Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-15
Дугаар 001/ХТ2017/01632
Хэргийн индекс 142/2017/01632/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Ц.Э
Хариуцагч О
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Ц.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00741 дүгээр шийдвэр,                                 

           Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Ц.Э

           Хариуцагч: О холбогдох

           Биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч П.Батбаяр, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2004-04-16-ны өдрөөс ажлаас халагдах хүртлээ тасралтгүй 13 жил биеийн тамирын багшаар ажиллаж ирсэн. Би 2008,2013 онд Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр  шагнуулж байсан. Одоо 59 настай бөгөөд нийт 35 жил багшийн ажил хийж, өндөр насныхаа тэтгэвэрт гарах гэж байгаа. Намайг 2017 оны 01-р сард томилогдон ирсэн захирал ажлаас халсан. Намайг ажлаас халсан тушаал дээр өөрөө хүсэж, өөрийн хүсэлтээр халагдсан гэжээ. Би өөрөө хүсэж ажлаас халагдаагүй.  Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3, Хүүхдийн эрхийн болон Боловсролын тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг тушаалдаа заасныг зөвшөөрөхгүй. Улсаас зохион байгуулалттайгаар бэлгэвч тарааж байгаад багш буруугүй. Хүүхдийг садар самуунд яаж уруу татсан, хүүхдүүдийг яаж ялгаварлан гадуурхсан, эрх чөлөө, эрүүл мэндэд нь яаж халдсан болохыг яаж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй. Хөдөлмөрлөх эрхийг П.Батбаяр захирал зөрчиж байна. Иймд Ц.Эг хуучин хийж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 2017-02-16-ны сургуулийн ажлыг хүлээж авсан. Ц.Э нь хичээл заадаг 10-р ангийн сурагчийг улирлын дүн гаргах явцдаа дүн үнэлгээгээр дарамтлан, улмаар бэлгийн харьцаанд орох тухай саналыг тавьсан. Урд нь ч энэ тухай саналыг тавьж, уг сурагчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан үнсэх, биедээ шахаж тэврэх зэрэг үйлдлийг 9-р ангид байх үеэс нь эхлэн удаа дараа гаргаж байсан. Түүнчлэн, өөр хүнтэй унтвал дүнг асуудалгүй гаргаж болох тухай санал тавьсан зэрэг нь нотлогдож, түүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Харин миний бие эрхэлж буй ажлын албан үүргийн хувьд түүнийг шалган нягталж үзээд,  багшлах ёс зүйгүй гэдгийг нь  ойлгуулсан. Мөн энэ үеэр 3 хоногийн ажлыг ямар ч шалтгаангүй тасалсан. Иймд Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцэж, ажлаас халах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан. 2017-03- 16-ны өдрийн 20 тоот тушаалаар багшийн ажлаас халсан. Ц.Э “ийм зөрчлийн улмаас халагдмааргүй байна... тушаалаа өөрчилж өгөөч...” гэж гуйгаад “..өвчний учир эмчилгээ хийлгэх шаардлагатай  ажлаас чөлөөлж өгнө үү...” гэсэн өргөдлийг өөрийн гараар бичиж өгсөн. Тэр үед нь сургууль хамт олон, Орхон аймгийн боловсролын байгууллагын нэр хүндийг бодоод, хүсэлтийнх нь дагуу тушаалыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00741 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан 18 дугаар сургуульд холбогдох Ц.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нотлох баримтаар дуу бичлэг буюу CD-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн байна.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 148 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Сурагчид зохисгүй үг хэлж санал тавьсан нь нотлогдож байна гэсэн дүгнэлтийг хийж шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ц.Эг багшийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд Багшийн ёс зүйн дүрмийн дагуу Орхон аймгийн багшийн ёс зүйн хороонд хандаж түүний үйлдэл ёс зүйн зөрчил мөн эсэхийг шалгуулан дүгнэлтийг гаргуулж байж хуульд заасан хариуцлага хүлээлгэх учиртай.Гэтэл  2 шатны шүүх  ёс зүйн зөрчил гаргасан байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа явдал нь зүйд нийцсэнгүй. Хоёр талын хөдөлмөрийн гэрээнд Ц.Эгийн гаргасан гэх зөрчил нь хөдөлмөрийн сахилгын зөрчил байхаар огт заагаагүй байгаагаас харахад түүний гаргасан гэх зөрчлийг багшийн ёс зөрчил мөн эсэхийг эрх бүхий этгээдээр шалган тогтоолгох зайлшгүй шаардлагатай.  Ц.Эгийн гаргасан зөрчлийг 2017-02-23-ны өдөр мэдэж илрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул сахилгын зөрчлийг илрүүлж арга хэмжээ авах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Давж заалдах шатны шүүхийн үнэлээд байгаа нотлох баримтууд нь ИХШХШТХ-ийн  44.1-д заасан “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” гээд мөн хуулийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө…гэснээс харахад хэн бичсэн тодорхой бус баримтуудыг давж заалдах шатны шүүх үнэлсний зэрэгцээ захирлын дэргэдэх зөвлөлийн 2017-03-16-ны өдрийн хуралд Ц.Э оролцоогүй, энэ талаар огт мэдээгүй байхад хурал болсон гэж давж заалдах шатны шүүх хийсвэрээр үнэллээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэжээ. Харин давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаа захирал Батбаяр Ц.Эгийн гаргасан зөрчлийг 2017-02-23-ны өдөр мэдсэн гэсэн дүгнэлт нь огт үндэслэлгүй юм. Тэгээд ч 2017-01-23-ны өдөр сурагч н.Чулуунчимэгийн анги удирдсан багш Ариунтунгалаг Ц.Этэй уулзаж тэмдэглэл үйлдээгүй, сургуулийн нийгмийн ажилтан уулзаж тэмдэглэл үйлдсэн гэж захирал шүүх хуралдаан дээр хэлж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т “...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш” гэж байгаа болохоос мэдсэнээр биш юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: Ц.Э зохисгүй үг хэлж, санал тавьснаар барахгүй садар самуун үйлдлийг гаргаж байсан нь нотлогдсон. Зохисгүй үг хэлж, санал тавьсан гэдэг нь бодит үйлдлийг зөөлрүүлж хэлж буй  хэлбэр. Ц.Эгийн  гаргасан зөрчил бүх шатанд /сурагчдын дунд, багш нар сургуулийн болон аймгийн НБХ, удирдлагууд/ ил болсон, өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байхад заавал Багшийн ёс зүйн зөвлөлөөр орон магадлуулах шаардлагагүй гэж үзэж байна. Тийм ч учраас  халах нь зүйтэй гэсэн шийдвэрийг 100 хувийн саналаар гаргасан. Ц.Э “хөдөлмөрийн гэрээ”-ний 2.26, 2.2г заалтуудыг зөрчсөн. Ц.Э нь заадаг хичээлийн сургалтын чанарыг сайжруулах талаар боломжтой арга зүйн хувилбарыг судлахын оронд бага насны хүүхдүүдийг дүн үнэлгээгээр боон дарамталж, өөртэйгээ болон өөр бусад хүнтэй унтаж байж дүнгээ ахиулан гаргуулах санал тавьж, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж үнсэх,   бэлгийн харьцаанд орох санал байнга тавьж байсан. Сурагчаас гадна эцэг эхчүүд ч хүүхдийг нь дүн үнэлгээгээр  ялгавартай хандаад байгааг хурал дээр шүүмжлэн ярьж, энэ багшаар заалгахгүй байх саналыг тавьж байсан. 2017.03.16-ны өдрийн хуралд Ц.Э өөрийн биеэр оролцсон бөгөөд ажлаас халах тухай хурлын шийдвэр гарсан тэр мөчид хурлыг орхиж гарсан. Энэ байдлыг ч тухайн өдрийн хурлын тэмдэглэлд тэмдэглэсэн байна. Ц.Этэй багш X.Ариунтунгалаг, Д.Уранчимэг нар уулзахдаа тэмдэглэл хөтөлсөн бөгөөд төгсгөлд нь Ц.Э, Д.Уранчимэгийн хөтөлсөн тэмдэглэлд гарын үсгээ зураад, 10А ангийн багш X.Ариунтунгалагийн хөтөлсөн тэмдэглэлд гарын үсгээ зураагүй гарсан. Энэ тухай X.Ариунтунгалаг өөрийн тэмдэглэлд Нийгмийн ажилтаны тэмдэглэлд Ц.Э гарын үсгээ зурсныг онцлон тэмдэглэсэн байдаг.   Хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй. Ц.Этэй 2017.01.23-ны өдөр 10А ангийн багш X.Ариунтунгалаг, нийгмийн ажилтан Д.Уранчимэг нар уулзаж тэмдэглэл хөтөлсөн, зөвлөгөө өгсөн. Гэхдээ эдгээр хүмүүс нь шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд биш. Харин миний бие 2017-02-15 захирлын ажлыг хүлээн авсны дараа нийгмийн ажилтан уг асуудлыг надад танилцуулсан. Үүний дагуу судлан үзээд, 2017-03-23-ны өдөр Д.Уранчимэгийг байлцуулан Ц.Этэй уулзсан. Энэ уулзалтын үед Ц.Э нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Иймд шийдвэр гаргах түвшинд уг зөрчил, илэрч нотлогдсон хугацаа нь 2017-02-23-ны өдөр юм. Ц.Эгийн гаргасан энэ зөрчил багш нарын нэр хүндийг доромжилсон, үлгэр дуурайлалгүй үйлдэл юм. Нөгөө талаар “Хүүхдийн эрх, хамгааллын тухай” асуудлыг тэргүүнд тавьж үзэх нь туйлын чухал байна. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

         Орхон аймгийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирал 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20 дугаартай тушаал гаргаж,” ...ажилтан санаачилсан...” гэсэн үндэслэлээр Ц.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд хандаж “...өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдаагүй...” гэж марган, биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөхдөө “... нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаалаар халсан, харин Ц.Э өөрөө гуйсан тул ажилтны хүсэлтээр халагдсан болгож мөн сарын 20-ны өдрөөр огноолж тушаал хийж өгсөн...”  гэж мэтгэлцжээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Ажил олгогч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай тушаалыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг тушаалын үндэслэлийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй. 

      Түүнчлэн, нэхэмжлэгч “..өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан болж тушаал гаргуулсан...”  гэх ажил олгогчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Ц.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэл байхгүй байна.  

      Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв. 

       Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт зэрэг аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар хариуцагч хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх үүрэгтэй байна. Түүнчлэн, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад мөн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар гомдол, хүсэлт, шаардлага гаргаж болно. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6-р зүйлд зааснаар сургалтын байгууллага, албан тушаалтан, багш, ажилтан эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийн талаар Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн этгээдэд заавал мэдээлнэ.

       Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үйл баримттай холбоотой цаашид үүсэж болох аливаа эрсдэл, зөрчлөөс сурагч нарыг хамгаалах, хүүхдийн  эрхийг зөрчих нөхцөл байдал гаргуулахгүй байх үүргийг хариуцагч байгууллага  хүлээх бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагад гомдол, хүсэлт гаргахад энэ тогтоол саад болохгүй гэдгийг дурдах шаардлагатай гэж үзлээ. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00741 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ