогүй бөгөөд ТбОНӨтХ- ийн 18.5-д зааснаар захиргааны албан тушаалын жагсаалтыг батлах эрх Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газарт олгогдсон. Тиймээс шүүхийн шийдвэрт хуулийн дараах хэм хэмжээний бүтэц диспоцизийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тул дор заасан дүгнэлт үндэслэлгүй байна. Үүнд: 55 дугаартай тогтоолоор "А” ТӨҮГ-ын дүрэм; бүтэц, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоон, тус хязгаарт нийцүүлэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ хэрэгжүүлэхийг тус үйлдвэрийн газарт үүрэг болгосон гэж; Үүний дагуу тус үйлдвэрийн газрын захирлын А'275 дугаартай тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог цөөрүүлж, тасалбар түгээгчийн 3 орон тоог хассан тул ХтХ-ийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн гэж; Т.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэл болгосон ТбОНӨтХ-ийн 20.1.4 нь эрх хэмжээний хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах тушаал гаргах эрхийг ажил олгогчид олгосон зохицуулалт гэж. Үүнийг тайлбарлавал: "А” ТӨҮГ-ын захирлын ...А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар өмнө байсан тасалбар түгээгчийн ажлын байрны 3 орон тоог хассанаар Төв аймгийн Автотээврийн төвийн нийт 15 албан тушаалыг 10 болгож цөөрүүлсэн боловч тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог ямар үндэслэлээр хассан нь тодорхойгүй байна. Учир нь Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор "А” ТӨҮГ-ын орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоосноос бус ажлын байрны орон тоог хасах эсвэл цөөрүүлэхээр шийдвэрлээгүй бөгөөд ТӨҮГ-д дүрмээр болон АТтХ-иар үүрэг болгосон нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул тус чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тасалбар түгээж, худалдан борлуулах ажил, үүргийн хэрэгцээ бодитой хэвээр байна. А/275 дугаартай тушаал ТбОНӨтХ-ийн 20.1.4, 20.1.10, ХтХ-ийн 48.3.1 болон "А” ТӨҮГ-ын дүрэм /цаашид “Дүрэм” гэх/-ийн 6.12б-д заасныг тус тус үндэслэсэн бөгөөд Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоол, түүний хавсралтыг үндэслэл болгоогүйгээс үзвэл дээд шатны захиргаанаас ажлын байрыг хасах талаар тогтоогоогүй байхад дур зоргоор хассан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь ТбОНӨтХ-ийн 18.5-д Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалтыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор хуульчилсны дагуу 55 дугаартай тогтоолын 3 дугаартай хавсралтаар “А” ТӨҮГ-ын захиргааны албан тушаалтны жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтыг үндэслэн ажил олгогч нь ХтХ-ийн 48.1.3-т зааснаар ажил албан тушаалын жагсаалтыг батлах үүрэгтэй. Тасалбар түгээгч нь ТАтХ-ийн 7.10, 9.2-т зааснаар ангилагдах албан тушаал болохын хувьд тус хуулийн 7.1, 7.1.10-т заасныг төсөөтэй хэрэглэвэл захиргааны албан тушаал мөн тул түүнийг Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газрын 55 дугаартай тогтоолын 3 дугаартай хавсралтаар батлагдах захиргааны албан тушаалд үл хамааруулах үндэслэлгүй бөгөөд ИХ-ийн 29 дүгээр зүйлд заасан салбаргүй тул 55 дугаартай тогтоолын 3 дугаартай хавсралтаар баталсан захиргааны албан тушаалын жагсаалт "А” ТӨҮГын зохион байгуулалтын аппаратын бүх нэгжид хамаарах учир Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан жагсаалтыг үндэслэж ажил олгогч нь ХтХ-ийн 48.1.3-т заасан ажил, албан тушаалын жагсаалтыг батлах үүрэгтэй. ТбОНӨтХ-ийн 20.1.4 дэх хэсгийн диспозицид заасан “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох” гэснийг үндэслэн ...захирал нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг тогтоох эрхтэй бөгөөд тус бүтцийг тогтоох эрхийг ТбОНӨтХ-ийн 18.5 дахь хэсгээр Төрийн Өмчийн бодлого, зохицуулалтын газарт олгоогүй, зөвхөн захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны нормативыг тогтоох эрхийг олгосон байтал ТбОНӨтХ-ийн 18.5-д заасныг үндэслэж ...зохион байгуулалтын бүтцийг баталсан ...55 дугаартай тогтоолын 1 дэх хэсэг болон тус тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан зохион байгуулалтын схем хууль бус юм. ТбОНӨтХ-ийн 20.1.4 дэх хэсгийн диспозицид заасан “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох” функц нь ажил, албан тушаалын орон тоог хасах бус ТӨҮГ-ын захиргааны аппаратын зохион байгуулалтын нэгж буюу газар, хэлтэс, алба, тасаг зэргийг тогтоох эрхэд хамаарах бөгөөд ийнхүү захирлын тогтоосон бүтцийн нэгжид Төрийн Өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан жагсаалтад заасан захиргааны албан тушаалтныг томилох, 751 орон тооны хязгаараас хэтэрсэн тохиолдолд ажлын байрны орон тоог цөөрүүлэх хэлбэрээр ажилтныг чөлөөлөх эрхийг ТбОНӨтХ-ийн 20.1.4 дэх хэсгийн диспозицид заасан “албан тушаалтныг томилох, чөлөөлөх” функцээр "А” ТӨҮГ-ын захирал эдэлнэ. Учир нь: ТбОНӨтХ-ийн 18.5-д заасны дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан захиргааны албан тушаалын жагсаалтаар хасагдсанаас бусад тохиолдолд тухайн ажлын байрны орон тоог "А” ТӨҮГ-ын захирал хасах талаар бие даан шийдвэр гаргах эрх олгоогүй бөгөөд 751 орон тооны хязгаарын хүрээнд зөвхөн тухай албан тушаалын орон тоог цөөрүүлэх боломжтой. Хуулийн зохицуулалтын агуулгаас үзвэл захиргааны албан тушаалын жагсаалт батлах болон зохион байгуулалтын бүтэц тогтоох функцыг нэг эрхэд багтааж ойлгож болохгүй бөгөөд тус бүрдээ өөр өөр этгээдэд олгогдсон ялгаатай эрх тул зохион байгуулалтын бүтцийг тогтоох нэрээр ажлын байрны орон тоог хасах эрх олгогдоогүй. Гэтэл Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газрын 55 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан захиргааны албан тушаалын жагсаалтаар тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хасаагүй байтал ТбОНӨтХ-ийн 20.1.4 дэх хэсэгт заасан “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох” гэсний дагуу "А” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг тогтоогоогүй хэрнээ тухайн үндэслэлээр ажлын байрны орон тоог хасч шийдвэрлэсэн захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаартай тушаал, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр А/49 дугаартай тушаал нь хууль буруу хэрэглэсэн тул үндэслэлгүй. ГУРАВ. "А” ТӨҮГ-ын чиг үүрэг болон бүтэц, орон тооны тухай: ...АТтХ-ийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн үйлчилгээг Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага АТтХ-ийн 6.1.10-т зааснаар зохион байгуулах чиг үүрэгтэй бөгөөд Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газрын 55 дугаартай тогтоолын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан "А” ТӨҮГ-ын дүрмийн 4.1.4-т зааснаар тус чиг үүргийг "А” ТӨҮГ-аар гүйцэтгүүлдэг. ТбОНӨтХ-ийн 13.1-д зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийг ангилдаг бөгөөд тус хуулийн 15.1-д зааснаар "А” ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт ангилагдах тул ...ТбОНӨтХ-ийн 18.5-д заасныг үндэслэн ...55 дугаартай тогтоол гаргаж "А” ТӨҮГ-ын орон тооны дээд хязгаар болон захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан байна. Тус тогтоол болон түүний хавсралтаар "А” ТӨҮГ-ын ажил, албан тушаалын жагсаалтаас тасалбар түгээгчийн ажлын байрыг хасаагүй тул АТтХ-ийн 6.1.10 болон дүрмийн 4.1.4-т заасан чиг үүргийн дагуу Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод төв хооронд нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах хүрээнд тус чиглэлийн зорчих тасалбарыг худалдан борлуулж, түгээх ажлыг Төв аймгийн Автотээврийн төв гүйцэтгэсэн хэвээр байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн иргэн Б.Дэнмсаагийн ажиллаж байсан тасалбар түгээгчийн ажлын байрны ажил, үүрэг хэвээр хадгалагдаж, үргэлжлэн хэрэгжиж байна.ДӨРӨВ. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй тухай: Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн Б/789 дугаартай тушаалд “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэл болгож заагаагүй тул ХтХ-ийн 40.1.1 дэх хэсгийн аль нэгийг тогтоож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс шүүхийн шийдвэрт Т.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэл болгосон ...55 дугаартай тогтоолоор баталсан ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12 дахь хэсгийг удирдлага болгосон нь эрх хэмжээний хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах тушаал гаргах эрхийг ажил олгогчид олгосон зохицуулалт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэм хэмжээний бүтэц диспоцизийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнийг тайлбарлавал: Ажил олгогчийн Б/789 дугаартай тушаал ТбОНӨтХ-ийн 20.1.4, 20.10, "А” ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12 болон ХтХ-ийн 40.1.1-ийг тус тус үндэслэсэн боловч аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний аль үндэслэлээр ажилтан Т.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж буйг тодорхой заагаагүй нь Улсын Дээд шүүхийн 33 дугаартай тогтоолын 15-д “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино, Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал; тогтоол, захирамж/ гаргана” гэж тайлбарласантай нийцэхгүй байгаа тул ХтХ-ийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Нөгөөтээгүүр ...55 дугаартай тогтоол болон түүний хавсралтаар батлагдсан зохион байгуулалтын бүтцийн схем, захиргааны ажил, албан тушаалын жагсаалтыг эсвэл Төв аймгийн Автотээврийн төвийн ажил, албан тушаалтын жагсаалтыг баталсан …А/275 дугаартай тушаал, түүний Арван долоодугаар хавсралтыг дурдаагүй тул ХтХ-ийн 40.1.1-д заасан аль нэг үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэхгүй. ХтХ-ийн 40.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй боловч тус эрхийг хэрэгжүүлэх журмыг ХтХ-ийн 40.2-40.5, 42 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд ХтХ-ийн 40.5-д заасан ажилтны төлөөлөгчид мэдэгдэж, хэлэлцээ хийх журмыг зөрчиж тасалбар түгээгчийн ажлын байранд ажиллаж байсан нийт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, бөөнөөр халсан. Ажил олгогчийн Б/789 дугаартай тушаалын үндэслэлд заасан хэм хэмжээг тайлбарлавал: ТбОНӨтХ-ийн 18.5-д заасны дагуу ...751 орон тооны хязгаарт хүрсэн тохиолдолд тасалбар түгээгчийг орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ТбОНӨтХ-ийн 20.1.4 дэх хэсгийн диспозицид зааснаар “албан тушаалтныг чөлөөлөх” эрх хэмжээг ...захиралд олгосон боловч эрх бүхий этгээдээс тогтоосон жагсаалтаар орон тоо хасагдаагүй, хэвээр хадгалагдаж буй албан тушаалтныг чөлөөлсөн; ТбОНӨтХ-т 20.10-аар дугаарлагдсан зүйл байхгүй; ...дүрмийн 6.10.7-д зааснаар эрх бүхий этгээдээс зохих үндэслэл, журмын дагуу тогтоосон захиргааны албан тушаалын жагсаалтын дагуу 751 орон тооны хязгаарт багтаан ажилд томилох, өөрчлөх, чөлөөлөх, тэдгээртэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхийг захиралд олгосон боловч тус эрхийг ТбОНӨтХ-ийн 18.5, 20.1.4 болон ...55 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан захиргааны албан тушаалын жагсаалтыг зөрчиж, эрх хэмжээ хэтрүүлэн, ажлын байрны орон тоог хасч батлаагүй байтал тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хасч, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус. "А” ТӨҮГ-ын дүрмийн 6.12-т заасан захирал нь эрх хэмжээний хүрээнд тушаал гаргана гэснийг зөрчсөн.ТАВ. Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй тухай: Хэлбэрийн хувьд хассан мэт боловч ажил олгогчийн хөдөлмөрийн зохион байгуулалтын бүтцээс тасалбар түгээгчийн ажлын байр хасагдаагүй, цөөрөөгүй. Тиймээс шүүхийн шийдвэрт тус үйлдвэрийн газрын захирлын А/49 дугаартай тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчийн орон тоог 1-ээр нэмэгдүүлж, өмнөх А/275 дугаартай тушаалыг хүчингүй болгосон ч тасалбар түгээгчийн орон тоог баталаагүй тул ажил олгогчийг буруутгах үндэслэлгүйгээс гадна орон тоогүй тасалбар түгээгчийн ажлын байранд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэм хэмжээний бүтэц диспоцизийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Үүнийг тайлбарлавал: Улсын Дээд шүүхийн 33 дугаартай тогтоолын 15.1.1-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарласан бөгөөд тус тайлбарт заасан ажлын байр гэдэгт ХтХ-ийн 3.1.15-д давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг байнгын ажлын байр гэж ойлгохоор тайлбарласан тул Улсын Дээд шүүхийн тогтоолын 15.1.1-д заасан ажлын байр гэдэг нь тасалбар түгээгчийн ажил, үүрэг мөн. Тиймээс ажилтан Т.Бийн хөдөлмөрийн гэрээний 1.3-т заасан ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтдоо “Зорчих тасалбарыг бичиж борлуулалтын орлого бүрдүүлэх, мөнгөн хөрөнгийн тайлан тооцоо гаргах зэрэг” чиг үүрэг болон түүнийг гүйцэтгэхэд чиглэсэн үйл ажиллагааг ХтХ-ийн 21.1.2-т зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг буюу тасалбар түгээгчийн байнгын ажлын байр гэж ойлгоно. Тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилтын чиг үүрэг болох тасалбарыг худалдан борлуулж, түгээх ажил, үүргийг тээвэр зохицуулагчийн ажлын байранд ажиллаж буй албан тушаалтан гүйцэтгүүлж буйгаас үзвэл "А” ТӨҮГ-ын хөдөлмөрийн зохион байгуулалтын бүтцээс тасалбар түгээгчийн ажлын байрыг хасаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тээвэр зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтод тасалбар түгээх чиг үүрэг байхгүй хэдий ч тухайн ажил, үүргийн бодит хэрэгцээ, шаардлага байгаа тул ХтХ-ийн 31.1-д заасныг зөрчиж тээвэр зохицуулагчаар гүйцэтгүүлж байна. Хэрэв ...55 дугаартай тогтоолоор тогтоосон 751 орон тооны дээд хязгаарт багтаахын тулд албан тушаалын тоог цөөрүүлж, төсөв хэмнэх бодит хэрэгцээ шаардлагын улмаас "А” ТӨҮГ-ын захирал А/275 дугаартай тушаал гаргаж Төв аймгийн Автотээврий төвийн ажил албан тушаалын орон тоог өмнө байснаас 5-аар бууруулж, нийт 10-аар тогтоосон гэж үзвэл 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр тээвэр зохицуулагчийн 4 орон тоог дахин 1-ээр нэмэгдүүлж, Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог нийт 11 хүргэсэн ...захирлын А/49 дугаартай тушаал гаргахгүй байсан. Улмаар ажилтан Т.Бийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халж, тасалбар түгээх ажил, үүргийг тээвэр зохицуулагчаар гүйцэтгүүлсэн хирнээ тээвэр зохицуулагчийн ажлын байрны сул орон тоонд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн Р.Мөнхтуяаг шинээр ажилд авч түүнийг 2017 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллуулж, цалин хөлс бодож олгосон нь ажилтан Т.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хасах бодит хэрэгцээ, шаардлага байгаагүй нь давхар илэрхийлж байна. Нөгөөтээгүүр ажилтны эрхэд халдаж буй хамгийн ноцтой хэлбэр болохын хувьд ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх нь бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан үндэслэлтэй байх ёстой бөгөөд энэхүү хэрэгцээ, шаардлагын үндэслэлийг ХтХ-ийн 7.3-т заасны дагуу ажил олгогч нотлох үүрэгтэй. Гэвч бодит хэрэгцээ шаардлагын үндэслэлийг хариуцагч нотлоогүй тул ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэх бөгөөд ...А/275 дугаартай тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн ажлын байрны орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлгүй, хууль бус байна. Иймд магадлал, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Т.Б нь “А” ТӨҮГ-т холбогдуулан тус газрын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Т.Б нэхэмжлэл гаргахдаа ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дүгээр тушаалыг үндэслэсэн бөгөөд уг тушаалаар ажилтан халагдсан байна.

       Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 55 дугаар тогтоолоор “А" ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг тогтоож,  ажил олгогчийн А/275 дугаар тушаалаар Төв аймгийн автотээврийн төвийн ажилчдын орон тоог нийт 10 хүнтэйгээр баталсан, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн ажиллаж байсан тасалбар түгээгчийн орон тоо хасагдсан үйл баримт тогтоогджээ.

        Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тушаалын талаар зохигчид маргаагүй, тасалбар түгээгчийн орон тоо хасагдсан нь нотлогдсон тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

        Хоёр шатны шүүх “А” ТӨҮГ-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01353 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1521 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ