Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-08
Дугаар 001/ХТ2017/01586
Хэргийн индекс 101/2017/01586/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч М.Г
Хариуцагч Ж.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

М.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01686 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1787 дугаар магадлалтай,

           М.Гийн нэхэмжлэлтэй

           Ж.Бэд холбогдох

          10.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн төлөөлөгч М.Ө гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ж.А, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б нь И ХХК-д ажиллаж байхдаа надаас өөрийн хувийн хэрэгцээндээ зориулж мөнгө зээлж, түүнийгээ эргүүлэн төлдөг байсан. Өмнөх зээлийн өрөө хэсэгчлэн төлж, өрийн хуримтлал үүсч, улмаар ажлаа хаяж, сураггүй алаг болсон. Тэрээр надад 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл төлбөрөөс төлж, үлдэгдэл 10 500 000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч хэлцэл хийсэн боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул хариуцагчаас 10 500 000 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлд хүү, алданги тохиролцоогүй болно гэжээ.

         Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэгийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад нийт 10 500 000 төгрөгийг зээлсэн мэт харагдаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Ж.Б нь М.Гээс мөнгө зээлсэн гэх баримт байхгүй, Н.Адъяасүрэн гэх хүнээс Ж.Бэд 10 000 000 төгрөг шилжүүлсэн гэх банкны баримт хэрэгт авагдсан. Зохигчид өмнө нь хамтарч ажиллаж байх үедээ М.Г нь тендерийн бичиг баримт хөөцөлдөж өгөн, ашигтай ажиллавал 15 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. М.Г нь Ж.Бээс 20 000 000 төгрөгийн автомашин аваад мөнгөө өгөөгүй байдаг. Гэтэл Ж.Б нь М.Гээс мөнгө зээлэх ямарч хэрэгцээ шаардлага байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01686 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бээс 10 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Гт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 09-ний өдрийн 1787 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хариуцагч мөнгө аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчээс хавсаргаж өгсөн орлогын мэдүүлэг, 2014-03-14-ний өдрийн хэлцлийг баримтаар үгүйсгэж чадаагүй гэж дүгнээд  энэ баримтуудаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэжээ. Ж.Б  Адьяасүрэн гэх залууд машинаа 10сая төгрөгөөр зарсан. Машин  компанийн нэр дээр байсан учраас санхүүгийн тайланд  хавсаргах гээд  нягтландаа өгсөн. Ямар учраас, хэзээ тэр баримтыг М.Г авсныг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч нь Ж.Бийн Инжмарал ХХК-д ажилладаг байсан, байнга мөнгө зээлдэг байсан. Үнэхээр тийм зүйл байгаа бол Инжмарал ХХК-д ажиллаж байсан тухай баримт, мөнгө зээлээд зээлийн үлдэгдэл хуримтлагдаад байсан юм бол баримт  баймаар юм. М.Г Ж.Б нарын хооронд нэг ч удаа зээлийн харилцаа үүсч байгаагүй.  Адьяасүрэн гэх хүн надад 10.000.000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлгийг хараад энэ хоёр хүний хооронд зээлийн гэрээ үүссэн гэснийг  зөвшөөрөхгүй байна.  Мөнгө зээлж байгаагүй, машины төлбөрийг М.Гээс биш н.Адьяасүрэнгээс шилжүүлсэн гэж тайлбарласан байхад М.Гээс 10 сая  төгрөг авсан гэж дүгнэж байгаа нь хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэж магадлал гаргасан. М.Гийн нөхрийг н.Адьяасүрэн гэдэггүй, харин Ж.Б  М.Гтэй садан төрлийн холбоотой. Хамтарч ажилладаг, ах дүү хамаатан садангийн хувьд Ж.Бэд 10 сая төгрөг шилжүүлсэн баримтыг энэ хүмүүс хаанаас ч авч болно, ажил дээр ирээд авсан ч байж болно. Ж.Б тендерт оролцоход М.Г бичиг баримтыг нь бүрдүүлдэг талаар тайлбарласан. Нэхэмжлэгч талаас ч энэ тайлбарыг үгүйсгээгүй. Ингэж хамтарч, бичиг баримтыг нь бүрдүүлж байсан хүнд Ж.Бэд мөн шилжүүлсэн баримт байх, ийм баримтыг өгөөч гэж манай байгууллагын санхүүгээс болон бусад хүмүүсээс авахад хэн ч өгнө. 2014-03-14-ний өдөр хэлцэл хийсэн нь үнэн. Надад ийм хэлцэл нотариатаар ороод хийгээд өгчих, би чамаас авч байгаа энэ 5 сая төгрөгөөр тендерийн бичиг баримтыг чинь бүтээгээд өгнөө, тэгээд тендертээ ялаад авчихвал 10.500.000 төгрөг нэмээд өгчих, энийгээ баталгаажуулъя гээд гуйгаад байхаар нь л хэлцэл хийж өгсөн. Нэхэмжлэгч өөрөө хариуцагчийг мөнгө зээлдэг байсан, хуримтлал үүссэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.500.000 төгрөг гаргуулъя гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө шилжүүлсэн, авсан баримт байхгүй.  Зээлийн гэрээ байхгүй, мөнгө шилжүүлсэн баримт байхгүй байхад  гэрээ байгуулагдсан гэж үзээд байгааг зөвшөөрөхгүй. Орлогын баримт дээрх 10.000.000 төгрөгийг М.Гийнх гэдгийг нотолсон баримт байхгүй байхад шүүх энэ орлогыг М.Г тушаасан байна гэж дүгнээд, хянаад байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-г  зөрчижээ. Хэрэгт ямар ч хамааралгүй, баримт болох 10.000.000 төгрөгийг н.Адьяасүрэн гэдэг хүнээс Ж.Бэд шилжүүлсэн орлогын мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж магадлал, шийдвэр гаргасан тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          М.Г 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ж.Бээс зээлийн гэрээний үүрэгт 10 500 000 төгрөг шаарджээ.

         Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардан /хх7/ авсан бөгөөд “..зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэснээс өөр /хх 14/ тайлбарыг түүний төлөөлөгч /хх 13/ шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй байна.  

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Ж.Б тайлбараа үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээнд шүүх нэхэмжлэлийг талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчөөгүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй.

      Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01686 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1787 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 183.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ