Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-08
Дугаар 001/ХТ2017/01588
Хэргийн индекс 183/2017/01588/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Ч.Л
Хариуцагч “Ю” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Ч.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01600 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2017/01782 дугаар магадлалтай,

           Ч.Лгийн нэхэмжлэлтэй

           “Ю” ХХК-д холбогдох

        Гэрээний үүрэгт 9.362.400 төгрөг, хохиролд 1.310.736 төгрөг, нийт 10.673.136 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие 2015-04-10-ны өдөр "Ю" ХХК-тай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол "Хаппи таун" орон сууцны хотхонд 62,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 62,56 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв тус бүр 1 880 000 төгрөг нийт 117.612.800 төгрөгөөр тохиролцсон. Энэ байрыг худалдан авахын тулд бэлнээр 7 612 800 төгрөг болон Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, "Төгөл хус" хотхоны 11-8 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг урьдчилгаанд нь барьцаалж үлдсэн 110 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээлж 2015-05-29-ний өдөр “Ю” ХХК-д 100 хувь бүрэн барагдуулж дууссан. Иргэний хууль болон орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.4-д заасныг үндэслэн дараах нэхэмжлэл гаргаж байна. Ю ХХК-тай хийсэн “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний 1.1, 1.2, 1.3, 1.5, 2.1, 4.2.1, 4.2.3 заалтуудыг зөрчиж захиалагч миний орон сууцны нийт талбайг 4.98 м.кв -р дутуу буюу 57,58 м.кв орон сууц хүлээлгэн өгсөн. Би орон сууцыг хүлээн авахдаа метр квадрат дутуу байгааг мэдээгүй бөгөөд байрны метр квадрат дутуу, хэмжүүлэх хэрэгтэй гэж хөршүүдийнхээ зөвлөснөөр 2016-12-20 -ны өдөр орон сууцны метр квадрат хэмжих тусгай зөвшөөрөлтэй "Тоонто Гранд" ХХК-иар хэмжилт хийлгэсэн бөгөөд энэ компани МNS 6058:2009 "Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал"-ын дагуу хэмжиж талбайг 57,58 м.кв хэмжээтэй гэж тогтоосон. Энэ нь гэрээний 1.2, 1.3, 2.1-д заасан орон сууцны нийт 62,56 м.кв талбайгаас 4,98 м.кв-аар дутаж байгаа юм. Иргэний хуулийн 251.1-р  биет байдлын доголдолтой гэж үзэхээр байна. Гэрээнд заасны дагуу дутуу 4,98 м.кв талбайн үнийг 1 880 000 төгрөгөөр тооцоход нийт 9 362 400 төгрөг байна. Иргэний хуулийн 254.3, 254.3-р  9 362 400 төгрөг нэхэмжилж байна.  Орон сууцны зээлийн барьцааны гэрээний 2.9-д заасны дагуу сарын 0,66, жилийн 8 хувийн хүүтэй 110сая  төгрөг зээлсэн. 9 362 400 төгрөгт ногдох хүүг тооцвол өдрийн  2015-07-02-ны өдрөөс 2017-03-02 -ны өдөр хүртэл 639 хоногийн 1 310 736 төгрөгийг илүү авсан зээлийн хүүнд төлж хохирсон Дээрх үндэслэлүүдээр “Ю” ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн биелэлт, хохирол нийт 10 673 136 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Ю” ХХК 2013-04-12-ны өдрийн 2013/04-12 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ"-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг "Өндөрбуянт холдинг" ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт” ХХК болон “Алъяанстехник” ХХК, “Хай кик” ХХК, “Сигма-Отис” ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандарт, барилгын зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014-11-19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, уг орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон тул хөндлөнгийн компани талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01600 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар "Ю" ХХК-иас 9 362 400 төгрөгийг гаргуулж Ч.Лд олгож, нэхэмжлэлээс 1 310 736 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, "Ю" ХХК-иас 164 748 төгрөгийг гаргуулж Ч.Лд олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 07-ны өдрийн 210/МА2017/01782 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...Ю ХХК нь 2013-04-12 -ны өдрийн 2013/04-12 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хайппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг Өндөр буянт ХХК болон Алъяанстехник ХХК, Хай кик ХХК, Сигма-Отис ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014-11-19-ны өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Нэхэмжлэгч Ч.Л нь 2015-04-10-ны өдөр гэрээ байгуулсан байдаг бөгөөд орон сууц нэгэнт ашиглалтанд орсон байсан. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ гэж анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн.  Гэрээний 1.4-д орон сууцны талбайг стандартад нийцэхгүй байдлаар тодорхойлсон тул уг заалт нь Иргэний хуулийн 202.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс тухайн гэрээний зүйл, заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Талбайн орон сууцны хэмжээ дутаж болохыг талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-д зааснаар урьдчилсан танилцуулсан үйл ажиллагаа юм. Учир нь Ч.Лтэй гэрээ байгуулах үед барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн байсан бөгөөд гоёлын хана хийх, шавар, замаск татах, улмаар сантехникийн шугам, хоолойг далдлах зэрэг барилгын дотоод өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор заслын ажлууд хийгдсэн байсан бөгөөд үүнтэй холбогдуулж, м.кв-ийн зөрүү гарч болохыг урьдчилсан байдлаар танилцуулсан. Үүнийг ч худалдан авагч Ч.Л хүлээн зөвшөөрсөн байгаа нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл 2 /Хоёр/ өрөө орон сууц болохыг тодорхойлж байна. Давж заалдах шатны шүүх худалдан авагч нь орон сууцыг хүлээн авахдаа орон сууцны талбайн хэмжээ дутуу байгааг нүдэн баримжаагаар харж, хүлээн авсныг мэдсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэргийн нөхцөл байдлаас тэрээр орон сууцны талбайг хэмжиж авах үүрэгтэй гэж үзэхээргүй байна гэжээ. Гэвч орон сууцны талбайн хэмжээ дутуу гэдэг ашиглалтын явцад үүсдэг далд доголдол биш бөгөөд тухайн орон сууцыг хүлээн авах үедээ талбайн хэмжилт хийлгэх замаар тогтоож, талбайн орон сууцны дутагдлыг илрүүлэх боломжтой байсан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна.

         Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэв.

        Ч.Л 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Ю” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, орон сууцны талбайн хэмжээнээс илүү төлсөн гэх 9.362.400 төгрөг, энэ хэмжээнд ногдох орон сууцны зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 1.310.736 төгрөг нийт 10.673.136  төгрөг шаардсан байна.

     Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 9.362.400 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

   Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

   Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр  Ч.Л нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын, “Нарру town” хотхонд 62,56 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авч орон сууцны үнэ 117.612.800 төгрөгийг төлөх, хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг нь шилжүүлэх үүрэг хүлээсэн байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх хуульд нийцүүлэн зөв дүгнэсэн байна.

        Гэрээгээр тохирсон орон сууцны талбайн хэмжээ 62,56 м.кв байхаас 57,58 м.кв буюу 4.98 м.кв талбай дутуу гэсэн үндэслэлээр худалдан авагч нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуульд нийцээгүй, шүүх орон сууцыг биет байдлын доголдолтой эсэх талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу дүгнэлт хийж чадаагүй нь дутагдалтай болжээ.

         Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхийг тодорхойлжээ. Хэрэв доголдолтой бол худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсвэл доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэйг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т заасан байна.

       Орон сууцыг худалдан авахдаа нэхэмжлэгч нь талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл болгосон гэж үзэх баримтгүй, орон сууцыг зориулалтаар нь хэрэглэх боломжгүй байдал үүссэн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй тул хариуцагч доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзэхгүй.

      Түүнчлэн, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан байна.

       Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01600 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2017/01782 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч “Ю” ХХК-с 10.673.136 төгрөг гаргуулах тухай Ч.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .  

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 165.000 төгрөгийг Ю ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ