Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-05
Дугаар 001/ХТ2017/01535
Хэргийн индекс 182/2017/01535/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Г.Ц
Хариуцагч “У” ХХК “М” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Г.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтыншатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01137 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1697 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Г.Ц

           Хариуцагч: “У” ХХК

           Хариуцагч: “М” ХХК

    “М” ХХК болон “У” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 -05-19-ний өдрийн ЗБГ0003/100519 дугаар  зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А дугаар байрны 22 тоот 4 өрөө, Г.Цийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Х хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Х, өмгөөлөгч Б.Т, “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Э.Ж, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2008-03-20-ны өдөр “М” ХХК-тай 120 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А байрны 22 тоотод байрлах 176 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, 46А байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудын хамт захиалсан. Ингээд орон сууц болон авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014-10-20-ны өдрийн 4553 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А байрны 22 тоот, 176 м.кв талбайтай, зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолууд болон 4.5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015-09-08-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46А байрны 22 тоот орон сууц болон мөн байрны 5, 6 тоот авто зогсоол болон 4.5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр Г.Цийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, Орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013783 дугаарт бүртгэж, 000451205 дугаартай гэрчилгээ олгосон. ”М” ХХК болон “У” ХХК нь хууль ёсны өмчлөгчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр 2010-05-19-ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж барьцаалсан байна. “М” ХХК болон “У” ХХК-ийн хооронд 2010-05-19-ний өдөр байгуулагдсан ЗБГОООЗ/100519 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А байрны 22 тоот Г.Цийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах буюу орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, Б.Анирмаа нарын гаргасан хариу тайлбартаа: “У” ХХК нь “М” ХХК-тай 2010-03-19 -ний өдөр зээлийн гэрээ байгуулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа 2010-05-19 -ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж барьцааны эрхээ баталгаажуулсан. “М” ХХК нь Г.Цтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандаж, 2014-10-20-ны өдрийн 4553 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, өмчлөгчөөр тогтоосон юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Тэгэхээр Г.Цийг өмчлөгч болохоос өмнө буюу өмнөх өмчлөгчтэй орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг бүртгүүлсэн байсан учраас тухайн үед өмчлөгч болоогүй байсан Г.Цээс заавал зөвшөөрөл авах шаардлага байгаагүй. Учир нь: тухайн үед улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “М” ХХК нь бүртгэлтэй байсан. Барьцааны эрх өмчлөх эрх шилжихэд дагаад шилжих салшгүй эрх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28.1 дэх хэсэгт тухайн эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд нь өмнөх барьцаалагчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ. Уны барьцааны эрх хүчин төгөлдөр байгаа учраас орон сууцны өмчлөгч солигдсон эсэхээс үл хамааран дараагийн өмчлөгч нь барьцаалагчийн эрх, үүргийг хүлээнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

         Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц нь “М” ХХК-тай 2008-03-20-ны өдөр 120 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 46А байрны 22 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг тус байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудын хамт захиалан бариулж, төлбөрийг 2009-12-03-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4553 дугаар захирамжаар түүнийг тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 530 дугаар шийдвэрээр өмчлөгчөөр бүртгэхээр шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон. “М” ХХК нь 2010-03-19-ний өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар Унаас 3 150 000 еврогийн зээл авч зээлийн гэрээний хугацааг сунгахдаа банкнаас тавьсан шаардлагын дагуу 2010-05-19-ний өдөр орон сууц болон авто зогсоолыг Г.Цийн захиалгаар барьж дууссаны дараа, төлбөрийг төлж дууссаны дараа банкинд барьцаалсан юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйл байхгүй гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01137 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2010-05-19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А байрны 22 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг “У” ХХК-д даалгасан байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Цоггэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Цоггэрэлээс 1 257.750 төгрөгийг нөхөн Төрийн санд олгож, хариуцагч “У” ХХК-иас 734.175 төгрөгийг, хариуцагч “М” ХХК-иас 663.975 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч Л.Цоггэрэлд олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 26-ны өдрийн 1697 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, Г.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх магадлалдаа Иргэний хуулийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн атлаа  56.1.1-г баримтлан шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. 90%-ийн гүйцэтгэлтэй орон сууцнуудыг барьцаалсан гэрээ байгуулах үед барьцааны зүйл  Г.Цийн өмчлөлд шилжээгүй байсан гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс “М” ХХК болон “Улаанбаатар банк” ХХК-ийн хооронд 2010 онд байгуулагдсан ЗБГОООЗ/100519 тоот “Зээлийн барьцааны гэрээ” нь “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн 11.1.9, 13.1, Иргэний хуулийн 157.6.2 –г зөрчсөн гэж үзээд, 2017-03-30 -ны өдөр нэхэмжлэлээ “... М ХХК, У  ХХК-ийн хооронд 2010 онд байгуулагдсан ЗБГ0003/100519 тоот  гэрээг Иргэний хуулийн 56.1.1-р хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулах буюу орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах...” болгож  тодруулсан. Үүнийг  давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй, мөн энэ талаар ямарч үнэлэлт дүгнэлт өгөлгүй, зөвхөн  Иргэний хуулийн 56.1.8-г хэрэглэсэн  буруу  гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23.2.3, 23.4-т заасан үүргээ “У” биелүүлсэн бол барьцаа хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгааг мэдэх бүрэн боломжтой байсан. Банк барьцаа хөрөнгөө газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүгнэлт өгсөн тухай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад  нэхэмжлэгчийг буруутган, банкийг хамгаалж “... барьцааны зүйлийг өөр этгээдийн өмчлөлийн зүйл эсэх талаар мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь хуулиар банкинд барьцаа хөрөнгөө нягталж шалгахыг үүрэгжүүлсэн бөгөөд хэрвээ банк барьцаа хөрөнгөө дутуу нягталж шалгасан эсхүл тухайн барьцаа хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн эрхтэй холбогдон үүсэх эрсдэлийг банк өөрөө үүрэх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх орон сууцыг өөр этгээдийн өмчлөлийн зүйл эсэх талаар мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэсэн нь Г.Цийн  эрхийг  зөрчиж, ямар ч буруугүй иргэний орон сууцаар өөр этгээдийн авсан зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүргэж байна.  Г.Цийн нэхэмжлэлтэй Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015-09-08 -ны өдрийн 530 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр Г.Цийг бүртгэхийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгасан. Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг давж заалдах шатны шүүх дахин үнэлж, дүгнэн Иргэний хуулийн 183.1-г хэрэглэж,  90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцнуудыг бусдад барьцаалуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэсэн нь  ИХШТХШТ-ийн 40.4-т заасныг зөрчсөн. Г.Ц өөрийн өмчлөх эрхийг зөрчигдөж байна гэж үзэж шүүхэд тус тус хандаж, бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсээр ирсэн байхад давж заалдах шатны шүүх  Иргэний хуулийн 183.1 дэх заалтыг хэрэглэж, бүртгэл үнэн зөв гэж дүгнэсэн нь буруу. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

         Г.Цогтгэрэл 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр У ХХК, М ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “М” ХХК болон “У” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010-05-19-ний өдрийн ЗБГ0003/100519 дугаар зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А дугаар байрны 22 тоот 4 өрөө, Г.Цийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлага гаргажээ.  /хх 1, 51, 52, 170/

       Хариуцагч У ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан /хх33,178/, М ХХК /хх 65-66, 189/ нэхэмжлэлийг зөвшөөрсөн.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.   

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Г.Ц Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А байрны 22 тоот 4 өрөө орон сууц, автомашины 5, 6 тоот зогсоолын хамт авахаар М ХХК-тай 2008 оны 3 сарын 20-ны өдөр 120 тоот гэрээг байгуулж, 2009 оны 12 сарын 03-ны өдөр төлбөрийг бүрэн төлж дууссан нь тогтоогдож байна.

         Нэхэмжлэгч 2009 оны 12 сарын 03-ны өдөр 2008 оны 120 тоот гэрээний үүргээ бүрэн биелүүлж төлбөрийг төлсөн тул орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг  М ХХК-д үүсжээ.

         Гэвч М ХХК орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэлгүй У ХХК-д зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-г зөрчсөн гэж үзнэ.

        Түүнчлэн, У ХХК нь Банк, эрх  бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөнөөс гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулсан байна.   

         Анхан шатны шүүх Г.Цийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг зөрчөөгүйгээс гадна зөв тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.    

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1697 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 1.327.950 төгрөгийг Г.Цд захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ