Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-01
Дугаар 001/ХТ2017/01527
Хэргийн индекс 181/2016/01392/И/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч М.А
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

М.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01134 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1611 дүгээр магадлалтай,

М.А-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, эд хөрөнгө хураасан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батбилэг, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбаяр, гуравдагч этгээд Т.Нармандах, нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

Нэхэмжлэгч М.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 дугаар шийдвэрээр П.Сарантуяагаас 15.910.455 төгрөг гаргуулж, Т.Нармандахад олгохоор шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 22 дугаар байр 25 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг надад мэдэгдэлгүй, 2015 оны 10 дугаар сарын 07-нд битүүмжилсэн байна. Битүүмжлэхдээ төлбөр төлөгч П.Сарантуяагийн төлөх төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр биш, бүхэлд нь битүүмжилж улмаар эд хөрөнгө  хураах  тогтоолыг 2015 оны 11 дүгээр сарын 02-нд гаргаж, мэдэгдэж танилцуулаагүй байна.  Үүнийг  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/29823 дугаартай мэдэгдлээр мэдээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр гомдол гаргасан боловч, хуульд заасан хугацаанд хариу өгсөнгүй. 

Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол, 22 дугаар байр, 26 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165/02 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 дугаар шийдвэрээр Л.Сарантуяагаас 15.910.455 төгрөг гаргуулж, Т.Нармандахад олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч П.Сарантуяагийн хамтран өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 22 дугаар байрны 26 тоот 2 өрөө opoн сууцыг 2015 онь 10 дугаар capын 07-ны өдрийн 165/07 дугаар тогтоолоор битүүмжлэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165/02 дугаартай тогтоолоор хурааж 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/3026 тоот албан бичгээр М.А-т, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/3027 тоот албан бичгээр М.Оюунболорт, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/3028 тоот албан бичгээр А.Мөнхзулд, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/3029 тоот албан бичгээр төлбөр төлөгч П.Сарантуяад, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3076 дугаартай албан бичгээр М.А-т тус тус үнийн саналаа ирүүлэх, ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох болохыг мэдэгдсэн. Хамтран өмчлөгч М.А- 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилуулах тухай хүсэлтийг тус албанд ирүүлснийг хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийг томилсон  бөгөөд 36.450.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3/18693 тоот албан бичгээр төлбөр төлөгч П.Сарантуяа, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3/18694-18696 тоот албан бичгүүдээр хамтран өмчлөгч нарт мэдэгдсэн. Битүүмжлэн хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Нармандах шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 дугаар шийдвэрээр П.Сарантуяагаас 15.910.455 төгрөгийг гаргуулж, надад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу ажиллагаа явагдсан. Гэвч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удааширч, миний эрх ашиг зөрчигдөж байгаад гомдолтой байна. П.Сарантуяагаас мөнгөө нэхэж, тэдэнтэй уулзаж байхад М.А- бүх ажиллагааг мэдэж байсан төдийгүй үнийн санал хүртэл өгсөн. П.Сарантуяа нарын өмчлөлийн орон сууцыг шинжээч 80.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд П.Сарантуяаг 4/1 хувиар тооцож, 9.000.000 төгрөг өгчих үлдэх хэсгийг авахгүй, ажиллагааг дуусгая гэж санал тавихад хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01134 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 тоот шийдвэрийн дагуу явагдсан НШГА-ны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165/02 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгож Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 22 дугаар байр, 26 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай М.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1611 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01134 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 тоот шийдвэрийн дагуу явагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165/02 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 22 дугаар байр, 26 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай М.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 дугаар шийдвэрээр П.Сарантуяагаас 15.910.455 төгрөг гаргуулж Т.Нармандахад олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч П.Сарантуяад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрөөс огт төлж барагдуулаагүй. Төлбөр төлөгч П.Сарантуяагийн хамтран өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 22 дугаар байрны 26 тоот орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 165/07 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165/02 дугаартай тогтоолуудаар хураасныг М.А-т 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/3026, мөн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3076 дугаартай албан бичгүүдээр баталгаат шуудангаар мэдэгдэж үнийн саналаа ирүүлэх, ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох болохыг мэдэгдсэний дагуу хамтран өмчлөгч М.А- нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үнийн санал өгөхөөс татгалзаж, зах зээлийн ханшаар үнэлгээ хийлгэх хүсэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53.7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэлийн хураах ажиллагаагаар хөндлөнгийн 2 доошгүй гэрч байлцуулж, хамтран өмчлөгчийг битүүмжлэх, хураах ажиллагаагаар заавал байлцуулах хуулийн зохицуулалт байхгүй тул битүүмжлэх, хураах ажиллагаа хуулийн дагуу явагдсан. М.А-т битүүмжлэх, хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэж үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийн хариуд үнэлгээ хийлгэх хүсэлтээ нотариатаар баталгаажуулан ирүүлсэн нь тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг мэдээгүй, мэдэгдээгүй гэж үгүйсгэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч М.А- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “...орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлж, ...эд хөрөнгө хураасан тогтоолыг хүчингүй болгох” шаардлага гаргахдаа орон сууцыг төлбөр төлөгчийн төлөх үнийн дүнгийн хэмжээгээр биш, бүхэлд нь битүүмжилсэн, ...мэдэгдэлгүйгээр хураасан” гэсэн үндэслэлийг нэхэмжлэлд дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4856 дугаар захирамжаар хариуцагч П.Сарантуяа нь Т.Нармандахад 15.792.000 төгрөг төлөхийг зөвшөөрснийг баталж шийдвэрлэсний дагуу 2015 оны 7 дугаар сарын 30-ний өдөр 2408 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж,  2015 оны 10 дугаар сарын 7-ний өдөр төлбөр төлөгч П.Сарантуяагийн хамтран өмчилдөг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 22 дугаар байрны 26 тоотын 2 өрөө орон сууцыг битүүмжилж, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр хураасан тогтоол гаргажээ /хэргийн 29-33, 50-51  дүгээр тал/.

Нэхэмжлэгч М.А- төлбөрт хураагдсан дээрх хөрөнгийн хамтран өмчлөгч байх ба тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, орон сууцны үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаж байсан, хариуцагч шинжээч томилж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь орон сууцыг 36.450.000 төгрөгөөр үнэлсэн байна /хэргийн 70, 76, 80-86 дугаар тал/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 89 дүгээр зүйлийн 89.1-т “төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох иргэн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасан ба мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргах, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргана гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч М.А- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш боловч тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчийн хувьд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналаа 2016 оны 3 дугаар сарын 25-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж байжээ /хэргийн 76 дугаар тал/.

Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэгч нь орон сууцыг битүүмжилж, хураасныг мэдсэн байх бөгөөд энэ талаар хуульд заасан хугацаанд эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураахдаа ...өмчлөгч нарт мэдэгдээгүй...” гэж үзэж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүйгээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1611 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01134 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ