Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-05
Дугаар 001/ХТ2017/01551
Хэргийн индекс 183/2017/01551/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч А.У, Б.Б, Б.Б, Б.Т, Б.Ц
Хариуцагч Д.Н, Ч.О
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

А.У, Б.Б, Б.Б,

Б.Т, Б.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00881 дүгээр шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1546 дугаар магадлалтай,

           А.У, Б.Б, Б.Б, Б.Т, Б.Ц нарын нэхэмжлэлтэй

           Д.Н, Ч.О нарт холбогдох

       Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хохиролд 23.413.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

      Хариуцагч Д.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, өмгөөлөгч Ч.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.У, түүний өмгөөлөгч З.Ш, хариуцагч Ч.О, Д.Нийн төлөөлөгч Ч.С, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд: Миний бие 4 охин, нөхрийн хамт 2009 онд орон сууцанд захиалга өгч, төлбөрийг бүрэн хийснээр 2010-02-24-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ бидний нэр дээр гарч, орон сууцандаа амьдарсан. 2015 оны 01 дүгээр сард нөхөр маань зуурдаар нас барсан. Энэ үед хариуцагч нар намайг гэмт хэрэгт гүтгэн байрнаас гаргасан. Миний гэр бүлийн дундын өмч болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Гандигийн гудамж, Хурд рапид хорооллын 19 дүгээр байрны 11 тоот орон сууц болон тавилга, хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Мөн хариуцагч нар манай орон сууцанд хууль бусаар амьдрах хугацаандаа орон сууц ашиглалтын зардлыг төлөөгүй ч уг шаардлагаас татгалзсан. Харин 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд Б.Энхбат, В.Одонтунгалаг, Х.Одонхүү нартай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, үүнд төлсөн төлбөр 23 413 000 төгрөгийн төлбөрийг гаргуулна. Миний бие орон сууцаа хууль бусаар булаалгасан талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гарган, улмаар Эрүүгийн хуулийн 149.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэргийг хариуцагч нар үйлдсэн нь тогтоогдсон  ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж  хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолд орон сууцыг надад буцаан олгохоор тусгасан боловч хариуцагч нар одоо хүртэл орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Иймд орон сууцыг албадан чөлөөлүүлж, учирсан хохирлыг арилгуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Ч.Оийн гаргасан хариу тайлбарт: Миний төрсөн ах Ч.Батболд  2015-01-03-ны өдөр өөрийн үүсгэн байгуулсан “Май каар” ХХК-ийн байранд эхнэр А.Уийн ах, дүү нартай хамт байх үедээ  сэжигтэй байдлаар амь насаа алдсан. Ах Ч.Батболд нь амьд байхдаа маргаан бүхий байранд өөртөө хань болгохоор ээж Д.Н болон намайг хүүхдүүдтэй хамт амьдруулах болсон. Бид А.Уийг байрнаас хөөж гаргаагүй. Ээж Д.Н хууль ёсны өвлөгч тул өөрт ногдох өвийг авсны дараа ээжийн хамт байрнаас гарна гэжээ.

         Хариуцагч Д.Нийн гаргасан хариу тайлбарт: А.У нь 2014 оны 11 дүгээр сард битгий яв гэсээр байхад өөрөө сална гээд маргаан бүхий байрнаас явсны дараа хүү маань намайг болон төрсөн дүү Ч.Оийг гэртээ авч ирсэн. Энэхүү маргаан бүхий эд хөрөнгө нь Ч.Батболдын эцэг н.Чоймбол бид хоёроос өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00881 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Н, Ч.О нарыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Гандигийн гудамж,19 дүгээр байрны 11 тоот, 147.5 м.кв талбай бүхий таван өрөө орон сууцнаас албадан гаргаж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм хорын хохиролд Д.Нээс 11 708 600 төгрөг, Ч.Оээс 11 708 600 төгрөгийг тус тус гаргуулж А.У, Б.Б, Б.Б, Б.Т, Б.Ц нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Нээс 172 608 төгрөг, Ч.Оээс 172 608 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 05-ны өдрийн 1546 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00881 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч нар болон хариуцагч нарын өмгөөлөгч хяналтын гомдолдоо: “...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй бөгөөд дараах хуулийн заалтуудыг зөрчлөө. Тухайлбал: [1]. ИХШХШТХ-ийн 78 дүгээр зүйлд заасан: Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох гэсэн заалтыг зөрчиж шүүх бүрэлдэхүүнийг томилсон захирамжгүй өөрөөр хэлбэл, хууль бус бүрэлдэхүүнтэй шүүх хурал болж шийдвэр гаргалаа. /Хурлын дараа хэргийн материалтай танилцахад бүрэлдэхүүн томилсон шүүгчийн захирамж байхгүй байсан талаар туслах шүүгч н.Анхцэцэгтэй хамт үзэж тэмдэглэл үйлдсэн болно/ Дээрх хуулийн 6, 89 дүгээр зүйлийн 89.2 ,107 дугаар зүйл: Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлзэх зарчмыг хангах... гэх мэт шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй. Гэтэл хариуцагч Ч.Оийн өмгөөлөгч н.Мандах нь хурал давхацсан тул хуралдаан хойшлуулах талаар хүсэлт гаргасныг хэлэлцээгүй, хүлээж аваагүй нь мэтгэлцэх зарчим алдагдсан. Дээрх хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч хуралдааны танхимд орж ирэх ... үед танхимд байгаа бүх хүмүүс суудлаасаа босно гэжээ. Гэтэл эхлээд даргалагч шүүгч ганцаараа орж ирээд ирц бүртгэсний дараа нь хоёр шүүгч цувж нэг нэгээр орж ирсэн учраас дээрх заалт зөрчигдсөн. Талийгаач Ч.Батболдын ээж Д.Н нь хүүгийнхээ эд хөрөнгийг өвлөх эрхтэй учраас нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн байранд хүүгийнхээ хамт амьдарч байсан. Хүү нь дээрх байрны хамтран эзэмшигч байсан зэрэг байдлуудыг харгалзан үзээд ИХШХШТХуулийн 178 дугаар зүйлийн 178.1.6 дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

        А.У, Б.Б, Б.Б, Б.Т, Б.Ц нар 2016-04-04-ний өдөр Д.Н, Ч.О нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хурд рапид хороолол, 19-11 тоотыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлөх, 2015 оны 01 дүгээр сараас 2016-09 сар хүртэл хугацаанд бусдын орон сууцыг түрээслэхэд төлсөн 23.413.200 төгрөг /хх 1, 66, 125/ шаардсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 53-54 маргасан.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хариуцагчийн өмгөөлөгч тус шүүхэд гомдол гаргахдаа “...Д.Н нь хүүгийнхээ эд хөрөнгийг өвлөх эрхтэй ...шүүх бүрэлдэхүүн томилсон захирамжгүй буюу хууль бус бүрэлдэхүүнтэй шүүх хурал хийсэн...хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэлэлцээгүй ... даргалагч ганцаараа шүүх хуралдааны ирц бүртгэсний дараа хоёр шүүгч цувж нэг нэгээр орж ирсэн...” гэсэн үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож өгөхийг... хүссэн байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

       1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Махатма Гандигийн гудамж, 19 дүгээр байрны 11 тоот  5 өрөө орон сууцны өмчлөгч нь А.У, Б.Б, Б.Б болох нь тогтоогдсон тул өмчлөгч нар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг шаардах эрхтэй.

        Шүүх Д.Н, Ч.О нар уг орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа эсэх талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

        Нэхэмжлэгч нар нь орон сууцандаа амьдрах боломжгүйгээс 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Б.Энхбаттай, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл В.Одонтунгалагтай, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Х.Отгонхүүтэй гэрээ байгуулж, орон сууц хөлсөлж, нийт 23 413 200 төгрөг хөлслүүлэгчид төлсөн нь нотлогдсон тул уг мөнгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. 

        Д.Н хүүгийнхээ эд хөрөнгийг өвлөх эрхтэй нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмших үндэслэл болохгүй, энэ тухай хариуцагч нарын гомдол Иргэний хуулийн 106 дугаар зүйлд нийцээгүй байна. 

         2. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг  тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч албажуулна.

        Шүүгч оролцож болохгүй, дахин оролцож болохгүй тухай хуулийн заалтыг зөрчсөн, хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа хянан хэлэлцсэн буюу бүрэн бус бүрэлдэхүүнээр, эсхүл шүүн таслах эрх олгогдоогүй буюу эрх нь дуусгавар болсон, шүүн таслах эрхийг түдгэлзүүлсэн хүнийг шүүгчээр оролцуулан хэлэлцсэнийг “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн” гэж үзнэ. 

        Д.Н, Ч.О нарт холбогдох хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг тухайн шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0725 дугаар захирамжаар /хх 186/ албажуулсан байх бөгөөд уг захирамж хэрэгт хавсаргагдаагүй байсан нь хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарахгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-г зөрчөөгүй байна.  

       3. Хариуцагч Ч.О анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, “...өмгөөлөгчийн хамт анхан шатны шүүх хуралдаанд оролцох...” хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэж, “...хүсэлт баримтаар тогтоогдоогүй...” гэж хангахгүй орхисон, үүнийг буруутгах баримт хэрэгт байхгүй тул энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд нийцжээ. 

       4. “...шүүх хуралдаан даргалагч ирц бүртгэсний дараа шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч цувж хуралд орж ирсэн...” гэх гомдлыг хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гаргаагүй тул энэ талаар шүүх магадлалдаа тусгаагүй буюу гомдлын хэмжээнд шийдвэрийн талаар дүгнэлт хийснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй. 

         Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхив.

        Хяналтын шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш Д.Н нас барсан талаар түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр мэдэгдэж, Д.Нийн гомдлыг танилцуулах хүсэлт илэрхийлсэн тул Ч.Сувданцэцэгийг шүүх хуралдаанд оролцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-г зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :  

       1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00881 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1546 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.   

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сувданцэцэгээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 172.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ