Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-01
Дугаар 001/ХТ2017/01528
Хэргийн индекс 102/2017/00962/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч М.Ц
Хариуцагч Г.Д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

М.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/01245 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1665 дугаар магадлалтай,

М.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Г.Д-т холбогдох,

17.684.994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч М.Ц-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч А.Бүдханд, нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

Нэхэмжлэгч М.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 6 дугаар сард Зар мэдээ сонинд нийтлэгдсэн зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах хашаа, байшинтай газрыг 26.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэрээг Сонгинохайрхан дүүрэгт байрлах нотариатаар батлуулж нийтдээ 13 сая төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 4-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлсөн ба үлдэгдэл төлбөрийг  2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх байтал 2015 оны 1 дүгээр сараас эхлэн утсаар ярьж, мэссеж бичин мөнгөө нэхэж эхэлсэн. Бид анхны төлбөрийг хийхдээ авто машинаа Есөн Шижир ХХК-нд явдаг зээл болгон зээл авч төлбөр төлсөн. Үүнээс хойш нийт 3 удаа зээл авч энэ төлбөрийг төлсөн ба төлөхөөр бэлдсэн байсан. Гэтэл Г.Д- нь хүнд зарах болсон, түлхүүр авчирч өг гэсэн, нөхөр бид хоёр түлхүүрийг нь хүргэж өгөхөд мөнгийг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэсэн боловч тэр оройдоо л ББСБ-д уг байшингаа алдсан, дотор нь байгаа новшоо ав гэсэн мэссеж бичсэн. Г.Д-т бэлнээр өгсөн 13.000.000 төгрөг, уг байшинг худалдаж авахад зориулсан зээлийн хүү болон алданги болох 5.213.000 төгрөг, уг байшингийн хаалга болон жижиг ажлуудад зориулсан 500.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын зардал 30.000 төгрөг, тэмдэгтийн хураамжийн 251.665 төгрөг нийт 18.999.400 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Г.Д-т өгсөн 13.000.000 төгрөг, Есөн Шижир ХХК-иас авсан зээлийн алдангид төлсөн 4.154.994 төгрөг, байшинд хаалга хийлгэсэн 500.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30.000 төгрөг нийт 17.684.994 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 6 дугаар сарын 10-ны үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 23/3 тоот хашаа, 2 байшингаа 30.000.000 төгрөгөөр зарахаар сонинд зар өгсний дагуу М.Ц-д 26.000.000 төгрөгөөр зарахаар болсон. Энэ үед би осолд орж хүнд гэмтэл авсан байсан. Миний 7х8 хэмжээтэй, мансардтай байшин, 4х5 хэмжээтэй байшин, блокон хашаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан тул 2014 оны 7 дугаар сарын 4-ны өдөр М.Ц-тай харилцан тохиролцож “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. Уг гэрээнд гэрээ байгуулах өдөр 7.000.000 төгрөг өгөхөөр тусгаж, энэ мөнгийг би бэлэнээр авсан.Үлдэгдэл төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 4-ны өдөр 7.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 6.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 6.000.000 төгрөг тус тус өгөхөөр тохиролцсон ба төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа М.Ц-ийн нэр дээр бүх гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч 2014 оны 10 дугаар сарын 4-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 удаа тасалж 4.830.00 төгрөг өгсөн ба нийт 11.830.000 төгрөг авсан. Иймд нэхэмжилж байгаа мөнгөнөөс 11.830.000 төгрөгийг эргүүлж өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/01245 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар Гэндэнжамцын Дэмбэрэлцэцэгээс 17.684.994 /арван долоон сая зургаан зуун наян дөрвөн мянга есөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулан Мөнхөөгийн Цэцэгтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан М.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид 251.665 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, М.Ц-аас 1282 /нэг мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагч Г.Д-ээс 246.374 /хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ц-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1665 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/01245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Д-ээс 13.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ц-д олгож, үлдэх шаардлага 4.484.990 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “246.374” гэснийг “225.450” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.Д-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.629 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Ц- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв байсан. Г.Д- нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар дахин заалт оруулсан. Гэтэл Г.Д- нь гэрээний хугацаа дуусаагүй байхад мөнгө нэхэж, түлхүүрээ буцааж аваад мөнгийг чинь 7 хоногт өгнө гэснээс үүдэн өнөөдрийг хүртэл би 17.684.994 төгрөгөөр хохирч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

М.Ц- нь орон сууцны үнэнд төлсөн 13.000.000 төгрөг, зээлийн хүү, алдангид төлсөн 4.154.994 төгрөг, байшинд хаалга хийлгэсний 500.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30.000 төгрөг нийт 17.684.994 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. Хариуцагч Г.Д- нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.  

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах газрыг байшингийн хамт 26.000.000 төгрөгөөр худалдан авч, үнийг 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 1-ний дотор хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Нэхэмжлэгч нь худалдан авсан эд зүйлийн үнийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй тул хариуцагч гэрээнээс татгалзаж, хашаа байшинг буцаан авсан ба энэ талаар маргаагүй байна. 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Түүнчлэн мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-т “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.2-т “нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж тус тус заасан.

Хариуцагч хашаа байшингийн үнэд 13.000.000 төгрөг авснаас гадна нэхэмжлэгч байшинд хаалга суулгахад 500.000 төгрөг зарцуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул уг мөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Харин гэрээнээс татгалзсан явдалд нэхэмжлэгч буруутай байх тул тэрээр хохирол шаардах эрхгүй болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 13.500.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1665 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Ц-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 82.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ