Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-19
Дугаар 001/ХТ2017/01656
Хэргийн индекс 183/2017/01656/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч “А” ХХК
Хариуцагч Э.Ц
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01291 дүгээр шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1865 дугаар магадлалтай,                                                    

           Нэхэмжлэгч: “А” ХХК

           Хариуцагч: Э.Цд холбогдох

   Зээлийн гэрээг цуцлах, 212.802.999 төгрөг гаргуулах, Э.Цг үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Д.Ня, хариуцагчийн төлөөлөгч Р.З, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь Э.Цтэй 2012-04-27 -ны өдөр 12/17 тоот зээлийн гэрээ байгуулж, 168 сая төгрөгийг нэг жилийн 25.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Э.Ц нь зээлийн төлбөрийг 2015 оны 5 дугаар сараас хойш огт төлөөгүй тул гэрээний 4.2.3 дахь заалтыг үндэслэн банк гэрээг цуцалж, зээлдэгчээр үндсэн үлдэгдэл 151 711 257 төгрөг, үндсэн хүү 60 556 199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525 543 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, нийт 212 802 999 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Түүнчлэн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 18 гудамж, 61А тоотод байрлах 411 м.кв хувийн орон сууц, гарааш, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м.кв өмчлөлийн газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2012 оны 3 сард Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 18 гудамж, 61 а тоотод байрлах 411 м.кв хувийн орон сууц, гарааж  /80 хувийн гүйцэтгэлтэй/, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м.кв өмчлөлийн газрыг  худалдах тухай зарын дагуу “Эрэл” банкны зээлийн эдийн засагч О.Анхбаяртай уулзахад 240 сая төгрөгөөр худалдах гэж байгааг мэдэгдсэн. Обьектыг зээлээр худалдах, худалдан авах талаар банкинд санал тавьсан ч холбогдох  хуульд харшлах тул зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулах боломжгүй  гэж хэлсэн.Ээжийнхээ орон сууцыг зарж  2012-04- 18-ны өдөр урьдчилгаа 30 хувь болох 72сая төгрөгийг  банкинд төлж, үлдэх 168сая төгрөгийг 10 жилийн хугацаанд 1,9 хувийн хүүтэй зээлсэн. Хэрэв зээлээр худалдан авах гэрээ байгуулж авсан бол 240сая  төгрөг төлөх, банкны зээлийн гэрээний дагуу төлөх графикаар 96сая төгрөг төлөх ёстой. Гэтэл зээлийн гэрээгээр одоо 206сая төгрөг төлсөн. Банкны зээлээр орон сууц худалдан авахад банкнаас мөнгийг шилжүүлснээр худалдан авч буй орон сууцны өмчлөх эрх худалдан авагчид шилжин, орон сууцаа банкинд барьцаалдаг тогтсон жишиг байдаг ч банк өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Банкны 2012-04- 27-ны өдрийн 1217 тоот “Зээлийн хорооны гишүүдийн шийдвэр”-ээр уг обьөктын 40 хувь буюу 96 сая төгрөгийг банкинд урьдчилан төлсөн тохиолдолд миний нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэнэ, сарын 1.9 хувийн хүүтэй зээл олгох боломжгүй гэснээр 168сая төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэхээс өөр аргагүйд хүрсэн.  Зээлийн гэрээг зээлээр худалдан авах гэрээ гэж ойлгож болно. Учир нь банкнаас олгох зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг бүхэлд нь агуулсан гэж банкны зүгээс тайлбарласан. Миний хувьд амины орон сууцыг худалдан авах сонирхол маш их байсан тул урьдчилгаанд 72 сая төгрөг банкинд төлсний дараа анх худалдах үнийг 5 дахин нугалж төлөх талаар санаа зовинож гэрээнээс татгалзаж төлсөн төлбөрөө буцаан авахад ихээхэн хүндрэл учрах магадлалтай. Нөгөө талаас амины орон сууц нь “А” ХХК-ийн өмч тул зээлээр худалдан авч байна гэж ойлгон зээлийн гэрээ, санхүүгийн барьцааны гэрээг байгуулсан. 2012-04- 27-с 2015-04-27-ныг хүртэл нийт 206.150.350 төгрөг төлж байгаад банкны эдийн засагч солигдсон, обьектын үлдэгдэл төлбөрийг тулган баталгаажуулалт хийх талаар хэлэхээр банкинд очиход зээлийн хувийн хэрэгт үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хууль ёсны өмчлөгч нь Д.Төмөрхүү болохыг мэдсэн. Зээлийн гэрээний 1.1-р гэрээний үндсэн нөхцөл нь бодит байдал дээр огт хэрэгжих боломжгүй ба би обьектын үнийн дүнгийн 40 хувь болон үлдэгдэл төлбөрийг банкинд бүрэн төлсөн ч банк уг худалдан авагч миний нэр дээр шилжүүлэх хууль зүйн хувьд боломжгүй.  Миний бие обьектын хууль ёсны өмчлөгч иргэнтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ  байгуулаагүй, урьдчилгаа төлбөр болох 72сая төгрөг шилжүүлээгүй. Банк тухайн иргэний  өмнөөс эд хөрөнгийг худалдах, барьцаалах итгэмжлэл  байхгүй. Обьектыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хангагдсан тохиолдолд би 2015-04-27-ныг хүртэл банкинд төлсөн 206 150 350 төгрөгөөр зогсохгүй, үл хөдлөх хөрөнгөгүй болох бодит эрсдэл байна. Гэрээ нь зээлээр худалдан авах гэрээ болох  нь  зээлийн нэгдсэн мэдээлэлд банк бүртгүүлээгүй байдлаар тогтоогдно. 2015 оны 4 сард банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, хуулийн зөвлөх Хүрэлбаатар нартай уулзаж, эд хөрөнгө нь Д.Төмөрхүүгийнх тул  үлдэгдэл төлбөрийг банкинд төлөх үндэслэлгүй, харин өмчлөгчтэй гэрээ байгуулаагүй тул өмчлөх эрхийг шилжүүлэн авах шаардлагыг тавьсан ч зөвшөөрөөгүй. Би гэрээнээс татгалзаж гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах  нэхэмжлэл гаргасан. Д.Төмөрхүү нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Бүртгэлийн хэлтсийн 2015-10- 23-ны өдрийн албан бичигт Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нараас 2011-12-01-ний өдрийн амины орон сууц худалдах-худалдан авах гэрээ, газар худалдан авах гэрээгээр өмчлөх эрх тус бүрийг 1,5 сая төгрөгөөр шилжүүлж авсан байдаг. “А” ХХК нь 2012-04- 27-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн ба үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэхэмжлэгчийн бусад эд хөрөнгөөр төлүүлэх зорилгыг агуулж байсан нь нотлогдоно. Миний банкинд хувийн орон сууцны урьдчилгаа төлсөн 72 сая төгрөг, үлдэгдэл 168сая төгрөг, нийт 240сая төгрөгийг Ч.Энхбатын данс руу  хууль бусаар шилжүүлсэн байсан. Банк төлсөн 206 150 350 төгрөгийг буцааж өгөх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01291 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан  гэрээг цуцалж, 194 631 307  төгрөг Э.Цгээс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Э.Цгээс 18.171.691 төгрөг гаргуулан “А” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Баянгол дүүргийн 10 хороо, Зүүн нарангийн 18 гудамж, 61 а тоотод байрлах 411 м2 хувийн орон сууц, гарааш, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м2 өмчлөлийн газрын өмчлөгчөөр Э.Цг тогтоолгохыг хүссэн “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 18-ны өдрийн 1865 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

         Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Шийдвэрт гэрээнээс татгалзах санал гаргах бол нөгөө талдаа мэдэгдэх, санал гаргаагүй тал татгалзах хугацааг тогтоохоор Иргэний хуулийн  204.1, 204.2-т заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэсэн нь  алдаатай болжээ. Талууд гэрээг дуусгавар болгох тухай асуудлаар маргаагүй байхад шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь диспозитив зарчимд нийцэхгүй. Хариуцагч нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнээс татгалзсан бөгөөд анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлгээрээ ч мөн адил гэрээг үргэлжлүүлэх боломжгүй тухайгаа хэлдэг. Талууд хэн аль нь гэрээг үргэлжлүүлэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 226.1.1, 226.1.3-р үүсээд байхад, түүнчлэн бидний зүгээс энэ талаар тайлбар баримтыг үзүүлсээр байхад анхаарч үзэлгүйгээр анхан шатны шүүх Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах журам хэрэгжээгүй хэмээн үзэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон үзэж байна.  Бидний зүгээс нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Шүүх тооцооллын хувьд мөн алдаатай шийдвэр гаргасан. Хэрвээ А нь Иргэний хуулийн 204.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэлтэй юм бол гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүн нь алдаатай. Э.Ц нь банктай байгуулсан гэрээний дагуу сар бүр 3.847.748,93 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээ хэвийн үргэлжилж байх тохиолдолд сар бүр тогтмол дээрх мөнгийг төлнө гэсэн үг. Э.Ц нь 2015.05 сараас 2017.02 сар хүртэл нийт 21 удаагийн төлөлт хийгээгүй. 21 удаа 3.847.748,93 мөнгө буюу нийт 80.802.727,53 төгрөг төлөх ёстой байтал 18 сая төгрөг энэ хугацаанд төлөх ёстой байсан байна гэж дүгнэсэн нь санхүүгийн тооцооллын хувьд илт алдаатай дүгнэлт юм. Өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.” гэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, түүнчлэн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн болно. Ийм тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол хууль зүйн хувьд алдаагүй болох байсан. Давж заалдах шатны шүүхээс “Д.Төмөрхүүг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ИХШХШТХ-ийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлтийг “...Д.Төмөрхүүгээс иргэн Р.Нямцэрэн олгосон итгэмжлэл байх тул хүсэлтийг хангах шаардлагагүй.” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна.  Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөл хэний нэр дээр байгаа нь ач холбогдолгүй гэсэн дүгнэлт байхад давж заалдах шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд Д.Төмөрхүүг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй оролцуулах ёстой гэж дүгнэсэн нь буруу юм. Мөн магадлалын үндэслэх хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн агуулгыг тодруулалгүй атлаа үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй гэж дүгнэж анхан шатны шүүх хүлээн авхаас татгалзсан нь ИХШХШТХ-ийн 73.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын шинжтэй байсан бөгөөд нөгөө талаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагджээ.” гэж дүгнэсэн дүгнэлт хүчин төгөлдөр байгаа тул дахин уг асуудлаар маргах шаардлагагүй болно. Иймд Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Мөн магадлалын үндэслэх хэсэгт дурдаагүй боловч тогтоох хэсэгт ИХШХШТХ-ийн 168.1.2-н үндэслэлийг удирдлага болгосон нь мөн хууль бус гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаан зөвхөн хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу удаа дараа хойшилж байсан бөгөөд 2017-06-05-ны өдрийн шүүх хуралдаан нь Э.Цгийн оролцох тухайн өдрийн шүүх хуралдаантай давхацсан боловч хурлын тов өмнө нь гарсан байсан болно. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаан удаа дараа өөрөөс нь шалтгаалж хойшилсон, шүүгч хариуцагч, түүний өмгөөлөгчид шүүхэд хүндэтгэлтэй хандахыг удаа дараа сануулсан, түүнчлэн хурал давхацсан байлаа ч сүүлд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байхад хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан нь хариуцагчийн хувьд уг хэргийг шийдвэрлүүлэх хүсэл сонирхолгүй байсныг тодорхой харуулж байна. Иймд  нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    “А” ХХК 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э.Цд холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, 212.802.999 төгрөг гаргуулах, Э.Цг үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргажээ. 

  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. 

 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

   Гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь тогтоогдсон байх бөгөөд энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгожээ. 

  Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх байдал тогтоогдоогүй тул  нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1865 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   57 дүгээр зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 1.221.996 төгрөгийг улсын орлгод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ